| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 105/2018/0824/Э |
| Дугаар | 409 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 409
2020 4 02 2020/ДШМ/409
Н.Г, Г.А нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Багшбаяр,
хохирогч Ц.Ц, түүний өмгөөлөгч Ч.Энхээ,
шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Б.Баднайсүрэн,
шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Г, Г.А нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Н.Г, Г.А нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Н.Г нь 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ... тоотод иргэн Ж.Ганбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
мөн шүүгдэгч Г.Атэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр иргэн Ц.Цийн ... тоот 125м2 талбай бүхий 3 өрөө орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрсэн,
мөн шүүгдэгч Г.Атэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хохирогч Ц.Цийн ... тоот 125 талбай бүхий 3 өрөө орон сууцыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан,
шүүгдэгч Г.А нь шүүгдэгч Н.Гтай бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр ... тоотод оршин суух иргэн Ц.Цийн орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрсэн,
мөн шүүгдэгч Н.Гтай бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хохирогч Ц.Цийн ... тоот 125м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 13.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Н.Г, Г.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, шүүгдэгч О овогт Н Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О овогт Гын Аийг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Гд холбогдох “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох”, шүүгдэгч Г.Аэд холбогдох “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийн учир шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг DVD, 1 ширхэг шүдний рентген зургийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Ганбаатарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Гас хохирол нэхэмжлэх эрхтэй гэдгийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Г, Г.А нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Г.А би тухайн өдөр өөрийн гэр бүлийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 47-6 тоотын 125мкв орон сууцандаа нэвтрэн орсон бөгөөд өнөөдөр ч тухайн байрандаа гэр бүлээрээ амьдарч байгаа. Шүүхээс намайг тус байрандаа цонхоор нэвтэрч орсон гэх анх миний өгсөн мэдүүлгээр гэм буруутайд тооцсон. Тухайн үед миний аав болох Н.Г нь бидний байрыг алдсан гэх байр худалдан авах гэрээг байгуулах өдөр “аав нь согтуу байна, аавтайгаа хамт явчих” гэхэд нь татгалзсанаас болж “тухайн өдөр чи аавтайгаа явсан бол зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан уу, байр худалдах, худалдан авах гэрээн дээр гарын үсэг зурсан уу гэдгийг ядахдаа мэдээд, бид гэр бүлээрээ ийм байдалд орохгүй байсан” гэж байнга буруутгадгаас болсон. Байранд нэвтэрч орсон тухайн өдөр би эх болон бусад хамаатны дүү, ах нарынхаа хамт аавыг хаалга онгойлгож өгсний дараа хаалгаар орсон боловч “аавдаа сайн ханддаг хүн болж харагдах зорилгоор аавтайгаа хамт цонхоор орсон” гэж мэдүүлсэн. Ийнхүү мэдүүлсэн маань намайг буруутгах үндэслэл болж буйг мэдээд миний бие дахин мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр өгсөн. Эцэг, эх хоёрыг хөдөөгөөс ирээд “байрандаа оръё” гэхэд цоожны голыг сольсноос би гэртээ орж чадахгүй болсон. Миний сүүлд өгсөн мэдүүлгийг ч хэргийн 2 хохирогч болон эх, бусад хөндлөнгийн баримтуудаар тогтоогддог. Үүнд: Ж.Ганбаатар, Н.Г, Н.Уранчимэг, Ц нарын мэдүүлэг, хөндлөнгийн бусад гэрч нарын мэдүүлгээр Г.А би цонхоор биш хаалгаар орсон болох нь нотлогдоно. Ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4-т заасан “Шүүх, прокурор, мөрдөгч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруутай болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно” гэх хуулийн зарчмыг зөрчсөн. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэх гэмт хэргийг ойлгохдоо тухайн байрыг бусдын өмчлөлийн орон байр гэдгийг мэдсээр байж, санаатайгаар нэвтэрч орсон үйлдэл байх ёстой гэж үзэж байгаа бөгөөд Г.А, Н.Г бид хоёр тухайн өдөр өөрсдийн эд хогшил байгаа, өмчлөлийн байрандаа орж, бусдын хууль бус эзэмшлээс байраа чөлөөлж байна гэж бодож байсан. Ийнхүү цагдаа, шүүх болсны дараа Цид миний байр шилжсэн гэх гэрчилгээг нүдээрээ харж, тэр даруйдаа иргэний шүүхэд “тухайн байрныхаа хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” нэхэмжлэл гаргасан. Тухайн өдөр гомдол, мэдээллийн дагуу ирсэн цагдаа хүртэл мөнгө зээлсэн гэх утгатай маргаан өрнүүлж байсан гэж мэдүүлдэг бөгөөд байраа зарсан гэх Ц нь байрны төлбөрөө Ганбаяр гэдэг хүний дансаар “Зээл” гэсэн утгаар шилжүүлж байсан зэргээс тодорхой харагдана. Би хохирогч нараас мөнгө зээлсэн болохоос байраа зараагүй. Тухайн үед өөрийн байрандаа орж байна гэж бодож байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон” хэсгийг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү ...” гэжээ.
Шүүгдэгч Н.Г тус шүүх хуралдаанд нэмж хэлэх тайлбаргүй гэв.
Шүүгдэгч Г.А тус шүүх хуралдаанд нэмж хэлэх тайлбаргүй гэв.
Шүүгдэгч Н.Гын өмгөөлөгч Б.Баднайсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн өдөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч буюу хохирогч Цийн хүргэн Ганбаатар тус байранд байсан. Гэтэл оршин суугч гэдэг нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлд тухайн суурин газарт байнгын хаягийн бүртгэлтэй иргэнийг хот, тосгоны оршин суугч гэнэ гэж заасан байдаг. Тэгэхээр Ганбаатар нь оршин суугч байх боломжгүй юм. Тухайн байранд Г, А нарын эд хөрөнгө буюу хувцас, эд зүйл байсан. Хохирогч Ц мөн адил анхан шатны шүүх хуралдаанд тэдний эд хөрөнгө байгаа, буцаж ирж авна гэдгийг мэдэж байсан. Ганбаатар гэдэг хүн оршин суугч биш, Ц нь Г, А нарыг тус байранд ирж эд хогшлыг авна гэдгийг мэдэж байсан ч санаатайгаар оруулахгүй байх нөхцөл байдлыг анхаарч үзэх хэрэгтэй. Мөн А, Г, Ц, Ганбаатар нарын хооронд үүссэн харилцаа эрүүгийн эрх зүйн харилцаа эсэх дээр маргаж байна. Учир нь, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч нь Гыг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд өмчлөх эрхийг хэрэгжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг нэг ч удаа гаргаж байгаагүй. Гын шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт нь гэрчилгээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар буюу гэрчилгээтэй холбоотой нөхцөл байдлыг бодитоор нь дүгнээгүй. Худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Учир нь, 90 сая төгрөгийн зээл гэдгээр шилжиж орж ирсэн. Өмчлөл нь Цид шилжсэн байна гэдгийг огт мэдээгүй байсан үйл баримт юм. Г болон А нарын хүрээнд үүссэн нөхцөл байдал нь иргэний эрх зүйгээр зохицуулагдаж болох харилцаа юм. Яагаад гэвэл, дураараа авирлан үйлдэл хийсэн нь буруу ч гэсэн Иргэний шүүхээр бусдын хууль бус өмчлөлөөс тус байрыг албадан чөлөөлүүлэхээр зохицуулагдах боломжтой. Гэтэл Г, А нарын эрх зүйн байдлыг дордуулж бусдын орон байранд нэвтэрсэн гэж зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Г.Аийн өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Хохирогч Ц.Ц тус шүүх хуралдаанд нэмж хэлэх тайлбаргүй гэв.
Хохирогчийн Ц.Цийн өмгөөлөгч Ч.Энхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ гэмт хэрэг нь дээрмийн гэмт хэрэг юм. Г, А нар нь бусдын орон байранд зөвшөөрөлгүй орж, хэрүүл маргаан хийж, гараад явсан хүмүүс биш юм. Одоо болтол тус байрыг булаан авч амьдарч байгаа. Олуулаа, хүч хэрэглэж нэвтэрч орсон. Гэтэл цонхоор орсон нь хууль бусаар нэвтэрсэн, хаалгаар орсон нь оршин суугчийн зөвшөөрөлтэйгөөр орсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Г.А ажилд орох гэтэл “та ял шийтгэлтэй юм байна” гээд оруулаагүй юм. Тэгвэл ял шийтгэлгүй болгочихъё гэж давж заалдах гомдол гаргаж оролцож байгаа юм. Энэ шүүх хурал бол Г.А гэдэг хүнийг ажилд ороход саад болж байгаа зүйлийг арилгах зорилгоор хийж байгаа шүүх хуралдаан юм. Шүүхийг үл хүндэтгэж байна гэж үзэж байна. ...” гэв.
Прокурор О.Багшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэг болсон гэх цаг хугацааны дараа Г.Аийг гэрчээр байцаасан. Мөн Уранчимэг, Дүгэрсүрэн зэрэг тухайн үед байсан гэх бүх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан. Г.А нь “Аав хаалга нүдэж байгаад тайлахгүй болохоор нь цонхоор явж орсон. Ээж намайг “цаадах чинь яаж ч магадгүй, араас нь цонхоор нь ор” гэж хэлсэн. Тэгээд би цонхоор орсон гэж мэдүүлсэн. Мөн хохирогч Ганбаатар тухайн үед “хоёр хүн орж ирээд намайг зодсон” гэж мэдүүлсэн. Гэтэл Г.Аийн мэдүүлэг анхан шатны шүүх хуралдаан дээр “би цонхоор ороогүй, би гэмт хэрэг үйлдээгүй” гэж удаа дараагийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өөрчилж мэдүүлсэн. Өмгөөлөгч Баднайсүрэнгийн тайлбарт хариу тайлбар хэлэхэд, хохирогч Цийн зөвшөөрлөөр Ганбаатар тус байранд оршин сууж байсан. Мөн бусдын орон байранд нэвтрэн орох гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх юм. Орон сууцанд халдаж буй үйлдэл, мөн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр, түүнийг эзгүйд нэвтрэн орж байгаа үйлдэл юм. Ц нь заавал тус байранд оршин сууж байгаагаас шалтгаалж оршин суугчийн зөвшөөрөлтэй үгүй гэх асуудал яригдахгүй юм. Мөн цонхоор орсон, тус байранд Ганбаатарыг зодсон үйлдлүүд нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч нар нь гэм буруугийн хувьд маргаж байгаа учраас гэм буруугийн асуудлыг зөвхөн шүүх шийднэ гэсэн үндэслэлээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Гыг 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 47 дугаар байрны 6 тоотод иргэн Ж.Ганбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн Г.Атэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 47 дугаар байрны 6 тоотод оршин суух иргэн Ц.Цийн орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн, мөн Г.Атэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 47 дугаар байрны 6 тоот 125м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Г.Аийг Н.Гтай бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 47 дугаар байрны 6 тоотод оршин суух иргэн Ц.Цийн орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн, мөн Н.Гтай бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 47 дугаар байрны 6 тоот 125м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Г, Г.А нарын холбогдсон хэргийг хянан хэлэлцэж тэдний бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэх үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болон бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэх үйлдэлд гэм буруутайд тооцох болсон үндэслэл, хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар бүрэн гүйцэт дүгнэж тодорхойлоогүй байна.
Тухайлбал, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг ямар нотлох баримтаар тогтоосон хэргийн үйл баримт, гэмт хэрэгт оролцсон шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэлгүйгээр “...шүүгдэгч Н.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Н.Г, Г.А нар нь бүлэглэн бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн...” гэж дүгнэснээс өөрөөр хэргийн бодит байдлын талаар ямар нэгэн үндэслэлтэй хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.
Монгол Улсын Их хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан нь 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэсэн өөрчлөлтийг оруулсан бөгөөд дагаж мөрдөх журмын тухай хуулиар энэхүү хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан ... шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх, мөн шүүгдэгчийн эрх зүйн байдалтай холбоотой хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй байхаар хуульчилсан.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг ашигтай байдлаар хэрэглэх боломжгүй болсон ба давж заалдах гомдол гаргаснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Г, Г.А нарт холбогдох хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг ашигтайгаар хэрэглэх үндэслэлгүй болсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул шүүгдэгч Н.Г, Г.А нарын хамтран гаргасан “...бусдын орон байранд нэвтрэн орсон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд тодорхой хууль зүйн дүгнэлт хийгээгүйг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Г, Г.А нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Н.Г, Г.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ц. ОЧ