| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 106/2019/0790/Э |
| Дугаар | 501 |
| Огноо | 2020-04-23 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 501
2020 4 23 2020/ДШМ501
Л.Нт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Эрдэнэбаяр,
хохирогч М.А, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,
шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Ш.Алтангадас,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.А, шүүгдэгч Л.Нын өмгөөлөгч Т.Багахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Л.Нт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
М овгийн Лийн Н, 1979 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжилтэй, “...” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;
Л.Н нь 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэрээгээр халхавч хийн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үйлдвэрчний эвлэлийн соёлын ордон” дотор М.Аын “Эрдэнэлинк” ХХК-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт байрлах ..., ... тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй лицензүүдийг 1.200.000.000 төгрөгөөр буюу зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж, 2012 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулах ёстой байсан боловч төлөлгүй, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад 1.200.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогт Лгийн Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.Ныг 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Наас 884.482.000 төгрөг гаргуулан хохирогч М.Ад олгож, хэрэгт битүүмжлэгдсэн 83-99УНӨ улсын дугаартай “Тоёота Ланд-200” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгон өмчлөгч “...” ХХК-нд буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч М.А гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Ныг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд нийцсэн шийдвэр гаргасан боловч түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хуульд заасан үндэслэл журмыг баримтлаагүй байна гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрт шүүгдэгч Л.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гарган түүнд 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтаар Л.Н 2011 онд анх “Эрдэнэлинк” ХХК-ийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн ТЭЗҮ-г хийж, ашиг орлогыг тооцон гаргасны дараа 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус компанийн хувьцааг шилжүүлэн авах хэлцлийг надтай хийснээс хойш шүүхийн шийдвэрт заасан 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд залилах үйлдлийг хийсэн нь тогтоогдож байхад шүүх түүнийг тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, эрүүгийн хариуцлагыг үндэслэлгүй хөнгөрүүлж оногдуулсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н “Эрдэнэлинк” ХХК-ийг шилжүүлэн авснаас хойш “би ямар ч орлогогүй өр зээлд орсон хүнд нөхцөлд амьдарч байна” гэж мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүхээс шүүгдэгчид оногдуулах торгуулийн ялыг цалин хөлс, бусад орлогыг нотолсон баримтад үндэслэн оногдуулахаар зохицуулсан байхад шүүх эрүүгийн хэрэгт авагдаагүй үйл баримтад үндэслэн шүүгдэгч Л.Нт Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн ял оногдуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдсан 3 жил, шүүх хуралдаан явагдсан 2 хоногийн хугацаанд шүүгдэгч Л.Н түүний өмгөөлөгч нар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн эсэх гэм буруугийн асуудал дээр маргаж, гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж ирсэн ба гэмт хэргийн улмаас хохирлыг төлөхгүй гэж шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн шатанд мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд нотлох баримтаар авагдсан. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч М.Аын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Гэм буруугийн тал дээр анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Харин эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг гарсан шинж байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг үндэслэн эрүүгийн хариуцлага оногдуулах зохицуулалтыг анхан шатны шүүх харгалзан үзэлгүй торгуулийн ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цалин хөлс түүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй байхад торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр “Эрдэнэлинк” ХХК болон “...” ХХК хооронд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, тус гэрээг нотариатч Н.Эрдэнэхүү гэж хүн гэрчилсэн байдаг. Уг гэрээнд заасан ёсоор хувьцаа худалдан авагч тал буюу “...” ХХК нь тус уурхайг ашиглаж, хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон байдаг. Гэтэл 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Засгийн газрын №194 тоот тогтоолоор дээрх гэрээнд заасан тусгай зөвшөөрөлтэй газрыг улсын тусгай хамгаалалтад авч, үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Энэхүү нөхцөл байдлыг “...” ХХК нь үйл ажиллагааны хөрөнгө оруулалтаа хийж байх явцдаа мэдсэн бөгөөд цаашид үйл ажиллагаа явуулж, ашиг, орлого олох боломжгүй нөхцөл байдал үүсч, хөрөнгө оруулалтын зорилгоор зээлж авсан Хас банкны зээл зогсонги байдалд орсон байдаг. Өөрөөр хэлбэл, “...” ХХК нь 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олох боломжгүй нөхцөл байдал Л.Наас үл хамаарч бий болсон. Шүүх хэргийн бодит байдлыг ойлгоогүй мөн нотлох баримтыг үнэлээгүй байна. Учир нь, гэрээгээр халхавч хийж хохирогчийг төөрөгдөлд оруулах гэдэг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг. Гэтэл иргэн М.А болон "..." ХХК нарын хооронд байгуулагдсан гурван гэрээ нь өөр зорилгоор хийгдсэн байдаг ба шүүгдэгч Л.Н шунахайн сэдэлтээр дангаар ашиг олох нөхцөл байдал бий болоогүй нь хэргийн материалаас илт харагдана. Учир нь, “Эрдэнэлинк” ХХК-ийг худалдан авах буюу эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр хийгдсэн. Тусгай зөвшөөрлүүдийг хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу “...” ХХК-ийн зүгээс хохирогч М.Ад 1 ширхэг тээврийн хэрэгслийг 100 сая төгрөгөөр тооцож 2 ширхэг тээврийн хэрэгсэл, 4 удаагийн үйлдлээр 215.518.000 төгрөгийг нийт 415 сая орчим төгрөг шилжүүлсэн байдаг зэргээс хохирогч бас Иргэний хуулийн дагуу ашиг олсон мөн чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын дагуу 3 удаагийн өөр, өөр үр дагавартай гэрээг хамтран байгуулж, тусгай зөвшөөрлүүдийг ашиглаж мөнгө олох, улмаар гэрээгээр тохиролцсон төлбөрөө авах буюу тодорхой үр дүнд хүрэхийн тулд гэрээг хийсэн байгааг шүүх анхаарсангүй. 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь ямар зүйлийг худалдан борлуулж байгаа нь ойлгомжгүй, Иргэний хуулиар тогтоосон харилцан үүргийг тооцох буюу гол нөхцөл тусгагдаагүй хэлбэрийн шаардлага хангаагүй эрхийн зөрчилтэй гэрээ байсан. 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээ нь дээр дурдсан 2 тусгай зөвшөөрлийг худалдан борлуулахтай холбоотой гэрээ биш юм. 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд "Эрдэнэлинк" ХХК-ийг төлөөлж М.А, "..." ХХК-ийг төлөөлж тэнцүү хувьцаа эзэмшигчид болох Л.Н, Б.Мөнхбаатар нар гарын үсэг зурж, компанийнхаа тамга тэмдгийг дарж холбогдох төрийн байгууллагад хүргүүлж дээрх гэрээнд заасан зүйл худалдан авагч тал руу шилжсэн байдаг. Шийтгэх тогтоолд дурдсан нэмэлт гэрээ нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6428 дугаартай шинжээчийн дүгнэлтээр "иргэн Л.Нын гарын үсэг нь биш" болох нь тогтоогдсон. Мөн эрүүгийн ... тоот дугаартай хэргийг шийдвэрлэх 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1713 дугаартай Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд хохирогч гэх М.А "...нэмэлт гэрээн дээр Нын гарын үсэг нь өөр байсан нь үнэн, гаргахгүй байхаар нь тамгыг нь дарчихсан юм" гэж мэдүүлсэн байдаг зэргээс үндэслэн тусгаарлагдан шалгагдаж байгаа ба уг хэрэгт шүүгдэгч Л.Н хохирогчоор тогтоогдон оролцож байгаа. Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлэхдээ эдгээрээс хамгийн ойлгомжгүй, хууль бус буюу тамга тэмдэггүй, юуг, хэдэн төгрөгөөр хэзээ зарсан нь ойлгомжгүй гэрээг үндэслэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Залилан мэхлэх гэмт хэрэг нь эзэмшигч эсхүл өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг ойлгодог. Гэтэл төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохирч, тухайн үедээ “...” ХХК-аас 415 орчим сая төгрөг төлсөн буюу хариу төлбөрийн үүргийг хэсэгчлэн гүйцэтгэсэн байхад шүүх огт анхаараагүйд гомдолтой байна. Хохирогч М.А нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр анх цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байх бөгөөд 2016 оны 9 дүгээр сард Улсын ерөнхий прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн байдаг. Ингээд М.А "..." ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд доорх асуудлаар нэхэмжлэл гаргасан бөгөөд уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед буюу 2017 оны 12 дугаар сард Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар нь дур мэдэн хэн нэгний гаргасан гомдол байхгүй байхад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хэргийг ирүүлсэн байдаг. Тус эрүүгийн хэрэгт 2017 оны 12 дугаар сард хэргийн оролцогч нараас Улсын ерөнхий прокурорын газарт гаргасан гомдол огт байхгүй бөгөөд энэхүү асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд тайлбарлахад ямар үндэслэлээр хүлээн аваагүй нь ойлгомжгүй байна. Л.Н гэгч этгээд бусдын эд хөрөнгийг авч захиран зарцуулж, олсон орлого хөрөнгийг хувьдаа ашигласан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчим зөрчигдөөд байна. Учир нь, Б.Мөнхбаатарын зориуд худал өгсөн мэдүүлгийг нягтлан шалгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ, мөн тус хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Тус эрүүгийн хэргийг 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн гэж дүгнэсэн хэрнээ хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил өнгөрсөн байхад Баянгол дүүргийн цагдаагийн байгууллага, прокурор, шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг зөрчиж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар нь №1/53 тоот тогтоолоор тус эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн тогтоол гарган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Учир нь, тус эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хяналтын прокурор С.Батгэрэл нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах №4641 тоот тогтоол гаргасан бөгөөд энэхүү тогтоолд хохирогч нь шат шатны прокурорт Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасан хугацаандаа гомдол гаргаж байсан боловч хамгийн сүүлд 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улсын ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсай нь №5/157 тоот тогтоолоор "Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоол гаргасан. Гэтэл бүтэн нэг жилийн дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр №4641 тоот тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг зөрчиж буюу эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол хүчин төгөлдөр хэвээр байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлолгүй шийдвэрлэсэн. Учир нь, тухайн гэмт хэрэг хаана үйлдэгдсэн буюу эд хөрөнгийг ямар төрийн байгууллагын шийдвэрийн дагуу шилжүүлж авсан болохыг тогтоолгүй шийдвэрлэсэн. Тус эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “..." ХХК-ийг төлөөлж Н.Соёл-Эрдэнэ, Б.Мөнхбаатар нар гарын үсэг зурж санхүүгийн ажиллагаа явуулж байсан. Мөн гэмт хэрэг хэзээ үйлдэгдэж төгссөн болохыг эцэслэн тогтоож чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасныг зөрчсөн байна. Иймд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 55 тоот шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээ нь "Эрдэнэлинк" ХХК-ийг "..." ХХК-д 10 сая төгрөгөөр худалдан борлуулах гэрээ ба уг гэрээний талаар талууд маргадаггүй бөгөөд одоог хүртэл "..." ХХК-ийн охин компаниар "Эрдэнэлинк” ХХК нь хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газар бүртгэлтэй байх ба гүйцэтгэх захирлаар У.Соёл-Эрдэнэ ажиллаж байна. Залилах үйлдэл нь 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл үргэлжлэх ойлголт хууль зүйн хувьд байх боломжгүй. Анхан шатны шүүх, хохирогч М.А дээрх үйлдлийг 4 жил үргэлжилж буюу хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар өөрийн нэр дээр шилжүүлэх үйлдлийг 4 жилийн хугацаанд хийгээд л байгаа мэтээр ойлгож буй нь үндэслэлгүй. Харин 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл уг тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг Иргэний хуульд заасан гэрээний харилцааны дагуу төлж байгаа үйлдлийг гэмт хэрэг болгон, улмаар түүнийгээ үргэлжлүүлэн үйлдэж буй мэт ойлгох хууль зүйн боломжгүй. Иргэний хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулагдах, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн гэрээтэй холбоотой маргаан үүссэнийг Улсын Дээд Шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний 51 дугаартай тогтоолд зааснаар гэмт хэрэг гэж тооцдоггүй билээ. Дээрхээс дүгнэн үзвэл, хохирогчийн давж заалдах гомдолд дурдсан “2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус компанийн хувьцааг шилжүүлэн авах хэлцлийг надтай хийснээс хойш шүүхийн шийдвэрт заасан 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд залилах үйлдлийг хийсэн" гэх байдал нь үгүйсгэгдэж байгаа юм. Залилах гэмт хэргийн субьектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болдог байтал хохирогч М.Атай байгуулсан гэрээг байгуулахаас өмнө залилах гэмт хэргийн сэдэл үүссэн тухай нотлох баримт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд хохирогчийн дурдсан хуулийн зүйл заалт хамаарахгүй бөгөөд харин шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргадаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх заалтад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийг дурдсанаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх тухай заажээ. Анхан шатны шүүхээс уг нөхцөл байдлыг зөв тодорхойлсон ба 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ байгуулж, уг гэрээнд харилцан тохиролцсоноор урьдчилгаа төлбөр болон явцын төлбөр нийлээд 415 орчим сая төгрөгийг төлсөн байдал болон хохирогчийн хохирлыг цаашид төлөх нөхцөл бололцоог олгож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан сонгох боломжит хариуцлагын хэлбэрээс сонгож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. ...” гэв.
Шүүгдэгч Л.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ хэргийн жинхэнэ хохирогч гэж бодож байна. Учир нь, 2011 онд анх манай компани “Эрдэнэлинк” ХХК-ийн хүсэлтээр техник, эдийн засгийн үндэслэлийг хийж байсан нь үнэн. Тухайн техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авч, батлахад Аын ах Ариунбаяр нь Ашигт малтмалын газрын дарга бөгөөд Мэргэжлийн зөвлөлийн дарга байсан. Тухайн үед тусгай зөвшөөрлийг хүлээн авч байхад урт нэртэй хуулийн үйлчлэлд ороогүй байсан. Урт нэртэй хууль буюу Усны сан, ойн нөөц бүхий газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулж болохгүй гэх хууль 2009 онд батлагдсан байсан. 2012 оны 4 дүгээр сард буюу сонгуулийн өмнөхөн Ашигт малтмалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ариунбаяр нь “чи уг лицензийг авчих” гэсэн. 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бид хэлцэл хийгээд эхний ээлжид компанийг шилжүүлж авсан. Хохирогч 2012 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Нт шилжүүлсэн гэж худлаа ярьдаг. Энэ талаар баримт байдаггүй. 2012 оны 5 дугаар сарын 26-нд Нт шилжүүлсэн гэх баримт нь 2015 оны 1 дүгээр сарын 25-нд байгуулагдсан хуурамч гэрээ байдаг. Уг гэрээнд миний гарын үсгийг хуурамчаар зурсан байдаг. Лицензийг бид “...” ХХК-нд шилжүүлж авсан. Тухайн үед “...” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч Л.Н, 50 хувийн хувьцааг эзэмшигч Мөнхбаатар нар “...” ХХК-ийг төлөөлж “Эрдэнэлинк” ХХК-ийн захирал Атай компанийг шилжүүлэн авах гэрээг байгуулсан. Компанийг “Эйч жи металс” гэх компанид зарсан асуудал байхгүй. Лицензийг авснаас хойш үйл ажиллагаа явуулсан гэх санхүүгийн тайлан хавтас хэрэгт авагдсан байгаа. 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Засгийн газрын 194 дугаартай тогтоол гараад урт нэртэй хуульд хамаарах лицензийн хүрээ өөрчлөгдөөд, уг лицензийн 60 гаруй хувь нь алга болсон. Урт нэртэй хуулийн үйлчлэлд орсон болохыг бид мэдэхгүй явж байгаад “...” ХХК-иас шийдвэр гаргаад Хас банкнаас 1 сая долларын зээл авсан. Зээл авах шаардлагыг хангах үүднээс “...” ХХК-ийн үйл ажиллагаанаас 2 тэрбум төгрөгийг аваад хөрөнгө оруулсан. Үүнд лицензийн урьдчилгаа төлбөр гэж хохирогчид хоёр автомашинаа өгсөн байсан. Бүх зээлээ аваад 4 орчим тэрбумын санхүүжилт гаргасан байхад урт нэртэй хуулийн үйлчлэлд орсон болохыг мэдсэн. Хас банкнаас зээл аваад, эсхүл тусгай зөвшөөрлийг цааш зараад Н ашиг олсон гэх асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдоогүй. Дансны гүйлгээ болон миний бусад бүх зүйлийг шалгасан. Н гэх хүн яг хэдэн төгрөгийн ашиг олсон болохыг нотлоогүй. Зээлээ төлж чадахгүй байсан тул Хас банкны зүгээс “...” ХХК-ийн эд хөрөнгийг хурааж авна гэсэн. Банк лицензийг үнэлээгүй. Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой баяжуулах үйлдвэр, тоног төхөөрөмжүүдийг барьцаалсан. Хүнд байдалд орсон учраас хэлцлийг буцаах асуудлыг Аын ах Ариунбаяртай ярьсан. Гэтэл Ариунбаяр “миний хуурай дүү болох Заяабат гэх хүн Ашигт малтмалын газарт ажиллаж байгаа. Заяабат урт нэртэй хуулийн үйлчлэлээс гаргаад өгчихнө” гэсэн. “...” ХХК нь үлдэгдэл төлбөрийг барагдуулах ёстой. Хувьцаа эзэмшигч Мөнхбаатартай тохиролцож чаддаггүй. Мөнхбаатар “үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, урт нэртэй хуулийн үйлчлэлд оруулаад бид нарыг залилсан. Би төлөхгүй, чи ганцаараа төл” гэдэг. Мөнхбаатар уг төслийг эхлүүлэх 4 тэрбум төгрөгийг зарцуулсан. Цааш нь лицензийг зарсан асуудал Мөнхбаатартай холбоотой байдаг. “...” ХХК-иас 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 2 ширхэг автомашиныг 200.000.000 төгрөгт тооцож хохирогчид өгсөн. Мөн 2013 оны 11 дүгээр сард 34.000.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 19-нд 77.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 25-нд 99.800.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөг тус тус өгсөн. Мөнхбаатар уг мөнгөнүүдийг бүгдийг бэлнээр авч яваад Ад өгсөн байдаг. Уг хэргийн гол гэрчүүд болох “...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Батзориг, ерөнхий нягтлан Батбаяр, Мөнхбаатар, Соёл-Эрдэнэ нараас гэрчийн мэдүүлэг авахгүй, авсан ч бүдэг бадаг байдлаар ярилцаад явсан байдаг. “...” ХХК-нд би хөрөнгө оруулалт хийснээрээ 2 тэрбум төгрөгийн хохирол хүлээсэн байгаа. Аудитын шалгалтаар “...” ХХК-ийг одоогоор үлдэгдэл 740.000.000 төгрөгийг төлөөгүй байгаа. Үүнийг төлөх юм бол 920.000.000 төгрөгийн хохирол учирна. Бодитоор бол 124.000.000 төгрөгийн хохирол байна гээд дүгнэсэн байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Бадамсүрэн зардал дээр зөрүүтэй тайлбар хийгээгүй байдаг. Энэ нь Н гэх хүн уг лицензийг зарж өгнө гэж авсан зүйл харагдахгүй байдаг. Хэрвээ зарж өгөхөөр авсан бол бид төслийг хөгжүүлэхээр банкнаас зээл авч өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байсан. Мөнхбаатар, Батзориг, Соёл-Эрдэнэ нарын “Эрдэнэлинк” ХХК-ийн биет болон биет бус хөрөнгүүдийг шилжүүлсэн актуудыг нотлох баримтаар өгөх гээд чадахгүй байна. Уг хэрэг эрүүгийн хэрэг биш иргэний журмаар шийдвэрлэгдэх ёстой. Миний зүгээс үлдэгдэл 780.000.000 төгрөгийг “...” ХХК-иас төлөх ёстой гэж үзэж байна. 2017 онд 610.000 доллар гээд валютын ханшаар нь үржүүлээд 1,3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй гээд үлдэгдлийн маргаан гарч ирсэн. Энэ нь Аын хуурамчаар үйлдсэн гэрээтэй холбоотой буруу шийдвэр гарсан. Би буруугүй, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Ныг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж хуулийн хүрээнд дүгнэлт хийж торгуулийн ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Л.Н нь 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хоёр тусгай зөвшөөрлийн эрхийг өөртөө шилжүүлж авахын тулд 1 тэрбум 200.000.000 төгрөгийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулсан. Мөн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Эрдэнэлинк” ХХК-ийн 100 ширхэг хувьцааны эрхийг шилжүүлэн авах гэрээ байгуулсан. Дээрх гэрээнүүдээр халхавч хийн хохирогчийг төөрөгдөлд оруулах замаар залилсан. Гэрээ байгуулснаас хойш хохирлыг барагдуулсан гэдэг. Барагдуулсан гэх баримтуудын огноог харахад 2014 оноос 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийт 4 удаа бэлэн 215.518.000 төгрөг болон нэг автомашиныг 100.000.000 төгрөгөөр тооцож хохирогчид өгч байснаас харахад хохирогчид хохирлыг бүрэн барагдуулахгүй, хохирогчийг хуурч мөнгө байгаа мэтээр ойлголт төрүүлж байгаа нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээ эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр “...” ХХК нь 2012 оны 2 дугаар сарын улирлын тайлангийн байдлаар 141.594.796 төгрөгийн бэлэн мөнгөтэй гэж гарсан. Энэ нь тусгай зөвшөөрөлтэй компанийг “...” ХХК нь 1 тэрбум 200.000.000 төгрөгөөр худалдаж авах боломжгүй байсан. Биелэгдэх боломжгүй гэрээ юм. Иргэний хуульд бодитой биелэгдэх боломжгүй гэрээг хүчин төгөлдөр бус гэж үздэг. Мөн уг хоёр тусгай зөвшөөрлийг Аас зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр авчихаад 2013 онд “Эйч жи металс” гэх компанид 2 тэрбум төгрөгөөр зарж ашиг олсон атлаа хохирогч Аын мөнгийг төлж барагдуулаагүй үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг мөн агуулж байна. 6428 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн нэмэлт гэрээн дээр зурагдсан гарын үсгийн асуудал яригдсан. Уг нэмэлт гэрээн дээрх Нын гарын үсэг хуурамч гэх асуудал уг хэргээс тусдаа асуудал гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа. Хавтас хэрэгт “...” ХХК-ийг үүсгэн байгуулагч нь Н гэх Улсын бүртгэлийн газрын албан тоот авагдсан. Иймд гэрээтэй холбоотой асуудлыг Н л бүрэн хариуцахаар байна. Аын ах Ариунбаярт холбогдох хэрэг нь уг хэрэгт хамааралгүй. Гэрээ А болон Н хоёрын хооронд байгуулагдсан. Мөн 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Ашигт малтмалын газрын албан тоот тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр бүртгэлтэй, эрхийн зөрчилгүй болохыг нотолсон байдаг. Шүүгдэгч Л.Н нь 2 тусгай зөвшөөрлийг ашиглан төсөл хэрэгжүүлсэн гэж анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдсан мэдүүлэгтээ мэдүүлдэг. Төслийг хэрэгжүүлсэн гэсэн боловч хавтас хэрэгт баримт байхгүй, мөн эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах гэж байхад “...” ХХК-иас болон Л.Наас төслийг хэрэгжүүлсэн талаарх эдийн засгийн баримтыг нэхсэн боловч ямар ч баримт гаргаж өгөөгүй. Үүгээрээ шүүгдэгч Л.Н тусгай зөвшөөрлийг ашигласан гэх баримт байхгүй, худлаа хэлж байгаа нь харагдаж байдаг. Гэрээнд Мөнхбаатар, Соёл-Эрдэнэ гэх хүмүүс яригдаж байна. Мөнхбаатараас гэрээтэй холбоотой асуудлаар анхан шатны шүүхийн захирамжийн дагуу хууль сануулж, гэрчийн мэдүүлэг авсан. Залилан мэхлэх гэмт хэргийг Нт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын мөнгийг Наас хохирогч нэхэмжилж байсан. Мөн Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “...” ХХК-иас биш Л.Наас нэхэмжилж байсан асуудал байдаг. Хөөн хэлэлцэх хугацааны талаар ярьж байна. Н нь 2012 оноос 2016 оны хооронд хохирогч Ад “хоёр тусгай зөвшөөрлийг зарж, ашиг олно” гэх зэргээр хохирогчийг удаа дараа хуурч, итгэл төрүүлж байсан. Мөнгө төлсөн гэх 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс хойш хохирогчид нэг ч төгрөг өгөөгүй байгаа нь залилан мэхлэх гэмт хэргийн төгссөн үйлдэл гэж үзэж байна. Мөнхбаатарын мэдүүлэг хавтас хэрэгт байхгүй байна гэж хэлдэг. 3 дугаар хавтас хэргийн 128 дугаар талд 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Мөнхбаатар мэдүүлэг өгөх гэсэн боловч “өөрөө мэдүүлэг өгөхгүй, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гээд бичсэн байдаг. Мэдүүлгийг нь устгасан, авсан зүйл байхгүй. Нэмэлт гэрээний талаар тусгаарлан шалгаж байгаа. Хэрэг сэргээсэн, хүчин төгөлдөр бус хохирогчийн өргөдөл нь хавтас хэрэгт авагдаагүй гэж яригддаг. Хохирогч Аын өргөдөл нь хавтас хэрэгт авагдсан. Үүний дагуу Улсын ерөнхий прокурорын орлогч асан Амгаланбаатар нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сагсай прокурорын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн хэрэг үүсгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Ныг “2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэрээгээр халхавч хийн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчний эвлэлийн соёлын ордон дотор М.Аын “Эрдэнэлинк” ХХК-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт байрлах ..., ... тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй лицензүүдийг 1.200.000.000 төгрөгөөр буюу зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж 2012 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулах ёстой байсан боловч төлөлгүй эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад 1.200.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, хэргийн үйл баримтыг прокурорын яллах дүгнэлтэд тусгасан байдлаар “2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэрээгээр халхавч хийн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчний эвлэлийн соёлын ордон дотор М.Аын “Эрдэнэлинк” ХХК-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт байрлах ..., ... тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй лицензүүдийг 1.200.000.000 төгрөгөөр буюу зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж 2012 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулах ёстой байсан боловч төлөлгүй эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад 1.200.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан” гэж дүгнэжээ.
Харин ийнхүү шүүгдэгчийг бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо гэм буруутай гэж тооцох болсон хууль зүйн үндэслэл, хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар бүрэн гүйцэт дүгнэж, тодорхойлж чадаагүй байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэх, хэрэв гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзвэл ийнхүү үйлдэгдсэн цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн шинжийг ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа зэрэг бүхий л нөхцөл байдлыг хэргийн үйл баримтын талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхой дүгнэлгүйгээр “...шүүгдэгч Л.Н нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй лицензүүдийг 1.200.000.000 төгрөгөөр буюу зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж 2012 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулах ёстой байсан боловч төлөлгүй эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад 1.200.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан ...Шүүгдэгч нь ..., ... тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй лицензүүдийн эрхийг өөрт шилжүүлэн авахын тулд Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлж хохирогчтой хуулийн этгээд хооронд гэрээ байгуулж, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан нь гэрээгээр халхавч хийн хохирогчийг төөрөгдөлд оруулж гэмт санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл. ...хохирогч, шүүгдэгч нарын хооронд байгуулсан гэрээнүүд нь анхнаасаа биелэгдэх боломжгүй буюу шүүгдэгч нь ..., ... тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй лицензүүдийг худалдан авах санхүүгийн боломжгүй байсан...” гэж дүгнэснээс өөрөөр хэргийн бодит байдлын талаар хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй нь шүүхийн тогтоолд тавигдах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Л.Нын хохирогч М.Аын “Эрдэнэлинк” ХХК-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт байрлах ..., ... тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй лицензүүдийг 1.200.000.000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн, улмаар нэмэлт хэлцэл хийх замаар төлбөр төлөх хугацааг хойшлуулж, уг лицензийг “Хас” банкнаас авсан зээлийн барьцаанд тавьсан, мөн зээлийг төлж барагдуулсан, мөн өөр хуулийн этгээдэд “Уурхай худалдах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх”, “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх” зэрэг гэрээгээр халхавчлан ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрлийг худалдсан, төлбөрөө авсны дараа хохирогчид үнийг төлөхгүй өдийг хүрсэн зэрэг хэргийн бүх нөхцөл байдалд бүхэлд нь дүгнэлт хийх шаардлагатай байна.
Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршигт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.
Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Ныг бусдад 1.200.000.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогч М.Ад 884.482.000 төгрөгийг төлөх үндэслэлтэй талаар дүгнэлт хийсэн атлаа гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирлын хэмжээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхцөл байдалд бодитой, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгөлгүйгээр “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж үндэслэлгүй дүгнэлт өгч, шүүгдэгч Л.Ныг 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй талаар гаргасан хохирогч М.Аын давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Л.Нт ял оногдуулахдаа хөрөнгийн тодорхой эх үүсвэртэй эсэх, 884.482.000 төгрөгийн хохирол дээр нэмж торгох ялын 20.000.000 төгрөгийг төлөх бодит бололцоотой, оногдуулсан торгох ял биелэх боломжтой эсэх, ийнхүү торгох ял оногдуулах болсон шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцлийн алинд хамаарч байгаа, эсхүл уг зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Онцгой нөхцөл”-д тооцогдох эсэх талаар тус тус дүгнэлт хийгээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзаагүй гэж үзэх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, хохирогч хэн аль нь “Энэ хэрэгт байгаа М.А, Л.Н, Б.Мөнхбаатар нарын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “Нэмэлт гэрээ”/1хх 23-24/-нд шүүгдэгч Л.Нын гарын үсгийг хуурамчаар зурсан асуудлыг Баянгол дүүргийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа” талаар тайлбарлаж байх ба яригдаж байгаа уг нотлох баримт нь энэхүү шүүгдэгч Л.Нт холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтойгоос гадна аливаа шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэмжээний дотор дүгнэлт хийж, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, дүгнэж шийддэг тул уг хэрэгт байгаа нотлох баримтыг хуурамч эсэхийг энэ хэргээс тусад нь шалгах хууль зүйн үндэслэлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...хуурамч нотлох баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж шийдвэр гаргасан нь тогтоогдсон” бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй хэргийг сэргээн шалгах хууль зүйн үндэслэл бүрддэг байтал шүүхээр шийдвэрлээгүй эрүүгийн хэргийн нотлох баримттай холбоотой асуудлаар тусад нь шалгаж байгаа явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зарчимд нийцэхгүй болохыг энэхүү магадлалд дурдах нь зүйтэй.
Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул шүүгдэгч Л.Нын өмгөөлөгч Т.Багахүүгийн гаргасан давж заалдах гомдолд тодорхой хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Нт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Л.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.ОЧ