Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02343

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02343

 

 

Л.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02788 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Бийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Б миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо ХД 46 дугаар байрны 51 тоот хаягт байрлах 69.4 м.кв гурван өрөө байрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 80 386 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гүйцэтгэх ажиллагаагаар хийгдсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Remax гээд зуучлалын газраас очоод асуусан чинь метр квадрат нь 1 500 000 байх ёстой байхад 1 150 000 төгрөгөөр үнэлчихээд байгаа учир хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Уртнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 309 дугаар шийдвэрээр Л.Бөөс 110 975 526 төгрөгийг гаргуулж Газар капитал партнерс ББСБ ХХК-д олгох, хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 18290949 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Л.Бөд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч Л.Бийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД-46 дугаар байрны 51 тоот хаягт байршилтай, 69.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 18290949/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 18290949/03 дугаар тогтоолоор хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад талууд тохиролцоогүй тул 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 7/362 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Баян Модот ХХК нь 80.386.000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 4-179/29833 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Л.Бөд мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдуулан гаргасан 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Сонгино хайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД-46 дугаар байрны 51 тоот хаягт байршилтай, 69.4 м.кв талбай бүхий орон сууцны зах зээлийн үнийг 80 386 000 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай Л.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баян Модот ХХК нь барьцаа хөрөнгийг 80 360 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шинжээч нь хөрөнгийн үнэлгээг гаргахдаа зах зээлийн хандлагын аргаар гаргасан гэх боловч уг үнэлгээ нь Үнэлгээний олон улсын стандарт 105-ын 20.1-д заасан шаардлагы хангаагүй, үнэлгээний олон эх үүсвэрийг ашиглаагүй зөвхөн сонины зар дээр гарсан хоёр зараар үнэлгээ тогтоосон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14.1.7, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4.1.1, 4.1.3-т заасан заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Төлбөр төлөгч талаас Remax гээд үл хөдлөх хөрөнгө зуучлалын газраас асуухад 1 м.квадратын үнэ 1400 000-1500 000 төгрөгийн хооронд байсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн. Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх бүрэлдэхүүн болон шүүгчийн нэрийг нэрлэн заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2, 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Л.Б хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг шийдвэрлэсэн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02788 дугаар шүүхийн шийдвэрийн агуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсгийн Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсгийн Удиртгалд хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заана гэж заасны дагуу үйлдэгдээгүй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг буруу хэрэглэн шүүхийн шийдвэр гарсан гэж үзнэ.

Иймд шийдвэрийн үндэслэл болон талуудын маргааны талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02788 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Б.НАРМАНДАХ