Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 00086

 

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 207/МА2018/00086

 

 

П.О , Ё.Г нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч Г  ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00545 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : П.О , Ё.Г нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г  ХХК-д холбогдох,

198.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.О , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч П.О , Ё.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

П.О , С.Г бид Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 108 тоот шүүгчийн захирамжаар Орхон аймгийн Г- хадгаламж зээлийн хоршоонд 309 353 333 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэгдсэн. Энэхүү төлбөрөөс 220 000 000 төгрөгийг Б.Б  нь бидний 2004 онд үүсгэн байгуулсан А  ХХК-ийг 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр худалдан авахдаа төлөхөөр тохиролцсон. Энэ төлбөрөөс Г  ХХК-ийг үүсгэн байгуулсан Б.Б , Ж.С нар 21 500 000 төгрөгийг төлж, үлдэх хэсгийг одоог хүртэл төлөөгүй байна. Иймд Г  ХХК буюу гишүүн Б.Б аас 198 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нэхэмжлэлд тусгагдсан мөнгөн дүнгээр болон тус нэхэмжлэл дэх бичигдсэнээр төлөх үүрэг хүлээхгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь бид 2009 оны 03-р сарын 30-нд анх тус компанийн хувьцааг худалдан авахдаа харилцан тохиролцсон үнийн дүнгээс тодорхой хэсгийг бэлнээр өгөх, үлдсэн хэсгийг үйлдвэрийг ажиллуулан төлөх нөхцөл тавьж харилцан тохиролцож байсан болно. Гэвч тохиролцсоны дагуу зөрүү төлбөр болох 150 000 000 төгрөгийг /одоогоор санахгүй байгаа тул ойролцоогоор дүнг бичив/ бэлнээр С.Г-д төлсөн /төлсөн баримтууд бүгд С.Г-д болон Г- хадгаламж зээлийн хоршоонд байгаа/ бөгөөд үлдэгдэл төлбөрийг үйлдвэр ажиллаагүй тул бидэнд төлөх хариуцлагагүй болно. Жич: Г- ХХК болон Г- хадгаламж зээлийн хоршоо нар хоорондоо шүүхийн асуудалтай байгаад дууссан, миний тухайд хувь нийлүүлэгчээр байдгаас бусад үйл ажиллагаанд оролцдоггүй тул эх хувь бичиг баримт болон компанийг төлөөлөх эрх бүхий хүн бол н.Э- юм./

Бид хариуцахгүй дараах шалтгаанууд байна. Үүнд:

1.Худалдаж авсны дараагаар үйлдвэрийн үйл ажиллагааг явуулахыг хичээсэн боловч тодорхой шалтгааны улмаас алдагдалтай ажилласан. /шалтгаан нь анх бидэнд зарах санал тавихдаа шар шаврын орд нь суудалгүй, олборлосон шавраар тоосго хийх боломжгой гэж итгүүлсэн/

2.Шаврын ордны лицензэд асуудал байхгүй. Хэрэв ямар нэгэн асуудал гарвал бид өөрсдөө хөөцөлдөөд тусална гэж итгүүлсэн.

3.Үйлдвэрийн тоног төхөөрөмж болон БАЮ /шатаах зуух/ хэвийн ажиллагаатай гэж итгүүлсэн.

4.С.Г-гийн нөхөр Толик байнга хамтран ажиллана, энэ хүн үйлдвэр хариуцах бүрэн чадвартай хэмээн итгүүлсэн. /Толик нь биднийг худалдаж авснаас хойш 4.5 жил үйлдвэрийн хашаанд амьдарсан/,

5.Санхүү, хөрөнгө оруулалтын л асуудал байгаагаас өөр ямар нэг асуудал энэ үйлдвэрт байхгүй гэж итгүүлсэн.

6.Г- хадгаламж зээлийн хоршоонд хамтран ажиллах ярилцах боломжтой бүх хүмүүс нь үйл ажиллагаанаас төлбөр төлөхөд зөвшөөрнө гэх мэтээр биднийг мунхруулан итгүүлж анх энэ үйл ажиллагааг эхлүүлсэн болно. Бидний хувьд анх боломжийн санал гэж үзээд хамтран Г- хадгаламж зээлийн хоршоонд очиж гэрээ контракт хийгээд ажил эхэлсэний дараагаар дээрх шалтгаанд дурдсан асуудлууд ар араасаа хөврөн гарч ирсэн бөгөөд худал үнэн ярьж байгаад биднийг зохион байгуулалттай хууран мэхэлсэн талаар сэжиг авсан.

Тухайн үед Г- хагаламж зээлийн хоршооны удирдлагууд болон С.Г П.О  нар юу гэж тохиролцсоныг бид мэдэхгүй бөгөөд бидний зүгээс энэ хүмүүст залилуулсан байгаагаа мэдсэн юм.

Мөн нэхэмжлэх зүйл бол Г- хадгаламж зээлийн хоршоо болон манай компанийн хооронд шүүхийн асуудал гомдол Орхон аймгийн шүүхэд болон дээд шүүх дээр хэлэлцэгдээд эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд бидний хувьд С.Г-. П.О  нараас мөнгө төгрөг хүлээж авч байсан зүйл үгүй бөгөөд миний хувьд эдгээр хүмүүс үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Хариуцагч Б.Б  нь нэхэмжлэгч нарт мэхлүүлсэн, шууд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан бөгөөд ажил эхлэх гэхээр өрийн асуудал гарч ирж битүүмжлэл тавигддаг хүнд байдалтай байсан. Б.Б  Г  ХХК-ний гишүүнээс 2018 онд гарсан түүний эзэмшдэг хувьцааг Ч.А худалдан авсан тул энэ хэргийн хариуцагч биш юм. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00545 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан хариуцагч Г  ХХК-ний гишүүн Б.Б аас 198.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Г-, П.О  нарт олгож, хариуцагч Г  ХХК-ний гишүүд Ч.А, М.Э-, Ж.С нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.150.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г  ХХК-ний гишүүн Б.Б аас 1.150.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Г-, П.О  нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхээс иргэн Б  ба С.Г-, П.О  болон Г- буюу өмнөх нэрээрээ А  ХХК ба Г- Хадгаламж зээлийн хоршооны эрх зүйн харилцааг хамааруулан үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. А  ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр компанийн хувьцааны 50 хувийг иргэн Б.Б  нь иргэн П.О  болон С.Г нараас 110.000.000 төгрөгөөр худалдан авсан байдаг. Энэ шийдвэртэй хамтад нь Компанийн хувь эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг 2009 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан. Уг гэрээнд зааснаар балансад тусгагдсан 220.000.000 төгрөгийн өрийг төлнө гэж тохирсон байдаг. Гэрээний дагуу балансад заагдсан өр нь Г- ХХК-тай холбоотой Анод банк, Номин Холдинг ХХК-д хамаарах өр төлбөр бөгөөд иргэн П.О  болон С.Г нарын 2007 оны 2 дугаар сарын 1-ний Орхон аймгийн сум дундын шүүхийн №108 тоот шийдвэрээр Г-д төлөх өр төлбөрийг хариуцах талаар дурдсан боловч өрийг шилжүүлэн авч байгаа Г- ХЗХоршооноос энэ өрийг шилжүүлэн авсан баримт тогтоол байдаггүй болно. Иймд Г- ХЗХ болон иргэн Б.Б ын хоорондын эрх зүйн маргаан болон харилцааг тусад нь шийдвэрлэсэн байдаг. Хариуцагчийн зүгээс иргэн Б.Б  болон П.О  болон С.Г нарын хоорондын гэрээний маргаантай холбоотой Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх гэрээний талаарх тусгайлан тогтоосон 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан болохыг шүүх хуралдааны явцад гаргасан боловч шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг Г- ХЗХ ба Г- ХХК-ийн хоорондын маргаантай холбоотой тасалдсан гэж дуусаагүй гэж үзэн үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн.

П.О  болон С.Г нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчээр Г- ХХК буюу хувь нийлүүлэгчид Б.Б , Ж.С-, Ч.А, М.Э- нараас төлбөр төлөх шаардлага гаргасан байдаг. Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №142/11132017/03248 тоот иргэний хэрэг үүсгэх захирамжинд Г- ХХК буюу гишүүд Б.Б , Ж.С-, Ч.А, М.Э- нарыг холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн. Харин шүүх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс иргэн Ж.С-, Ч.А, М.Э- нараас татгалзсан бөгөөд ингэснээр Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн №142/Ш32018/02253 тоот захирамжинд Г- ХХК болон иргэн Б.Б  нарыг хариуцагчаар тооцсон байна. Үүрэгт олон этгээдүүд оролцож байгаа тохиолдолд оногдох үүргийг тодорхойлох ёстой. Нэхэмжлэгч шаардлагаа Г- ХХК-д ба түүний хувь нийлүүлэгчдэд гаргасан байхад шүүхээс шийдвэрийг иргэн Б.Б ыг төлбөр төлөх хариуцлага хүлээх ёстой гэсэн боловч Г- ХХК-тай холбоотой асуудлыг дурдаж өгөөгүй байна. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хариуцагч гэдэг нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй болон зохих ёсоор биелүүлээгүй этгээдийг хэлнэ гэжээ. Хуульд заасны дагуу хэн хариуцагч болохыг тодорхой байх ёстой. Гэтэл шүүхээс хариуцагчаар тогтоосон захирамжинд Г- ХХК болон иргэн Б.Б  нарыг хариуцагчаар тооцсон боловч шийдвэр гаргахдаа үүргийн хариуцах этгээдээр ганц иргэн Б.Б ыг тооцсоноор тодорхойгүй байдлыг бий болгосон энэ талаар Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 24-ны өдрийн 545 тоот шүүхийн шийдвэрт зааж өгөөгүй байна. Түүнчлэн иргэн Б.Б  нь Г- ХХК-ийн хувийг бусдад шилжүүлсэн болохыг шүүх хуралдааны явцад тайлбарласан бөгөөд дахин баримт авах шаардлагатай болохыг мэдэгдсэн боловч харгалзан үзэлгүй шаардлагатай нотлох баримтыг үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хэнээс ямар шаардлага ямар хэмжээтэйгээр гаргуулан авах талаар тодорхойгүй байхад Г- ХХК-ийн хувь нийлүүлэгч Б.Б  нь 195 000 000 төгрөг гаргуулахаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэн Б.Б  болон иргэн П.О  ба Ж.Г нарын хоорондын гэрээний үүрэгтэй холбоотой маргаан уу эсвэл Г- ХХК болон Г- ХЗХ хоорондын маргаанаас үүссэн маргааныг ялгаж өгөөгүй байна. Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 24-ний өдрийн №142/ШШ2018/00545 тоот шүүхийн шийдвэрийн 5 дах хуудасны 6 дах хэсэгт Г- ХХК-ийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17 дугаар албан тоотод үйлдвэр үйл ажиллагаагаа эхлэхээр бэлтгэл ажлаа хийж байна, үйлдвэрийн үйл ажиллагааны талаар тайлагнасан нь мөн энэ хугацаанд 21.500.000 төгрөгийг төлсөн нь уг өрийг төлөх, гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж байсан гэж үзэх үндэслэлтэй гэжээ. Энэ төлбөрийг төлсөн баримтыг үнэлж үзээгүй бөгөөд Шүүхийн шийдвэр биелүүлэх албанаас үйлдвэрээс албадан авсан бөгөөд энэ нь үндэслэлгүй болохыг Г- ХЗХ болон Г- ХХК-ийн хоорондын маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт заасан байдаг. Энэ баримтыг үнэлэлгүйгээр үндэслэл болгон авч үзэж байгаа нь төлбөр төлөх хууль зүйн үндэслэл болохгүй юм. Дээрх нөхцөл байдал үндэслэлийг харгалзан үзэж Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 24-ны өдрийн 545 тоот шүүхийн шийдвэрийг бүхэлд нь өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч П.О , Ё.Г нар нь Г  ХХК буюу гишүүд болох Б.Б , Ж.С-, Ч.А, М.Э- нарт холбогдуулан 198.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх Г  ХХК буюу хариуцагч Б.Б , Ж.С-, Ч.А, М.Э- нарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн атлаа хариуцагч компаний төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т заасан Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж заасныг зөрчсөн байна.

Хэдийгээр шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцүүлэх захирамж гаргасны дараа нэхэмжлэгч П.О , Ё.Г нар хариуцагч Ж.С-, Ч.А, М.Э- нарыг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан байх боловч шүүх хариуцагч Ж.С-д нэхэмжлэлийн хувь гардуулж өгөөгүй атлаа ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан тул... гэсэн үндэслэлээр иргэний хэрэг хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргаж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зөрчил гаргасан байна.

Иймд дээрх зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлд хамаарч байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-ын гаргасан ...шүүхийн шийдвэрийг бүхэлд нь өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00545 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмэлжлэгдсэн төлөөлөгч М.Э-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.150.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ