Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 00070

 

Б.Н-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ЗД-дхолбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2018/00326 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Б.Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ЗД-дхолбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшингийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Энхсаруул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна. Б.Н нь 2016 оны 02 дугаар сард Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн Эрдэнэт сангийн нягтлан бодогчоор ажилд орсон бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь чанартай гүйцэтгэж ирсэн. Гэтэл Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамжаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Иймд Б.Нг Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин шүүхэд гаргасан хариу тайлбараа:

Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 сарын 15-ны өдрийн тогтоолоор баталсан Эрдэнэт сангийн дүрмийн 3.9 дэх хэсэгт сангийн өдөр тутмын ажлыг Засаг даргын тамгын газрын холбогдох хэлтэс гүйцэтгэх бөгөөд ажил үүргийн үндсэн хуваарийн адил гүйцэтгэж, хариуцлагыг хүлээнэ гэж заасан. Энэ заалтын хэрэгжилт болон Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс ажлын байрны ачааллыг нягтаршуулан Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Эрдэнэт сангийн санхүүгийн бүртгэлийг Санхүү, төрийн сангийн мэргэжилтэн П.Энхжаргалд хариуцуулж, хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг баримтлан ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн бөгөөд хуулийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоо хасагдсан тул Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 дугаартай захирамжаар Эрдэнэт сангийн нягтлан бодогч ажилтай Б.Н-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Дээрх Б/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамж нь хууль тогтоомж зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2018/00326 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Нг орон нутаг хөгжүүлэх Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 796.705 төгрөгийг Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан Б.Нд олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 93.871 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин давж заалдсан гомдолдоо:

Иргэн Б.Н-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2018 оны 03 сарын 27-ны өдрийн 09:00 цагт товлогдсон ба хурлын товыг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн. Мөн тус өдрийн 11:20 минутад О.Байгалын нэхэмжпэлтэй Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан товлогдсон ба О.Байгалын нэхэмжпэлтэй Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны товыг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр буюу Б.Н-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдааны товоос түрүүлж авсан байсан. Ийнхүү давж заалдах шатны шүүх хурал давхцаж байгааг шүүгчийн туслахад мэдэгдэж шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтээ бичгээр өгсөн. Гэтэл шүүх хүсэлтийг хангалгүйгээр шүүх хуралдааныг хийж шийдвэр гаргасан ба шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байх тул... хэмээн шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл 25.1.3-т ...шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхийг зөрчсөн мөн хуулийн 6.1, 6.2, 89.2-т заасан Мэтгэлцэх зарчим-ыг хангаагүй.

Шүүх хуралдаан хэдий хугацаагаар үргэлжпэхийг урьдчилан хэлэх боломжгүй бөгөөд шүүх хуралдааныг тасралтгүй явуулах хуулийн зохицуулалттай. Гэтэл давж заалдах шатны шүүх хурлын тов 11:20 минутад товлогдсон байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан биш хэмээн дүгнэж хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн нь хуулийг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4-д Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, ...нотлох баримт гаргах, түүнийг шинжпэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэж заасан шүүхэд хариуцагч талын тайлбарын үндэслэлийг нотлох баримт /хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл, аймгийн Засаг даргын ажил хариуцуулах тухай захирамж/-уудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.4-т заасны дагуу өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн тэмдэг дарж нотлох баримтаар гаргаж өгөхөд хуулбар үнэн тэмдэгтэй баримт шүүх хүлээж авахгүй нотариатаар баталгаажуулаад ир гээд хүлээж аваагүй учир холбогдох нотлох баримтуудыг нотариатаар батлуулан гаргаж өгөхөөр бэлдсэн байсан. Гэвч анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд энэ хуулийн 40.5-д заасныг баримтлах ёстой, ...мэдэгдэл өгөөгүй гэсэн нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэв хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг илтэд зөрчиж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж хариуцагчийн эрхийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Н Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Эрдэнэт сангийн дүрэмд заасны дагуу нягтлан бодогч орон тоо хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдэж нэхэмжлэгч Б.Нтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэх тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч Б.Баттүвшин ...шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан байх ба шүүх шүүх хуралдааныг цагийн зөрүүтэй зарласан, хариуцагчийн төлөөөлөгчийн гаргасан хүсэлт үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж, уг хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг зөрчжээ. Тухайлбал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралддаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр хуулиар зохицуулагдсан ба шүүх түүний гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн шүүх ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан ба хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг үүргээ биелүүлээгүй гэсэн дүгнэлт хийж улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө гэж заасан журмыг зөрчсөн байна.

Дээрх зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлд хамаарч байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшингийн гаргасан ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж хариуцагчийн эрхийг хангаж өгнө үү... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2018/00326 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

 

Б.ОЮУНЦЭЦЭГ