Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01066

 

 

 2022          11           08                                          001/ХТ2022/01066

 

Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/02111 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2243 дугаар магадлалтай,                                                                                                                                   

Цийн нэхэмжлэлтэй

Цд холбогдох

4,370,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг        

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Од, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц нь хариуцагч Цд холбогдуулан 4,370,750 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/02111 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Цгаас 660,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Цийн 3,710,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Цд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,910 төгрөгөөс 20,408 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Цгаас  20,408 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас  64,502 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Цид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2243 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/02111 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Цгаас 3,710,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Цид олгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 660,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын “84,910 төгрөгөөс 20,408 төгрөг” гэснийг “84,910 төгрөгөөс 74,310 төгрөг” гэж, “20,408 төгрөг” гэснийг “74,310 төгрөг” гэж, “64,502 төгрөг” гэснийг “10,600 төгрөг“ гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.06-ны өдрийн 2243 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар дараах гомдлыг гаргаж байна. Ц болон Ц нарын хооронд 2019.03.07-ны өдөр 11\08 дугаартай Боловсрол зуучлалын гэрээ байгуулагдсан бөгөөд түүний охин Нг БНХАУ улсын нэр бүхий 2 их, дээд сургуульд зуучлахаар тохиролцсон. Уг гэрээний урьдчилгаа төлбөрт 660,750 төгрөгийг зуучлагч тал авсан бөгөөд энэхүү төлбөр нь суралцагчийг тухайн сургуулиудад бүртгүүлэх, холбогдох мэдээллийг хүргүүлэх, тухайн зуучлагч байгууллагын үйл ажиллагааны зардал юм. Хэрэв Н тухайн сургуулийн тавигдах шаардлагыг хангаагүй тохиолдолд урьдчилгаа төлбөр буцаан олгогдохгүй болохыг гэрээгээр талууд харилцан тохиролцсон байдаг. Давж заалдах шатны шүүхээс дээрх төлбөр буцаан олгогдохгүй гэж зөв дүгнэсэн атлаа гэрээний нөхцөл өөрчлөгдсөн гэж дүгнэн нотлох баримтыг бүрэн дүүрэн тал бүрээс нь судлалгүй, буруу ойлгож хэргийг шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн агуулгадаа 2019.03.07-ны өдөр 11\08 дугаартай Боловсрол зуучлалын гэрээний үйлчлэлийг харилцан тохиролцож 2019.07.10-нд цуцалсан гэдгийг илэрхийлсэн байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэрээг цуцлаагүй үргэлжлүүлсэн гэж нэхэмжлэгчээсээ тэс өөр байр суурь илэрхийлсэн бөгөөд энэ нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс тодруулаагүй. Нэхэмжлэлийг Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргал шүүхэд гаргасан байдаг ба Цоос олгосон итгэмжлэлд 2019.03.07-ны өдөр 11\08 дугаартай гэрээний үүрэг шаардах эрхийг л олгосон бөгөөд тухайн гэрээг дуусгавар болгосон гэдгээ нэхэмжлэгч тал бүрэн дүүрэн илэрхийлсэн байдаг. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийг 62.4-т Төлөөлөгч итгэмжлэлээр олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь итгэмжлэлээр өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, өөрт хамааралгүй асуудлаар нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаас харагдана. Мөн тус магадлалд Н нь БНХАУ-ын Гуйжоу багшийн коллежийн хэлний бэлтгэлд суралцахаар тохиролцсон нь, мөн тус сургуульд суралцсан нь 2019.03.07-ны өдөр 11\08 дугаартай гэрээний үйлчлэл дуусгавар болсон гэх үндэслэлгүй юм гэж дүгнэжээ. Тухайн гэрээний нөхцөлийг өөрчилсөн, гэрээг сунгасан гэх ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад шүүх хэт хийсвэрлэн сэтгэж, хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэнд харамсаж байна. Түүнчлэн магадлалын хянавал хэсэгт “нэхэмжлэгчийн охин Н хариуцагч байгууллагатай интернэтээр харилцсан нь тусдаа гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй. Учир нь түүнийг насанд хүрээгүй байхад нэхэмжлэгч буюу Нгийн эцгээс хариуцагч байгууллагатай зуучлалын гэрээ байгуулж, уг гэрээний үндсэн дээр охин Н хэлний бэлтгэлд хамрагджээ...” хэмээн дүгнэсэн байна. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн охин Нгийн утсанд үзлэг хийлгэсэн, тухайлбал тус үзлэгийг хийлгэж байхад Нгийн биеийн байцаалтай танилцсан ба 2019.03.07-ны өдрийн 11/018 тоот боловсролд зуучлах гэрээ байгуулагдаж байх үед Н нь Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай этгээд мөн юм. 2019.07.19-нд Гуйжоу багшийн коллежийн хэлний бэлтгэлд суралцах аман хэлцэл иргэн Нямдаваа, Н нарын хооронд байгуулагдсан бөгөөд тухайн үед Н насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байсан болно. Нд зуучлагч байгууллагын захирал нь тухайн сургууль нь үнэ төлбөргүй, байр үнэгүй болохыг мэдэгдсэн, сургуулийн талаарх бүрэн дүүрэн мэдээллийг өгсөн бөгөөд Н өөрөө бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрч тухайн сургуульд суралцсан байдаг. Н нь тухайн сургуульд зуучлуулж суралцчихаад, цар тахал өвчин дэгдсэний улмаас эх орондоо ирчхээд байхад аав Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хоёр иргэний хооронд байгуулагдсан хэлцлийн төлбөрийг “Цэгц боловсролын хөгжлийн үндэсний сан”-гаас төлбөр нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. 2019.07.19-ний хэлцэлд иргэн Нямдаваа, Н нарын хооронд байгуулагдсан хэлцэл бөгөөд уг хэлцлийн агуулга нь Багшийн коллежийн хэлний бэлтгэлд хамрагдах түүндээ тохиролцсон зуучлалын хөлс төлөх байсан. Мөн тус магадлалд Ны ХААН банкны дансны хуулгаар 2019.09.30-ны өдөр 3,710,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Н нь Нгийн ээж нэхэмжлэгчийн эхнэр мөн эсэх талаар маргаагүй учраас Ц уг мөнгийг шаардах эрхтэй учир нь хариуцагч 3,710,000 төгрөгийг цааш нь сургалтын төлбөр, байрны барьцаанд шилжүүлсэн болохыг ИХШХШТХ-ийн 25.2.2, 38.1-т зааснаар нотлох баримтаар нотлоогүй байна. Хариуцагч Иргэний хуулийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэжээ. Цтай тус сургалт зуучлах үйл ажиллагааг хамтран эрхэлдэг байгууллага болох БНХАУ-д байрлах компанийн төлбөр хүлээн авсан баримтыг Давж заалдах шатны шүүх огт нягталж хараагүй байна. Хариуцагч байгууллага нь Нг зуучлалын хөлсөө ямар хэлбэрээр, хэнээр яаж дамжуулан төлөхөд нь хяналт тавих, удирдах боломжгүй юм. Учир нь Н насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, бусад этгээдтэй хэлцэл хийх, хэлцлийн үр дагаврыг бүрэн хариуцах боломжтой иргэн юм. Нөгөөтээгүүр хариуцагч тал Н болон Ц нарын эхнэр нөхөр болохыг нотлох шаардлагагүй бөгөөд харин ч нотлох баримтгүй зүйлийг давж заалдах шатны шүүх зохиомлоор гарган ирж, төсөөлөн бодож хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх Н гэх этгээдийн шилжүүлсэн мөнгийг Ц нь ямар нотлох баримтын үндсэн дээр нэхэмжлэх эрхтэй болохыг хангалттай тогтоогоогүй бөгөөд хууль хэрэглээний байж боломгүй алдаа гаргаж Нгийн ээж Оюун байх, Оюун нь Н ийн нөхөр байх гэх мэтээр ургуулан бодож хэрэг хянан шийдвэрлэсэн нь харамсалтай. Түүнчлэн иргэн Нямдаваа, Н нарын хооронд хэлцэл байгуулагдаагүй гэж үзсэн үндэслэл нь 2019.03.07 өдөр анх гэрээ байгуулж байхад насанд хүрээгүй байсан гэх. Гэтэл Н нь анх гэрээ байгуулж байхдаа ч тэр хожим Нямдаваатай хэлцэл байгуулж байхдаа ч тэр насанд хүрсэн буюу өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвартай байсан гэдэг нь түүний утсанд үзлэг хийлгэх үед биеийн байцаалттай танилцахад түүний регистрээр буюу 2000.03.24 өдөр төрсөн гэдгийг нотолж байдаг. Мөн нэхэмжлэгч талаас шүүхэд гарган өгсөн зарим нотлох баримтууд гадаад хэл дээр байсан бөгөөд уг нотлох баримтуудыг нотариатч нь ямар нэг баталгаат орчуулгагүйгээр шууд гэрчилсэн байдаг. Энэ үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, ИХШХШТХ-ийн 7 дугаар зүйлийн 7.4-т тус тус заасныг зөрчсөн.

Шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ гадаад хэл дээрх нотлох баримтуудыг үндэслэж шийдвэрлэсэн. Магадлалын хянавал хэсэг болон тогтоох хэсэг огт ойлгомжгүй, хоорондоо зөрчилдсөн, иргэний хуулийн ямар шаардлагын улмаас хариуцагчаас төлбөр гаргуулах гээд байгаа тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн үү, эсхүл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн үү гэдэг нь тодорхойгүй байна. Түүнчлэн магадлалын хянавал хэсэгт Н  болон “Ц ” нарын хооронд байгуулагдсан боловсролд зуучлах гэрээний төлбөр болох 23,000 юань буюу 660,750 төгрөгийг бүрэн төлсөн хэмээн бичсэн байх бөгөөд тухайн үеийн ханшаар бол 23,000 юань нь /нэгж бүрийн үнэ 400Т/ 9,200,000 төгрөг болох байсан. Дээрх гэрээний төлбөрийг бүрэн төлсөн гэж байгаа нь өөрөө үндэслэлгүй, нэхэмжлэгч талын гомдолд бичигдсэн хэлбэрээр хэргийг шууд хянан шийдвэрлэсэн, хэргийн материалыг бүрэн дүүрэн тал бүрээс нь судалж, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.06-ны өдрийн 2243 тоот Магадлалын тогтоох хэсгийн 1-т заасан “Цгаас” 3,710,000 төгрөгийг Цид олгох заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:          

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

6. Нэхэмжлэгч Ц нь хариуцагч “Ц ”-д холбогдуулан 4,370,750 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба боловсролд зуучлах гэрээний үүрэг биелэгдээгүйгээс 660,750 төгрөгийг, Гуйжоу багшийн коллежийн хэлний бэлтгэлийн сургалтын төлбөр болон байрны барьцаа гэж 3,170,000 төгрөгийг хариуцагч үндэслэлгүй авсан гэснийг хариуцагч эс зөвшөөрч, “...охин Нг анх БНХАУ-ын Сичуан болон Хунан их сургуульд суралцуулахаар тохиролцон зуучлалын гэрээ байгуулсан боловч Н нь гэрчилгээгүй, хэлний онооны шаардлага хангаагүй, тэнцээгүй учир зуучлалын хөлс 23,000 юанийг аваагүй, энэ гэрээ хэрэгжээгүй дууссан, дараа нь өөрсдөө хугацаа алдмааргүй суралцмаар байна гэж хүссэний дагуу бид Гуйжоу багшийн коллежийн хэлний бэлтгэлд зуучилж өгснөөр тус сургуулиас урилга ирж, виз нь гарч, Н бүтэн жил суралцсан, зуучлалын хөлс төлснийг буцаан авах үндэслэлгүй, бид зуучлалын гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн учраас нэхэмжлэл үндэслэлгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргалд олгосон итгэмжлэл нь дараагийн гэрээний хувьд хамааралгүй...” гэж маргасан. 

7. Анхан шатны шүүх хариуцагч “Ц”-гаас 660,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Цийн 3,710,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Цд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, хариуцагч хуулийн этгээдээс 3,710,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Цид олгохоор, мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 660,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

8. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц нь хариуцагч “Ц ”-тай байгуулсан 2019.03.07-ны өдрийн 11/018 тоот “Боловсролд зуучлах гэрээ”-гээр охин Нг БНХАУ-ын Сичуан /Sivhuan universite of engineering/ болон Хунан /Hunan universite of engineering/ их сургуулийн аль нэгэнд суралцуулахаар тохирсон ба БНХАУ-ын тус сургуулиудтай холбоо тогтоон, Нг тэтгэлэгт хамруулахад зуучлах, зуучлагчийн сонгосон сургуульд явуулах, сургуулийн урилгыг хүлээлгэн өгөх, тэтгэлэгт хөтөлбөрийн төрөл, хэлбэр, хугацааны талаарх мэдээллийг өгөх,  сонгосон Хунан /Hunan universite of engineering/ их сургуульд суралцахтай холбоотой материалыг бүрдүүлж өгөх, зуучлалын хөлсөнд 23,000 юань төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

9. Гэрээнд зааснаар 1,680 юанийг гэрээ байгуулсан өдөр, 15,000 юанийг 2019.07.20-ны өдөр, 3,620 юанийг 2019.09 сард төлөхөөр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь 660,750 төгрөгийг 2019.03.07-ны өдөр төлсөн байх бөгөөд талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д нийцсэн гэж үзнэ.

10. Хунан /Hunan universite of engineering/, Сичуан /Sivhuan universite of engineering/ их сургуультай нэхэмжлэгчийг холбон өгөх хариуцагчийн үүрэг биелэгдээгүй буюу 2019 оны 7 сард Нг уг сургуульд зуучлах боломжгүй тухай мэдэгдсэн талаар талууд маргаагүй, хариуцагч нь Нгийн ерөнхий боловсрол эзэмшсэн гэрчилгээ нь гараагүй, хэлний шалгалтад тэнцээгүй, шаардлага хангаагүй гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй байна.

11. Хариуцагч нь гэрээнээс татгалзах тухайгаа нэхэмжлэгчид Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар мэдэгдсэн, тэрээр бүртгэлийн хураамжид авсан 660,750 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ маргааны үйл баримтад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

12. Нэхэмжлэгч Ц нь БНХАУ-ын Гуйжоу багшийн коллежийн хэлний бэлтгэлд зуучлуулахаар хариуцагч байгууллагатай гэрээ байгуулсантай холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25., 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхээр өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3., 62.4., 64 дүгээр зүйлийн 64.1., 64.2.-т зааснаар  Б.Насанжаргалд олгосон гэж үзэх боломжгүй буюу “...итгэмжлэгдэн төлөөлөгч Б.Насанжаргалд төлөөлүүлэгч Цоос охин Нг БНХАУ-ын Гуйжоу багшийн коллежийн хэлний бэлтгэлд суралцуулах зорилгоор зуучлуулахаар хариуцагч Ц тай гэрээ байгуулж, түүний дагуу төлсөн гэх 3,710,000 төгрөгийг буцаан шаардахтай холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчийн эрх, үүргийг хэрэгжүүлж оролцох эрхийг БНСУ дахь Гадаад харилцааны яамны Консулын газрын нотариатын үүрэг гүйцэтгэгчийн үйлдсэн 2020.05.12-ны өдрийн итгэмжлэлээр олгоогүй” тухай анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

13. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл тогтоогдож байх тул 3,710,000 төгрөг хариуцагч байгууллагаас гаргуулах тухай шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

14. Давж заалдах шатны шүүх хариуцагч Ц г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 3,710,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 660,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, маргааны үйл баримтыг учир дутагдалтай дүгнэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

15. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2243 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/02111 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгээс хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 74,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

                                  

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                                    Н.БАЯРМАА

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                     Д.ЦОЛМОН