Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01237

 

                                 **** **** “ ****” ХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02004 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2228 дугаар магадлалтай, 

**** **** “ ****” ХК-ийн нэхэмжлэлтэй,

****, “ **** ****” ХХК-д тус тус холбогдох 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 2,025,524,559 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч ****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Болд, түүний өмгөөлөгч Д.Алтансүх, хариуцагч “ **** ****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** **** “ ****” ХК нь ****, “ **** ****” ХХК-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 2,025,524,559 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02004 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ****өөс 1,816,638,179 төгрөг, хариуцагч “ **** ****” ХХК-аас 133,343,500 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч **** **** “ ****” компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75,542,880 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн **** тэмдэгтийн хураамжид төлсөн 10,443,523 төгрөгийг **** орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****өөс **** тэмдэгтийн хураамжид 9,241,141 төгрөг, хариуцагч “ **** ****” ХХК-аас **** тэмдэгтийн хураамжид 824,667 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч **** **** “ ****” компанид олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2228 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02004 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1,816,638,179 төгрөгийг 1,796,124,000 төгрөгийг гэж, 75,542,880 төгрөгийн гэснийг 96,057,059 төгрөгт гэж, 2 дах заалтын 9,241,141 төгрөг гэснийг 9,138,570 төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар “ **** ****” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа **** тэмдэгтийн хураамжид төлсөн 824,667 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ****өөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа **** тэмдэгтийн хураамжид төлсөн 9,241,141 төгрөгийг **** орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч ****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шүүх хариуцагчийг өөрийн дураар буюу үзэмжээр сольсон. Нэхэмжлэгч 50,000 ам.долларыг “ **** ****” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн ....300,000-ийг иргэн ****өөс нэхэмжилсэн байхад шүүх өөрийн үзэмжээр 50,000 ам.долларын хариуцагчийг иргэн ****өөр сольж, харин 300,000 иений хариуцагчийг “ **** ****” ХХК-аар сольж 50,000 ам.долларыг иргэн ****өөс 300,000 иенийг “ **** ****” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй хэмээн заасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч хариуцагчийг солих тухай хүсэлт гаргаагүй мөн зөшөөрөөгүй байхад дээрх шүүхийн заалтуудыг ноцтой зөрчиж, өөрийн дур сонирхол, үзэмжээр хариуцагчийг сольсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй.

4.1. Монгол Улсын Хирошима Акио нарын 9 иргэн Монгол Улсын аж ахуйн нэгж болох “Микацүки” ХХК-тай “Итгэлцлийн гэрээ” нэртэй хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээнийхээ үүргийг шаардах эрхийг **** **** аж ахуйн нэгж гэх “ ****” ХК-д олгосон байж болох баримтыг шүүхэд өгсөн байна. Гэтэл уг эрхийг авсан “ ****” ХК олж авсан эрхийнхээ хүрээнээс хальж “Микацүки” ХХК-аас үүргийн гүйцэтгэх шаардах эрх бүхий бичиг баримтыг иргэн ****өөс мөнгө хөрөнгө шаардах эрх болгон хууль бусаар хөрвүүлж иргэн А.Болдод итгэмжлэл олгосон байна. Үүний дараа уг эрхийг олж авсан А.Болд Монгол Улсын аж ахуйн нэгж “ **** ****” ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан байна. **** иргэд **** болон “ **** ****” ХХК-аас үүргийн гүйцэтгэл шаардах эрхийг “ ****” ХК-д олгоогүй байхад “ ****” ХК А.Болдод **** нараас үүргийн гүйцэтгэл шаардах эрхийг олгох эрхгүй юм. “ ****” ХК зөвхөн “Микацүки” ХХК-аас үүргийн гүйцэтгэл шаардах эрхийг бусдад дамжуулан олгох эрхтэй. А.Болдод олгосон итгэмжлэлд хэнээс юу шаардах тухай болон ****, Шибуяа Масару нартай ямар маргаан дээр эвлэрэх тухай тодорхой бичээгүй байна. Итгэмжлэлээр гүйцэтгэх үүргийг дээрх байдлаар тодорхой бус бичсэний улмаас төлөөлөгч А.Болд **** **** иргэдээс олгосон эрхийн хэм хэмжээг бүрмөсөн орхигдуулж үүргийн гүйцэтгэл биш үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн шаардлага гаргах болсон байна. Өөрөөр хэлбэл **** **** нэр бүхий иргэд “ ****” ХК-д үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой шаардах эрх олгосон итгэмжлэлийг олгоогүй байна. Дээрх байдлууд нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд шаардлага гаргасныг нотолж буй учир хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

4.2. Монгол Улсын иргэд “Микацүки” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний хугацааг 12 сараар тооцож, хугацаа дууссан тохиолдолд гэрээг шинэчлэн байгуулахаар тогтсон байна. Тухайлбал **** **** иргэн Ямомото хисаки 2012.11.15-ны өдөр гэрээ байгуулж үргэлжлэх хугацааг 12 сараар тогтоосон байна. 2013.11.15-ны өдөр гэрээний хугацаа дуусаж шаардах эрх 2013.11.16-ны өдөр үүссэн. Гэтэл мөнгөний ханшийг шаардах эрх үүссэн өдрийн ханшаар бус шаардлага гаргасан өдрийн ханшаар тодорхойлсон нь ханш тодорхойлох тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн. Мөн 2012, 2013 онд 12 сарын хугацаатай байгуулсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан болох эсэх талаар шүүх дүгнэлт өгөөгүй. Шүүх мөнгө шилжүүлсэн баримт гэрээнд дурдсан мөнгөний үнийн дүнтэй нийцэж байгаа эсэхийг нягтлан шалгахгүйгээр зөвхөн гэрээний үнийн дүнг харгалзан нэхэмжлэлийн хэмжээг тодорхойлсон нь хэрэгт цугларсан баримтаар илэрхийлэгдэж байна. Тухайлбал **** **** иргэн Вадо Кайзо 3 сая иенийг “Микацүки” ХХК-ийн данс руу үүргийн дагуу шилжүүлсэн байхад шүүх гэрээний үнийн дүнгээр 3,457,018 хэмээн 457,018 иенийг илүү бичиж шийдвэрлэсэн. Түүнээс гадна нэхэмжлэлийн шаардлагыг хангаж буй үнийн дүнтэй холбоотой нотлох баримтыг шийдвэртээ тусгаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасантай нийцэхгүй байх ба нотлох баримтыг олж үнэлэх үүргийг давж заалдах шатны шүүхэд үлдээсэн. Хариуцагчийн зүгээс хавтаст хэргийн 38-49-р талд авагдсан санхүүгийн тайлан гарын үсэг тамга тэмдэггүй нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хүлээн авч захирамж гаргасан ч Санхүүгийн зохицуулах хороо шаардсан баримтаас өөр, ач холбогдолгүй баримтыг 2020.07.09-ний өдөр явуулсан байхад захирамжийн шаардлага биелэгдсэнд тооцож нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлийг бий болгосон.

4.3. Шийдвэрийн 5 дугаар талд нэхэмжлэгч **** **** “ ****” ХК болон **** **** нэр бүхий иргэд хөрөнгө оруулалт хийхдээ “Микацүки” ХХК-тай тус бүр бэлэн мөнгийг 12 сарын хугацаатай хүлээлгэн өгч, хугацааны эцэст тохиролцсон ашгийг хүлээн авахаар итгэлцлийн гэрээ байгуулсан гэж дүгнэснээс гадна шийдвэрийн 7 дугаар талд мөнгийг гэрээний болон гэрээний бус үүргийн үндсэн дээр “Микацүки” ХХК-аас шаардах эрхтэй гэж дүгнэсэн гэрээний үүргээр юу шаардах, гэрээний бус үүргээр юу шаардах эрхтэйг тодорхойлоогүй. Мөн Ямато Хисакигийн шилжүүлсэн 40,135,480 төгрөгийн 12 сарын хугацааны ашиг 16,2 хувиар тооцоход 16,943,942 гэх мэт цөөн бус ашиг тооцон гэрээний үүргийг үнэлсэн талаар дүгнэлт өгсөн атлаа шийдвэрээ дүгнэлтээсээ зөрүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн гаргасан нь хууль бус болсон. Шийдвэрийн 6 дах талд **** **** “ ****” ХК болон **** **** нэр бүхий иргэд нь анх хөрөнгө оруулалт хийхдээ “Микацүки” ХХК-тай тус бүр бэлэн мөнгийг 12 сарын хугацаатай хүлээлгэн өгч, хугацааны эцэст тохиролцсон ашгийг хүлээн авахаар итгэлцлийн гэрээ байгуулсан нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасан итгэлцлийн үйлчилгээний шинжийг агуулж байх боловч “Микацүки” ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй тул итгэлцлийн үйлчилгээ явуулах эрхгүй бөгөөд **** **** “ ****” ХК болон **** **** нэр бүхий иргэдтэй байгуулсан итгэлцлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна гэж заасан байх боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан журмыг хэлцэл хийсэн тал болох “Микацүки” ХХК-тай биш иргэн ****тэй тооцсон эрх зүйн үндэслэл ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх ийнхүү хэрэг маргааныг хууль бусаар, хуулиас гадуур шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх дээрх алдааг засаж, шийдвэрийг зөвтгөлгүй хууль бус шийдвэрийг хэвээр үлдээсэн гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5.Хариуцагч ****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярынхяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ****өөс 1,816,638,179 төгрөг, хариуцагч “ **** ****” ХХК-аас 133,343,500 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч **** **** “ ****” компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75,542,880 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1,816,638,179 төгрөг гэснийг 1,796,124,000 төгрөгийг гэж, 75,542,880 төгрөг гэснийг 96,057,059 төгрөг гэсэн өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүхээс **** **** “ ****” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 96,057,059 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хариуцагч ****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярынгомдлын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

7. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Тодруулбал: 

8. **** **** “ ****” ХК нь ****, “ **** ****” ХХК-д холбогдуулан “Микацүки” ХХК-тай өөрийн болон ****ы нэр бүхий 8 иргэдтэй байгуулсан итгэлцлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 2,025,524,559 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон байна. 

9. Хариуцагч ****, “ **** ****” ХХК нар нь “...нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, нэхэмжилж буй мөнгийг хүлээн аваагүй, **** **** нэр бүхий иргэдээс “Микацүки” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн шаардах эрхийг **** **** “ ****” ХК-д шилжүүлсэн байхад шаардах эрхийн хүрээнээс хальж ****, “ **** ****” ХХК-аас нэхэмжилж буй нь үндэслэлгүй, уг шаардах эрх шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болдод олгосон итгэмжлэл компанийн тамга тэмдэг дарагдаагүй, захирал Камати Хироцугу **** **** “ ****” ХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч эсэх нь эргэлзээтэй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үзэж байна. Мөнгө буцаан төлөх график гэх баримтыг **** хэзээ ч хийж өгч байгаагүй. Уг баримтыг ханз үсгээр зурсан учир хэн зурсныг мэдэхгүй, ... **** **** “ ****” ХК нь шаардах эрхийнхээ хүрээнд “Микацүки” ХХК-аас шаардах эрхтэй. ...Нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна...” гэсэн агуулгатай тайлбарыг тус тус гарган мэтгэлцжээ. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Микацүки” ХХК “...шаардах эрхгүй этгээд нэхэмжилж байгаа гэдэгтэй санал нэг байна. ...Нэхэмжлэгч нь хариуцагч нараа буруу тодорхойлсон гэж үзэж байна...” гэж хариуцагч нарын тайлбарыг дэмжсэн агуулгатай байр сууриа илэрхийлсэн байна. 

10. **** **** “ ****” ХК болон **** **** иргэн Ямамото Хисаки, Хирошима Акио, Уришияама Шиничи, Вада Кэйзо, Ивай Юри, Хаясака Сэйши, Коянага Мисако, Сакурай Миеко нар “Микацүки” ХХК-тай 2012.10.26-ны өдрөөс 2013.11.21-ний өдрийн хооронд итгэлцлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулж, уг гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгө шилжүүлэх, гэрээний хугацаа дуусахад ашиг авахаар тохиролцсон байна. 

11. Монгол Улс 2008.12.25-ны өдөр Гаагийн есдүгээр бага хурлаас 1961.10.05-ны өдөр баталсан Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенцод нэгдэн орсон тул **** улстай өөрсдийн бичиг баримтыг апостиль гэрчилгээгээр баталгаажуулсан тохиолдолд дахин ямар нэг баталгаажуулалт шаардахгүй, уг бичиг баримт нь Апостиль конвенцийн гишүүн улсад хүчин төгөлдөр үйлчилнэ. 

Анхан болон давж заалдах шатны шүүх **** **** “ ****” ХК дээрх нэр бүхий 8 иргэнээс итгэлцлийн гэрээний үндсэн дээр “Микацүки” ХХК-д шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг шаардах эрхийг шилжүүлэн авсан гэрээний хүчинтэй байдал, апостиль гэрчилгээгээр баталгаажсанталаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасантай нийцжээ. 

12. ****, О.Батцэцэг нар “Микацүки” ХХК-ийг 2010.01.14-ний өдөр үүсгэн байгуулсан бөгөөд тус компанийн 70 хувийн хувьцааг **** **** “ ****” ХК, 25 хувийн хувьцааг ****, 5 хувийн хувьцааг **** **** иргэн Шибуяа Масару нар 2013.01.29-ний өдрөөс хойш эзэмшиж байгаа болох нь 2020.02.05-ны өдрийн хуулийн этгээдийн **** бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байна. 

13. **** **** “ ****” ХК-ийн захирал Камати Хироцугу оруулсан хөрөнгө оруулалтын дагуу эргэн төлөлт хийгдэхгүй, хүү өгөхгүй, Монголд муу зээл гараад байгаа тул оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан татах талаарх хүсэлтийг ****, **** **** иргэн Шибуяа Масару нарт гаргасан боловч мөнгийг буцаан өгөөгүй, улмаар “Микацүки” ХХК Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй, банк бус санхүүгийн байгууллага байгуулалгүйгээр үйл ажиллагаа явуулж, 1,664,780,000 төгрөгийг залилсан гэх гомдлыг гаргасныг цагдаагийн байгууллагаас шалгаад ****ийн үйлдэлд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй, иргэд, аж ахуйн нэгж хоорондын эд хөрөнгийн маргаантай холбоотой, иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлбэл зохих асуудал гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. 

14. Хоёр шатны шүүх “Микацүки” ХХК нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл аваагүй, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасан итгэлцлийн үйлчилгээ явуулах эрхгүй тул **** **** “ ****” ХК болон **** **** нэр бүхий 8 иргэдтэй байгуулсан итгэлцлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байна. 

15. Хариуцагч **** “... **** **** “ ****” ХК болон **** **** нэр бүхий 8 иргэдээс “Микацүки” ХХК-аар дамжуулан авсан мөнгөн хөрөнгийг уг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан...” гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч уг тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй байна. Энэ талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. 

16. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй бөгөөд бусдын шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгийг **** өөрийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хуулийн этгээд болох “Микацүки” ХХК, “ **** ****” ХХК-иар дамжуулан хүлээн авч зарим хэсэг буюу 50,000 ам.долларыг “ **** ****” ХХК-ийн зээлийн үйл ажиллагаанд, үлдсэн хэсгийг өөрийн нэрээр баримт үйлдэн хүлээн авсан боловч хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй гэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийжээ. 

17. Давж заалдах шатны шүүх **** **** “ ****” ХК болон “Микацүки” ХХК-ийн хооронд үүссэн гэрээний үүргийн шаардлага ****, “ **** ****” ХХК-д хамаарахгүй, “Микацүки” ХХК-аар дамжуулан хариуцагч нарт өгсөн мөнгөн хөрөнгөөс ногдох ашиг шаардах эрх нэхэмжлэгчид хууль болон гэрээгээр олгогдоогүй талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй. 

18. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зохицуулжээ. 

Хариуцагч **** энэ тогтоолын 14 дүгээр дурдсан цагдаагийн байгууллагаас гомдол, мэдээллийг шалгаж байх явцад ****ы хадгаламж буцаах график гэсэн баримтыг ****оос орсон ба төлсөн дүнгийн жагсаалт, буцаах хадгаламж, буцаасан хадгаламж гэсэн баримтуудын хамт гаргаж өгсөн боловч уг баримтад дурдсан графикийн дагуу мөнгийг буцаан төлөөгүй байна. 

**** **** “ ****” ХК болон **** **** 8 иргэний “Микацүки” ХХК-тай байгуулсан итгэлцлийн гэрээ хүчин төгөлдөр бус болсон, уг гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг хариуцагч **** хүлээн авч өөрийн болон “ **** ****” ХХК-ийн хэрэгцээнд захиран зарцуулсан байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шаардах эрхтэй.

19. Хариуцагч **** **** **** “ ****” ХК-аас шилжүүлсэн 40,000,000 иен, **** **** иргэн Хаясака Сэйшигийн 20,000,000 иен, **** **** иргэн Сакурай Миекогийн шилжүүлсэн 300,000 иен, **** **** иргэн Вада Кэйзогийн шилжүүлсэн 3,000,000 иен, **** **** иргэн Шиничи Ямамотогийн шилжүүлсэн 5,000,000 иен, **** **** иргэн Хаясаки Ямамотогийн шилжүүлсэн 2,000,000 иен, **** **** иргэн Коянага Мисакогийн шилжүүлсэн 1,000,000 иен, **** **** иргэн Хирошима Акиогийн шилжүүлсэн 300,000 иен, **** **** иргэн Ивай Юригийн шилжүүлсэн 1,000,000 иен, нийт буюу нийт 72,600,000 иен буюу 1,796,124,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэгтэй гэж шүүхээс дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

20. “ **** ****” ХХК **** **** “ ****” ХК болон **** **** нэр бүхий 8 иргэдээс “Микацүки” ХХК-аар дамжуулан шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс 50,000 ам.долларыг хүлээн авч зээлийн үйл ажиллагаандаа зарцуулсан болох нь тус компанийн санхүүгийн тайланд тусгагдсан байх тул “ **** ****” ХХК-аас 133,543,500 төгрөгийг гаргуулан шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

21. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хариуцагч нарын үүргийг тодорхойлж, ****өөс 1,796,124,000 төгрөг, хариуцагч “ **** ****” ХХК-аас 133,343,500 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч **** **** “ ****” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 96,057,059 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

22. Хариуцагч ****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын“...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах...” агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлыг энэ тогтоолын 10-22 дугаарт дурдсан үндэслэлээр хангагдахгүй. 

23. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2228 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа **** тэмдэгтийн хураамжид төлсөн 10,067,000 төгрөгийг **** орлогод үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД                                                         Н.БАЯРМАА                                                                                                                                                                                                                                                                                                                                                    Б.МӨНХТУЯА                                                    

                                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ                                                                                 

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД