| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 187/2020/0207/Э |
| Дугаар | 749 |
| Огноо | 2020-06-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 749
Ч.Жд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Батбаатар,
хохирогч А.Цэрэнлхам,
хохирогч А.Цэрэнлхам, Т.Батмагнай нарын өмгөөлөгч Э.Уянга,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.Цэрэнлхам, Т.Батмагнай нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ч.Жд холбогдох эрүүгийн 2003000700088 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
....................., 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Орхон их сургуулийн номын санч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 10-3-802 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............./;
Ч.Ж нь 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил-Зайсан” худалдааны төвийн хойд талын замд “Тоёота Виш” маркийн 05-03 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-д “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч /уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран/ уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч А.Цэрэнлхам, Т.Батмагнай, Б.Никкол нарыг мөргөж, А.Цэрэнлхамын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Т.Батмагнайгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ч.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Жг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Ж нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Ч.Ж нь 3.994.650 төгрөгийг хохирогч А.Цэрэнлхам, иргэний нэхэмжпэгч Т.Батмагнай нарт нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч А.Цэрэнхлам, иргэний нэхэмжлэгч Т.Батмагнай нарын нэхэмжлэлээс үлдэх өвчний учир ажилгүй байсан хугацааны цалин хөлсний 3.091.000 төгрөгийн шаардлагад хамаарах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Цэрэнлхам нь цаашид гарах эмчилгээний зардал болон хөдөлмөрийн чадвар түр алдсанаас дутуу авсан цалин, хөдөлмөрийн хөлсний зөрүүтэй холбоотой нэхэмжлэлд хамаарах, иргэний нэхэмжлэгч Т.Батмагнай нь өвчтэй байсан хугацааны болон өвчтөн асрамжилсан чөлөөтэй байсан хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлд хамаарах нотлох баримтаа тус тус зохих журмын дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэдгээрт тайлбарлаж, энэ хэрэгт Ч.Ж нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ч.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч А.Цэрэнлхам, Т.Батмагнай нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хэргийн талаарх дүгнэлтдээ “Ч.Ж нь 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 15 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил-Зайсан” худалдааны төвийн хойд талын замд Тоёота Виш маркийн 05-03 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2 “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч А.Цэрэнлхамын биед “...зүүн шаант ясны далд хугарал, зүүн өвдөгний чагтан холбоос, баруун, зүүн хажуугийн холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, явган зорчигч Т.Батмагнайгийн биед “...бүсэлхийн зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учирсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна” гэж дүгнэн, Ч.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, 1.000.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн. Дээрх дүгнэлтийн агуулгаас харахад А.Цэрэнлхам, Т.Батмагнай бид хоёр хоёулаа эрүүл мэндээрээ хохирсон байхад А.Цэрэнлхамын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд хариуцлага тооцож, харин Т.Батмагнайгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зөрчилд ямар ч хариуцлага хүлээлгээгүй нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Түүнчлэн, шүүгдэгч Ч.Ж нь хохирогч биднийг ногоон гэрэл, цагаан шугамаар зам гарч явахад урсгал сөрж орж ирэн дайрч мөргөсөн үйлдэлд прокурор, шүүгч нараас хууль зүйн дүгнэлт хийж, хариуцлага тооцоогүй төдийгүй шүүхээс Ч.Жг “...гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ” гэж дүгнэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримтлах үүрэгтэй, дүрэм зөрчиж болохгүйг мэдсээр байж урсгал сөрсөн нь түүний ухамсарт үйлдэлтэй шууд холбоотой юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, 8.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжпэгч гэнэ” гэж заажээ. Хуулийн энэхүү заалтаар Т.Батмагнай нь эрүүл мэндээрээ хохирсон хохирогч байх байтал иргэний нэхэмжлэгч гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Зөрчлийн тухай хуулийн ерөнхий 1.3 дугаар зүйлийн 2-д заасан шударга ёсны зарчимд “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 4.2 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан ...тээврийн хэрэгслийг хураана”, 2-д “Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ”, 4-д “Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан ...тээврийн хэрэгслийг ойлгоно” гэж, 4.3 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ”, мөн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 30-д “Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 51-д “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байхад шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Хохирогч бидний гэр бүл охиныхоо хамт ам бүл гурвуулаа амьдардаг, зөвхөн цалингийн орлого манай гэр бүлийн амьжиргааны үндсэн эх үүсвэр болдог ба дээрх гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хүндэвтэр, хөнгөн байдлаар хохирч, удаан хугацаагаар ажлаа хийж гүйцэтгэх боломжгүй болсон, олох байсан цалин, орлогоо авч чадаагүй, цаашид ажилласан хугацаа тасарч, ээлжийн амралт авахад хүртэл бид цалин урамшууллаараа хохирч байгаа төдийгүй эмчилгээний зардал маш ихээр шаардагдаж байгаа нь гэмт хэргийн улмаас үүсч буй хор уршиг юм. Гэтэл шүүгдэгч Ч.Ж нь шүүх хурал дээр “Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын зүгээс цалингийн алдагдал нэхэмжилж байгааг нь ойлгохгүй байна. Учир нь, хохирогч сургуулийн багш ба онц байдал зарласантай холбогдуулан одоогоор сургуулиуд хичээллэхгүй байгаа” гэж мэдүүлж байгаа нь түүнийг гэм буруугаа ойлгосон, хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй. Бид гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо баримтаар маш бодитой, шударгаар гаргаж өгч байхад шүүх эрүүгийн хэргийн хамт нэг мөр хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлгүй юм. Гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон үзэхээр хуульчилсан боловч Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийн талаар бодитой үнэлж, дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.
Хохирогч А.Цэрэнлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Ч.Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн “уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, эсрэг урсгал сөрснөөс манай гэр бүлд хохирол учруулсан. Үүнийгээ ухамсарлаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаад гомдолтой, миний гомдлыг шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч нь зөвхөн шүүхийн шийдвэрийг дагана гэдэг. Миний хувьд шүүх энэрэнгүй байх ёстой гэж үздэг. Гэвч хохирогч намайг ямар байдалтай байгааг анхаарч үзнэ үү. Шүүгдэгч хоёр газар урсгал сөрж, гэрэл зөрчиж явсан хэрнээ “гурван хүн гэнэт гарч ирсэн тул би мөргөсөн” гэж мэдүүлсэнд гомдолтой байна.” гэв.
Хохирогч А.Цэрэнлхам, Т.Батмагнай нарын өмгөөлөгч Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхэд хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар хууль зүйн туслалцаа авч, өмгөөлүүлэх эрхээр хангагдах боломжоор хангагдаагүй. Энэ эрхээ эдлэх ёстой талаараа мэдээгүй тул дараах нотлох баримтуудыг гаргаж байна. Уг баримтыг үнэлэх эсэх нь шүүх бүрэлдэхүүний эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Үүнд, хохирогчийн нэмэгдэл, урамшуулал, заах арга зүй гээд цалингийн задаргааг харуулсан хөдөлмөрийн гэрээний хавсралт, ажилгүй байх хугацааны буюу хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсаны тэтгэмж олгосон 2, 3 дугаар сарын баримт, 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд эрүүл мэндэд учирсан хөлний гэмтлээс болж эмчилгээ хийлгэсэн эмчлүүлэгчийн картын хуулбар зэрэг байна. Хавтас хэрэгтэй танилцахад эдгээр баримтууд дутуу байсан учир давж заалдах шатны шүүхэд нөхөн гаргаж өгч байна. Түүнчлэн хохирогчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга нь хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгчийн зам тээврийн осол гаргаж эхлэх үйлдэл нь урсгал сөрсний улмаас ногоон гэрлээр явган хүний гарцаар гарч байсан гэр бүлийн 3 хүнийг мөргөсөн үйл баримт юм. Гэтэл хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр зөвхөн Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-т зааснаар буруутгасан нь хэргийн бодит байдалд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж өгнө үү. Учир нь, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасныг давхар зөрчсөн байтал хяналтын прокурор болон шүүх уг заалтыг зөрчсөн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн хохирол төлбөртэй холбоотой асуудлыг жич нэхэмжлэх эрхтэй, энэ нь хууль зүйн үндэслэлтэй гэдгийг хохирогчид тайлбарлаж өгсөн. Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд хуулийн шаардлага хангасан эсэхэд зөв дүгнэлт хийсэн боловч хэргийн бодит байдалд нийцсэн ял шийтгэл оногдуулахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тэнссэн, эсхүл оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ авах буюу үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах ёстой байсан. Учир нь, уг зам тээврийн хэргийн дүгнэлт нь зөвхөн Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэж байгаа боловч бодит хэрэг учралын үйл баримт нь жолооч анхнаасаа Замын хөдөлгөөний дүрмийн урсгал сөрж яваад бусдад хохирол учруулсан гэм буруугийн үйлдэл нь гэмт хэрэг үйлдэж эхлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсгийг зөрчиж үйлдсэн. Энэ нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байтал шүүх дүгнэлт хийгээгүй, албадлагын арга хэмжээ авалгүй шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын шинжтэй дүйцээгүй гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэсэн 308.616 төгрөгийг нэхэмжилж гаргуулахын тулд эдгээр баримтуудыг нэмж өгч байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.” гэв.
Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хохирол төлбөрийг хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь Ч.Жд холбогдох хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ж нь эсрэг урсгал сөрж явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч А.Цэрэнлхам, Т.Батмагнай, Б.Никкол нарыг мөргөсөн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдлыг анхааралгүйгээр анхан шатны шүүхээс “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас ...гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж, 1.4-д “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэх нөхцөл байдалд хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэсэн, 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэлд хамаарч байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Жд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Ч.Жд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэх болсон учир хохирогч А.Цэрэнлхам, Т.Батмагнай нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд хохирогч нар хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтаа анхан шатны шүүхэд гаргаж хэргийн хамт нэг мөр шийдүүлбэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Жд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Ч.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ