Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2020/01452

 

2020 оны 05 сарын 28 өдөр

                          181/ШШ2020/01452

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “А” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Ам” ХХК/РД: -д холбогдох

 

149 500 000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй “А” ХХК-д хүргүүлэхийг даалгуулах, 70 000 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун, хариуцагчийн төлөөлөгч О.Бямбадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Аюушжав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““А” ХХК нь “Ам” ХХК-тай харилцан тохиролцож тооцоо нийлж, 2016 оны 06 сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээгээр “Ам” ХХК нь 1. Тус компанид шилжүүлсэн 149,000,000 төгрөгт НӨАТ-н шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг “А” ХХК-д өгөх,

2. “А” ХХК-д төлөх мөнгөн төлбөр болох 140,000,000 төгрөгийг 2 хувааж буюу 50 хувийг 2016 оны 06 сарын 25-нд, үлдэгдэл хувийг 2016 оны 07 сарын 01-нд төлөх үүрэг хүлээсэн ба хэрэв үүргээ гүйцэтгээгүй бол хүлээх хариуцлагыг гэрээний 3 дугаар зүйлээр тохирсон байна.

Гэтэл хариуцагч компани нь одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёcoop биелүүлээгүй, тодруулбал 2016 оны 7 сард 8 сард 2 хувааж төлбөрөөс 70,000,000 төгрөгийг л төлж бусад үүргээ одоог хүртэл биелүүлээгүй.

Манай компаний зүгээс хариуцагчид удаа дараа мэдэгдэл шаардлага хүргүүлж хугацаа олгож хүлээсэн ч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үндсэн үүргийг биелүүлээгүй бөгөөд үүнээс болж компаний хэвийн үйл ажиллагаа доголдож, ажил тасалдаж асар их хохирол учраад байна.

Иймээс дараах шаардлагуудыг гаргаж байна.

1. “Ам” ХХК-д шилжүүлсэн 149,500,000 төгрөгт НӨАТ-н шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй “А” ХХК-д хүргүүлэхийг даалгах

2. Гэрээний 3.2-т заасны дагуу үлдэгдэл 70,000,000 төгрөгийн төлбөрт хариуцагч компаний барьж байгаа Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1-р давхрын 45.26 м2 бүхий В, С байрлалын 2 өрөө 2 айлын орон сууцыг “А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх.

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нэхэмжлэгч А ХХК нь шүүхэд дараах 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан

1. Ам ХХК-д шилжүүлсэн 149,500,000 төгрөгт НӨАТ-ийн шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг А ХХК-д хүргүүлэхийг даалгах.

2. 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний 3.2-т заасны дагуу үлдэгдэл 70,000,000 төгрөгийн төлбөрт хариуцагч компаний барьж байгаа Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын 45,26 м.кв талбай бүхий В, С байрлалын 2 өрөө 2 айлын орон сууцыг А ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх.

Гэтэл хариуцагч Ам ХХК нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх хийгдэх явцад нэхэмжлэлд дурьдсан 2 өрөө 2 айлын орон сууцыг Э.Солонго, Б.Гантогоо нарын нэр дээр шилжүүлж гэрчилгээ гаргуулсан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан орон сууцнууд нь бусдын өмчлөлд шилжсэн, Ам ХХК-иас нэхэмжлэх боломжгүй болсон тул 2016 оны 10 дугаар сарын өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 1 дэх “Ам ХХК-д шилжүүлсэн 149,500,000 төгрөгт НӨАТ-ийн шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг А ХХК-д хүргүүлэхийг даалгах” шаардлагыг хэвээр үлдээж, 2 дахь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна.

2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний 3.2-т заасны дагуу үлдэгдэл 70,000,000 төгрөгийн төлбөрт хариуцагч компаний барьж байгаа Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын 45,26 м.кв талбай бүхий В, С байрлалын 2 өрөө 2 айлын орон сууцыг А ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг “А ХХК болон Ам ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний үүргийг гүйцэтгэлийн үлдэгдэл 70,000,000 төгрөгийг гаргуулах” гэж өөрчлөх. Бүтэн 4 жилийн хугацаанд манай байгууллагын үйл ажиллагааг хохироосон учир гомдолтой байна. 70,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээ дэмжин оролцож байгаа. НӨАТ-ын шивилтийг манай дансаар ороод цааш дамжуулж байгаа учраас шивилтээ баталгаажуулаад өгчихөөр болчихож байгаа юм. “Ам” ХХК-ийн зүгээс байр авч буй иргэдийн НӨАТ-ын буцаан олголтыг манайх төлж байгаа, тиймээс НӨАТ-ын шивилт хийхгүй гэсэн  тайлбарыг гаргасан. Байр авч буй иргэдийн буцаан олголтыг төрөөс өгч байгаа болохоос биш хариуцагч талаас өгөөгүй. Татварын ерөнхий газраас хууль тайлбарласан албан бичиг өгсөн. Татварын ерөнхий газраас нэмэлтээр тайлбар авъя гэхээр шинэчилсэн хуулиар бид бүхэнд тайланг гаргаж өгөх боломжгүй, шүүх юм уу цагдаагаас хүсэлт ирэх юм бол бид дэлгэрэнгүй тайлбар гаргаж өгөх боломжтой гэсэн хариултыг өгсөн. Нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““А” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилтны орон сууцанд зарцуулсан зардлын баримтууд дээр маргаад байх шиг байна. Энэ баримттай маргах боломжгүй. Яагаад гэвэл “А” ХХК болон “Ам” ХХК-ийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээгээр зардлууд нь барилгад орсон гэдэг нь хангалтай нотлогдож байна. Тиймээс энэ талаар маргах боломжгүй. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа. Засаг дарга н.Чинболд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрээг байгуул гэж шаардаад байсан учир энэ гэрээг байгуулчихсан гээд байгаа. Шүүхэд мэдүүлэг өгөхдөө гэрээтэй холбоотой асуудлыг сайн мэдэхгүй гэж мэдүүлдэг. Тийм учраас энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох ямар ч боломжгүй. Энэ гэрээ Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан тооцоо нийлэх гэрээний агуулгыг илэрхийлж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “А” ХХК болон “Ам” ХХК нар тооцоо нийлж гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр эхлээд 70,000,000 төгрөгийг төлөх, дараа нь 70,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Энэ нь гэрээ дээр маш тодорхой байдаг. Үлдэгдэл 70,000,000 төгрөгөө төлөөгүй тохиолдолд 2 өрөө, 2 байрыг үл маргах журмаар шилжүүлэн өгнө гэж заасан. Энэ нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлд тооцоо нийлэх гэрээ гэж байгаа. 466.1-д тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ гэж заасан. 466.2-д тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрх үүснэ гэж заасан. Ингэж заасны дагуу Тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан. Нэгэнт гэрээ байгуулагдсан байгаа учраас 140,000,000 төгрөг зарцуулагдсан юм уу, үгүй юм уу гэдэг дээр маргах ямар ч боломжгүй. Талууд хүлээн зөвшөөрсөн үйл баримт байгаа. Энэ гэрээг н.Батсайхан авч ирж гарын зуруулсан гэж байна. Ийм зүйл байхгүй. Хавтаст хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан байгаа.” гэв.

 

Хариуцагч “Ам” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч О.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд “А” ХХК нь манай “Ам” ХХК-иас 140 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

“А” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын Тамгын газартай байгуулсан тус дүүргийн 18-р хороонд байрлах дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын ажилчдын 20 айлын орон сууцны гүйцэтгэгчийн эрх, үүрэг хариуцлагыг захиалагчдын урьдчилгаа төлсөн баримт болон гэрээ, дагалдах бичиг баримтын хамтаар “Ам” ХХК-д шилжүүлж, “Ам” ХХК нь “А” ХХК-ийн тухайн барилгад оруулсан бүх хөрөнгө оруулалт болох 140 сая төгрөгийг уг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлнө гэж 2016.06.22-нд байгуулсан гэрээнд заасан бөгөөд “А” ХХК нь дээрх барилгад хөрөнгө оруулсан гэх 140 сая төгрөгийн баримт тооцоогоо “Ам” ХХК-д гаргаж өгөх ёстой юм.

Гэтэл “А” ХХК нь өнөөдрийг хүртэл уг 140 сая төгрөгийн зарцуулалтын тайлан, санхүүгийн баримт материалыг гаргаж өгөөгүй, барилгад оруулсан LEXUS-570 маркийн машиныг 85 сая төгрөгөөр тооцож оруулсан боловч уг машиныг 50 сая төгрөгөөр Банк бус санхүүгийн байгууллагад тавьж барилгад зарцуулсан. Иймд “А” ХХК-с нэхэмжилж байгаа үнийн дүнг зөвшөөрөхгүй бөгөөд 140 сая төгрөгт тооцогдох санхүүгийн баримт тооцоог гаргаж өгсөний эцэст төлбөрийг төлөх эсэх асуудлыг шийдвэрлэх болно.

Нэхэмжлэлийн үнийн дүн буюу 70,000,000 төгрөг хүргэхийн тулд хэрэгт хамааралгүй баримтуудыг өөрөө төлсөн мэтээр гаргаж өгсөн. Бид нар 01 сарын хугацаанд л хоорондоо харилцсан. Гэтэл 7 сарын хугацаанд хэрэглэсэн шатахууны баримт, 7 сарын ярианы төлбөр, харилцаа холбооны зардлын баримтыг гаргаад өгчихсөн байгаа. Иймээс хэрэгт хуурамч баримт гаргаж өгч байгаа нь зүй зохисгүй үйлдэл байна. Тухайн эрх зүйн харилцаанд оролцсон гэрээгээр Арбитрын шүүх дээр маргасан. Гэрээний үүргээ ноцтой зөрчсөн байна. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй тал дээр маргаагүй. Манайхаас “А” ХХК-д 149,000,000 төгрөгийн шивилт хийх ямар ч үндэслэлгүй. 6 иргэнд 149,000,000 төгрөгийн шивилт хийж байхад хуулиараа аж ахуйн нэгж 1 л удаа татвар төлнө. Тиймээс хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх хангалттай үндэслэлтэй. Тухайн үед “А” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээч ээ гээд удаа дараа мэдэгдэж шаардсан боловч нэг ч удаа хариу арга хэмжээ аваагүй. Одоо мөнгө нэхэмжлээд, нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлт гэж явж байгаа. Ийм зүйл байж болохгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсч байна.” гэв.

 

Хариуцагч “Ам” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон төлөөлөгч О.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь “Ам” ХХК-тай харилцан тохиролцож тооцоо нийлж 2016 оны 06 сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан” гээд “Ам” ХХК нь л гэрээний үүргээ биелүүлээгүй мэтээр бичсэн байгаа нь үндэслэлгүй юм. 2015 оны 8 сарын 13-ны өдөр 15/09 тоот “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Энэхүү гэрээний үндсэн дээр “Ам” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилчдын 20 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх, “А” ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргийг хүлээсэн гэтэл “А” ХХК нь холбогдох хууль тогтоомж, гэрээний 4.1, 4.2 болон бусад заалтуудыг ноцтой зөрчиж, үүргээ биелүүлэлгүйн улмаас “Ам” ХХК нь дараах байдлаар хохирсон. Тухайлбал:

15/09 тоот гэрээний 1.1, 4.1/Барилгын ажлын зургийг барилгын ажилтай уялдуулан хугацаа алдалгүй гүйцэтгэгчид шилжүүлэн өгнө/-т заасны дагуу барилгын зургийг өгөх ёстой байтал “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх С.Батсайхан нь олдохгүй Лхамсүрэн нь барилгын ажил надад хамаагүй гээд байдаг байсан учраас зургийн компани дээр очиж уулзахад барилгын зургийг зурсан байсан. Зургийн мөнгийг төлөхгүй бол зурагаа өгөхгүй гээд байсан учраас бараг барилгын зургаас гуйж байж хуулбарлан авч хэрэглэж байгаад сүүлдээ арга буюу “Petronas tower” ХХК-д ын зургийн мөнгө болох 20 сая төгрөгөөс үлдэгдэл 12,6 сая төгрөг, зохиогчийн хяналтын 4,5 сая төгрөгөөс тохиролцож гэрээ хийн 2,250,000 төгрөгийг төлж хохирсон.

Анх уулзахад “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Батсайхан, захирал Р.Лхамсүрэн нар нь УББ 75-57 гэх улсын дугаартай Лексус 570 машиныг үзүүлж, 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд монголд орж ирсэн 85 сая төгрөгний үнэ бүхий ханш нь ийм байгаа тооцоонд оруулаад авчих гэсэн. Санхүүжилтээ хийхгүй манай ажил хангалттай хийсэн байсан учир 2015 оны 10 сард машинаа эхний ээлжинд шилжүүл гэсэн шаардлага тавихад уг машины урд шил хагархай, улсын дугаар нь өөр буюу 02-33 УНЛ, үйлдвэрлэгдсэн он нь 2009 оных мөн мөргөлдөөд будаг болсон, машины эзэмшил нь өөр хүн дээр байсан. Ийнхүү автомашиныг шилжүүлж авсны дараа төлбөрөө төлөхийг шаардахад С.Батсайхан, захирал Р.Лхамсүрэн нар нь “Чи шилжүүлэн авсан Лексус 570 машинаа барьцаалаад түр мөнгө аваад хэрэглэж бай. Удахгүй мөнгийг чинь өгнө. “А” компанийн зүгээс зээлийн үндсэн төлбөр болон хүүг нь төлчихнө” гэсэн. Бас л энэ үгэнд нь итгээд 2015 оны 10 сарын 22-нд “Сайн авто ломбард”-д 50 000 000/тавин сая/ төгрөгийн барьцаанд тавьсан, Гэвч удахгүй гэсэн хугацаа өнгөрч 1 cap 3 хонож байхад түр хүүг нь өгөөд сунгуулж бай гээд 2,500,000 төгрөг Хаан банкны 5855005613 тоот дансруу шилжүүлсэн. Машин барьцаалсан эхний cap байтугай түүнээс хойш ч “А” ХХК-ийн зүгээс зээл болон хүүг төлөегүй. Мөн манай компанид төлбөрөө ч төлөөгүй. Автомашиныг авч өгнө гэж худлаа ярьсаар төлбөрийн дүн нь өсөж хураалгасан. Манай компани нь барьцаанд тавьж авсан мөнгийг тухайн барилгад зарцуулсан байдаг тул баримтыг нь хавсаргалаа. Тиймээс өөрсдийнх нь үнэлгээгээр манай компанид 85 000 000 төгрөгөөр өгсөн тул зөрүү төлбөр 35 000 000/гучин таван сая/ төгрөгөөр хохирсон.

“А” ХХК нь СХД-ийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-тай захиалагчийн хяналт тавиулахаар 2015 оны 8 сарын 18-ны өдрийн 01 тоот Сонгино хайрхан дүүргийн 18-р хороонд ажилчдын орон сууцны зориулалттай 5 давхар цутгамал төмөр бетон каркасан барилгад инженерийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын гэрээ байгуулсан байсан боловч төлбөрийг нь төлөөгүй байсан. Уг төлбөр болох 13 156 699/арван гурван сая нэг зуун тавин зургаан мянга зургаан зуун ерэн есөн/ төгрөгийг “Ам” ХХК төлж хохирсон.

“А” ХХК нь тухайн барилгын захиалагч 6 иргэнээс нийт 150 410 400/нэг зуун тавин сая дөрвөн зуун арван мянга дөрвөн зуун/ төгрөгийг хүлээн авсан байдаг бөгөөд үүнээс манай компанид 147 000 000/ нэг зуун дөчин долоон сая/ төгрөгийг нь шилжүүлэн өгсөн байдаг. Энэхүү мөнгийг өөрсдөө өгч байгаа мэтээр тооцоод байдаг байсан ч өөрсдийнх нь мөнгө бус захиалагч иргэдийн мөнгө байсан. Уг барилгын асуудлаар “А” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учраас СХД-ийн ЗД-ын зүгээс гэрээг цуцалж, 2015 оны 12 сарын 25-ны өдөр “Ам” ХХК-тай “СХД-ийн засаг даргын тамгын газрын ажилчдын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан манай компани уг барилгыг барьж дуусгасан. Гэтэл захиалагч иргэдийн урьдчилан төлсөн төлбөрийг бид төлсөн тооцоод тооцоогоо хийхэд “А” ХХК нь нийт 3,410,400 төгрөгийг дутуу өгч манай компанийг хохироосон байдаг.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ажлын хэсгийн дарга н.Баярмагнай гэх хүн нэг гэрээ байгуулаад өгчихөө ч ээ дараа нь учраа олъё, “А” ХХК-иас 140,000,000 төгрөг өг, өгөхгүй бол байраа өг гээд байна гэж хэлсэн. За яахав тэгээд гэрээгээ боловсруулаад сонгууль өнгөрөөгөөд болох байх аа гэсэн. Дараа нь гэрээгээ бэлдчихлээ н.Батсайханд өгөөд явууллаа гарын үсэг зураад, тамга дарчих гэхээр нь баруун 4 замын тэнд гадаа тухайн гэрээг байгуулсан байдаг. Мөн “А” ХХК баримт гаргаж өгье, 140,000,000 төгрөгийн зардал гарсан үүнээс дийлэнх нь машины мөнгө юм аа чи энэ дээр тамгалаад өгөөч ээ, н.Лхамсүрэн захирал шаардаад байна гэж н.Батсайханы гуйлтаар баталгаажуулж өгсөн байдаг. Түүнээс хойш “А” ХХК нь 1 ч төгрөгийн баримт гаргаж өгөөгүй байдаг. Манай компани хариуцагч талаас хуурамч дугаартай автомашин шилжүүлж аваад түүний үнийг барилгын ажилд зарцуулсан. Зарцуулсан баримт хэрэгт авагдсан байгаа. Тухайн үед хөдөө явах ажилтай болчихлоо гээд машины мөнгөө өгөөч ээ гээд гуйгаад байсан. Тэгээд банк бус санхүүгийн байгууллагаас зээлж авч өгсөн. Энэ хүмүүс нэхэмжлэлээ тайлбарлаж чадахгүй байна. Нэг болохоор хөрөнгө оруулалт гэж хэлээд, нэг болохоор зардал гээд байгаа. Захиалагч 6 иргэдийн мөнгө гэж хэлээд байгаа. Тиймээс 6 дугаар сарын 22-ны өдөр бид нарыг төөрөгдөлд оруулж байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгөөч ээ.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “А” ХХК хариуцагч “Ам” ХХК-д холбогдуулан 149 500 000/нэг зуун дөчин есөн сая таван зуун мянга/ төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татварын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй “А” ХХК-д хүргүүлэхийг даалгуулах, 70 000 000/далан сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч “Ам” ХХК нэхэмжлэгч “А” ХХК-д холбогдуулан 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Ам” ХХК нь барилгын захиалагч 6/зургаа/ иргэнээс нийт 150 410 400/нэг зуун тавин сая дөрвөн зуун арван мянга дөрвөн зуу/ төгрөгийг хүлээн авсан байдаг ... манай компанид 147 000 000/ нэг зуун дөчин долоон сая/ төгрөгийг нь шилжүүлэн өгсөн байдаг ... өөрсдийнх нь мөнгө бус захиалагч иргэдийн мөнгө байсан, 2 дахь нэхэмжлэлийн шаардлагын хувьд ... ямар ч үндэслэлгүй мөнгө нэхэмжилсэн гэж маргасан.

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох ямар ч боломжгүй, энэ гэрээ Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан тооцоо нийлэх гэрээний агуулгыг илэрхийлж байгаа гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргатай “Дүүргийн тамгын газрын ажилчдын орон сууцны ажил гүйцэтгэх гэрээ”/цаашид “Гэрээ 1” гэх/ байгуулсан болох нь Гэрээний 1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээ-1-ийн 1-ийн 1.1, 3-ийн 3.1-т зааснаар нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн ажилтан албан хаагчдын 6/зургаа/ давхар 30/гуч/ айлын орон сууцны барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр барьж хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээ-1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээ 1-т заасан ажлыг гүйцэтгэхээр Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг туслан гүйцэтгэгчээр оролцуулж, хариуцагчтай 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр №15/09 “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан болох нь №15/09 Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Сонгинохайрхан дүүргийн тамгын газрын ажилчдын орон сууцны барилгын ажлыг дуусгахаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргатай 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газрын ажилчдын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан болох нь “Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газрын ажилчдын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 149 500 000/нэг зуун дөчин есөн сая таван зуун мянга/ төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татварын шивэлтийн баталгаажуулалтыг хийж, баримтыг нэхэмжлэгчид хүргүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Гэрээ 1-т заасан дүүргийн тамгын газрын ажилчдын орон сууцны төлбөрт 6/зургаа/ иргэний төлсөн төлбөрөөс хариуцагчид 149 500 000/нэг зуун дөчин есөн сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн болох нь “Төрийн банк” ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн, 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Орлогын мэдүүлгийн хуулбар, “Төрийн банк” ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Кассын орлогын баримтын болон 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Орлогын баримтын хуулбар, Монголын олон улсын ба үндэсний арбитрын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 132 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан ... ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:”, 7.1.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрд албан татвар ногдуулах хугацааг доор дурдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно:”, 10.2.3-т “бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан өдөр.” гэж заасан.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 10 дугаар зүйлийн 10.2, 10.2.3, Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар зохигчид 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр №15/09 “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж байсан байх тул ерөнхий гүйцэтгэгч болох нэхэмжлэгчийн туслан гүйцэтгэгч болох хариуцагчид шилжүүлсэн барилга барих урьдчилгаа төлбөр 149 500 000/нэг зуун дөчин есөн сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч нь борлуулалт хийсэн гэж үзэх ба хариуцагчийн тус борлуулалтад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:”, 17.3.4-т “албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг ... албан татварын падааны бүртгэлийг холбогдох мэдээллийн санд оруулж, мэдээллийг ... нэгдсэн системд илгээнэ.” гэж заасан.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.3.4 дэх заалтад зааснаар хариуцагч нь 149 500 000/нэг зуун дөчин есөн сая таван зуун мянга/ төгрөгийн борлуулалтын нэмэгдсэн өртгийн албан татварын падааны бүртгэлийг холбогдох мэдээллийн санд оруулж, шивэлтийн баталгаажуулалтыг хийж, баримтыг нэхэмжлэгчид хүргүүлэх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл гэх 70 000 000/далан сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Гэрээ байгуулсан болох нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Гэрээний 1-ийн 1.1, 1.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилтнуудын 20/хорь/ айлын орон сууцны гүйцэтгэгчийн эрх, үүрэг, хариуцлага, баримт бичгийг шилжүүлэх, хариуцагч нь нэхэмжлэгчийн тухай барилгад оруулсан бүх хөрөнгө оруулалт гэх 140 000 000/нэг зуун дөчин сая/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн болох нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Гэрээний 2-ын 2.1-т зааснаар хариуцагчаас хөрөнгө оруулалт гэх 70 000 000/далан сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 58.2.1 дэх заалтад зааснаар 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул хариуцагчаас 70 000 000/далан сая/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

 

Хариуцагчийн “... 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг С.Батсайханы гуйлтаар баталгаажуулж өгсөн ... гэрээнд бичигдсэн шиг тооцоо гарах ч боломжгүй ... аргагүйн эрхэнд тамга дарж, гарын үсэг зурсан гэх тайлбар нь гэрч Б.Баярмагнай, М.Чинболд нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хариуцагч нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг байгуулах буюу хэлцлийг хийхдээ ноцтой төөрөгдлийн улмаас буюу үр дагавар үүсгэхгүй гэж төөрөгдөн хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг хийсэн болох нь гэрч Б.Баярмагнай, М.Чинболд нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т “Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.”, 58.2-т “Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзнэ:”, 58.2.1-т “хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн;” гэж заасан.

 

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 58.2.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 58.2.1, 189 дүгээр зүйлийн 189.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 10 дугаар зүйлийн 10.2.3, 17 дугаар зүйлийн 17.3.4 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч “Ам” ХХК-д 149 500 000/нэг зуун дөчин есөн сая таван зуун мянга/ төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татварын шивэлтийн баталгаажуулалтыг хийж, баримтыг нэхэмжлэгч “А” ХХК-д хүргүүлэхийг даалгаж, үлдсэн 70 000 000/далан сая/ төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 58.2.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК хариуцагч “Ам” ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 58.2.1, 189 дүгээр зүйлийн 189.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 10 дугаар зүйлийн 10.2.3, 17 дугаар зүйлийн 17.3.4 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч “Ам” ХХК-д 149 500 000/нэг зуун дөчин есөн сая таван зуун мянга/ төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татварын шивэлтийн баталгаажуулалтыг хийж, баримтыг нэхэмжлэгч “А” ХХК-д хүргүүлэхийг даалгаж, үлдсэн 70 000 000/далан сая/ төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 58.2.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК хариуцагч “Ам” ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 595 000 төгрөгөөс 578 150 төгрөгийг, хариуцагч “Ам” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 857 900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,  улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 16 850 төгрөгийг, хариуцагч “Ам” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 857 950 төгрөгийг гаргуулан хариуцагч “Ам” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ