Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2020/02723

 

2020 10 09                                                                                                                            183/ШШ2020/02723

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч: С.С-д холбогдох

  Орон сууц захиалгын гэрээний төлбөрт 236 280 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

  Нэхэмжлэлийг 2019 оны 12 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Ө Д ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө Д ХХК нь иргэн С.С-тай 2017 оны 8 сарын 25-ны өдөр ...................... дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулж, хариуцагч С.С нь ........байр, .......  тоот, 3 өрөө орон сууцыг 361 900 000 төгрөгөөр захиалан авахаар гэрээ байгуулж, гэрээнд заасны дагуу 2017 оны 8 сарын 27-ны өдөр урьдчилгаа төлбөр үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх 110 000 000 төгрөг, хугацаанд нь бүрэн төлсөн тохиолдолд 10 000 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх, үлдэгдэл төлбөр 241 900 000 төгрөгийг 2017 оны 9 сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Ө Д ХХК гэрээнд заасны дагуу орон сууцыг С.С-ын эзэмшил, ашиглалтанд хүлээлгэн өгсөн боловч хариуцагч С.С нь өнөөдрийн байдлаар 155 000 000 төгрөгийг төлж 196 900 000 төгрөгийг төлөөгүй байна. Бидний зүгээс үлдэгдэл төлбөрөө төлөхийг мэдэгдэж, мэдэгдэл явуулж байсан боловч хариуцагч нь төлбөр төлөх ямар нэгэн арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүртэл маргаан бүхий байранд гэр бүлтэйгээ амьдарч байгаа. 2017 оны 11 сарын 17-ны өдөр уг байрыг байр хүлээлцэх актаар С.С хүлээлгэж өгсөн бөгөөд санал хүсэлт барагдуулах актад тусгагдсан ажлуудыг хийж, 2018.07.02-ны өдөр хамгийн сүүлийн ажлыг хийж хүлээлгэж өгсөн бөгөөд хэрэгт баримтуудыг нэг бүрчлэн хүлээлгэн өгсөн. Иймд С.С-аас үндсэн үлдэгдэл төлбөр 196 900 000 төгрөг, алданги 39 380 000 төгрөг, нийт 236 280 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.С-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.С нь 2017 оны 08 дугаар сард Ө Д ХХК-тай ...... хотхоны ....... тоотыг 351 900 000 төгрөгөөр худалдан авах бөгөөд тал төлбөрийг бэлэн мөнгөөр үлдэгдэл төлбөрийг бартераар буюу баригдаж байгаа байрнаас өгөхөөр амаар харилцан тохиролцсон. Гэтэл 2017 оны 08 сард борлуултын албанаас дуудаж гэрээ байгуулахыг санал болгосон бөгөөд гэрээнд тухайн бартерын байрны талаар тусгаагүй байсныг асууж лавлахад энэ бол зөвхөн тухайн байрны гэрчилгээ бусад баримтыг бүрдүулэхэд шаардлагатай тул гарын үсэг зурж болно гэсний дагуу гарын үсэг зурсан. Харилцан тохиролцсоны дагуу байрны тал төлбөр болох 110 000 000 төгрөгийг 2017 оны 08 сарын 25-ны өдөр 45 000 000 сая төгрөгийг 10 сарын 18-нд тус тус тухайн шилжүүлсэн. Гэтэл тухайн байр хугацаандаа ашиглалтанд ороогүй бөгөөд гүйцэтгэгч талын 2017 оны 11 сарын 17-ны өдрийн санал хүсэлт барагдуулах актад дурдсанаар хийх ёстой ажлуудыг 2017 оны 12 сарын 01-ны өдрийн дотор засаж сайжруулахаар тусгасан. Гэтэл тухайн ажлуудыг бүрэн гүйцэд хийж актаар хүлээлгэж өгөлгүй дутуу хагас байлгасаар 2018 оны 07 сарын 2-ны өдөр сүүлийн ажлыг хүлээлгэж өгсөн. Хариуцагчийн зүгээс ярилцан тохиролцсоны дагуу Ө Д ХХК-ийн гүйцэтгэх захиралд 2019 оны 12 сарын 11-ны өдөр Л М ХХК-ийн гэрээгээр авах байрыг төлбөрт шилжүүлэхээр албан бичгээр хандсан боловч хэлэлцэн тохиролцсон нөхцөлөөсөө буцаж шүүхэд хандсан байна. С. Саруулын зүгээс Ө Д ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд алдангийг хамгийн сүүлд ажил хүлээлгэж өгсөн 2018.07.02-ны өдрөөс тооцоход 15 000 000 төгрөгөөс хэтрэхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

Шүүх гэрч Э.У-ын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,             

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө Д ХХК хариуцагч С.С-д холбогдуулан гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 196 900 000 төгрөг, алданги 39 380 000 төгрөг, нийт 236 280 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2017 оны 08 сарын 25-ны өдөр Орон сууц захиалгын ................ гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь .............. хотхон, ........ байр, ...... тоот орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөх, захиалагч нь байрны үнэ нийт 361 900 000 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 7-11/

Дээрх гэрээний зүйл болсон орон сууцны барилга нэхэмжлэгч Ө Д ХХК-ийн захиалгаар баригдаж, ..................  цогцолбор хотхоны сууцны барилгыг 2017 оны 09 сарын 22-ны өдөр ашиглалт орж, улсын комисс хүлээн авсан байх ба ....... хотхон, ........ байр, ....... тоот орон сууцыг 2017 оны 11 сарын 17-ны өдөр хариуцагч С.С-д хүлээлгэн өгч, хариуцагч хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар болон байр хүлээлцэх акт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 46-51/

Хариуцагч С.С нь дээрх орон сууцны үнийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тал төлбөр төлөх мэдэгдлийг хариуцагчид 2019.11.21, 2019.11.28-ны өдрүүдэд хүргүүлж байсан баримтууд хэрэгт авагджээ./хх-ийн 14-16/

Харин нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Хариуцагч нь уг байранд өнөөг хүртэл амьдарч байгаа хэрнээ гэрээний үүргээ зөрчиж төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй тул гэрээний үлдэгдэл төлбөр, алдангийн хамт гаргуулна. ... гэснийг, хариуцагч тал ...зарим төлбөрийг бэлэн мөнгөөр үлдэгдэл төлбөрийг бартераар буюу баригдаж байгаа байрнаас өгөхөөр амаар харилцан тохиролцсон гэрээг байгуулсан. ...Гэтэл гэрээнд энэ талаар тусгаагүй ..., ... санал хүсэлт барагдуулах актад дурдсанаар хийх ёстой ажлуудыг 2017 оны 12 сарын 01-ны өдрийн дотор засаж сайжруулахаар тусгасан боловч тухайн ажлуудыг 2018.07.02-ны өдөр хүргэж, хүлээлгэж өгсөн. ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж маргажээ.

Хариуцагчийн тайлбар, татгалзал дараах үндэслэлгүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр заажээ.

Нөгөөтэйгүүр, талуудын байгуулсан гэрээгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах хүсэл зориг бүрэн илэрхийлэгдсэн, түүнчлэн нэхэмжлэгч тал гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн, хариуцагч нь уг орон сууцыг хүлээн авсан, одоог хүртэл амьдарч байгаа зэрэг нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцлийн шинжийг агуулсан, мөн хуулийн 43.1.1-т заасны дагуу хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохирсон гэх нөхцөл байдлыг илэрхийлсэн гэрээ байгуулагдсан байна.

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч Ө Д ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, ....... хотхоны ..... байр, ...... тоот хаягт байрлах, 81.2 м.кв талбайтай орон сууцыг 2017 оны 11 сарын 17-ны өдөр Байр хүлээлцэх акт үйлдэж С.С-д хүлээлгэн өгсөн байх ба хариуцагч нь уг актад гарын үсэг зурж баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан байна./хх-ийн 120-121/

Хариуцагч нь тухайн орон сууцыг эзэмшил, ашиглалтандаа шилжүүлэн авч, одоог хүртэл амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон, түүнчлэн уг орон сууцны дотоод засалтай холбоотой асуудлыг нэхэмжлэгч тал 2018 оны 07 сарын 02-ны өдөр хүлээлгэж өгсөн талаарх баримтаа хэрэгт ирүүлсэн зэргээс нэхэмжлэгч Ө Д ХХК нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлжээ.

Түүнчлэн хариуцагч нь худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бартераар буюу Л М ХХК-иас гэрээгээр авах байрыг үлдэгдэл төлбөрт шилжүүлэхээр талууд амаар тохирсон боловч энэ талаар гэрээнд тусгаагүй гэх тайлбарыг гаргаж, маргасан хэдий ч энэ талаараа хавтаст хэрэгт баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч С.С нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба талуудын байгуулсан гэрээний 6.4-т алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөрчөөгүй байх тул гэрээний үлдэгдэл төлбөрөөс 20 хувиар алданги тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй ба энэ дүн нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарт дурдсан 2018 оны 07 сарын 02-ны өдрөөс алдангийг тооцох үндэслэлтэй гэснээс бага байгааг дурдах нь зүйтэй байна.

Дээрхийг нэгтгээд харииуцагч С.С-аас 236 280 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө Д ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.С-аас гэрээний үүрэгт 236 280 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө Д ХХК-д олгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 339 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С-аас улсын тэмдэгтийн хураамжинд 1 339 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө Д ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ