Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/01104

 

П.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1040 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаар магадлалтай,

П.Бын нэхэмжлэлтэй

П.О, Д.Г нарт холбогдох

Хариуцагч нарын зээлийн өр төлбөрт төлсөн нийт 18,958,814 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандахын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. П.Б нь П.О, Д.Г нарт холбогдуулан хариуцагч нарын зээлийн өр төлбөрт төлсөн нийт 18,958,814 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1040 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч П.О, Д.Г нараас 18,958,814 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.О, Д.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид 252,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Бд олгохоор шийдвэрлэжээ. 

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1040 дүгээр шийдвэрийн ТОГТООХ НЬ хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч П.О, Д.Г нараас 18.958.814 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Бд олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч П.О, Д.Г нараас 18.958.814 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Бд олгосугай...” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандахын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.780 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандах хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалтай танилцаад эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандах би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасны дагуу дараах хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өөрийн ажилладаг байгууллагын санхүүг барьдаг ба сарын сүүлийн өдөр буюу 2020.09.30-ны өдөр тооцоо нийлэх үед нүдний даралт ихсэж, нүдээр цус гүйж, нүд нээгдэхэд хүндрэлтэй, нулимс ихээр гоожиж байсан тул маргааш буюу 10 сарын 01-ний өдөр өрхийн эмчдээ үзүүлэхэд намайг бичиг цаасны ажил хийдэг учир гам барих шаардлагатай, үрэвсэлтэй нүд байх тул цаашид Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж 7 хоногийн хугацаатай албан ёсны акт бичиж өгсөн. Гэтэл шүүх энэхүү актыг шаардлага хангаагүй гэж үзэн миний ашиг сонирхлын эсрэг шийдэж, намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулсанд гомдолтой байна. Миний бие тухайн үед эрүүл мэндийн асуудлаар эмчид хандаж эмчийн акт, зөвлөгөөний дагуу шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч энэхүү хүсэлтийг минь хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна хэмээн үзсэнд гомдож байна. Хариуцагч нар нь төрсөн ах П.Бын туслалцаа дэмжлэгээр 2017.02.01-ний өдөр “Капитрон банк” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 21,000,000 төгрөгийг зээлэн авч, зээлийн төлөлтийн графикийн дагуу төлөөд явж байсан боловч 2018-2020 оны хооронд П.О нь өвчний улмаас эмнэлэгт удаан хугацаагаар эмчлүүлж улмаар байнгын эмчилгээ сувилгаа шаардлагатай болсон учир байсан бүх мөнгөө эмчилгээнд зарцуулаад дуусдаг байсан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас улирлын чанартай бизнес нь доголдож, цаашлаад банкны зээлээ ч төлж чадахааргүй болсон. Уг нөхцөл байдлаа “Капитрон банк” ХХК-д зээлийн гэрээ дуусахаас өмнө өөрсдийн гачигдал, эмнэлгийн магадалгаа, эмнэлэгт хэвтэж байгаа бичиг зэргийг хавсаргаж зээлийн хугацааг сунгах тухай хүсэлт тавьж байсан боловч хүсэлтийг маань хүлээн авалгүй шүүхэд өгсөн байсан. Хариуцагч нар нь 2017.02.01-ний өдөр буюу зээл авснаас хойш 2018 оны сүүл хүртэл нийт 16,000,000 төгрөг төлсөн байхад үүнээс зээлийн хүүд 11,999,000 төгрөг, үндсэн зээлд 4,350,769 төгрөг л хасагдсан байсан. Гэтэл “Капитрон банк” ХХК шүүхэд 19,938,566 төгрөг нэхэмжилж байсан ба бидний хувьд хэт хохиролтой байна хэмээн маргасан ба уг маргаан нь ч үндэслэлтэй байсан. Уг маргааныг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2020.05.20-ны өдрийн 589 дугаартай шүүхийн шийдвэрээр П.О, Д.Г нараас 19,777,723 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба уг шийдвэрт үндэслэл бүхий гомдлоор давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргаад явж байсан. Учир нь П.О нь 2018 оны сүүлээс эхлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас зээлээ барагдуулж чадахгүй нөхцөлд хүрч, уг байдлаа ч банканд эрүүл мэндийн бичиг бусад шаардлагатай баримтуудыг бүрдүүлэн өгөхөд энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныг хүлээж аваагүй байдаг. Үүнээс хойш хариуцагч нараас банкны зээлд 3,427,145 төгрөг төлөгдсөн байх ба үүнийг үндсэн зээлээс бус хүү, нэмэгдүүлсэн хүүд суутгаж авсан нь хууль зөрчсөн гэх гомдлоор давж заалдах гомдлыг гаргасан. Гэтэл нэхэмжлэгч П.Баас энэхүү банкны зээлийг төлөөд өгөөч гэж гуйгаагүй байхад өөрөө сайн дураараа очоод 18,958,814 төгрөгийг төлж хаасан байсан. Ингээд бид давж заалдах гомдол гаргаад ямар ч үр дүнд хүрэхээргүй байдлыг бий болгосон. Бид банкны зээлийг огт төлөхгүй гэж маргаагүй ба мөн ах П.Бын байрыг өгөхгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ямар ч бодолгүй байгаа юм. Хариуцагч нарын хувьд анхан шатны шүүх хуралдааны үед өмнөх банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийг бүхэлд нь нотлох баримтаар татуулах хүсэлт гаргах байсан боловч хариуцагч талыг байлцуулахгүй хурлыг явуулсан. Давж заалдах шатны шүүх уг маргааныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, буцаан шаардах шаардлагад хамаарахаар дүгнэжээ. Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим хүртсэн бол хэмээн хуульчилжээ. Гэвч хариуцагч нар нь ямар нэг орлого үр шим хүртсэн зүйл огт байхгүй, харин ч банканд зээлээ буцаан төлөх нь үнэн, гэхдээ 3,427,145 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул шүүхийн журмаар явж байсан боловч П.Бын дур мэдэн зээл хааснаас үүдэн эргүүлээд хариуцагч нар нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байсан 3,427,145 төгрөгөөс 2,608,236 төгрөгийг хүлээн зөвшөөрч П.Бд өгөх болсондоо гомдож байна. Хариуцагч нар нь анхнаасаа банкны 19,777,723 төгрөгөөс 3,427,145 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай байсан тул ах П.Бын төлсөн 18,958,814 төгрөгийн зөрүү болох 2,608,236 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 56,681.7 төгрөг төлөх байсан боловч 70,200 төгрөгийг андуурч төлсөн тул илүү төлсөн 13,518.3 төгрөгийг буцаан олгохоор шийдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч П.О, Д.Г нараас 18,958,814 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргахдаа “...барьцаанд байгаа орон сууцаа алдахгүйн тулд хариуцагч нарын төлөх ёстой банкны зээлийн өрийг төлсөн тул уг мөнгөө шаардсан...”  гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ. Хариуцагч нар 3,427,145 төгрөгийг банкинд төлөх ёсгүй, энэ хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг дагуу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Давж заалдах шатны шүүх “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол шаардах эрхтэй гэж заасан ба өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээд нөгөөдөө хөрөнгө шилжүүлж өгөх эрх, үүрэггүй хүлээгээгүй атлаа шилжүүлснээс нөгөө тал нь хөрөнгөжсөн тохиолдолд уг шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрхийг олгосон хуулийн зохицуулалт. Харин буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт бүх зүйл хамаарахаар Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-т заасан, иймд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж шийдвэрт өөрчлөлт оруулна...” гэсэн дүгнэлтийг хийжээ.

8. Хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэгч П.Б нь хариуцагч П.От өөрийн өмчлөлийн орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, хариуцагч нар орон сууцыг банкаас авсан зээлийн үүрэгт барьцаалсан талаар маргаагүй, гагцхүү хариуцагч нар Капитрон банкинд зээлээ төлөөгүй тул нэхэмжлэгч нь орон сууцаа алдахгүйн тулд хариуцагч нарын төлбөл зохих зээлийн өрийг төлсөн үйл баримт тогтоогджээ. Д.Г, П.О, нар Капитрон банкинд 19,777,723 төгрөгийг төлөх, үүргээ биелүүлэхгүй бол барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Y-2003000366 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцнаас үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.20-ны өдрийн 589 дүгээр шийдвэр хэрэгт авагджээ.

9. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүрэг үүсээгүй тул шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч хөрөнгөө шаардах эрхтэй гэж үзсэн нь хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын өмнөөс банкинд төлөх төлбөрийг төлсөн нь хариуцагч нарт хөрөнгө шилжүүлсэн агуулгатай, харин талуудын хооронд үүрэг үүсээгүй тул нэхэмжлэгч хөрөнгөө буцаан шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан байна. Нэхэмжлэгчийн үйлдэл нь бусдын эд хөрөнгө болон эрх ашигт учирч болзошгүй аюулыг урьдчилан зайлуулах шинжийг агуулаагүй тул Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд заасан бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх харилцаанд хамаарахгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

10. Иймд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. Хариуцагч нар 3,427,145 төгрөгийг банкинд төлөх ёсгүй гэж байгаа нь гэрээний нэг тал Капитрон банктай хамааралтай бөгөөд нэхэмжлэгч зээлийн өрийг төлсөн нь үүнд нөлөөлөхгүй, энэ талаар буюу 2,608,236 төгрөгийг хасуулахыг хүссэн хариуцагч талын гомдол үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                    Б.МӨНХТУЯА

                   Х.ЭРДЭНЭСУВД