| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2020/00154/И |
| Дугаар | 183/ШШ2020/02558 |
| Огноо | 2020-09-23 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2020/02558
2020 09 23 183/ШШ2020/02558
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг ......... тоотод оршин суух Б овогт Ч.Б / РД:0000000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг ............. тоотод оршин суух Б овогт Н.М /РД:00000000/-т холбогдох
1 367 229 000 төгрөгийг буцаан гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 560 704 390 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, Д.Д, Ш.Г, хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Э.Х, О.М, гэрч Д.Э, Д.Ц, П.А, Ш.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч ХХК-ийн захирал бөгөөд Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Э болон түүний гэр бүл болох Л нартай олон жилийн найз нөхөд байсан учир өнгөрсөн хугацаанд бие биедээ итгэх итгэлийн үндсэн дээр олон жил хамтран ажиллаж харилцан мөнгө шилжүүлдэг байсан. Дээрх үйл явдлын нэг нь Д.Эын хүсэлтээр Н.Мт 00000000 дугаарын Хаан банкны данс руу 501 000 ам долларыг шилжүүлж байсан. Гэтэл Д.Э бидний хооронд маргаан үүсэж, 2016 оноос хойш Д.Э, Н.Л нарын нэхэмжлэлтэй Ч.Б, Ч ХХК нарын хооронд иргэний маргаан үүсэж 3 жил шүүхээр хянагдаж 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 001/ХТ2019/00168 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолоор шийдвэрлэгдсэн. Энэхүү иргэний хэргийг биднийг хамтран ажилласан байна гэж дүгнээд төлбөр тооцооны асуудлыг нэг бүрчлэн тооцож дүгнэсэн ба Н.Мт шилжүүлсэн гэх 501 000 ам долларын асуудлыг шийдвэрлээгүй орхисон байдаг. Миний хувьд Н.Мт 501 000 ам доллар төлөх үүрэг байгаагүй, бидний хооронд төлбөр мөнгөний харилцаа байгаагүй учир түүнээс мөнгөө эргүүлэн шаардаж байна. Ч.М нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул буцааж өгөх үүрэгтэй ба Д.Этай найз нөхөд гэдэг байдлаар мөнгийг буцаан өгөхгүй, намайг хуурч байгаа тул цагдаад хандсан боловч эрүүгийн хэрэг үүсээгүй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулгаас харахад намайг хамтран ажиллах гэрээний дагуу 199 000 ам доллар өөрт нь өгөх ёстой гэсэн байна. Энэ гэрээ нь зүгээр л хэлбэр төдий Д.Эын гуйснаар хийгдсэн гэрээ бөгөөд гэрээний дагуу би ямар нэг үүрэг хүлээгээгүй. Энэ барилгад Ц, М нар ямар ч хамааралгүй. Тэрхүү барилгыг би өөрийн газар дээр 2005.08.09-ний өдөр барилга угсралт хийх эрх аваад зээл, өөрийн хөрөнгөөр бариад 2010.03.18-ны өдөр В ХХК-д худалдсан. Өнөөдрийг хүртэл энэ талаар ямар нэг маргаан Ч.М хийж байгаагүй тул энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Иймд үндэслэлгүйгээр олж авсан 501 000 ам долларыг Ч.Мээс гаргуулж, 2009.11.16-ны өдрийн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.
Хариуцагч Ч.М нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр Ц болон Э, Б нар нь найзууд бөгөөд мөнгө зээлээч, хамтран ажиллая гээд П-ид ирж байсан. 18,19 настайгаасаа найзалж байсан гэж ойлгосон. 2006 онд манай нөхөрт санал тавиад 2008 он хүртэл гуйдаг юм. 2009 оны 10 дугаар сард Ц Монголд ирсэн ирсний дараа намайг Бтай гэрээ хийчих гээд 2009 онд хамтран ажиллах гэрээ хийж байсан. 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдөр энэ гэрээний дагуу 501 000 ам доллар миний данс руу орж ирсэн. Хэдийгээр хамтран ажиллах гэрээн дээр үнийн дүн тавиагүй ч ашгийнхаа 50 хувийг өгөх байсан. Д.Эын гуйлтаар мөнгө шилжүүлсэн гэдэг худлаа, энэ их цаг хугацааны дараа эргүүлэн нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Э тэгж шилжүүл гэсэн юм бол Эаасаа нэхэх нь зөв шүү дээ. Эсхүл Ц гэдэг хүн татагдан орох ёстой. В ХХК-д худалдсан мөнгөнөөсөө 501 000 ам доллар шилжүүлсэн тул үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, яаж дүр үзүүлсэн гээд байгааг ойлгохгүй байна. 2007 оны 4 дүгээр сарын сүүлээр 500 000 еврог манай нөхрөөс Б П-ид байхдаа бэлнээр зээлдэн авсан гэдэг нь үнэн бөгөөд Э гэрчилнэ. Энэ үүргийг талууд Иргэний хуулийн 236 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулах замаар өмнөх үүргийг сольж гэрээ байгуулсан. Мөн хуулийн 492 дугаар зүйл бол талуудын хооронд огт үүрэг үүсээгүй, эсхүл тэр үүрэг бодит байдал дээр үүсээгүй байж болдог. Б энэ хамтран ажиллах гэрээн дээр өөрөө гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр тул шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ч.М нь шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б нь тус шүүхэд хандан надаас үндэслэлгүйгээр авсан гэх 501,000 ам доллар буюу 1,367,229,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлүүлэхээр энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Миний бие Ч.Бтай айл хөрш, зэргэлдээ амьдардаг бөгөөд манай нөхөр Д.Ц, Д.Э, Ч. Б нар нь багын танил найзууд юм. Д.Э болон түүний эхнэр болох Н.Л, Ч.Б нар хамтран олон жил бизнес хийж хамтран ажиллаж байсан. Хамтран ажиллаж байх хугацаанд Д.Э, Н.Л болон Ч.Б нарын хооронд маргаан гарч тухайн маргаан нь 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн байдаг ба тухайн маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд Н.М надтай холбоотой 400,000 ам долларын асуудал дурдагдсан байна. Шийдвэр, магадлал, тогтоолд дурдагдсан дээрх 400,000 ам долларын асуудлын хувьд манай нөхөр Д.Цээс авсан бөгөөд миний дансаар авсан мөнгөө буцаан шилжүүлж өгч байсан. Дээрх тэдний хамтран ажиллаж байсан үйл явдлыг гэрчлэх нэг үйл баримт нь Ч.Б нь надтай бичгээр байгуулж нотариатаар ч гэрчлүүлсэн “Хамтран ажиллах гэрээ” юм. Өөрөөр хэлбэл, Ч.Б, Д.Э нар нь манай нөхөр Д.Цээс бэлэн мөнгө авч байсныхаа баталгаа болгож олсон ашгаа адил тэнцүү хуваах зорилготой амаар хийсэн тохиролцоогоо биднийг 2009 онд Монгол улсад ирэхэд баталгаажуулж, 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүрэгт байрлах /............./ оффисын зориулалттай доороо зоорьтой, нийт 4 давхар 17+18 м хэмжээтэй 1530 кв.м талбай бүхий гэрчилгээний 000000 дугаартай дутуу баригдсан үл хөдлөх эд хөрөнгө, 630 м2 талбай бүхий газрыг хамтран эзэмшиж ашиглах зорилгоор хамтран ажиллах эрээг байгуулсан. Ч.Б нь барилгын санхүүжилтээр биднээс авсан 500,000 еврог захиран зарцуулж дээрх оффисоо үргэлжлүүлэн барьж дуусгасан бөгөөд улмаар 2010 оны 03 сарын 18-ны өдөр В ХХК-д үл хөдлөх хөрөнгө болон газрыг нийт 2,200,000 ам доллараар худалдсан бөгөөд Хамтран ажиллах гэрээний дагуу Н.М миний эзэмшлийн 50 хувь буюу хамтран эзэмшиж, ашиглах гэрээний үүргээ биелүүлэхгүй харин ч надаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилсэн байна. Ч.Б Э нь манай нөхөр Цтэй хамтран ажиллаж ашгаа тэнцүү хуваахаар аман тохиролцоог байгуулж үүнийгээ бичгээр баталгаажуулсан хэр нь уг тохиролцоондоо хүрэхгүй, олсон ашгаа ч хуваагаагүй мөртлөө манай нөхөр Цээс авсан мөнгөө эргүүлэн өгөхдөө миний дансаар орлого гэсэн гүйлгээний утгаар шилжүүлж үүнийгээ нотлох баримт болгон шүүхэд ашиглаж, бидний эрх ашгийг зөрчиж байгаа ба цаашид бас юуг биднээс худлаа нэхэмжлэхийг мэдэхгүй байна. Хамтран ажиллах гэрээг байгуулахдаа гэрээнд дурдагдсан хөрөнгийг 50, 50 хувиар эзэмшиж, ашиглана гэсэн боловч Ч.Б нь биднээс огт зөвшөөрөл авахгүйгээр В ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулж 2,200,000 ам доллароор худалдсан ба уг худалдсан үнийн дүнгийн 50 хувь болох 1,100,000 ам долларыг авах ёстой байсан. Ч.Б, Н.М бид хоёрын хоорондох хамтран ажиллах гэрээтэй холбоотой төлбөр тооцооны асуудал дуусаагүй байгаа бөгөөд одоо үлдэгдэл төлбөр нь 199,000 ам доллар байгаа болно. Иймд хариуцагч Ч.Бгаас хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр болох 199,000 ам доллар буюу 560,704,390 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Н.Мт холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн 501 000 ам долларыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шаардлагаа талуудын хооронд байгуулсан 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэмэгдүүлснийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ч.Б, Ч ХХК-д холбогдох Н.Л, Д.Эын нарын нэхэмжлэлтэй Н.Лгээс хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 893200 ам доллар буюу 1 816 933 520 төгрөг, Д.Эаас хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 621 000 ам доллар болон 77800 евро буюу 1 429 370 140 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн байна.
Тодруулбал Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 001/ХТ 2019/00168 тоот тогтоолоор 2001-2010 онуудын харилцааг хамран шийдвэрлэсэн байх ба 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ч.Бгаас Д.Эд шилжүүлсэн 400 000 ам долларыг Н.Мт Ч.Бгийн өмнөөс шилжүүлсэн гэх нэхэмжлэгч Д.Эын тайлбарыг үндэслэлгүй гэж үзээд талуудын тооцооноос хасаж тооцжээ.
Харин маргаж буй 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Ч.Бгаас Н.Мт шилжүүлсэн гэх 500 000 ам долларын асуудлыг шүүх шийдвэрлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүнийгээ шүүх хуралдаанд дэмждэг.
Харин хариуцагч нь бидний хооронд байгуулагдсан 2009 оны хамтран ажиллах гэрээний үүрэгт 501 000 ам доллар шилжин орж ирсэн тул буцаан өгөх боломжгүй, харин ч тус гэрээний дагуу үлдэгдэл 199 000 ам долларыг нэмж өгөх үүрэгтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалздаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5,25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3 -д зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч хэргийн үйл баримт гэм буруу болон өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд: 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Н.М, Д.Ц нарын эзэмшдэг ХААН банкны 0000000000 дугаарын дансанд мөн банкны 000000000 тоот данснаас “Б-С ШИЛ-В 500000” гэсэн утгатайгаар 501 000 ам доллар шилжсэн, шилжүүлсэн талаар талууд маргадаггүй.
Гагцхүү энэ долларыг нэхэмжлэгч нь Д.Эын гуйлтаар шилжүүлсэн, хариуцагчийн өмнө хүлээсэн үүрэг байхгүй гэдэг бол хариуцагч нь нөхөр Д.Цээс Ч.Б 500 000 евро зээлж авсны үр дүнд байгуулагдсан 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээний үүрэгт тооцогдох ёстой гэсэн үндэслэлээр татгалздаг.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Учир нь Д.Э нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн /1 хх-ийн 198-199 хуудас/ давж заалдах шатны шүүх хуралдаан дээр “...Ч.Б, Ч.М нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, Н.Мт 500 000 ам доллар шилжүүлсэн, мөн надаар дамжуулан 400 000 ам доллар өгүүлсэн” гэж тайлбарладаг боловч давж заалдах шатны шүүх энэхүү 400 000 ам долларыг Ч.Б нь Д.Эд буцаан төлсөн байна гэж дүгнээд талуудын тооцооноос хасжээ.
Хэдийгээр Д.Э нь тус шүүхэд “Д.Ц нь Ч.Бд 500 000 евро зээлдүүлж байсныг харсан, мөн 2009.03.03-ны өдөр 501 000 ам долларыг өөрийнх нь заавраар Ч.Б шилжүүлээгүй буюу Н.Мт Ч.Б өглөгтэй байсан” талаар мэдүүлдэг ч өөрийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан дээр 501 000 ам доллароос гадна 400 000 ам долларыг Ч.Б нь Н.Мт шилжүүлж байсан талаар тайлбарласныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр үгүйсгэсэн байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв эсэхэд үнэлэхэд эргэлзээ үүсэж байна.
Тодруулбал давж заалдах шатны шүүх 400 000 ам долларыг Н.Мт бус өөрт нь Ч.Бгаас шилжигдэн орж ирсэн талаар дүгнэжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэх заалтад хамаарна.
Түүнчлэн хэрэгт авагдсан 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 01-2/2874 дугаартай Гаалийн Ерөнхий газрын албан бичгээр “Ч.Б нь 2007-2008 онуудад улсын хилээр орж ирэхдээ гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа, валютын мэдээлэл гаалийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” гэсэн байгаагаас харахад Ч.Б нь 500 000 евротой Монгол улсын хилээр нэвтэрсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хөрөнгө олж авсан этгээд болох Н.М, үүрэг гүйцэтгэгч Ч.Б нарын хооронд ямар нэг үүрэг үүсээгүй байна. Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авах харилцаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дуусахаар байна.
Мөн талуудын хооронд байгуулагдсан гэх 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн ба энэхүү хэлцэл нь иргэний эрх зүйн харилцааг хууль зүйн дагуу үүсэх өөрчлөгдөх, дуусгавар болгох шинжгүй байна.
Талууд 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээгээр Сүхбаатар дүүрэг, ........... нутаг дэвсгэрт байрлах оффисын зориулалтай 4 давхар 1530 метр квадрат талбай бүхий барилгыг хамтран эзэмшиж, ашиглах зорилгоор байгуулсан гэх ба 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 01 дугаартай үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээгээр 2 200 000 ам доллароор В ХХК-д худалдсан болохыг хариуцагчийн гэр бүлийн хүн, нөхөр Д.Ц нь тухайн үед мэдэж байсан талаар мэдүүлдэг.
Түүнчлэн тухайн барилгыг Н.М огт ашиглаж байгаагүй, барилга баригдах явцад ямар ч оролцоо байгаагүй талаар гэрч П.А мэдүүлж, мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн барилга баригдах хугацаанд хөтлөгдөж байсан дэвтрүүдээр тогтоогдож байна.
Мөн 2 200 000 ам доллароос 501 000 ам доллар, мөн 400 000 ам долларыг Д.Эаар тус тус шилжүүлэн авч, үлдэх 199 000 ам долларыг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Ч.Бд гэрээний үүрэг биелүүлэх талаар ямар нэг шаардлага огт гаргаж байгаагүй нь энэхүү гэрээгээр талууд эрх үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзэлгүй, хууль зүйн ямарваа нэг үр дагавар гаргахыг хүсээгүй, гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьдал болгосон шинжтэй байна.
Улмаар хэлцэл хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон бол үүнээс үүсэх үр дагаварт хөөн хэлэлцэх хугацааг хамаарахгүй гэж үзсэн болно.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон ...” гэсэнтэй нийцэж байх тул хариуцагчаас 501 000 ам доллар буюу үүрэг үүсэх үеийн ханшаар хөрвүүлэн 626 996 490 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Учир нь энэхүү 501 000 ам долларыг шаардан авах эрх 2009 онд нэхэмжлэгчид нээлттэй байсан, тухайн үед шаардлагаа гаргаагүй нь нэхэмжлэгчийн өөрийнх нь буруу тул валютын ханшийг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т зааснаар/ 1 хх-ийн 42 хуудас/ 1251,49 төгрөгөөр бодсон болно.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэх 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэнтэй холбоотойгоор сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Мөн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах оффисын зориулалтай 4 давхар 1530 метр квадрат талбай бүхий барилгыг 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 01 дугаартай үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээгээр 2 200 000 ам доллароор В ХХК-д худалдсаны гэх үндэслэлээр тал үнэ болох 1100 000 ам доллароос 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 501 000 ам доллар, 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Д.Эын дансаар 400 000 ам долларыг хасаад үлдэх 199 000 ам долларыг нэхэмжилдэг.
Гэвч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Д.Эын дансаар 400 000 ам долларыг Ч.Б, Д.Э нарын хоорондын тооцооноос хассан байх тул нэхэмжлэл үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.Б, Н.М нарын хооронд байгуулагдсан 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Н.Мээс 626 996 490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгож, үлдэх 740 232 510 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Мийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний үүрэгт Ч.Бгаас 560 704 390 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 070 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 363 132 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б овогт Ч.Б / РД:00000000/-д олгож, хариуцагч Н.Мийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 955 582 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ