| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 185/2019/0929/Э |
| Дугаар | 411 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 21.1.2., 21.4.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 411
2020 4 02 2020/ДШМ/411
Х.Т, Ж.О, М.З нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Энх-Амгалан,
шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Д.Батсүх,
шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл,
шүүгдэгч М.З, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч М.Зын өмгөөлөгч Ж.Болдбаатар, шүүгдэгч Ж.Огийн өмгөөлөгч А.Зүмбэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Х.Т, Ж.О, М.З нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын Биологийн ахлах шинжээч Ж.О нь ... ажилтай Х.Ттэй бүлэглэн иргэн Ч.Нгаас гаргасан 10596 тоот гомдлын мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ч.Нгийн үтрээний арчдас, наалдац дээр болон түүний дотоож, ор хөнжлийн дэвсгэр даавуунд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй гэсэн зориуд худал 5940, 6005/6006 тоот дүгнэлтүүдийг гаргасан,
... ажилтай Х.Т нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын Биологийн ахлах шинжээч Ж.Отай бүлэглэн иргэн Ч.Нгаас гаргасан 10596 тоот гомдлын мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ч.Нгийн үтрээний арчдас, наалдац дээр болон түүний дотоож, ор хөнжлийн дэвсгэр даавуунд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй гэсэн зориуд худал 5940, 6005/6006 тоот дүгнэлтүүдийг гаргасан,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн газрын шинжээч эмч буюу хууль сахиулагч М.З нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн байранд иргэн Ч.Нгийн үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илэрсэн талаарх 5940 дугаартай хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий шинжээчийн дүгнэлтийг гарын үсэг зурж хүлээн авсан боловч зориуд устгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ж.О, Х.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Ог 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.Түвшин-Эрдэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Зыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Ж.Ог шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Түвшин-Эрдэнийг шинжээчээр зориуд худал дүгнэлт гаргуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Зыг албан тушаалын байдлаа ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ог хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Зыг мөн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О, М.З нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар сольж болохыг анхааруулж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1. Тусгай шинжилгээний бүртгэл №5383, Норовнямын дэвтэр №2, 100 хуудас, 2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Биологийн шинжилгээний журнал 2017 оны 5 дугаар сарын 22 хүртэл, дугаар №22, Баттогтохын дэвтэр №1, 100 хуудас, 3. Хими, биологийн шинжилгээний хариу хүлээлгэн өгсөн бүртгэл 2017 он, Солонгын дэвтэр, 100 хуудас, 4. Криминалистик, хими, биологи, ДНХ, бактерлоги, физик эдийн засгийн шинжилгээний бүртгэл, Даваасүрэнгийн дэвтэр №1, 48 хуудас, 5. Норовнямын дэвтэр №1, 99 хуудас, 6. Задлан шинжилгээний бүртгэл №1, Солонгын дэвтэр №2, 100 хуудас гэх хаягтай 6 ширхэг бүртгэлийн дэвтрүүдийг хэргийн хугацаа дуустал хавтас хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь одоогоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ч.Н нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч нараас жичдээ нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Т гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 6 дугаар сарын 19-ний өглөө манай байгууллагын шинжээчдийн нэгдсэн рапорт болсон. Уг хурал дээр шинжээчдийн ажлын ачаалал, хугацаа хоцорсон шинжилгээний тухай мэдээ танилцуулахад шинжээч О.Даваасүрэн дээр 40 орчим шинжилгээ томилогдсоноос 20 орчим шинжилгээний хугацаа хэтэрсэн талаар мэдээлсэн. Тухайн өдрийн 11 цагийн үед дэд дарга Ц.Гантулга намайг дуудан шинжээч О.Даваасүрэн дээр байгаа шинжилгээний асуудлуудыг даруйхан шийдвэрлэх хэрэгтэй байна, энэ хүн чинь яагаад ажлаа хийдэггүй юм бэ? Би саяхан залгасан утсаа ерөөсөө авахгүй байна. Цагдаагийн байгууллагаас 5940, 6005/6 шинжилгээнүүдийг яаралтай гаргаж өгөөч гээд байна. Болохгүй бол ахлах шинжээчийг нь дуудаж хийлгэ гэсэн үүрэг өгсөн. Ингээд би шинжээч Даваасүрэн рүү залгасан боловч утсаа аваагүй тул ахлах шинжээч Ж.Оюун руу ярихад лагер дээрээ байна гэсэн. Дээрх нөхцөл байдлыг дэд дарга Ц.Гантулгад илтгэхэд ахлах шинжээч Ж.Ог дуудаж ир гэсэн үүрэг өгсөн. Ингээд О шинжээчийг Ц.Гантулга даргын машинаар авч ирсэн. Өдөр 14 цагийн үед дэд дарга Ц.Гантулга өрөөндөө ахлах шинжээч Ж.О, Татьяана нартай уулзсан. Дээрх хүмүүст цагдаагаас яаралтай гэсэн 5940, 6005/6, О.Даваасүрэнгийн хугацаа хоцорсон шинжилгээнүүдийг яаралтай хийхээр Ц.Гантулга дарга үүрэг өгсөн байна. Дээрх шинжилгээнүүд өдөртөө хийгдээд гарсан. Би 2017 оны 6 дугаар сарын 23-ны баасан гарагийн 6 цагийн үед Биологийн лабораториор орж ажлын явц, шинжилгээний ачаалал, шинжээч О.Даваасүрэнгийн үлдсэн шинжилгээнүүдийг дуусаж байгаа талаар лаборант С.Баттогтохтой ярилцсан. Ж.О, Татьяана шинжээчдийн шинжээчийн бүртгэл хийгдсэн эсэхийг тодруулахад хийгээгүй гэсэн. Татьяана шинжилгээ энд бүртгэгдээгүй гэсэн. О шинжээчийн шинжилгээ яагаад бүртгэгдээгүй вэ гэхэд нилээн уурлаад журнал дээрээ бүртгэл хийхгүй болохоор би Биологийн бүртгэлийн журнал, хийгдсэн шинжилгээний дээжийг авчруулж үзсэн. Уг дээж дээр О.Даваасүрэн гэж бичээд балаар дараад “Од шилжүүлэв” гэсэн бичилт хийгдсэн байхаар нь энэ хэлбэрээр чи ядахдаа бүртгэлдээ оруулаач энд ер нь уурлаад байх юм байхгүй шүү дээ гэсэн. Ингээд шинжээч Огийн шинжилгээг тухай өдөр хийгдсэн он сар өдрөөр бүртгэлд оруулаад гарсан. 2017 оны 7 дугаар сарын 03-наас хойш биологийн лабораторийн журнал дээрх хэсэг, О.Даваасүрэнгийн шинжилгээний журналын хэсэг, Энхтайван энгийн илгээх бичиг, шинжилгээний дээжийн зураг болон бусад мэдээллүүд нь сошиал дээр гарсан. Ингээд Авлигатай тэмцэх газраас манай шинжээч нарыг дуудаж, байцааж эхэлсэн. Намайг ажил үүргийн дагуу тавьсан шаардлагыг буруугаар тайлбарлаж гэмт хэрэгт холбогдуулж байгаад гомдолтой байна. Энэ гэмт хэргийн хувьд намайг дараах 2 үйлдлээр буруутгаж байна. 1. Шинжээч Ж.Ог гэрээс нь очиж авчирсан үйлдэл нь дээд шатны даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд гүйцэтгэсэн. 2. С.Баттогтох лаборантын бүртгэлийн дэвтэрт нэмэлт оруулах шаардлага тавьсан нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу тавьсан шаардлагыг мушгин гуйвуулж гэмт хэрэгт холбогдуулж байгаад гомдолтой байна. Шүүхийн шийтгэх тогтоолоос харахад “...2017 оны 6 дугаар сарын 15-ны өглөө би Х.Т даргаар 5940 шинжилгээг хаалгасан...” гэж шинжээч О.Даваасүрэн мэдүүлдэг, “дарга миний хажууд зогсож байгаад шинжээч Ж.Оюуны шинжилгээг бүртгэлд нэмж оруулсан” гэж лаборант С.Баттогтох мэдүүлдэг, тухайн үед намайг үзлэг хийж байхад Х.Т дарга орж ирээд С.Баттогтохыг нэг зүйлийг арилга гэж хэлээд тэдний хооронд маргаан үүсч байсан гэх Гантулгын мэдүүлэг зэрэг нь намайг гэм буруутайд тооцох гол нотлох баримт гэж үзжээ. Энэ хэргийн хувьд надад болон манай шинжээч нарт ашигтай нотлох баримтыг бүрэн аваагүй, ажиллагааг дутуу хийсэн, мөрдөн байцаах шатанд гаргасан хүсэлтүүдийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж байсан зэргээс шалтгаалан хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй нөхцөл байдалд оруулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.Түвшин-Эрдэнийн өмгөөлөгч Д.Батсүх гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлын хүрээнд Х.Түвшин-Эрдэнийг дээрх үйлдлүүдэд буруутгахын тулд Х.Т нь худал дүгнэлт гаргуулахын тулд “хүч хэрэглэх, эд хөрөнгийг нь устгахаар заналхийлэх, шан харамж” өгөх зэрэг үйлдэл хийсэн болохыг, Ж.О нь Х.Түвшин-Эрдэнийн дээр дурдсан ямар үйлдлийн улмаас хуурамч дүгнэлт гаргасан болохыг тус тус тогтоосон байх шаардлагатай. Анхан шатны шүүх Х.Түвшин-Эрдэнийг “ахлах шинжээч Ж.О болон бусад хүмүүст үүрэг чиглэл өгч, шахаж шаардах”, “биологийн шинжээч О.Даваасүрэнгийн гаргасан 5940 тоот шинжээчийн дүгнэлтийг устгах” замаар Ж.Огаар зориуд худал дүгнэлт гаргуулсан гэж буруутгасан нь дээр дурдсан нотлогдвол зохих байдлын алинд ч хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлоход ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлуудыг бүрэн тогтоолгүйгээр миний үйлчлүүлэгчийг тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Шүүх Х.Түвшин-Эрдэнийн гэм буруу нь гэрч О.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч С.Баттогтох, Б.Гантулга, Ц.Мөнхбат, Р.Баярмаа, Н.Норовням нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Г.Татьяанагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр нотлогдсон гэж үзжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх гэрч нарын мэдүүлэгт “Х.Т нь ахлах шинжээч Ж.О болон бусад хүмүүст худал дүгнэлт гаргуулахаар үүрэг чиглэл өгч, шахаж шаардсан”, “биологийн шинжээч О.Даваасүрэнгийн гаргасан 5940 тоот шинжээчийн дүгнэлтийг устгасан” гэх нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Өөрөөр хэлбэл, тэдгээр бүх гэрчийн мэдүүлгээр дээрх үйл баримтыг нотлоогүй байхад шүүх тухайн мэдүүлгүүдийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь нотлох баримтыг бүрэн гүйцэд, бодитойгоор хянаж үзсэний үндсэн дээр үнэлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан гэрч нараас гэрч О.Даваасүрэн, С.Баттогтох, Б.Гантуяа нараас бусад гэрчүүдийн мэдүүлэгт Х.Түвшин-Эрдэнийн эсрэг агуулга бүхий мэдүүлэг огт байхгүй. Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Даваасүрэн нь нийт 6 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд тэрээр мэдүүлэгтээ Х.Ттэй холбоотой хэд хэдэн асуудлыг хөндсөн байдаг боловч тэдгээр мэдүүлгүүд нь эх сурвалжаар баталгаажигдаагүй, зарим мэдүүлэг нь бусад гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдсэн байгаад шүүх бодитой дүгнэлт хийж чадаагүй. Тэдгээр гэрчүүдийн мэдүүлэгт Х.Түвшин-Эрдэнийг буруутгасан “ахлах шинжээч Ж.О болон бусад хүмүүст худал дүгнэлт гаргуулахаар үүрэг чиглэл өгч, шахаж шаардсан”, “биологийн шинжээч О.Даваасүрэнгийн гаргасан 5940 тоот шинжээчийн дүгнэлтийг устгасан” гэх үйлдлийг нотолсон гэж анхан шатны шүүх үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсгийг зөрчсөн.
Х.Т дээд шатны удирдлага болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал Ц.Гантулгын өгсөн үүргийг биелүүлж, Ж.Ог гэрээс нь авч ирсэн үйлдлийг “шинжээчээр хуурамч дүгнэлт гаргуулсан” гэж үзэх үндэслэл болохгүй юм. Улсын яллагч шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд Х.Түвшин-Эрдэнийн шаардлагаар “Ж.Огийн хийсэн шинжилгээний хариуг нэмж бүртгэсэн” гэх дэвтэртэй холбоотой асуудлаар Х.Түвшин-Эрдэнийг “...шүүгдэгч Х Т С.Баттогтохын хувийн ажлаа эмх цэгцтэй байлгах зориулалттай дэвтэр дээрх тэмдэглэгээг яагаад заавал штрикд, нөхөж бич гэж үүрэг болгоод байна вэ? гэдэг нь үйлдлээрээ нотлогдож байгаа юм. ...Бүртгэлийн дэвтэр нь Тд хамааралгүй юм. Тэр нь албаных биш. ...Гэтэл түүн дээр яагаад анхаарал хандуулаад арилгуулаад байгаа юм...” гэх зэргээр буруутгадаг. Уг бүртгэлийн дэвтэр нь С.Баттогтохын хувийн асуудлаа тэмдэглэдэг дэвтэр биш харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын “биологийн лаборант гэх албан тушаал”-ын чиг үүргийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хөтөлж байгаа бүртгэл юм. Түүнчлэн С.Баттогтохын хөтөлдөг бүртгэлийн дэвтэрт өөрчлөлт оруулсан асуудал шинжээчийн дүгнэлттэй холбоогүй, нэгэнт гарчихсан байсан шинжээчийн дүгнэлтийг бүртгэхтэй холбоотой асуудал байхад түүнийг “шинжээчээр хуурамч дүгнэлт гаргуулсан” гэх үйлдэлд хамааруулан үзсэн нь үндэслэлгүй юм.
Х.Түвшин-Эрдэнийг буруутгаж буй 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлд заасан “шинжээчээр хуурамч дүгнэлт гаргуулах” гэмт хэргийн шинжийг тодорхойлоход “шинжээч хуурамч дүгнэлт гаргасан гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон байх шаардлагатай. Энэхүү хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн гарсан байдал” буюу “Ж.О хуурамч дүгнэлт гаргасан” гэх гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг “бүрэн, эргэлзээгүйгээр” тогтоож чадаагүй. Тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт “...шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор,... тогтоол, ... гаргах бөгөөд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамжид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7.2-т заасан зүйлийг тусгасан байна...” гэж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад “..Шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг хэлнэ...” гэж тус тус заасан. Ж.О шинжилгээ хийх болсон үндэслэл нь шинжээч М.Энхтайваны илгээх бичиг бөгөөд Ж.Ог дээр дурдсан хуульд заасан журмын дагуу шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн томилсон тогтоол хэрэгт байхгүй тул түүний гаргасан 5940 дугаартай шинжилгээний хариуг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан шинжээчдийн дүгнэлт гэж үзэхгүй, түүнийг хуульд заасан журмын дагуу томилогдсон шинжээч гэж үзэх үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан “шинжээч” гэдэгт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан журмын дагуу томилогдсон этгээд ойлгох тул 5940 дугаартай шинжилгээний хувьд Ж.Ог хуульд заасан журмын дагуу томилогдсон шинжээч гэж үзэхгүй учир тэрээр Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект болж чадахгүй. Эрүүгийн 1709 0057 70127 дугаартай хэрэгт шинжээч Ж.Огийн хийсэн 5940 дугаартай шинжилгээ үндэслэлтэй эсэхийг тогтоолгох асуудлаар дүгнэлт гаргах ажиллагаа огт хийгдээгүй атал анхан шатны шүүх өөр хэрэг буюу “Д.Гантулга нь Ч.Нг хүчиндсэн” гэх Эрүүгийн 1706 0126 90026 дугаартай хэрэгт хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцээгүй гэж үзэх үндэслэлүүд байна. Шинжээч Б.Тэнүүн, шинжээч Ж.Огийн “5940 шинжилгээний хариу” үндэслэлтэй эсэх асуудлаар бус харин хохирогч Ч.Нгийн үтрээнээс авсан “арчдас”-т “ДНХ-ийн шинжилгээ” хийдэг стандарт, аргачлалын дагуу шинжилгээ хийснийг Ж.О хуурамч дүгнэлт хийсэн гэдгийг нотолсон баримт гэж үзэх үндэслэлгүй юм. Шинжээч Б.Тэнүүний “9102 дугаартай шинжээчийн дүгнэлт”-ээр “5940 дугаартай шинжилгээ”-ний дээж болох хохирогч Ч.Нгийн үтрээнээс авсан “наалдац”-т ДНХ-ийн шинжилгээ хийх боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд энэ дүгнэлтээр Ж.Огийн “5940 дугаартай шинжилгээ”-ний дээжийн нэг болох “наалдац”-т хийсэн дүгнэлтийг үгүйсгэсэн дүгнэлт огт гараагүй байна. Анхан шатны шүүх Ж.Огийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 6005/6006 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэх асуудлыг тодорхойлохдоо “хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлах”, ”шинэ нотлох баримт цуглуулах”,”нотлох баримтын эх сурвалжийг магадлах” тухай хуульд заасан журмыг баримтлаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шинжээч Ж.Огийн 6005/6006 дугаартай шинжээчийн дүгнэлтийн объект болох “хэргийн газраас хураан авсан” гэх “дотоож”,”хөнжил, дэвсгэрийн даавуу”-г түүнийг шинжилгээ хийхээс өмнө “...Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Ж.Батдэлгэр авч яваад, цаг гаруйн дараа авч ирсэн, дахин буцаан авч ирэх үед тэдгээр объект норсон байсан” гэх үйл баримтын талаар “...шүүгдэгч нарын талаас шинжилгээний объектыг ялангуяа Ч.Нгаас хураан авсан хөнжлийн болон дэвсгэр даавууг мөрдөгч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гадагш гарган авч явж угааж авчирсан ... гэх зэргээр маргадаг боловч энэ нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдохгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй...” гэсэн дүгнэлт хийсэн боловч энэ нь хэрэгт байгаа яг ямар нотлох баримт хэн гэж гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгааг тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2-т заасантай нийцээгүй байна. Хэдийгээр дээр дурдсан гэрчийн мэдүүлэг нь зөвхөн цаг хугацааны хувьд нэг өдрөөр зөрдөг боловч үйл баримтын талаар олон гэрч хоорондоо ямар нэгэн зөрүүгүйгээр мэдүүлж байгаа, тэдний мэдүүлгийн эх сурвалжийг дахин нягталж, шалгах ажиллагааг явуулсны үндсэн дээр энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байгаа. Хэрвээ Ж.Огийн шинжилгээ хийсэн “дэвсгэр болон хөнжлийн даавуу”-г угаасан бол шинжилгээ хийх үед тухайн объектууд дээр биологийн гаралтай ул мөр илрэх боломжгүй бөгөөд түүнийг хуурамч дүгнэлт гаргасан гэж буруутгах үндэслэлгүй болно. Шинжээч Ж.Огийн шинжилгээнээс өөр объект дээр дүгнэлт гаргасан шинжээч Ш.Пүрэвдуламын гаргасан 3765 дугаартай дүгнэлтээр түүний хийсэн объект дээр Д.Гантулгын эр бэлгийн эс илэрсэн болох нь тогтоогдсон тул Ж.Ог хуурамч дүгнэлт гаргасан гэж буруутгах үндэслэлгүй болох юм. Прокурор Н.Амарсанаа 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолд дурдсан хохирогч Ч.Нгаас 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хураан авсан гэх эд зүйлийн хэмжээ нь тухайн тогтоол өөрөөр бичигдсэн, шинжээч Ж.Баттулгын дүгнэлтэд прокурорын тогтоолд зааснаас өөр хэмжээ тавьсан байгаа нь эргэлзээтэй байсан тул эдгээрийг шалгуулж тогтоолгох хүсэлтийг шүүх хүлээн авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Энэхүү хэргийн мөрдөн байцаах ажиллагааны явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн талаар миний бие шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тодорхой үндэслэлүүдээр гомдол, хүсэлт гаргасныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т заасныг үндэслэн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн боловч тэдгээр гомдол хүсэлтийг огт шийдвэрлээгүй. Анхан шатны шүүхийн шүүгч яллах, өмгөөлөх талаас шүүх хуралдаанд ямар байр суурьтай оролцох, шинжлэн судлуулах нотлох баримтууд, хэрэг хэлэлцэх дарааллыг тогтоолгүйгээр хурлыг эхлүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн. Шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.11 дүгээр зүйлийн 1, 35.21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон бүх гэрч, шинжээч нарт “шүүгдэгч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тодруулж, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэйг тайлбарлах ажиллагаа огт явуулаагүйгээс шалтгаалан зарим гэрч, шинжээч мэдүүлэг өгөх явцдаа өмгөөлөгч нартай мэтгэлцэх, асуусан асуултад хариулт өгөхгүй байх зэрэг хүндрэлүүд гарч байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгахаар заасан. Энэхүү гомдолд заасан ажиллагааг огт явуулаагүй, тухайн асуудлаар хэн нэгэн оролцогч тайлбар үг хэлээгүй байхад тухайн ажиллагааг явуулсан мэтээр шүүх хуралдааны бичлэгт байхгүй асуудлуудыг тэмдэглэлд тусгасан нь дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.Зын өмгөөлөгч Ж.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд М.Зын гэм буруутай үйлдэл холбогдол тогтоогдсон талаар дүгнэлт хийхдээ нэгхэн өгүүлбэрээр тодорхойлсон байгаа нь учир дутагдалтай байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр өөр нөхцөл байдал тогтоогддог. Өөрөөр хэлбэл, М.З эмчид яг хүлээлгэж өгсөн эсэхээ нарийн тодорхой санахгүй байгаа бөгөөд угаасаа шүүх эмнэлэгт тогтсон буруу жишиг буюу өрөөнд хэн байгаа эмчээр нь гарын үсэг зуруулаад хариу болон дүгнэлтийг ширээн дээр тавиад явдаг тохиолдол бараг хэвшил болчихсон байсан талаар шинжээч нар мэдүүлдэг. Мөн тухайн өдөр М.З нь тухайн 5940 тоот шинжээчийн дүгнэлт гэх бичгийг устгах болон устгаж мөрдөн байцаалтад саад учруулах ямар субьектив санаа зорилго байсан бэ гэдгийг тогтоох нь чухал. Гэтэл хавтас хэрэгт авагдсан баримтуудаар энэ талаар шалгаж тогтоосон зүйл огт байхгүй. М.Зын хувьд ямар нэг шан харамж авсан уу, эсвэл ямар нэг байдлаар энэхүү дүгнэлтийг устгаж алга болгох талаар бусадтай тохиролцсон уу, хэн нэгэн даргаас үүрэг даалгавар авсан зүйл байгаа эсэхийг тодруулсан зүйл огт байхгүй. Шууд З л гарын үсэг зурсан учраас устгасан гэдэг хэлбэрийн төдий нотлох баримтаар хүнийг гэм буруутайд тооцож байгаад гомдолтой байна. Дээрх нөхцөл байдлуудаас харахад үнэхээр М.З шинжээч эмч дээрх 5940 тоот шинжээчийн дүгнэлт гэх бичгийг үнэхээр устгаад алга болгосон гэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрөхөөс гадна нотлох баримтаар тогтоогдоогүй гэж харагдахаар байна. Шүүх М.Зыг тухайн 5940 тоот шинжээчийн дүгнэлтийг устгаж алга болгон, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэж 2 гэмт хэрэг үйлдсэн мэт утгатай дүгнэлт хийсэн атлаа зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2-т зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэж зүйлчилсэн байна. Нотлох баримт устгаж алга болгосон нь шинэ хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бас байгаа гэж дүгнээд байгаагаа тэгээд хэрхэн зүйлчлэх ёстой вэ гэдэг талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байгаа нь ойлгомжгүй байна. Тиймээс М.Зд холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.Огийн өмгөөлөгч А.Зүмбэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс шүүгдэгчийн гэм буруугүй гэсэн үндэслэлийг няцаахдаа гэрч О.Даваасүрэн, С.Баттогтох, Б.Гантуяа, Ц.Мөнхбат, Р.Баярмаа, Н.Норовням, Г.Татьяана, шүүгдэгч Х.Т нарын мэдүүлгээр нотлогдож байна гэжээ. Гэтэл мөрдөгч, прокурор, шүүх зориуд буруу дүгнэлт гаргасан, бусадтай үгсэн тохиролцсон гэдгийг тогтоох ёстой. Дээрх гэрч нараас ганц О.Даваасүрэн л "Гантулга, Т дарга нар Огаар эр бэлгийн эс илрээгүй гэсэн дүгнэлт гаргуулсан” гэж мэдүүлсэн бөгөөд мэдүүлгийн эх сурвалжаа эхлээд Д.Гантуяа, дараа нь С.Баттогтох хэлсэн гэсэн. Гэтэл Д.Гантуяа мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт "би О.Даваасүрэнд тэгж хэлээгүй" гэдэг бол С.Баттогтох ч шүүхийн хэлэлцүүлэгт тэгж хэлээгүй гэжээ. Гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол тухайн мэдүүлэг нь нотлох баримт болохгүй ба эргэлзээ үүсвэл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ. Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон дээрх гэрчүүд нь Ж.О санаатай худал дүгнэлт гаргасан, бусадтай үгсэн тохиролцсон гэдгийг нотлоогүй, гэрчлээгүй байх тул түүнд үндэслэх боломжгүй байна. Мөн шүүхийн шинжилгээний объектыг шинжилгээний байгууллагаас гаргаж устгасан талаар нэр бүхий гэрчүүд тодорхой мэдүүлсээр байтал гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдохгүй байна гэсэн нь учир дутагдалтай болжээ. Гэрч Ч.Саранзаяа, Ц.Мөнхбат, Ц.Гантулга, Н.Норовням, О.Даваасүрэн, шүүгдэгч Ж.О нарын мэдүүлгүүдээр шинжилгээний объектуудыг норгосон, түүнд байх эд мөрийн баримтыг устгасан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Гэрч Н.Норовням хугацaaг 6 дугаар сарын 20-ны гэж тэмдэглэсэн нь дээрх гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Эд мөрийн баримт устгасан эсхүл өөр объектыг шинжээчид өгч дүгнэлт гаргуулаад гаргасан дүгнэлтийг нь буруу гаргасан гэж үзэх үндэслэл байхгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 2-2131 А/42 тушаалаар үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг баталжээ. Энэхүү бүтцээр криминалистикийн шинжилгээний газар, шүүх эмнэлгийн шинжилгээний газар, тусгай шинжилгээний газар, эдийн засгийн шинжилгээний хэлтэс, шинжилгээний бүртгэл, мэдээллийн хэлтэс зэрэг нь чиг үүрэг болон байршлын хувьд өөр байна. Иймд мөрдөгч өмнө дурдсан шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийг шинжилгээ хийх байгууллагаар томилсон нь тусгай шинжилгээний газрын биологийн ахлах шинжээчийг шинжээчээр томилсон гэсэн үг биш юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд мөрдөгчийн тогтоолд дурдсан байгууллагыг шинжээчээр томилох эрх үүрэг өөрийг нь томилоогүй байхад хэрэгжүүлэх эрх олгогдоогүй байна. 5940 дугаартай наалдац дээр ДНХ хийх боломжгүй байснаас гадна дахин дүгнэлт гараагүй байна. Харин арчдас нь лаборантын хэрхэн бэлдэж өгснөөс хамааран харилцан адилгүй байдаг бөгөөд шинжилгээ гаргасан арчдас дахин ашиглагдах боломжгүй устгагддаг байна. Иймд Ж.Огийн гаргасан шинжилгээг дахин шинжилгээнд оруулах боломжгүй байхаас гадна түүний бэлдэц дээр эр эс илэрч байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Мөн дээрх дүгнэлтийг няцаахдаа биологийн шинжилгээг ДНХ-ийн шинжилгээний дүгнэлтээр няцаасан нь үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрээс Ж.Од холбогдох үйл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ж.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг зориуд худал дүгнэлт гаргасан гэснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хоёр удаагийн дүгнэлт гаргасан. 5940 дугаартай дүгнэлт нь үтрээний арчдас, наалдцын дүгнэлт байгаа юм. Энхтайван шинжээч хоёр үтрээний наалдац, хоёр үтрээний арчдас, дөрвөн шинжилгээний объектын нэг үтрээний наалдцыг бактерлогийн шинжилгээнд нөгөө гурван объектыг биологийн лаборатори руу явуулсан. Би анх дуудагдаж ирээд шинжилгээ хийхдээ Даваасүрэн өмнө нь шинжилгээ хийсэн талаар огт мэдээгүй. Намайг ирэхэд Гантулга дарга өрөөндөө дуудаад “шинжилгээ хий” гэсэн болохоор би шинжилгээг хийж эхэлсэн. Үүнийг эсэргүүцэх эрх надад байхгүй. Миний шинжилгээнд ямар ч эр бэлгийн эс илрээгүй. Энэ нь их онцлогтой шинжилгээ. Татъяана эмч дээр өөр үтрээний наалдац, над дээр түүнээс өөр үтрээний наалдац ирсэн. Баттогтох лаборант надад шинжилгээ бэлдэж өгсөн. Дахин шинжилгээ хийлгэхэд хохирогч нарын гарт очсон гээд байгаа үтрээний арчдас дээр Пүрэвдулам ДНХ-ийн шинжилгээ хийсэн. Түүнд эр бэлгийн эс огт илрээгүй. Иймээс Баттогтох надад бэлдэж өгөхдөө аль арчдасаас надад бэлдэж өгснийг би үнэхээр мэдэхгүй. Хэн ч тогтоох боломжгүй болоод байна. 6005/6006 дугаартай шинжилгээгээр би бор шаргал өнгийн даавуу дээр шинжилгээ хийсэн. Давтан шинжилгээ болон ДНХ-ийн шинжилгээгээр ягаан өнгийн цэцгэн хээтэй ор хөнжлийн даавуу дээр Пүрэвдулам шинжилгээ хийсэн. Хохирогч нар мэдүүлэхдээ гэрээс нь гурван өнгийн ор, хөнжлийн даавуу хураан авсан талаар мэдүүлдэг. Би ойлгохдоо над дээр бор шаргал өнгийн ор, хөнжлийн даавуу ирсэн юм байна. Мөн ягаан, цэнхэр гэсэн 3 өнгийн ор, хөнжлийн даавуу хурааж авсан гэж ойлгож байна. Миний шинжилгээ хийсэн бор шаргал өнгийн даавуу дээр дахин шинжилгээ огт хийгдээгүй байгаа бөгөөд миний шинжилгээ няцаагдаагүй байгаа гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч М.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг биологийн дүгнэлтийг устгасан зүйл надад байхгүй. Манай байгууллагад тогтсон буруу жишгээс болоод тэр үед өрөөндөө ажлаа хийж сууж байгаад ял авсандаа гомдолтой байна. Би 6 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурсан. Энхтайван эмч 6 дугаар сарын 12-ны өдөр хохирогчийг үзээд дүгнэлтийг 6 дугаар сарын 16-ны өдөр гаргах ёстой байсан атал 6 дугаар сарын 19-ний өдөр хугацаа хэтрэн дүгнэлтийг гаргасан байдаг. Би тухайн өдөр ганц Энхтайван эмчийн шинжилгээг гарын үсэг зурж аваагүй, Эрдэнэболор эмчийнхийг хамтад нь гарын үсэг зураад авсан байсан. ...” гэв.
Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ж.О тухайн үед ээлжийн амралттай байсан. Ээлжийн амралттай байх цаг хугацаанд нь Х.Т гэрээс нь авч ирж, Даваасүрэнгийн хянасан шинжээчийн дүгнэлтээр тухайн өдөр зөвхөн хоёр дүгнэлт гаргаад явсан. 5940 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан нь бүртгэлийн дэвтрүүдээр, Даваасүрэн шинжээчийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, Даваасүрэн, Баттогтох, Солонгын мэдүүлгүүд, мөн 5940 дугаартай дүгнэлтийг З хүлээж авснаа мэдүүлсэн зэрэг баримтуудаар тогтоогдсон. Х.Түвшин-Эрдэнийн хувьд, ээлжийн амралттай байгаа хүнээр хохирогч Нтай холбоотой дүгнэлт гаргуулаад албан ёсны бус Баттогтохын ажлын эмх, цэгцтэй байх зорилгоор бичдэг бүртгэлийн дэвтэр дээр нь “нэмж бич” гэж бичүүлсэн үйлдэл бий. Энэ нь гэрч Баттогтохын мэдүүлэг, бүртгэлийн дэвтэр, бүртгэлийн дэвтэр дээрх шинжээч томилж дүгнэлт гаргасан зэрэг баримтуудаар тогтоогдсон. Энэ үйл баримтаар Х.Т, Ж.О нар нь худал дүгнэлт гаргасан тогтоогдож байна гэж үзсэн. Даваасүрэн, Баттогтох, Гантуяа нарын мэдүүлгээс бусад гэрчийн мэдүүлэг Х.Түвшин-Эрдэнийг буруутгасан мэдүүлгүүд байдаггүй. Энэ хэргийг гол мэдэж байгаа гэрчүүд нь Даваасүрэн, Баттогтох, Солонго, Гантуяа нар юм. Бусад гэрчүүд бол ам дамжсан яриагаар мэдүүлгүүд өгсөн байдаг. Даваасүрэн шинжээч “би Х.Т захирлаар баталгаажуулаад бүртгэлийн дэвтрээ Баттогтоход өгсөн” гэж мэдүүлсэн. Баттогтохын ажлын байрны тодорхойлолтод бүртгэлийн дэвтэр хөтөлнө гэсэн заалт байхгүй. Тухайн бүртгэлийн дэвтрийг байгууллагаас гаргаж өгөөгүй. Зөвхөн өөрөө ажлын эмх, цэгц болон олон шинжилгээний хариуг бичих зорилгоор хөтөлдөг дэвтэр. Үүнийгээ Баттогтох мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8.2-т зааснаар 5940 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан тус шинжээч гаргасан. Мөн ажлын байрны тодорхойлолтод зааснаар ахлах шинжээч заавал ажилладаг. Хуульд зааснаар шинжээчид шинжилгээ хийлгүүлэхээр хуваарилж өгнө гэсний дагуу объектыг авч шинжээчийн дүгнэлтийг гаргасан. 5940 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан эсэхэд шинжээчийн 4614, 10022 дугаартай дүгнэлтүүд гарсан. Эр бэлгийн эс илэрсэн гэдэг нь удаа дараа шинжээчийн дүгнэлтээр гарсан. ДНХ илрээгүй, тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт нь эр бэлгийн эс илрээгүй гэдгийг үгүйсгэж байгаа гэдэг ойлголт биш гэж үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар мөрдөгч эд мөрийн баримтыг авч явж угаасан үйл баримт тогтоогддоггүй. Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шинжээч томилох тогтоолын дагуу тус дүгнэлтийг гаргаж байна гэж Баттулга шинжээч тодорхой дурдсан. Мөрдөгч нь Гантулгад холбогдох эрүүгийн хэргээс үзлэг хийж, шаардлагатай нотлох баримтуудыг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан. Даваасүрэн шинжээчийн дүгнэлтээр тухайн бамбарт эр бэлгийн эс илэрсэн гэж гарсан. Татъяана шинжээч мөн шинжилгээ хийхэд эр бэлгийн эс илэрч байсан гэдэг мэдүүлгийг өгсөн. Тус эр бэлгийн эстэй бамбар нь зөвхөн Баттогтоход хадгалагддаг гэдгийг гэрчүүд мэдүүлсэн. Шүүх хуралдааны явцад гэрчүүдэд эрх, үүрэг танилцуулаагүй гэх баримт байсан ч гэсэн энэ нь оролцогчийн эрхийг хязгаарласан ажиллагаа биш гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Ж.Огийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, шүүгдэгч М.Зын өмгөөлөгч Ж.Болдбаатар нарын давж гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын Биологийн ахлах шинжээч шүүгдэгч Ж.О, тус хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын дарга шүүгдэгч Х.Т нарыг бүлэглэн иргэн Ч.Нгаас гаргасан 10596 тоот гомдлын мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ч.Нгийн үтрээний арчдас, наалдац дээр болон түүний дотоож, ор хөнжлийн дэвсгэр даавуунд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй гэсэн зориуд худал 5940, 6005/6006 тоот дүгнэлтүүдийг гаргасан гэж дүгнэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн газрын шинжээч эмч шүүгдэгч М.Зыг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн байранд иргэн Ч.Нгийн үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илэрсэн талаарх 5940 дугаартай хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий шинжээчийн дүгнэлтийг гарын үсэг зурж, хүлээн авсан боловч зориуд устгасан гэж дүгнэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тухайлбал, анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ шүүгдэгч Ж.Ог уг хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Х.Түвшин-Эрдэнийг уг хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн шүүгдэгч Ж.О, Х.Т нарын үйлдлийг “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх шинжийг хэрхэн үгүйсгэсэн талаар хууль зүйн дүгнэлтийг хийлгүйгээр анхан шатны шүүх зүйлчлэлийг өөрчилснийг үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэр бүхий шүүгдэгч нар нь Улсын Их хурлын гишүүн Д.Гантулгын холбогдсон бусдыг хүчиндсэн гэх гэмт хэргээс, түүнийг эрүүгийн хариуцлагаас хууль бусаар чөлөөлүүлэхийн тулд үйлдлээрээ бүлэглэн зориуд худал дүгнэлт гаргасан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасан гэмт хэргийн “...хувийн бусад сэдэлтээр үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх шинжтэй байх тул тэдгээрийн үйлдэлд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэл байх эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байх үед үйлдэгдсэн шинжээч хувийн сэдэлтээр зориуд худал дүгнэлт гаргасан гэх тус хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах” гэмт хэргээс хүнд байх тул шүүгдэгч Ж.О, Х.Т нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснээр тэдгээрийн эрх зүйн байдал дээрдэхээр байжээ.
Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэх байдлаар Эрүүгийн хуулийг хэрэглэх нь тэдний эрх зүйн байдлыг дордуулна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Т, Ж.О, М.З нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.
Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэхдээ шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч М.Зын өмгөөлөгч Ж.Болдбаатар, шүүгдэгч Ж.Огийн өмгөөлөгч А.Зүмбэрэл нарын “...анхан шатны шүүхэд хэргийг хянан хэлэлцэхдээ шүүх хуралдааны тэмдэглэл дутуу бичсэн, гэрчүүдэд хууль сануулаагүй, шүүгдэгч нараар эцсийн үг хэлүүлэхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн” гэх давж заалдах гомдолд дурдсан зөрчлүүдийг гаргахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг хэрэгжүүлэхийг анхаарах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Т, Ж.О, М.З нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Х.Тд урьд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ж.О, М.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ц. ОЧ