Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2020/02971

 

 

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2020/02971

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Т К ХХК нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:Ш СӨХ холбогдох 

24 533 545 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч М.Э хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т К ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай байгууллага нь Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйлчилгээг, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4-12.2.8-д заасан үйлчилгээг үзүүлдэг ба Ус сувгийн удирдах газартай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээг, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулан ажиллаж байна. Бид үйл ажиллагааныхаа хүрээнд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ш СӨХ-той ОСНАА-н байгууллага, СӨХ-ийн хамтран ажиллах аж ахуйн гэрээг байгуулан Голден парк-2 хотхоны 301, 303 дугаар байрнуудыг халуун, хүйтэн, цэвэр, бохир ус, дулаанаар ханган, холбогдох засвар үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Ш СӨХ болон манай компани нь дээрх гэрээгээр тус СӨХ-ны хариуцдаг орон сууцны байрнуудын дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар үйлчилгээ, орон сууцны хэвийн үйлчилгээ, дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт хэвийн үйл ажиллагааг хангахад хяналт тавьж хамтран ажиллахаар тохиролцсон юм. Ийнхүү Ш СӨХ нь 2013 оноос хойш манай компаниас үйлчилгээ авч эхэлсэн боловч 2013 оны 10 дугаар сараас эхлэн төлбөрөө хугацаанд нь, бүрэн төлөхгүй байсаар өнөөдрийг хүрч, төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа болно. Ингээд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Ш СӨХ нь нийт 22 499 931 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байх бөгөөд бид Ш СӨХ-ноос ашиглалт, үйлчилгээний төлбөрөө төлж барагдуулахыг удаа дараа шаардаж, албан бичиг хүргүүлэхээс гадна биечлэн уулзсанаас гадна тус СӨХ нь өөрсдөө 2016 онд төлбөр төлөх үүрэгтэй болохоо зөвшөөрч албан хүсэлтүүдийг амаар, бичгээр гаргаж байсан боловч 2017 оноос хойш төлбөр төлөх талаар ямар ч арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрлээ. Ш СӨХ нь оршин суугч иргэдээс ашиглалт, үйлчилгээний төлбөрийг авч байгаа атлаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6-д зааснаар үйлчилгээ үзүүлж буй байгууллагад нь төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байх ба манай компанийг хохироосоор байгаа ба бид оршин суугч иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж, дундын өмчлөлийн талбайн халаалт, цэвэр, бохир, халуун усны төлбөрийг холбогдох төрийн байгууллагуудад нь СӨХ-ны өмнөөс төлж, үйлчилгээгээ тасралтгүй үзүүлж хохирсоор байна. Иймд ОСНАА-н байгууллага, СӨХ-ны хамтран ажиллах аж ахуйн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дундын эзэмшлийн хэрэгцээний халуун, цэвэр, бохир ус, халаалт, төлбөрт үйлчилгээний төлбөр болох нийт 24 533 545 төгрөгийг Ш СӨХ-ноос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Т К ХХКнь үйл ажиллагааныхаа хүрээнд Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Шунхлай Сууц Өмчлөгчдийн холбоотой 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Орон сууц нийтийн аж ахуйн байгууллага, сууц өмлөгчдийн холбооны хамтран ажиллах аж ахуйн гэрээг байгуулсан, уг гэрээний дагуу Голдон парк-2 байрны 301, 303 дугаар байруудыг дулаанаар хангаж, завсар үйлчилгээг харилцаж ажилласан, Шунхлай сууц өмчлөгчдийн холбоо нь 2014-2017 он хүртэл гэрээний дагуу төлбөрийг төлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Гэхдээ тодорхой хэмжээнд төлбөрийг дутуу төлөх, нэг сараар төлөхгүй хоцроох зэрэг асуудал байсан бөгөөд 2016 оноос хойш төлөлт хийгээгүй. Бид 2019 оны 12 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анх 22,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 24,533,545 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6-д Орон сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой бусдад учруулсан гэм хорыг холбооны дүрэм, сууц өмчлөгчтэй байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 147.2, 147.3-т заасан журмын дагуу арилгана гэж заасны дагуу хариуцагчаас 24,533,545 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч байгууллага нь хуурамч нотлох баримт үйлдсэн зүйл байхгүй. Хэрвээ Шунхлай Сууц Өмчлөгчдийн Холбоотой хамааралтай хуурамч нотлох баримт үйлдсэн гэж байгаа бол энэ талаар шалгуулах бүрэн эрхтэй байсан. Дундын өмчлөлийн төлбөрийн зохицуулалтын зардлыг хуваарилах асуудлыг манай Сууц Өмчлөгчдийн холбоо хариуцахгүй гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна. Сууц Өмчлөгчдийн холбооны эрх байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.3, 12.4.1-т заасны дагуу энэхүү мөнгийг Шунхлай Сууц Өмчлөгчдийн холбоо хариуцна. Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан, харилцаа холбооны зэрэг үйлчилгээг хэрэглэгч хүртэл хариуцах гэж заасан. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1-д Нийтийн зориулалттай орон сууцны барилгын доторх сууц /өрөө/ болон дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй сууцны бус зориулалттай талбайн хэсгийг дангаар өмчилж болно гэж тодорхой зааж өгсөн. Тиймээс төлбөрийг төлөх үүрэг нь Сууц Өмчлөгчдийн холбооны үүрэг юм. Хариуцагч талаас маргаж байгаа халаах хэрэгсэл дээр шүүхээс үзлэг хийсэн баримтаар нотлогдож байгаа. Нэхэмжлэгч байгууллага нь 2019 оны 12 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Хариуцагч төлөх төлбөрөө ухамсарлаад төлөх ёстой байсан. Гэтэл 2013 оноос төлөлт хийж байгаад хамгийн сүүлд 2017 оны 01 сард төлөлт хийж, түүнээс хойш төлөлт хийгээгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш Сууц Өмчлөгчдийн Холбоо шүүхэд гаргасан тайлбартаа:Ш СӨХ-нь 2013 онд байгуулагдсан, энэ хугацаанд тус холбооны гүйцэтгэх захирал 3 удаа өөрчлөгдөн солигдсон Анхны гүйцэтгэх захирал Б.Энхзул нь ОСНАА-н контортой 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн гэрээтэй ажилласан бөгөөд 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэрээг дүгнэхэд дулааныг тооцдог талбай нь батлагдсан зураг болон гэрээнд заасан хэмжээнээс зөрүүтэйгээр мөнгө нэхэмжилж байсны улмаас маргаан гарч цаашид гэрээ хийгээгүй, 2015 оны 10 дугаар сараас Д.Гончиг гэгч тус холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан боловч мөн дээрх дутагдлыг арилгаагүй учир гэрээ хийх боломжгүй байдал үүссэн. Манай хоёр байгууллагын аж ахуйн гэрээ нь Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан аж ахуйн харилцааны дүрэм, ЗГ-ын 353 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн ашиглалтын дүрэм, Хот суурины ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс гаргасан усны үйлчилгээний үнэ тариф тогтоолт зэрэг заавал мөрдөх журам, дүрэм дээр үндэслэдэг. Гэвч Т К ХХКнь дээр дурдсан дүрэм журмыг зөрчдөг дутагдлаа засдаггүй учир гэрээ хийгдээгүй өнөөг хүрсэн. Иймд Т К ХХК-нь инженерийн бодлого хангалтгүйгээс шугам сүлжээний тохируулгыг зөв хийдэггүй, подвал орцны хэсэгт халаалт тооцож буй талбайн бодит хэмжээ нь их зөрүүтэй, цэвэр бохир усны үнийг дур мэдэн нэмэгдүүлж авдаг, мэргэжлийн байгууллагын түвшинд үйлчилгээ үзүүлж чаддаггүй, техник, материалын хүчин чадвар муу атлаа сар бүрийн нэхэмжлэлд талбайн хэмжээг дур мэдэн нэмж, хэт өндөр мөнгө нэхэмжилдэг, мөн нэхэмжлээд байгаа мөнгөн дүнг тооцоо нийлж баталгаажуулаагүй зэрэг үндэслэлгүйгээр мөнгө хуримтлуулсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь халуун ус, бохир усны төлбөр манай байгууллагын хариуцах ёстой төлбөр биш юм. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан. Тиймээс энэ нь оршин суугчдын өмч юм. Т К ХХКнь тусгай зөвшөөрөл байхгүй, нэхэмжлэгчийн зүгээс тооцоо нийлсэн актыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг баримтыг хуурамчаар үйлдсэн, манайхтай тооцоо нийлсэн акт үйлдээгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, төлбөрийг оршин суугч айлуудаас авах ёстой. Сууц Өмчлөгчдийн холбоо байгуулагдсанаас хойш, оршин суугчдаас төлбөрийг авч байсан, давхар манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Т К ХХКнь 2013-2019 он хүртэл иргэдээс авсан мөнгийг манайхаас давхар нэхэмжилж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт ямар ч гарын үсэг байхгүй, Т К ХХКгэсэн тамгатай хуурамч нотлох баримтууд байна, яагаад өмнө нэхэмжлээгүй хирнээ хугацааг нь дууссаны дараа нэхэмжилж байгаа юм. Манайхаас нэхэмжлэх ёсгүй төлбөрийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т К ХХК нь хариуцагч Ш Сууц Өмчлөгчдийн Холбоонд холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дундын эзэмшлийн хэрэгцээний халуун, цэвэр, бохир ус, халаалт зэрэг үйлчилгээний төлбөрт 24 533 545 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2014, 2015 оны төлбөрт 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлөх боломжтой, гэрээний хугацаа дууссан, тооцоо нийлээгүй, баримт хуурамч байх тул бусдыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Т К ХХК-д Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Т К ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах 18/2014, 19/2014 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг 2014 онд Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон байна./хх 11, 12/

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс Т К ХХК-д Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.7, 12.2.8-д заасан нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх 00344 дугаартай тусгай зөвшөөрлийг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр олгосон байна./хх 13, 14/

 

Улмаар Т К ХХКнь Улаанбаатар дулааны шугам сүлжээтэй 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, Ус сувгийн удирдах газартай цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах 22030100 тоот аж ахуйн гэрээний нэмэлт гэрээ, Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр тусгай зөвшөөрлийн гүйцэтгэлийг гэрээг тус тус байгуулсан байна./хх 15-25, 29-31/

 

Т К ХХКнь Шунхлай Сууц Өмчлөгчдийн Холбоотой 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдөр ОСНАА-н барилга, СӨХ-ны хамтран ажиллах аж ахуйн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан./хх 8-10/

 

Энэхүү гэрээгээр Т К ХХКнь Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Голден Парк-2 хотхоны 301, 303 дугаар байруудад халуун, хүйтэн ус, дулааныг тасралтгүй түгээж, ариутгах татуургын шугам сүлжээ, худаг камераар дамжуулан бохир усыг татан зайлуулах болон үүнтэй холбоотой бусад үүргийг хүлээх, Шунхлай Сууц Өмчлөгчдийн Холбоо нь дундын өмчлөлийн шугам сүлжээ, тоноглолд засвар үйлчилгээ хийлгэх ба мэргэжлийн байгууллагаас тавигдсан төлбөрийг нэхэмжлэлийн дагуу гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулах болон үүнтэй холбоотой бусад эрхийг хэрэгжүүлэх, үүргийг хүлээхээр тохирсон байна.

 

Т К ХХКнь Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Голден Парк-2 хотхоны 301, 303 дугаар байруудыг халуун, хүйтэн ус болон дулаанаар 2013 оноос хойш одоо ч хангаж байгаа гэж хариуцагч Шунхлай Сууц Өмчлөгчдийн Холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.

 

Ш Сууц Өмчлөгчдийн Холбоо нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасан эд хөрөнгөд хамаарах ус, дулааны төлбөрийг хангагч байгууллага болох Т К ХХК-д бүрэн төлөөгүй болох нь хариуцагч байгууллагын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хүсэлт, нэхэмжлэгч байгууллагын 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн мэдэгдэл, нэхэмжлэгч байгууллагын ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэлүүд, нэхэмжлэх, 2016-2018 онд УБДС ХК-д төлсөн мөнгөн дүн, төлбөрийн даалгаврууд, Төрийн банкны орлогын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна./хх 33, 34-41, 42, 43-46, 47-54, 55/

 

Зохигч талуудын хооронд 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан ОСНАА-н барилга, СӨХ-ны хамтран ажиллах аж ахуйн гэрээний хугацаа нь 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр дууссан, уг гэрээний хугацааг сунгагдаагүй боловч Шунхлай Сууц Өмчлөгчдийн Холбоог Т К ХХКнь халуун, хүйтэн ус болон дулаанаар хангаж байгаа үйл баримтад талууд маргахгүй байна.

 

Хариуцагч байгууллага нь халуун, хүйтэн ус болон дулааны төлбөрийг тогтмол хугацаанд төлөх үүрэгтэй боловч 2013 оны 11 сараас эхлэн сар алгасаж, эсвэл зарим хэрэглээний төлбөрийг тасалдуулж, жил бүрийн сар болгоны төлбөрийг бүрэн гүйцэд төлөөгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэлийн баримтууд, талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч байгууллагын захирлаас 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Т КХХК-д ирүүлсэн хүсэлтдээ:Танай компанид төлөх төлбөрийн үлдэгдэл 3 853 490 төгрөгийг график гарган төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

Мөн манайх 2014, 2015 оны төлбөрт 5 000 000 төгрөг л төлнө гэж хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа зэргээс дүгнэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхээр байна.

 

Ш Сууц Өмчлөгчдийн Холбоо нь 2013 оны 11 сараас 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрийн үлдэгдлийг үйлчилгээ худалдан авсан гэрээний үүргээ биелүүлээгүй гэж, 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч байгууллагаас авч хэрэглэсэн ус, дулааны төлбөрийн үлдэгдлийн хэмжээгээр Шунхлай Сууц Өмчлөгчдийн Холбоог үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

 

Иймд Ш Сууц Өмчлөгчдийн Холбооноос 2013 оны 11 сараас 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөр 24 533 545 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Шунхлай Сууц Өмчлөгчдийн Холбооноос 24 533 545 /хорин дөрвөн сая таван зуун гучин гурван мянга таван зуун дөчин таван/ төгрөгийг гаргуулан Т К ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 302 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш Сууц Өмчлөгчдийн Холбооноос 280 618 /хоёр зуун наян мянга зургаан зуун арван найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т К ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН