Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01228

 

                                              **** **** ****ТӨХК-ийн

                                    нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/02594 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00018 дугаар магадлалтай, 

**** **** ****ТӨХК-ийннэхэмжлэлтэй,

“ **** ****” ХХК-д холбогдох 

Дулааны эрчим хүчний төлбөрт 132,551,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

иргэний хэргийг 

Зохигчийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан, гуравдагч этгээд “Шижир дөл” ХХК-ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов. 

ТОДРХОЙЛОХ НЬ: 

1. **** **** ****ТӨХК нь “ **** ****” ХХК-д холбогдуулан **** эрчим хүчний төлбөрт 132,551,360 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/02594 дүгээр шийдвэрээр Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31.3-т зааснаар “ **** ****” ХХК-аас 132,551,360 төгрөгийг гаргуулж **** **** ****ТӨХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар **** **** ****ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 820,707 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, “ **** ****” ХХК-аас 820,707 төгрөгийг гаргуулж **** **** ****ТӨХК-д олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00018 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/02594 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг баримтлан “ **** ****” ХХК-аас 73,639,903 төгрөг гаргуулан **** **** ****ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58,911,457 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээж гэсний дараа “ **** ****” ХХК-аас 526,149 төгрөг гаргуулж, **** **** ****ТӨХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 820,707 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх шийдвэрийн 1 дэх болон холбогдох заалтыг өөрчилж, нэхэмжлэлийг багасгаж, алданги авах эрхгүй гэж тооцооллын өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Давж заалдах шатны магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан "шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. “ **** ****” ХХК нь **** эрчим хүчний төлбөрт 2016 оны 11 дүгээр сараас 2020.02.15-ны өдрийн байдлаар нийт 132,551,360 төгрөгийн төлбөртэй. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд хийх эрчим хүчний хэрэглээний тооцоог мөрдөгдөж байгаа тариф, гэрээний үнийн дагуу тооцно.”, 31.3-т “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна.”, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014.11.14-ний өдрийн 189 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журам”-ын 3.11-д “Тухайн сард төлсөн төлбөрийг тооцохдоо урьд сард гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл болон алдангийг эхний ээлжид төлснөөр тооцон суутгаж зөрүүг тухайн сарын төлбөрт тооцно”, мөн **** эрчим хүчээр хангах гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог тооцож, “ **** ****” ХХК болон **** **** ****ТӨХК-ийн хооронд байгуулсан “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай” гэрээнд заасны дагуу “ **** ****” ХХК-аас нийт 132,551,360 төгрөгийг нэхэмжилсэн. “ **** ****” ХХК нь 2016 оны 11 дүгээр сараас 2020.02.15-ны өдрийн байдлаар үүссэн **** өр төлбөр дээр санал нийлдэг. Анхан шатны шүүх хуралдаан дээр маргаангүй талаар хэлж байсан бөгөөд гол маргаж байгаа зүйл нь “Нандин хул” ХХК нь 756 тонн нүүрс нийлүүлсэн эсэх асуудал байдаг. “Нандин хул” ХХК нь 756 тонн нүүрсний асуудлаар цагдаагийн байгууллагад шалгуулсан холбогдох материалууд хэрэгт авагдсан байдаг. Мөн “Нандин хул” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Давааням, “Шижир Дөл” ХХК-ийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “ **** Дулааны станц” ТӨХК, “ **** ****” ХХК, “Нандин хул” ХХК-ийн нарын хооронд байгуулсан гэрээтэй холбоогүй болохыг нотолдог. “ **** ****” ХХК, “Нандин хул” ХХК нартай тооцоо нийлэхээр уулзалтууд зохион байгуулдаг боловч “Нандин хул” ХХК нь 756 тонн нүүрс нийлүүлсний асуудлаас болж тооцоо нийлдэггүй өдийг хүрсэн байдаг.

Давж заалдах шатны шүүх нь үйл баримтыг үнэн зөв тогтоогоогүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан "шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ. 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Давааравдан хяналтын журмаар гаргасан гомдолдоо:“...магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь төлбөр тооцооны талаар тооцоо нийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан зүйл байхгүй, энэ талаараа мэдэгдээгүй. **** **** ****ТӨХК, “ **** ****” ХХК, “Нандин хул” ХХК-уудын хооронд 2017.05.15-ны өдөр гурвалсан гэрээ байгуулах тухай гэрээ байгуулсан бөгөөд “Нандин хул” ХХК нь **** **** ****ТӨХК-нд 3,000 тн нүүрс нийлүүлж, “ **** ****” ХХК-ийн үүссэн өр төлбөрт суутгал хийлгэж, өр төлбөрийг хаах тухай гэрээ хийсэн. **** **** ****ТӨХК-нд “Нандин хул” ХХК нь 74,419,572 төгрөгийн өр төлбөрийг хааж 78 сая төгрөгийн нүүрсийг нийлүүлсэн байдаг. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д зааснаар үүргийн шинж чанарт харшлахгүй бол гуравдагч этгээдээр үүргээ гүйцэтгүүлж болно. Хариуцагчийн хувьд дээрх 3 талт гэрээний дагуу “Нандин хул” ХХК-аас нүүрс нийлүүлэгдэх нүүрсний төлбөрөөр **** үнэ төлөгдөнө гэх ойлголттой байсан бөгөөд хэрэгт төлбөр төлөгдөөгүй буюу гуравдагч этгээд нүүрс нийлүүлэхгүй байгаа талаар хариуцагчид мэдэгдсэн болон үүссэн өр төлбөрийг хэрхэн төлөх, тооцоо нийлэх эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч хариуцагчаас хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн 0.5 хувиар алданги ногдуулахаар **** эрчим хүчээр хангах хэрэглэх тухай гэрээнд заасан хэдий ч нөгөө талдаа үүргээ биелүүлэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүй тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз авах эрхээ алдана. Гурвалсан гэрээгээр “Нандин хул” ХХК нь “ **** ****” ХХК-ийн өр төлбөрийг төлөхөөр байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

6.Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

7. Анхан шатны шүүх Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31.3-т зааснаар “ **** ****” ХХК-аас 132,551,360 төгрөгийг гаргуулж **** **** ****ТӨХК-д олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг баримтлан “ **** ****” ХХК-аас 73,639,903 төгрөг гаргуулан **** **** ****ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58,911,457 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулжээ. 

8. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Тодруулбал: 

9. Нэхэмжлэгч **** **** станц ТӨХК **** эрчим хүчний төлбөр 115,516,425 төгрөг, алданги 17,034,935 төгрөг, нийт 132,551,360 төгрөгийг “ **** ****” ХХК-аас гаргуулах гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “... **** **** ****ТӨХК, “ **** ****” ХХК, “Нандин хул” ХХК-ийн хооронд байгуулагдсан гурван талт гэрээний дагуу “Нандин хул” ХХК-ийн **** **** ****ТӨХК-д нийлүүлсэн 3,000 тонн нүүрсний үнийг “ **** ****” ХХК-д үүссэн өр төлбөрт суутгуулсан...” гэсэн агуулгатай тайлбар гарган мэтгэлцжээ. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Нандин хул” ХХК “...нийлүүлсэн нүүрсний үнэ 20,437,380 төгрөгийг **** **** ****ТӨХК-ийн захирал, нягтлан бодогч нар үгсэн хуйвалдаж “Шижир дөл” ХХК-д өгсөн байсан. Налайх дүүргийн Засаг дарга, тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сүмбэр худаг” ХХК, “Нандин хул” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээтэй холбоотой маргааны талаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг хэрэг шийдвэрлэгдсэний дараа дээрх гурвалсан гэрээний хугацааг сунган нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах боломжтой гэж үзэж байна...” гэж, “Шижир дөл” ХХК “...нийлүүлсэн нүүрсний үнэ 20,437,380 төгрөгөөс НӨАТ 10 хувь 2,072,000 төгрөг, дөрвөн байрны **** үнэ 1,354,113 төгрөгийг суутгуулж, 17,293,887 төгрөгийг “Нандин хул” ХХК-ийн Нандин хул ЗДБ нөхөрлөлийн А.Даваанямд хүлээлгэн өгсөн. “Нандин хул” ХХК-ийн зүгээс манай байгууллагатай холбоотой асуудлыг зохих ёсны байгууллага шалгаад тогтоочихсон, ямар өр төлбөр, авлагын асуудал байхгүй. ...нэхэмжлэгчийн нэхэмжлээд буй мөнгөн төлбөртэй холбоотой үйл баримтыг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх үндэслэлгүй...” гэж тус тус байр сууриа илэрхийлсэн байна. 

10. **** **** ****ТӨХК, “ **** ****” ХХК-иудын хооронд 2016.11.01-ний өдөр Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь Шинэ Налайх орон сууцны хорооллыг **** эрчим хүчээр хангах, хариуцагч **** төлбөр төлөх үүргийг тус тус хүлээжээ. 

Гэрээний үнэ эрх бүхий байгууллагаас баталсан нэгж үнийн тариф, худалдан авагчийн хэрэглэсэн хэмжээгээр тогтоогддог, хэрэглэгч хариу төлбөр төлөх үүрэг хуулиар үүссэн, энэ харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний төрөл, уг зохицуулалтаар талууд үүргээ харилцан биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. 

11. Улмаар **** **** станц ТӨХК, “ **** ****” ХХК, гуравдагч этгээд “Нандин хул” ХХК-ийн хооронд 2017.05.15-ны өдөр байгуулсан гурвалсан гэрээгээр “Нандин хул” ХХК-аас **** **** ****ТӨХК-д технологийн шаардлагад нийцсэн 3,000 тонн нүүрсийг 2017.07.24-ний өдрийн дотор нийлүүлэх, улмаар нийлүүлсэн нүүрсний төлбөрийг “ **** ****” ХХК-ийн **** төлбөрт суутгахаар тохиролцсон байна. 

Талууд дээрх гэрээг 2017.08.02-ны өдөр дүгнэж, “Нандин хул” ХХК-ийн нийлүүлсэн нүүрсний үнэ 40,919,903 төгрөгийг “ **** ****” ХХК-д 2017.05.15-ны өдрийн байдлаар үүссэн **** төлбөр 74,419,572 төгрөгөөс хасаж тооцсон актыг давж заалдах шатны шүүхээс үнэлж, хариуцагч 2017.05.15-ны өдрийн байдлаар 33,499,669 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж заасантай нийцжээ. 

12. Нэхэмжлэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.4, 12.1.7, 16 дугаар зүйлд зааснаар дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасны дагуу хэрэглэгчээс төлбөрөө шаардах эрхтэй нь тогтоогдсон байна. 

13. Давж заалдах шатны шүүх “ **** ****” ХХК нь 2017.05.15-ны өдрөөс 2020.02.13-ны өдрийг хүртэл хугацаанд 86,919,273 төгрөг төлөх үүрэг үүссэн, хариуцагчийн төлсөн 13,279,371 төгрөгийг хасаж 73,639,902 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

14. **** **** ****ТӨХК-д нийлүүлсэн 740 тонн нүүрсний үнэ 20,437,380 төгрөгийг “Шижир дөл” ХХК-д өгсөн гэх нөхцөл байдалтай холбоотойгоор гуравдагч этгээд “Нандин хул” ХХК-аас Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн явцад “Шижир дөл” ХХК-аас уг нүүрсний үнэ 20,720,000 төгрөгийг “Нандин хул” ХХК-д татвар бусад өртгийг суутган 17,293,887 төгрөгийг буцаан хүлээлгэн өгсөн байх тул гурвалсан гэрээний дагуу хариуцагчид үүссэн **** өр төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. 

15. **** **** ****ТӨХК, “ **** ****” ХХК-иудын хооронд байгуулагдсан Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээний 4.4.5-д “...хэрэглэгч хэрэглэсэн ****хаа төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу дутуу төлсөн бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн 0.5 хувиар алданги ногдуулна” гэж тусгагджээ. 

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заасан. 

“ **** ****” ХХК гурван талт гэрээний дагуу “Нандин хул” ХХК-аас нүүрс нийлүүлэгдэх нүүрсний төлбөрөөр **** үнэ төлөгдөнө гэх ойлголттой байсан, **** **** ****ТӨХК төлбөр төлөгдөөгүй буюу гуравдагч этгээд нүүрс нийлүүлэхгүй байгаа талаар мэдэгдээгүй буюу хариуцагч үүргээ биелүүлэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүй тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар нэхэмжлэгч анз авах эрхээ алдсан талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

 16. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаагийн “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх...”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Давааравдангийн “...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох...” агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлуудыг энэ тогтоолын 10-16 дугаарт дурдсан үндэслэлээр хангагдахгүй. 

17. Иймд давж заалдах шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хэргийн үйл баримт, хууль хэрэглээний хувьд оновчтойболсон байх тул магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00018 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 802,706 төгрөг, хариуцагчийн 526,150 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                                                ШҮҮГЧИД                                      Г.БАНЗРАГЧ 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                   Д.ЦОЛМОН