Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 535

 

А.С-т холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч А.Сын өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Сын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1805010740923 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

......................, 19............ оны 1......... дүгээр сарын 2.............-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Увс аймгийн Давст сум, 2 дугаар баг, Зүүн хөвөө 3 дугаар гудамжны 19 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................./,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

 

А.С нь 2018 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 89А байрны 5 тоот дахь иргэн ....................гын уламжлалт эмчилгээний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, алкопрост эм 36 ширхэг, натуроник эм 10 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3.136.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ..........................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар А.Ст оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Саас 3.136.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Алтанхундагад олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, А.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Сын шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.С гаргасан давж заалдах гомдолдоо: “...2018 оны 2 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө би байрлаж байсан айлдаа очиж хоноогүй. 2018 оны 2 дугаар сарын 11-ний өглөө 8 цагт ажил дээрээ байсан нь үнэн. 2018 оны 2 дугаар сарын 11-ний орой 19 цагт ажлаа тараад байрлаж байгаа айлдаа очиж хоносон ба гадуур гараагүй болохыг гэрчилсэн гэрийн эзэн эгчийн мэдүүлэг хавтас хэрэгт байгаа. 2 хоног гэртээ амарч байсан. 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн цагдаагийн Очирбат, Энхжин хоёр ирээд “асууж тодруулах зүйл байна” гээд ажил руугаа авч очоод өрөөндөө гавлаж суулгаад нэг цагдаа нь гавтай гаран дээр гишгэж, бороохойгоор 2-3 удаа зоож “хэргээ хүлээ” гэж надад тулгасан. “Надад хийсэн хэрэг гэж байхгүй, камерын бичлэгээ үзмээр байна” гэхэд зөвшөөрөөгүй. Намайг баривчлах үедээ камерын бичлэг байгаа гэж байсан. Ганцхан хурууны хээгээр яллаж байгаад гомдолтой байна. Тиймээс уг хэргийг дахин шалгаж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Ингэж гүтгэлгээр хэлс хэрэгт шийтгэгдэж байгаадаа маш их гомдолтой байна.” гэжээ.

 

Шүүгдэгч А.Сын өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэгт өмгөөлөгчийн зүгээс хяналтын шатны шүүх хүртэл гомдол гаргасан бөгөөд Улсын Дээд шүүхээс тус хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолоороо шүүгдэгч А.Сыг 2 жилийн хорих ялаар шийтгэсэн. Миний бие шүүгдэгч А.Сыг гэмт хэрэгт холбоотой эсэх, гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, гэм буруутай эсэх асуудлын талаар дараах байдлаар гомдол гаргаж байсан. Үүнд, А.Сын давж заалдах гомдолдоо хэлж байгаагаар тухайн 2018 оны 2 дугаар сарын 10-наас  11-нийг шилжих шөнө гэртээ очиж хоноогүй талаар гэрч Цэвэлмаа мэдүүлдэг. Гэвч тэрээр “2018 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нийг шилжих шөнө гэртээ ирж хоносон эсэхийг сайн санахгүй байна. Ер нь А.С хоёр, гурав хоног дарааллаад гадуур хонодоггүй” гэх мэдүүлэг, мөн гэрч Энхмандахын “Хүннү хорооллын гражид харуулын үүрэг гүйцэтгэж байсан. 2018 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Болд ахтай хамт хонож байхад Санжмятав ажилчдын хувцас солих өрөөнд очиж хоносон эсэхийг мэдэхгүй. Тэр шөнө Санжмятав надад үзэгдэж харагдаагүй” гэх, гэрч Болдын “2018 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хүннү хороололд харуулын үүргийг гүйцэтгэж байхад “Түмэндэлгэрдалай” ХХК-ийн ажлын байранд А.С ирж хоносон эсэхийг мэдэхгүй” гэх, гэрч Бямбажавын тус тус мэдүүлгүүдээс үзэхэд А.С тухайн хэрэг гарсан гэх Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 89а байрны 5 тоотод очсон эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байна. Шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн байдлаар бусад нотлох баримтуудтай харьцуулж үзэлгүй яллах талаас шийтгэх тогтоол гаргасан. Иймд шүүгдэгч А.Сын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

 

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын хувьд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар А.Сын үйлдсэн хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Учир нь, вакум цонхны дотор талаас шүүгдэгч А.Сын хурууны хээ илэрсэн. Тэрээр өмнө тус эмнэлгээр үйлчлүүлж байгаагүй талаараа тодорхой мэдүүлсэн. Мөн байр түрээсэлж, гэртээ очиж хонодог гэж мэдүүлдэг боловч энэ нь гэрч Цэвэлмаа хэрэг гарсан шөнө буюу 2018 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө А.С гэртээ ирж хоноогүй талаар мэдүүлдэг. Гэрч Болд гэх хүн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өглөө ажилдаа ирэхэд А.С ажил дээрээ байсан гэж мэдүүлсэн болохоос биш шөнө хаана байсан талаар нь мэдүүлээгүй. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

А.С нь 2018 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 89А байрны 5 тоот дахь иргэн Н.Алтанхундагын уламжлалт эмчилгээний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, алкопрост эм 36 ширхэг, натуроник эм 10 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3.136.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Н.Алтанхундагын “...2018 оны 2 дугаар сарын 12-ны өглөө 8 цаг 40 минутын үед хуучин над дээр эмчилгээ хийлгэдэг хоёр хүн эмчилгээ хийлгэх гээд ирэхэд хулгай орсон байдалтай байна гээд над руу залгасан. ...Вакум цонхоор орсон байсан. Манай газраас 86 ширхэг алкопрост нэртэй эм, 10 ширхэг натуроник эм, 2 ширхэг цэнхэр өнгийн залгуур болон эм тариа алдагдсан байна. ...” /1хх 22-23/,

 

хохирогч Б.Гэрэлийн “...2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр ажлаа тараад гэртээ ирэхдээ уламжлалт эмчилгээ хийж байсан газар болох 89А байрны 5 тоотод хулгай орж алкопрост нэртэй эм 36 ширхэг, натуроник эм 10 ширхэг тус тус алдагдсан талаар ярьсан. ...” /1хх 26-27, 187-188/,

 

гэрч Э.Бямбажавын “...2018 оны 2 дугаар сарын 10-ны орой ...23 цагаас хойшоо ...Санжмятав согтуу орж ирээд таксины мөнгө өгчих гэхээр нь би таксины мөнгө өгөөгүй хөөгөөд гаргасан. Тэгээд маргааш өглөө нь би 8 цагийн үед ажил дээрээ очсон чинь Санжмятав ажил дээрээ ирчихсэн эрүүл болчихсон, урд шөнө хаана хоносон гэж асуусан чинь ажил дээр ирээд хувцас сольдог өрөөнд унтсан гэж хэлсэн. ...” /1хх 33-34/,

 

гэрч Б.Алтангэрэлийн “...Хэргийн газрын үзлэгээр криминалистикийн шинжээч Түвшинбаатар вакум цонхны рамны дотор талын гадаргуугаас 3 ширхэг гарын мөр, мөн тухайн өрөөнд байсан эм байсан гэх цаасан хайрцагны гадна гадаргуугаас 2 ширхэг гарын мөр тус тус бэхжүүлж авч хэргийн газрын үзлэгт тусгасан. ...” /1хх 134/,

 

гэрч Б.Золжаргалын “...2018 оны өвөл өглөө эрт 9-10 цагийн үед уг 89А байрны 5 тоотод Алтанхундага эмчид бариулах гээд иртэл уг бариа хийдэг 5 тоот байрны орц руу харсан вакум цонх нь онгорхой байдалтай хулгай орсон байсан. ...” /1хх 138/,

 

шинжээч Б.Түвшинбаатарын “...гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан 4 ширхэг гарын мөрнөөс 1 ширхэг гарын мөр нь Амгалангийн Санжмятавын гарын мөртэй шинжилгээгээр тохирсон. Уг 8 гэж дугаарласан вакум цонхны дотор талаас бэхжүүлж авсан 1 ширхэг гарын мөр нь Амгалангийн Санжмятаваас өөр хүний гарын мөр байх боломжгүй. Учир нь, миний гаргасан дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлт дээр гарын хээний ерөнхий шинж тэмдэг болох зүүн гогцоо, хувийн онцлог шинж тэмдэг болох 1 гэж тэмдэглэсэн салаалалт, 2 гэж тэмдэглэсэн нийлэлт, 3 гэж тэмдэглэсэн нийлэлт, 4 гэж тэмдэглэсэн нийлэлт, 5 гэж тэмдэглэсэн нийлэлт, 6 гэж тэмдэглэсэн салаалалт, 7 гэж тэмдэглэсэн салаалалт, 8 гэж тэмдэглэсэн нийлэлт гэсэн шинж тэмдгүүд нь дахин давтагдашгүй байдаг юм. ...миний гаргасан шинжээчийн дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлтэнд П-9 гэсэн тэмдэглэгээ байгаа. Уг тэмдэглэгээ нь зүүн гарын ядам хурууны тэмдэглэгээ байгаа юм. Тэгэхээр Санжмятавын зүүн гарын ядам хурууны хээ тохирсон гэсэн үг. Уг ядам хурууны хээ нь нийт 8 шинж тэмдгээр тохирсон. ...” / 1хх 52-53, 135/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн 01/132 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 6 гэж дугаарласан 5 ширхэг гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 8 гэж дугаарласан вакум цонхны дотор рамнаас илрүүлж бэхжүүлж авсан 1 ширхэг гарын мөр нь санд MN004510004218 дугаараар бүртгэгдсэн Амгалан овогтой Санжмятавын гарын дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. ...” /1хх 45-51/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн 01/303 дугаартай “...6 гэж дугаарласан гарын мөр нь Амгалан овогтой Санжмятавын зүүн гарын ядам хурууны дардастай, 2018-107-БГД гэсэн дугаараар бүртгэгдсэн гарын мөр нь А.Сын гарын хээний дардастай тус тус тохирч байна. ...” /1хх 200-201/ гэх дүгнэлтүүд,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 8-10/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 11-13/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 41-42/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч А.Сыг иргэн Н.Алтанхундагын эмчилгээний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 3.136.000 төгрөгийн эд зүйл авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс А.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

 

Шүүгдэгч А.С “...2018 оны 2 дугаар сарын 11-ний орой 19 цагт ажлаа тараад байрлаж байгаа айлдаа очиж хоносон ба гадуур гараагүй болохыг гэрчилсэн гэрийн эзэн эгчийн мэдүүлэг хавтас хэрэгт байгаа. ...Ганцхан хурууны хээгээр яллаж байгаад гомдолтой байна. Тиймээс уг хэргийг дахин шалгаж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд гэрч Ш.Цэвэлмаа “...2018 оны 2 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө гэртээ ирж хоноогүй. Би тэр үед “чи хаана хонов” гэж асуутал “ажил дээрээ хоносон” гэж хэлэх шиг болсон. Харин 2018 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө гэртээ ирж хоносон эсэхийг нь сайн санахгүй байна. ...” /1хх 195/ гэж мэдүүлдэг бөгөөд түүний үйлдэл нь шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул түүний давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч А.Сыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

 

Гэмт хэрэг гарсан Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 89А байрны 5 тоотод хохирогч Н.Алтанхундага амьдардаггүй бөгөөд уламжлалт эмчилгээний үйл ажиллагаа явуулдаг байх тул тухайн байрыг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх учир шийтгэх тогтоолд энэ талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

            Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

1 дэх заалтын “................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “.......................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Б.ЗОРИГ

 

 ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

             ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ