Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 948

 

  

 

 

 

 

 

 

  2017 оны 04 сарын 03 өдөр           Дугаар 181/ШШ2017/00948         Улаанбаатар хот

                                                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 410-204 тоотод байрлах, “Айзарзоне” ХХК /РД:5374758/-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын 7а-106 тоотод байрлах, “Аминхүү констракшн” ХХК /РД:5574226/-д холбогдох,  

 

2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу “Аминхүү констракшн” ХХК-д шилжүүлсэн 149,500,000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй “Айзарзоне” ХХК-д хүргүүлэх, 70,000,000 төгрөгийн төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын 45.26 м.кв бүхий В, С байрлалын 2 өрөө 2 ширхэг орон сууцыг “Айзарзоне” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах үндсэн нэхэмжлэлтэй,

 

 “Айзарзоне” ХХК болон “Аминхүү констракшн” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг, хариуцагчийн төлөөлөгч О.Бямбадорж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөмөр, нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 15/09 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр “Айзарзоне” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн тус дүүргийн ажилчдын орон сууцны барилгын ажил буюу 9мх18м суурьтай, 1 давхраас бүх талдаа 1,8 м консалтай барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2015 оны 11 дүгээр сарын 15-ны дотор гүйцэтгүүлэхээр “Аминхүү констракшн” ХХК-тай тохирсон бөгөөд гэрээний үнэ 1,065,960,000 төгрөгийг 4 удаагийн санхүүжилтээр олгохоор тохирсон.

Энэ гэрээний дагуу “Айзарзоне” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын хооронд нийт 234,500,000 төгрөгийг “Аминхүү констракшн” ХХК-д төлсөн бөгөөд үүнээс 149,500,000 төгрөг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын 6 ажилтнаас орон сууц захиалж өгсөн төлбөр байсан бол үлдэх 85,000,000 төгрөг нь гэрээний төлбөр байсан. Энэ 85,000,000 төгрөгийг “Лексус 570” маркийн автомашиныг “Аминхүү констракшн” ХХК-д шилжүүлэх замаар өгсөн.

Гэтэл “Аминхүү констракшн” ХХК нь манай компанид мэдэгдэлгүйгээр 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай шууд барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байсан бөгөөд тухайн барилгыг барьж хүлээлгэж өгсөн байсан.

 Ийм учраас бид 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр харилцан тохиролцож тооцоо нийлж, гэрээ байгуулсан. Гэрээгээр “Аминхүү констракшн” ХХК нь тус компанид шилжүүлсэн 149,500,000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг “Айзарзоне” ХХК-д өгөх, “Айзарзоне” ХХК-д төлөх мөнгө төлбөр болох 140,000,000 төгрөгийг 2 хувааж буюу 50 хувийг 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, үлдэгдэл хувийг 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр төлөх үүрэг хүлээсэн ба хэрэв үүргээ гүйцэтгээгүй бол хүлээх хариуцлагыг гэрээний 3 дугаар зүйлээр тохирсон байна.

Гэтэл хариуцагч компани нь одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, тодруулбал 2016 оны 7, 8 дугаар сард төлбөрөөс 70,000,000 төгрөгийг л 2 хувааж төлсөн ба бусад үүргээ одоог хүртэл биелүүлээгүй.

Манай компанийн зүгээс хариуцагчид удаа дараа мэдэгдэл шаардлага хүргүүлж хугацаа олгож хүлээсэн ч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үндсэн үүргийг биелүүлээгүй бөгөөд үүнээс болж компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож, ажил тасалдаж асар их хохирол учраад байна.

Иймээс дараах шаардлагуудыг гаргаж байна.

1. “Аминхүү констракшн” ХХК-д шилжүүлсэн 149,500,000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй “Айзарзоне” ХХК-д хүргүүлэхийг даалгах,

2. Гэрээний 3.2-т заасны дагуу үлдэгдэл 70,000,000 төгрөгийн төлбөрт хариуцагч компанийн барьж байгаа Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын 45.26 м.кв бүхий В, С байрлалын 2 өрөө 2 айлын орон сууцыг “Айзарзоне” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгнө үү.

Нэхэмжлэгчийн зүгээс ажил гүйцэтгэх үндсэн гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй, харин 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд үндэслэж шаардаж байгаа тул гэрээний 5.3-т зааснаар тус шүүхэд хандсан. Гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч өөрөө зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг шаардлагадаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “Айзарзоне” ХХК, “Аминхүү” констракшн ХХК нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, хариуцагч компани өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барилгыг барьж гүйцэтгэж, захиалагч нараас төлбөр авах нөхцөлтэй байсан. Уг гэрээний дагуу “Айзарзоне” ХХК үүргээ биелүүлээгүй тул бид түр хугацаагаар ажлаа зогсоосон бөгөөд үндсэн захиалагч болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар “Айзарзоне” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээгээ цуцалснаар туслан гүйцэтгэгч болох манай компани мөн “Айзарзоне” ХХК-тай байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэх боломжгүй болсон. Үндсэндээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар болон “Айзарзоне” ХХК-тай байгуулсан гэрээнд заасан ажлыг манай компани нь “Айзарзоне” ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгч нь өөрөөсөө нэг ч төгрөгийн санхүүжилтийг хийгээгүй. Харин 85,000,000 төгрөгт тооцож автомашин шилжүүлсэн.

2 захиалагчийн хоорондын гэрээ цуцлагдсанаар манай гэрээ ч цуцлагдсан тул бид гаргасан зардлаа буцаан авах нөхцөл хомсдож, “Айзарзоне” ХХК-тай холбогдоход “Лексус 570” маркийн 1 машиныг 85,000,000 төгрөгт тооцож манайд өгснөөс өөр ямар төлбөр мөнгө өгөөгүй.

Харин бид Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тухайн барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгах гэрээ байгуулж, санхүүжилтийг өөрөөс гаргаж, барилгын захиалагч нараас оруулсан хөрөнгө буюу мөнгөөр ажлын хөлс, гаргасан санхүүжилтээ буцаан авахаар тохирсон. Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, барилгыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн байгаа.

 “Айзарзоне” ХХК нь гэрээ цуцлагдахаас өмнө 6 захиалагчаас нийт 150,410,400 төгрөгийг ажлын хөлс гэж авсан байснаас манай компанид 149,500,000 төгрөгийг нь шилжүүлсэн бөгөөд бид уг мөнгийг захиалагч нартай байгуулсан шинэчилсэн гэрээний төлбөрөөс хасаж, зөрүүг нь аваад орон сууцыг олгосон байгаа.

Энэ байдлаар “Айзарзоне” ХХК нь манай компанитай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 85,000,000 төгрөгт тооцож автомашины өгснөөс өөр төлбөрийг өгөөгүй нь тогтоогдоно. Манай компани энэ төлбөрөөс нь 70,000,000 төгрөгийг буцааж өгсөн бөгөөд захиалагч нарын төлбөрөөс дутуу өгсөнийг хасаж тооцвол 3 сая гаран төгрөгийн төлбөрийн асуудал байх ёстой. Гэхдээ нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас манай компанид маш их хохирол учирсан тул одоо ямар ч төлбөр төлөх үндэслэлгүй.

2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ уг гэрээ нь хууль бус бөгөөд уг гэрээнд манай компанийн хүсэл зориг илэрхийлэгдээгүй, уг гэрээг байгуулах болсон үндэслэл нь нэхэмжлэгч гэрээ байгуулах үед уг гэрээнд заагдсан зүйлийг манай компанид хамааралгүй, зөвхөн автомашины төлбөрийн тооцоог л тусгасан, түүнийг хэрхэхтэй холбоотой асуудалд хамаатай гэж тайлбарласан явдал юм. Би тухайн үед тэр тайлбарт нь итгэж, гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан. Гэрээг бэлдэж ирсэн байсан бөгөөд би бүрэн уншаагүйгээс Батсайханы хэлсэн үгэнд итгэж л гарын үсэг зурсан. Түүнээс гадна сонгуулийн үе таарсан учир Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын шахалт, гуйлт нь уг гэрээнд гарын үсэг зурах 1 нөхцөл болсон.

Нэхэмжлэгч компаниас манай компанитай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу автомашинаас өөр ямар ч хөрөнгө оруулаагүй байхад юу гэж 140,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг буцаан төлөх агуулгатай гэрээ хийх вэ дээ. Тэгээд ч орон сууцыг худалдан авах захиалагч нараас төлбөрийг нь авсан орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх тухай гэрээнд заах боломжгүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар захиалагч “Айзарзоне” ХХК нь “Аминхүү констракшн” ХХК-д гүйцэтгэсэн ажлын хөлс төлөх үүрэгтэй болохоос мөнгө шаардах эрхгүй тул шилжүүлсэн машинтай холбоотой төлбөр тооцооноос өөр тооцоогүй учир “Айзарзоне” ХХК-ийн захирал С.Батсайханы үгэнд итгэсэн хэрэг.

“Айзарзоне” ХХК болон “Аминхүү констракшн” ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 15/09 дүгээр “Барилгын ажил гүйцэтгэх” гэрээнээс өөр эрх зүйн харилцаа үүсээгүй байхад гэрээний үр дагавар болгож дахин гэрээг байгуулах замаар бусдыг төөрөгдүүлэх нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Иймд хариуцагчийн хувьд хэлцлийн агуулгыг эндүүрсэн, тохиролцооны зүйл нь зөвхөн автомашин гэж бодож ноцтой төөрөгдөж гэрээнд гарын үсэг зурсан тул “Айзарзоне” ХХК болон “Аминхүү констракшн” ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Өндөр овогт Мөнхбатын Ууганбаатар  /РД:АЯ90041831/ өгсөн мэдүүлэгтээ:

“...Би Сонгинохайрхан дүүргийн эдийн засгийн төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа “Айзарзоне” ХХК-ийн барьж байсан 20 айлын орон сууцнаас 65.84 м.кв талбайтай 3 өрөө сууцыг захиалж, 67,008,000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сард “Айзарзоне” ХХК-ийн Төрийн банкны дансаар шилжүүлсэн. Тухайн барилгын гүйцэтгэгч 2015 оны 12 дугаар сард солигдсон учир орон сууц захиалан бариулах гэрээгээ “Аминхүү констракшн” ХХК-тай шинэчилж хийсэн. Барилга 2016 оны 10 дугаар сард ашиглалтад орж, би нүүж орохдоо үлдэгдэл төлбөр гэх 10,000,000 гаран төгрөгийг  “Аминхүү констракшн” ХХК-д төлсөн. Энэ нь “Айзарзоне” ХХК-д өмнө өгсөн төлбөрийн зөрүү байсан. Гэхдээ “Аминхүү констракшн” ХХК одоо надаас 3,408,000 төгрөг шаардаж байгаа. Шалтгаан нь “Айзарзоне” ХХК миний төлсөн 67,008,000 төгрөгөөс энэ мөнгийг дутуу төлсөн юм билээ. Би энэ үндэслэлээр “Айзарзоне” ХХК-д холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа.

“Айзарзоне” ХХК нь надтай байгуулсан гэрээнд заасан хугацаандаа орон сууцыг барьж өгөөгүй тул тухайн компанийн удирдлагуудтай уулзах гэж зөндөө хөөцөлдсөн боловч уулзаж чадаагүй. Алданги тооцох боломж ч байгаагүй, хаана байгаа нь мэдэгддэггүй.

Би 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний талаар сонссон. Хийж байсан ажлынхаа хувиар энэ гэрээний талаар мэдсэн. Манай дүүргийн Засаг дарга УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан юм. “Айзарзоне” ХХК-ийн зүгээс Р.Лхамсүрэн гэх хүн яриад Засаг даргын нэр хүндэд нөлөөлөх гээд байгаа юм уу? ямар учиртайг бүү мэд юм яриад байна, учрыг ол гэж Засаг дарга надад хэлсэн. Би тус тамгын газрын н.Баярмагнайг дуудаж энэ асуудлыг шийд гэж хэлсэн. Дараа нь энэ гэрээг байгуулагдсан байсан” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Бадарчин овогт Хаваагийн Орхонтуул  /РД:ЗА85091600/ өгсөн мэдүүлэгтээ:

            “...Би Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн албаны хяналтын инженерийн хувиар “Аминхүү констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байсан барилгын ажилд хяналт тавьж ажилласан. Анх манай албанд “Айзарзоне” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ хийсэн тухай мэдэгдэл ирж байсан боловч талбай дээр “Аминхүү констракшн” ХХК ажил хийж байсан тул тэдний л ажилд хяналт тавьж ажилласан. Би “Айзарзоне” ХХК-тай холбогдож байгаагүй.

            2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр талбай дээр очсон. Суурь ухсан, улны бетон цутгаж эхэлсэн байсан. 2015 оны 10 дугаар сарын сүүлд карказ өрөгдсөн, дүүргэлт хийгдсэн байсан. Би төлбөр тооцоотой холбоотой асуудал мэдэхгүй” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Боржигон овогт Ганболдын Бямбабаатар  /РД:ШД80070578/ өгсөн мэдүүлэгтээ:

     “...Би “Аминхүү констракшн” ХХК-ийн барилгын инженер. Тухайн барилгын хашаа татахаас эхлэн улсын комисс хүлээн авах хүртэл барилгын инженерээр ажилласан. “Айзарзоне” ХХК нь тухайн барилгад ямар нэг ажил хийгээгүй. 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэрээг тамгалахад би хажууд нь байсан. Гарын үсэг зурах зурахгүй талаар яригдаж байсан, тухайн үед С.Батсайхан захирал болон манай захирал байсан, 4 замын тэр хавьд шиг санаж байна, 2 захирал машин дотор, би машиных нь хажууд байсан...” гэжээ.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Айзарзоне” ХХК нь хариуцагч “Аминхүү констракшн” ХХК-д холбогдуулан 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу “Аминхүү констракшн” ХХК-д шилжүүлсэн 149,500,000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй “Айзарзоне” ХХК-д хүргүүлэх, 70,000,000 төгрөгийн төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын 45.26 м.кв талбай бүхий В, С байрлалын 2 өрөө 2 ширхэг орон сууцыг “Айзарзоне” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан бөгөөд “Айзарзоне” ХХК болон “Аминхүү констракшн” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг шаардлага гаргасан байна.     

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Айзарзоне” ХХК, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дүүргийн тамгын газрын ажилчдын орон сууцны ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Сонгинохайрхан дүүргийн ажилтан, албан хаагчдын 6 давхар, 30 айлын орон сууцны барилгын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэхээр тохирсон бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэхээр тохирсон барилгын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 13-аас 2015 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд хийж гүйцэтгүүлэхээр 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч “Аминхүү констракшн” ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх тухай 15/09 дугаартай гэрээг байгуулсан байна.

 

Ийнхүү барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаар “Айзарзоне” ХХК болон “Аминхүү констракшн” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Энэ гэрээний хугацаанд “Айзарзоне” ХХК-аас 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд нийт 234,500,000 төгрөгийг “Аминхүү констракшн” ХХК-д шилжүүлснээс 149,500,000 төгрөг нь орон сууц захиалсан Болорцэцэг, Жавхлантбаатар, Сугар, Оюунтөгс, Ууганбаатар, Нармандах зэрэг 6 иргэдийн урьдчилгаа төлбөр байсан, үлдэх төлбөр нь “Лексус 570” маркийн автомашиныг 85,000,000 төгрөгт тооцож, ажил гүйцэтгэх гэрээнд заасан санхүүжилт хэлбэрээр “Айзарзоне” ХХК-аас шилжүүлсэн байна.

 

 “Аминхүү Констракшн” ХХК нь гэрээний дагуу 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажлыг эхэлж, гүйцэтгэх явцад буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нь “Айзарзоне” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, гэрээт ажлыг “Аминхүү Констракшн” ХХК-аар үргэлжлүүлэх гүйцэтгүүлэхээр 01/14 тоот Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчдын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба уг гэрээний дагуу “Аминхүү Констракшн” ХХК нь барилгын ажлыг гүйцэтгэж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2016/446 тоот комиссын актаар барилга байгууламжийг ашиглалтад оруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Талууд ажил гүйцэтгэх гэрээний явцад үүссэн маргааныг харилцан тохиролцох замаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Арбитрт түүний Арбитрын хэрэг шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлэхээр тохирсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх тухай 15/09 дугаартай гэрээний маргааныг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Гэхдээ нэхэмжлэгч нь уг гэрээнээс үүдэлтэй 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг үндэслэн шаардлагаа гаргасан тул шүүх тухайн маргааныг шийдвэрлэхийн тулд ажил гүйцэтгэх гэрээ хэдийд байгуулагдсан, талуудын тохиролцоо юу байсан, гэрээ хэдийд цуцлагдсан, гэрээний үндсэн дээр хэн юуг хэнд хэрхэн шилжүүлсэн зэрэг тогтоогдсон үйл баримтад үндэслэхээс өөр аргагүй тул дээр дурдсан дүгнэлтийг хийсэн болно.

 

Шүүхийн энэ дүгнэлт нь ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн талуудын маргааныг Арбитр шийдвэрлэхэд нөлөөлөхгүй.

 

Зохигчид 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр “Айзарзоне” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай байгуулсан тус дүүргийн 18 дугаар хороонд байрлах дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын 20 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгчийн эрх, үүрэг, хариуцлагыг, захиалагчдын урьдчилгаа төлсөн баримт болон гэрээ, дагалдах бичиг баримтын хамтаар “Аминхүү констракшн” ХХК-д шилжүүлэх, “Аминхүү констракшн” ХХК нь “Айзарзоне” ХХК-ийн тухайн барилгад оруулсан бүх хөрөнгө оруулалт болох 140,000,000 төгрөгийг 2 хувааж, 2016 оны 6 дугаар сарын 25-ны дотор 70,000,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 01-ний дотор 70,000,000 төгрөгөөр төлж барагдуулах, “Аминхүү констракшн” ХХК-д шилжүүлсэн 149,500,000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг “Айзарзоне” ХХК-д хийж өгөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Талуудыг төлөөлж эрх бүхий этгээдүүд уг гэрээнд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамгыг дарж баталгаажуулснаар гэрээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хүчин төгөлдөр болжээ.

 

            Энэхүү гэрээний дагуу “Аминхүү констракшн” ХХК нь 2016 оны 7 дугаар сард 70,000,000 төгрөгийг “Айзарзоне” ХХК-д шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.

 

            Харин нэхэмжлэгч нь 149,500,000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг шилжүүлээгүй, мөн 2016 оны 7 дугаар сарын 01-ний дотор 70,000,000 төгрөгийг төлөөгүй үндэслэлээр 149,500,000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг хүргүүлэх, 70,000,000 төгрөгийн төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын 45.26 м.кв талбай бүхий В, С байрлалын 2 өрөө 2 ширхэг орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардсан бол хариуцагч ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан.

 

            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргийг мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх заалтаар хүлээдэг.

           

Энэ үүднээсээ хэн боловч өөрсдийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхол, хүсэл зоригт нийцсэн ямар ч тохиролцоог харилцан сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч хийх эрхтэй байх бөгөөд талууд ийнхүү сайн дурын үндсэн дээр эрх мэдлийн хувьд тэнцүү нөхцөлд өөрсдөө хүсэж хийсэн хэлцлээр хүлээсэн үүргээ тохирсон ёсоор гүйцэтгэх нь шударга үр дагаварт хүргэдэг байна.

 

Гэрээний чөлөөт байдлын зарчим нь өмч хөрөнгө чөлөөтэй олж авах Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т заасан үндсэн эрхийг хэрэгжүүлэх гол тулгуур багана болдог учир бусдын эрх чөлөөг хязгаарласан, эрхэнд халдсан, хүсэл зоригт нийцээгүй тохиролцоо бүхий хэлцэл хүчин төгөлдөр бус байх, эсхүл уг хэлцлийг зохих этгээдийн шаардлагаар шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болохоор хуульчилсан.

 

Гэрээгээр “Айзарзоне” ХХК нь өөрт байхгүй эрх, үүргийг буюу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай байгуулсан тус дүүргийн 18 дугаар хороонд байрлах дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын 20 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгчийн эрх, үүрэг, хариуцлагыг, захиалагчдын урьдчилгаа төлсөн баримт болон гэрээ, дагалдах бичиг баримтын хамтаар “Аминхүү констракшн” ХХК-д шилжүүлэхээр тохирсон байгаа нь талуудыг хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулсан, тохиролцоо нь хүсэл зоригт бүрэн нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай байгуулсан гэрээ 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр цуцлагдсан, энэхүү захиалагч болон ерөнхий ажил гүйцэтгэгчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаар “Айзарзоне” ХХК болон “Аминхүү констракшн” ХХК-ийн хооронд байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ мөн адил цуцлагдсан байхад түүнээс 6 сарын дараа цуцлагдсан гэрээний эрх, үүргийг шилжүүлэх эрх “Айзарзоне” ХХК-д байхгүй гэж үзнэ.

 

Харин зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний төлбөр тооцоотой холбоотой асуудал байсан нь талуудын тайлбараар тогтоогдсон боловч нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчид 140,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээ баримтаар нотлоогүй, харин ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд нэхэмжлэгчээс 85,000,000 төгрөгт тооцож, автомашин шилжүүлсэн үйл баримтад хариуцагч маргаагүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсанаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах хүсэл зориг талуудын хэн алинд байсан зэргээс үзэхэд 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг зөвхөн автомашины төлбөр тооцоотой холбоотой асуудлыг зохицуулсан гэж ойлгож хийсэн гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Гэрээг талууд машин дотор хийсэн нь хариуцагчийн төлөөлөгч болон гэрч Г.Бямбабаатарын мэдүүлгээр тогтоогдсон учир урьдчилан уншиж танилцахгүйгээр гарын үсэг зурж, тамга дарсан хэлцлийнхээ агуулгын талаар хариуцагч нь буруу, бүрхэг ойлголттой байсан гэж үзэх үндэслэлтэй тул хэлцлийн агуулгын талаар төөрөгдсөний улмаас хийсэн хэлцлийг шүүх хариуцагчийн шаардлагаар хүчин төгөлдөр бус гэж тооцох нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.2-т нийцнэ.

                       

Иймд дээх үндэслэлээр хариуцагчийн сөрөг шаардлагыг хангаж, зохигчдын хооронд 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцов.

 

            Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр гэрээний талууд аливаа шаардлага гаргах эрхгүй.

 

Энэ үндэслэлээр шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хариуцагч нь хүчин төгөдөр бус хэлцлийн үр дагавар арилгуулах шаардлага гаргаагүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хүчин төгөлдөр бус хэлцлээс өөр хэлцэлд үндэслээгүй тул шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.2-т заасныг баримтлан “Айзарзоне” ХХК болон “Аминхүү констракшн” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцож, уг гэрээний дагуу гаргасан 149,500,000 төгрөгийн НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй “Айзарзоне” ХХК-д хүргүүлэх, 70,000,000 төгрөгийн төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын 45.26 м.кв талбай бүхий В, С байрлалын 2 өрөө 2 ширхэг орон сууцыг “Айзарзоне” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг “Аминхүү констракшн” ХХК-д даалгах тухай “Айзарзоне” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 595,000 төгрөгөөс 590,230 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 857,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 4,770 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 857,950 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ө.УЯНГА