Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2020/02788

 

2020 10 14 183/ШШ2020/02788

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг ............. тоот хаягт оршин суугч Е овогт Л.Б /000000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ............... өөрийн байранд байрлах НШШГГт холбогдох,

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б миний Сонгино хайрхан дүүрэг ........ тоот хаягт байрлах 69.4 м.кв гурван өрөө байрыг НШШГГын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 80.386.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул НШШГГын гүйцэтгэх ажиллагаагаар хийгдсэн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Р гээд зуучлалын газраас очоод асуусан чинь метр квадрат нь 1 500 000 байх ёстой байхад 1 150 000 төгрөгөөр үнэлчхээд байгаа учир хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Уртнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00309 дугаар шийдвэрээр Л.Бөөс 110.975.526 төгрөгийг гаргуулж Г ББСБ ХХК-д олгох, хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн .......... тоот хаягт байршилтай, 69.4 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 00000000 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Л.Бөд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч Л.Бийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ................ тоот хаягт байршилтай, 69.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 18290949/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 18290949/03 дугаар тогтоолоор хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад талууд тохиролцоогүй тул 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 7/362 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Б ХХК нь 80.386.000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 4-179/29833 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Л.Бөд мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан, Б ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу явуулсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00309 дугаар шийдвэрээр Л.Бөөс 110 975 526 төгрөгийг гаргуулж Г ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2018/07927 дугаар захирамж, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 183/ГХ2018/00698 дугаартай Гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2018 оны 8 дугаар сарын 27 -ны өдрийн 18290949 дугаар тогтоолоор хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 179/03 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, барьцаа хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18290949/01, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 18290949/03 тогтоолоор тус тус хурааж битүүмжилсэн. Энэ тухай төлбөр төлөгч нарт мэдэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 7/362 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр Б ХХК-ийг томилжээ.

Б ХХК нь барьцаа хөрөнгийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 80 386 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгчид 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн, уг мэдэгдлээс барьцааны хөрөнгийг үнэлсэн үнэлгээг мэдсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа. Үнэлгээг мэдэгдсэн талаар зохигч маргаагүй болно.

Нэхэмжлэгч барьцааны хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо тус шүүхэд 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр анх гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн үндэслэлээр гомдол гаргасан боловч энэ үндэслэлээ нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй, нотлоогүй, шийдвэр гүйцэтгэгч барьцаа хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч, өмчлөгч нарын хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Б ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Түүнчлэн Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд байх бөгөөд үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон хөрөнгийн үнэлгээний Олон улсын стандартын дагуу үндсэн орлогын, өртгийн, зах зээлийн хандлагын аргыг ашиглаж, хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэ цэнийг тодорхойлох зорилгоор хийж буй тул үнэ цэнийн суурийг зах зээлийн үнэ цэнээр сонгон авсан нь хуульд нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл нээлттэй зах зээл дээр төсөөлж буй арилжаагаар хүрч болох хамгийн өндөр ба хамгийн сайн ашиглалтыг тусгадаг арга бол зэх зээлийн хандлагын арга юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдуулан гаргасан 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Сонгино хайрхан дүүргийн ................. тоот хаягт байршилтай, 69.4 м.кв талбай бүхий орон сууцны зах зээлийн үнийг 80 386 000 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай Л.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.4-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2020/14104 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           О.ЧУЛУУНЧИМЭГ