Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 607

 

                                                                                   

М.А, Б.Унарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Нямсүрэн,  

шүүгдэгч М.А-ны өмгөөлөгч Э.Үнэнсайхан,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар  даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/290 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Уянгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч М.А, Б.Унарт холбогдох 1911002010188 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

М.А, Б.Унар нь бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10-523 тоотод оршин суух хохирогч Д.Лувсандэлэгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, цахилгаан халаагуур, залгуур зэрэг эд зүйлс хулгайлан авч, 92,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас:

Шүүгдэгч М.А, Б.Унарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

            Шүүгдэгч М.А, Б.Унарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  шүүгдэгч М.А, Б.Унарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, Б.Унарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус  эдлүүлж, шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Алтанбаганын цагдан хоригдсон 234 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоолыг уншиж танилцуулснаар хүчинтэй болох ба М.А, Б.Унарыг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч М.А, Б.Унар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна. 

 

Шүүгдэгч Б.У нь давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд нөхөр Д.Ганболд 2015 онд тархиндаа харвалт өгч улмаар татаж унадаг өвчтэй болсон. Үүний улмаас өөрийгөө авч явах чадваргүй, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй болсон юм. Миний том хүү Г.Анхболд нь 326 дугаар цэргийн ангид алба хааж байгаа, удаах охин Г.Анужин /10 нас/, бага охин Г.Анхилуун /2 нас 6 сар/ хүүхдүүдээ асран хамгаалах, эх хүний эрхэм үүргээ биелүүлэх боломжийг олгож өгнө үү. Миний бие анх удаа хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн үйлдсэн алдааг маш сайн ойлгож, ухамсарлаж, гэмшиж байна. Иймд миний ар гэрийн амьдрал, үр хүүхдийг минь харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Уянгын өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Уянгын өмгөөлөгчөөр Ц.Тунгалаг өмгөөлөгч явж байсан боловч нас барж би одоо өмгөөлөгчөөр нь оролцож байна. Тухайн үед бол Алтанбагана тухайн айлд орсон, энэ хоёр, хоёул согтуу байсан байдаг. Б.У нь “...Алтанбагана намайг гадаа хүн хараад зогсож байсан гэж мэдүүлсэн. Харин би гадаа хүн хараагүй, согтуу гадаа зогсож байсан. Тэр хоёр зүйлийг аваад 92000 төгрөгөөр архи авч уусан...” гэж мэдүүлдэг юм. Тэгэхээр миний зүгээс энэ хэрэгт Б.Уянгын оролцсон оролцоо байхгүй гэж үзэж байна. Иймд Б.Уянгыг цагаатгаж өгнө үү. ...” гэв.   

 

Шүүгдэгч М.Алтанбаганы өмгөөлөгч Э.Үнэнсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.   

 

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэсэн байна. Иймд Б.Уянгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Өмгөөлөгч Б.Уд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэх тайлбар гаргаж байгаа боловч хавтас хэрэгт авагдсан баримтаар Б.У нь тухайн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон. Тэр ч байтугай Б.У нь гудамжаар явж байхдаа “энэ айл руу оръё, ганц хөгшин байдаг” гэж хэлээд хоёул орж эд зүйл авсан талаар шүүгдэгч Алтанбагана мэдүүлсэн байдаг. Мөн шүүгдэгч Б.Уянгын давж заалдах гомдолд дурдсан бага насны хүүхдүүдийн асрамжийн асуудлыг Засаг даргад даалгасан талаар дүгнэсэн байх тул үүнийг шийдвэрлэсэн гэж үзэж болохоор байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.   

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч М.А, Б.Унар нь бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10-523 тоотод оршин суух хохирогч Д.Лувсандэлэгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, цахилгаан халаагуур, залгуур зэрэг эд зүйлс хулгайлан авч, 92,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Эзгүй хойгуур цоожилсон гэрийнх нь хаалга онгорхой, цахилгаан халаагуур, уртасгагч залгуур зэрэг эд зүйлүүдийг нь авсан байсан талаар мэдүүлсэн хохирогч Д.Лувсандэлэгийн мэдүүлэг /хх 13-15/,

яллагдагч М.А, Б.Унарын бүлэглэн бусдын эд зүйлийг хулгайлсан талаараа мэдүүлсэн мэдүүлгүүд /хх 28-29, 30-31/,

насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүлэнгийн “...өвөөгийн гэр рүү эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орох гээд эмэгтэй нь амбаарын хажуугаас төмөр аваад куртикэн дотроо хийгээд явж байгаад шонгийн модны хажууд зогсож байсан эрэгтэйдээ төмрөө өгөөд нөгөө эрэгтэй нь намайг аймаар хараад байхаар нь би зугтаагаад яваад өгсөн. Тэгээд Нарантуул худалдааны төв ороод юмаа аваад явж байхад нөгөө эрэгтэй, эмэгтэй өвөөгийн гэрт байсан цахилгаан тенийг барьсан явж байсан юм...” /хх 34-35/,

гэрч Д.Дуламсүрэнгийн “...зүс таньдаг эмэгтэй хүн өөр нэг эрэгтэй хүнтэй хамт явж байсан. Цагаан өнгийн тень бариад зарах гээд яваад байсан..”  /хх 33/ гэх мэдүүлгүүд,

хулгайлагдсан халаагуурыг 85,500 төгрөгөөр, уртасгагч залгуурыг 7200 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн №ЧД2-19-027 дугаар үнэлгээ /хх 54-55/,

халаагуур болон, уртагсагч залгуурыг хураан авсан болон хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх 17-18/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Шүүгдэгч М.А, Б.Унарын бүлэглэн иргэн Д.Лувсандэлэгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар  цахилгаан халаагуур, залгуур зэрэг эд зүйлсийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “...Хулгайлах...” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах зориулалттай орон байр нэвтэрч үйлдсэн...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байх ба анхан шатны шүүхийн тэдний үйлдлийн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүхийн шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв ба тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэргийнх хэр хэмжээ зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн оногдуулсан нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.У “...миний ар гэрийн амьдрал, үр хүүхдийг минь харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Б.Уянгын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд хүнд хэрэг хамаарах бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жил хорих ялыг шүүгдэгч М.А, Б.Унарт оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал зэрэгт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.  

 

Анхан шатны шүүх Б.Уянгын үйлдсэн гэмт хэргийг хөнгөрүүлж болох Эрүүгийн хуульд заасан заалтыг хэрэглэсэн байх ба үүнээс өөрөөр ялыг хөнгөрүүлэх зохицуулалт Эрүүгийн хуульд байхгүй юм.

 

Иймд шүүгдэгч Б.Уянгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Харин анхан шатны шүүхийн Б.Уянгын насанд хүрээгүй хүүхдүүд /хх 113,114/ болох 2009 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин У.Анужин /10 настай/, 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн Г.Анхилуун /2 нас 6 сартай/ нарын асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар оршин суугаа Чингэлтэй дүүргийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэсэн атлаа уг үүргийг хариуцуулсан талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ заагаагүй  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь ...түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн шаардлагад нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт насанд хүрээгүй У.Анужин, Г.Анхилуун нарын асран хамгаалалтад хяналт тавьж, шийдвэрлэх үүргийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад үүрэг болгосон заалтыг нэмж оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/290 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Шүүгдэгч Б.Уянгын насанд хүрээгүй хүүхдүүд болох Уянгын Анужин /РД:уц09261629/, Ганболдын Анхилуун /РД:уц17292405/ нарын асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад үүрэг болгосугай...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.Уянгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                                        

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.АЛДАР

 

                          ШҮҮГЧ                                                                Д.МЯГМАРЖАВ

 

                          ШҮҮГЧ                                                                Д.ОЧМАНДАХ