Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01006

 
 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02788 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2343 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

нэхэмжлэл: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Уртнасангийн хяналтын журмаар 2021.01.22-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ******* миний өмчлөлийн СХД-н 5-р хороо ХД 46 дугаар байрны 51 тоот хаягт байрлах 69.4 м.кв гурван өрөө байрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.08.19-ний өдрийн 80,386,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гүйцэтгэх ажиллагаагаар хийгдсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Хануул дүүргийн шүүхийн 309 дугаар шийдвэрээр *******өөс 110,975,526 төгрөгийг гаргуулж Газар капитал партнерс ББСБ ХХК-д олгох, хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2017.08.27-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 18290949 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Төлбөр төлөгч *******өд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй тул түүний өмчлөлийн СХД-н 5-р хороо, 21-р хороолол, ХД-46 дугаар байрны 51 тоот хаягт байршилтай, 69.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2019.12.20-ны өдөр 18290949/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн. 2020.07.21-ний өдрийн 18290949/03 дугаар тогтоолоор хураан ИХ-н 177.1-т заасны дагуу үнийн санал авахад талууд тохиролцоогүй тул 2020.08.06-ны өдрийн 7/362 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Баян Модот ХХК нь 80,386,000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2020.08.19-ний өдрийн 4-179/29833 дугаар албан бичгээр *******өд мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 183/ШШ2020/02788 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2020.08.10-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД-46 дугаар байрны 51 тоот хаягт байршилтай, 69.4 м.кв талбай бүхий орон сууцны зах зээлийн үнийг 80,386,000 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2343 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02788 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Уртнасан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийн агуулга нь ИХШХШТХ-н 118-р зүйлд заасны дагуу үйлдэгдээгүй хуулийн заалтыг буруу хэрэглэн шүүхийн шийдвэр гарсан үзсэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагаатай холбоотой бус заалтаар хүчингүй болгосонд гомдолтой байна мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэн, төлбөр төлөгчид хугацаа олгож, төлбөр авагч талын эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна. ИХШХШТХ-н 118-д заасны дагуу үйлдэгдээгүй хуулийн заалтыг буруу хэрэглэн шүүхийн шийдвэр гарсан гэж үзсэн гэх үндэслэлээр нотлох баримтыг бүх талаас нь үнэлж дүгнэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд ИХШХШТХ-н 176-д заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* 2020.08.26-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, эд хөрөнгийг 80,386,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг шаардсан байна.

 

Давж заалдах шүүхээс ...шүүхийн шийдвэрийн агуулга нь ...Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ, ...Удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заана гэж заасны дагуу үйлдэгдээгүй байна... гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй буюу шүүхийн шийдвэрийн Удиртгал хэсэгт шийдвэрийг хаана ямар шүүх гаргасан талаар, болон шүүгчийг нэрлэн заагаагүй байх тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2343 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД