Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/01166

 

“А ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                       

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01452 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1942 дугаар магадлалтай,                                                                                                                            

“А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Б ” ХХК-д холбогдох

149,500,000 төгрөгийн НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг хүргүүлэхийг даалгах, 2016.06.22-ны өдрийн гэрээний дагуу үлдэгдэл 70,000,000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэл,

гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг      

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сарнай, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А ” ХХК нь хариуцагч “Б ” ХХК-д холбогдуулан 149,500,000 төгрөгийн НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг хүргүүлэхийг даалгах, 2016.06.22-ны өдрийн гэрээний дагуу үлдэгдэл 70,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2016.06.22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01452 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 58.2.1, 189 дүгээр зүйлийн 189.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 10 дугаар зүйлийн 10.2.3, 17 дугаар зүйлийн 17.3.4-т зааснаар хариуцагч “Б ” ХХК-д 149,500,000 төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татварын шивэлтийн баталгаажуулалтыг хийж, баримтыг нэхэмжлэгч “А ” ХХК-д хүргүүлэхийг даалгаж, үлдэх 70,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 58.2.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “А ” ХХК, хариуцагч “Б “ ХХК-ийн 2016 оны 06 сарын 22-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч “А ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 595,000 төгрөгөөс 578,150 төгрөгийг, хариуцагч “Б ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 857,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 16,850 төгрөгийг, хариуцагч “Б ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д олгож, нэхэмжлэгч “А ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 857,950 төгрөгийг гаргуулан хариуцагч “Б ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1942 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01452 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б ” ХХК-аас 70,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д олгож, үлдэх 149,500,000 төгрөгийн НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг хүргүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 06 сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч “Б ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 595,000 төгрөг болон 857,900 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 16,850 төгрөгийг улсын төсвөөс, улсын тэмдэгтийн хураамжид 507,950 төгрөгийг хариуцагч “Б ” ХХК-аас тус тус гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д буцаан олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.11-ний өдрийн 1942 дугаар магадлалыг зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь хэргийн нөхцөл байдалд буруу дүгнэлт хийсэн бөгөөд хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайлбал, магадлалын хянавал хэсэгт “улмаар “А ” ХХК ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас гарч “Б ” ХХК цаашид орон сууцны барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцсон гэж үзэхээр байна” гэжээ. Нэхэмжлэгчид ашигтай байдлаар ихэд зөөлрүүлэн бичжээ. Гэтэл бодит байдал дээр “А ” ХХК нь СХДЗДТГ болон “Б ” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тал мөнгө нэхэмжлэх, шаардах эрхгүй. Магадлалын хянавал хэсэгт дурдаад байгаа шиг “үргэлжлүүлэн гүйцэтгэхээр” тохиролцсон зүйл байхгүй. Ийнхүү тохиролцох ч боломжгүй. “А ” ХХК-ийн СХД-ийн ЗД-тай 2015.05.18-нд байгуулсан “Дүүргийн тамгын газрын ажилчдын орон сууцны ажил гүйцэтгэх гэрээ”-гээр СХДЗДТГ-ын ажилчдын орон сууц барих үүрэг хүлээсэн ч энэхүү үүргээ биелүүлээгүй. Уг гэрээний 3.1-д “2015.11.15-ны өдөр дотор хүлээлгэж өгөх”-өөр тусгасан байдаг. Гэтэл энэ үед туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй буюу санхүүжилтээ өгөөгүй алга болсон байсан үе юм. СХДЗД-тай байгуулагдсан гэрээ нь цуцлагдсан нь хэргийн материалд авагдсан СХДЗДТГ-аас ирүүлсэн баримтуудаар тогтоогддог. Нэхэмжлэгчтэй анх гэрээ байгуулсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь гэрээгээ цуцалсан байхад “А ” ХХК нь гэрээний үүргээ шилжүүлэх талаар 2016.06.22-нд хэлцэл хийх эрхгүй шүү дээ. Харин гэрээ нь хүчин төгөлдөр байсан бол өөр хэрэг. Магадлалын хянавал хэсэгт “Зохигчид 2016.06.22-ны өдөр гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр “А ” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын орон сууцны барилгын ажил гүйцэтгэгчийн эрх, үүрэг, хариуцлагыг “Б ” ХХК-д шилжүүлэн өгөх ... тус тус тохиролцсон байна” гэж бичдэг. Дээр дурдсанаар “А ” ХХК нь үүргээ биелүүлээгүйн улмаас захиалагч нь гэрээгээ цуцалж, “Б ” ХХК-тай гэрээгээ байгуулсан байсан. Өөрөөр хэлбэл, гэрээ нь цуцлагдсан байхад гүйцэтгэгч биш болсон байж “А ” ХХК ямар гүйцэтгэгчийн ямар эрх, үүрэг, хариуцлагыг шилжүүлэх вэ. Уг эрх, үүрэг, хариуцлага нь өөрт нь хамаарахгүй болсон байхад шүү дээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргатай 2015.12.25-нд гэрээ байгуулсан буюу гүйцэтгэгчийн эрх, үүрэг, хариуцлага нь хууль ёсоор үүссэн “Б ” ХХК-д “А ” ХХК-аас эрх, үүрэг шилжүүлэн авах шаардлага байхгүй. Ийнхүү гэрээ хийх ч боломжгүй билээ. Уг харилцаанаас гарсан үүргээ биелүүлээгүй, ажил гүйцэтгэх эрхгүй “А ” ХХК нь ямартай ч бусдад СХД-ийн ажилчдын орон сууцны асуудлаар эрх, үүргийг нь шилжүүлэн өгөх боломжгүй. Ийм байхад уг нөхцөлийг хүчин төгөлдөр мэтээр дүгнэж, магадлалдаа тусгаж байгаа нь давж заалдах шатны шүүх хэтэрхий нэг талыг барьж, зохицуулалтыг нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарлаж байгаагийн илэрхийлэл юм.

Магадлалын хянавал хэсэгт “Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан Тооцоо нийлэх гэрээний харилцаанд хамааруулах үндэслэлтэй буюу “А ” ХХК орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгон “Б ” ХХК ерөнхий гүйцэтгэгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх болсонтой холбоотойгоор ..." гээд цааш үргэлжлүүлэн бичжээ. Магадлалд 2016.06.22-нд “А ” ХХК орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгосон гэсэн агуулгаар бичиж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь “А ” ХХК нь олдохгүй, оршин байсан газраасаа нүүсэн, шаардлага гаргах боломжгүй, хариуцах эзэнгүй болсон байсан учраас СХДЗД-ын зүгээс гэрээгээ цуцалсан байдаг. Ингээд гэрээ цуцлагдсан учраас “Б ” ХХК-тай 2015.12.25-нд гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, “А ” ХХК болон СХДЗД-ын хооронд үүссэн барилгын ажил гүйцэтгэх гэрээний харилцаа 2016 оны хавар бус 2015 оны намар дууссан гэсэн үг. Хэрвээ уг харилцаа дууссан эсэх асуудлаар нэхэмжлэгч маргах хүсэлтэй бол СХДЗД-тай маргалдах ёстой биз ээ. Мөн Магадлалд “Б ” ХХК-ийг 2016.06.22-нд “ерөнхий гүйцэтгэгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх болсон” гэж бичиж байгаа нь үндэслэлгүй. Дахин дахин дурдахад 2015.12.25-нд СХДЗД-тай гэрээ байгуулснаар уг эрх, үүргийг хэрэгжүүлж байсан болно. Тооцоо нийлэх гэрээнд хамруулах үндэслэлтэй гэж хийсвэр дүгнэлт хийж байгааг ч зөвшөөрөхгүй байна. Тухайн компаниас үнэхээр зардал гарсан уу гэсэн асуудал өмнө нь УДШ-ээс хэрэг буцахад хөндөгдсөн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ч холбогдох санхүүгийн баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Ийнхүү баримт бүрдүүлэхдээ илэрхий хуурамч, хамааралгүй баримтуудыг бүрдүүлэн өгсөн. Тухайлбал, зарим санхүүгийн баримтууд нь огт нотлогдоогүйгээс гадна цалин өгсөн гээд байгаа боловч дансны хуулгад нь тусгагддаггүй, удирдлагын зардал Удирдлага гэж хэнийг хэлж байгаа нь тодорхойгүй, ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр байдаггүй. Мөн тухайн объектод хамааралтай гэдэг нь тогтоогддоггүй. Магадлалд 2016.06.22-ны өдрийн гэрээний талаар “Б ” ХХК-ийн тайлбар баримтаар няцаагдаж байна гэж дүгнэж холбогдох баримтуудыг дурдсан нь ч учир дутагдалтай байна. Тухайлбал, Давж заалдах шатны шүүх нь гэрч тухайн үед СХД-ийн засаг даргаар ажиллаж байсан М.Чинболд, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны СХД дэх хэлтсийн дарга Б.Баярмагнай нарын мэдүүлгээс зөвхөн нэхэмжлэгчид тал давуу байдал олох хэсгийг үндэслэн магадлалд тусгажээ. Дээрх 2 гэрчийн мэдүүлэгт М.Чинболд нь 2016 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшиж байсан сонгуулиас хэд хоногийн өмнө шөнө “А ” ХХК-аас ярьж дарамталсан талаар дурдсан. Мөн гэрч Б.Баярмагнай нь гэрээг би бичсэн байх С.Батсайханд өгсөн О.Бямбадоржийг гарын үсэг зурчих гэж гуйсан гэх зэрэг мэдүүлэг байдаг. Мөн гэрээг шивсэн бичсэн гэх Б.Баярмагнай нь СХД-ийн эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга байж байхдаа тус 20 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг хариуцаж байгаад 2016 оны 01 сард үүрэгт ажлаа өгч түүний ажлыг М.Ууганбаатар авсан байдаг. Гэтэл Б.Баярмагнай нь тус гэрээг байгуулах үед маргаан бүхий ажилд огт хамааралгүй бөгөөд Засгийн газрын харьяа хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагаар ажиллаж байсан. Гэрээг үйлдсэн газар нь зохигч талуудад огт хамааралгүй газар хэрхэн үйлдэгдсэн нь тодорхойгүй байдаг. Гэрч М.Ууганбаатар нь мэдүүлэгтээ “А ” ХХК нь тус барилгад ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй мөн бидний 6 иргэнээс хуурч захиалга аван алга болсон харин “Б ” ХХК нь алдагдал бүх зүйлийг хүлээн ашиглалтад оруулж бидний 6 иргэнийг хохиролгүй болгосон талаар дурдсан байдаг. М.Ууганбаатар нь 2016.06.22-ны гэрээ гэх зүйл байгуулагдах үед би тус ажлыг хариуцаж байсан тухайн үед Улсын их хурлын сонгуулийн үе байсан “А ” ХХК нь олон сар жил алга болчхоод энэ үеэр гарч ирэн нэр дэвшигч рүү хандсан байдаг арга буюу “Б ” ХХК-ийг гэрээг байгуулах хүнд байдалд оруулж байгуулсан байдаг талаар дурдсан байдаг юм. Гэрээний 1.1-д “А ” ХХК нь тус орон сууцыг барих гүйцэтгэгчийн эрх, үүрэг, хариуцлагыг захиалагчдын урьдчилгаа төлсөн баримт болон гэрээ дагалдах бичиг баримтын хамтаар “Б ” ХХК-д шилжүүлнэ гэж заасан. Гэтэл хэрэгт нэхэмжлэгч талаас хүлээлгэн өгсөн нэг ч баримт байхгүй бөгөөд удахгүй өгнө хэмээн төөрөгдөлд оруулж гэрээг байгуулсан. Огт тооцоо нийлсэн акт, хүлээлгэн өгсөн баримт бичиг байхгүй байхад давж заалдах шатны шүүх байсан мэтээр дүгнэсэн юм. Гэрээний 1.2-т тухайн барилгад оруулсан бүх хөрөнгө оруулалт болох 140 сая төгрөг гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй гэдгээ шат шатны шүүхэд тайлбарласан зөвхөн 85 сая төгрөгийн үнэ бүхий Лексус 570 машин шилжүүлсэн гэдэг. Гэтэл тус машиныг нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчиж санхүүжилтээ хийгээгүйн улмаас “Тайгын булаг” ХХК-ийн авто ломбардад барьцаалж тус барилгад оруулсан баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Одоог хүртэл нэхэмжлэлээ бүх хөрөнгө оруулалт уу, зардал уу гэдгээ ойлголгүй 4 жил шүүхээр маргаж бусдыг төөрөгдөлд оруулж байна. 2020.09.11-ний өдрийн 1942 тоот магадлалд тус гэрээг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гол агуулга болох Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. Гэтэл гэрээний 3 дахь хэсэг зөвхөн манай байгууллагын хариуцлагыг тусгасан, мөн зохигч талуудад огт хамааралгүй этгээд гэрээг үйлдсэн, хариуцагч манай байгууллагын хүсэлт зоригийг огт тусгаагүй зөвхөн нэхэмжлэгч талд давуу байдал олгосон хариуцагч талыг мухардалд оруулсан гэрээ гэх зүйлийг үйлдсэн байдаг нь гэрээ нь Иргэний хуульд заасан талуудын эрх ашиг, үүрэг хариуцлага, хүсэл зоригийг бүрэн эрх тэгш хангаснаар тус гэрээ нь хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө, хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх шаардан авах эрхтэй гэж заажээ. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.05.21-ний өдрийн 001/ХТ2019/00725 тоот тогтоолын Хянавал хэсэгт “Анхан шатны шүүх үнэлэх боломжгүй дээрх баримтыг шаардлага хангасан хэлбэрээр шаардаж авах эрхээ хэрэгжүүлээгүй, улмаар эдгээр баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна” гэж үзсэн. Ингэснээр Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул 2018.12.26-ны өдрийн 37 тоот магадлалыг хэвээр үлдээсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Энэ хүрээнд нэхэмжлэгчээс анхан шатны шүүх удаа дараа шаардсан ч нэхэмжлэгч нь хэрэгт ач холбогдолгүй бөгөөд эрх зүйн харилцаанд ороогүй байх үеийн болон амин хувийн хэрэгцээнд зарцуулсан маш их үнэлэх боломжгүй баримтыг 70 сая төгрөг орчимд цуглуулан шүүхэд гаргаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, зохигч талууд 2015.08.15-нд гэрээг байгуулсан мөн 2015.12.25-нд эрх зүйн харилцаа нь дуусгавар болсоор байтал он цаг хугацааны хувьд болон хэрэг маргаанд огт хамааралгүй баримтыг цуглуулж хүчээр 70 сая төгрөгт хүргэхийг санаархсаныг анхан шатны шүүх үнэлэх боломжгүй гэж үзсэн нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй юм. Манай байгууллага нь 85 сая төгрөгийн Лексус 570 авто машиныг нэхэмжлэгчийн буруутайгаас болж барьцаанд тавьж барилгад зарцуулсан бөгөөд 50 сая төгрөгөөр зээлдүүлэгчид хураалгасан мөн өөрсдөө баримтуудаа өгнө хэмээн 20 сая төгрөгийг нэмж нийт 70 сая төгрөг болгон авсан байдаг. Манай байгууллага бодит зардал болох авто машиныг авсан нь үнэн учраас мөн зарим 1 жижиг зардал байх боломжтойг харгалзан 70 сая төгрөг шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа хангахын тулд анхан шатны шүүхэд хэрэгт огт хамааралгүй маш олон тооны баримтыг ирүүлсэн нь шүүх хурлын явцад тогтоогдож шүүгчийн тогтоол гарсан байдаг. Иймд Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 1942 магадлалд өөрчлөлт оруулж, "Б ” ХХК-аас 70,000,000 төгрөгийг гаргуулан “А ” ХХК-д олгож” гэснийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. 

6. Нэхэмжлэгч “А ” ХХК 149,500,000 төгрөгийн НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг хүргүүлэхийг даалгах, 2016.06.22-ны өдрийн гэрээний дагуу үлдэгдэл 70,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч “Б ” ХХК бүхэлд нь эс зөвшөөрч, дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагч “Б ” ХХК-д 149,500,000 төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татварын шивэлтийн баталгаажуулалтыг хийж, баримтыг нэхэмжлэгч “А ” ХХК-д хүргүүлэхийг даалгаж, үлдэх 70,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “А ” ХХК, “Б “ ХХК-ийн хооронд 2016.06.22-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, хариуцагч “Б ” ХХК-аас 70,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д олгож, үлдэх 149,500,000 төгрөгийн НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг хүргүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох, хариуцагч “Б ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт  оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан байна. 

8. Хэргийн баримтаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, “А ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2015.05.18-ны өдөр гэрээгээр тус дүүргийн тамгын газрын ажилтан, албан хаагчдын 30 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэхээр тохиролцсон, дараа нь “А ” ХХК, “Б ” ХХК хооронд 2015.08.13-ны өдөр гэрээ байгуулагдаж, дээрх орон сууцны барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр “Б ” ХХК-ийг оролцуулсан, улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, “Б ” ХХК-тай 2015.12.25-ны өдөр гэрээ байгуулж, орон сууцны барилгын ажлыг цаашид “Б ” ХХК-аар гүйцэтгүүлэхээр болсон үйл баримтын талаар хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.

9. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон “А ” ХХК-ийн нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа, харин “Б ” ХХК, “А ” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасан ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн харилцаа тус тус үүссэн, улмаар “А ” ХХК ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас гарч, “Б ” ХХК цаашид орон сууцны барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцсон байна.

10. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2016.06.22-ны өдрийн гэрээгээр “А ” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын орон сууцны барилгын ажил гүйцэтгэгчийн эрх, үүрэг, хариуцлага, захиалагчдын урьдчилан төлсөн төлбөрийн баримт, гэрээ, дагалдах бичиг баримтыг “Б ” ХХК-д шилжүүлэн өгөх, “Б ” ХХК нь “А ” ХХК-ийн орон сууцны барилгын ажилд гаргасан зардал болох 140,000,000 төгрөгийг хоёр хувааж төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд өөрийн барьж орон сууцны барилгаас орон сууц, дулаан зогсоол өгөх, “А ” ХХК-аас шилжүүлсэн 149,500,000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалт хийж, баримтыг өгөх нөхцөлийг харилцан тохиролцсон, хариуцагч нь нэхэмжлэгчид дээрх хэлцлийн дагуу эхний 70,000,000 төгрөгийг төлжээ.

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

11.1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 58.2.1 дэх заалтад зааснаар 2016.06.22-ны өдрийн Гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул хариуцагчаас 70,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үндсэн нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож,  хариуцагч нь хэлцлийг хийхдээ ноцтой төөрөгдлийн улмаас буюу үр дагавар үүсгэхгүй гэж төөрөгдөн хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг хийсэн болох нь гэрч Б.Баярмагнай, М.Чинболд нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн гэж үзэхгүй.

11.2. Давж заалдах шатны шүүх “... “А ” ХХК орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгон, “Б ” ХХК ерөнхий гүйцэтгэгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхээр болсонтой холбоотойгоор талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг харилцан тооцоо нийлж, өглөг, авлагаа тодорхойлсон агуулгатай байна. Иймд “А ” ХХК уг гэрээгээр харилцан тохиролцсон үүргийг “Б ” ХХК-аас шаардах эрхтэй” буюу Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан тооцоо нийлэх гэрээний харилцаанд хамааруулах үндэслэлтэй гэж 2016.06.22-ны өдрийн гэрээний агуулгыг тайлбарласныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

11.3. Хариуцагч “Б ” ХХК нь 2016.06.22-ны өдрийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахдаа “... дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын ажлын хэсгийн даргын дарамт шахалтаар, ноцтой төөрөгдөж гэрээнд гарын үсэг зурж, тамга дарсан” хэмээн тайлбарласан нь хэрэгт авагдсан баримтаар няцаагдаж байгаа тухай давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байх тул “...хэргийн нөхцөл байдалд буруу дүгнэлт хийсэн” гэсэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

11.4. Маргааны үндэслэл болж буй 2016.06.22-ны өдөр зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, харилцан тохиролцож байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй буюу хариуцагч “Б ” ХХК-ийг бусдын дарамт шахалтад орсон, ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

11.5. Давж заалдах шатны шүүхээс “А ” ХХК-аас “Б ” ХХК-д шилжүүлсэн 149,500,000 төгрөгийн НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг хүргүүлэхийг даалгах шаардлагын тухайд тусдаа төрөлжсөн хууль тогтоомжоор зохицуулагддаг, эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд хамаарах харилцаа гэж дүгнэн, шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан талаар зохигч хяналтын журмаар гомдол гаргаагүй байна.

12. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1942 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 1,207,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           

 

                                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХТУЯА     

                                                            ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                             Н.БАЯРМАА

                             П.ЗОЛЗАЯА

                                                                                                                              Д.ЦОЛМОН