Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2267

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 410-204 тоот хаягт байрлах А  ХХК -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын 7а-106 тоот  хаягт байрлах АК ХХК -д холбогдох  

149,500,000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй А  ХХК-д хүргүүлэхийг даалгуулах, 70,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун, хариуцагчийн төлөөлөгч О.Бямбадорж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А  ХХК нь АК ХХК-тай харилцан тохиролцож тооцоо нийлж 2016 оны 6 сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээгээр АК ХХК нь тус компанид шилжүүлсэн 149,500,000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг А  ХХК-д өгөх, А  ХХК-д төлөх төлбөр болох 140,000,000 төгрөгийг 2 хувааж буюу 50 хувийг 2016 оны 6 сарын 25-нд, үлдэгдэл хувийг 2016 оны 7 сарын 1-ний өдөр төлөх үүрэг хүлээсэн ба хэрэв үүргээ гүйцэтгээгүй бол хүлээх хариуцлагыг гэрээний 3 дугаар зүйлээр тохирсон байна. Гэтэл хариуцагч компани нь одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, тодруулбал 2016 оны 7, 8 сард төлбөрөөс 70,000,000 төгрөгийг л төлж бусад үүргээ одоог хүртэл биелүүлээгүй. Манай компанийн зүгээс хариуцагчид удаа дараа мэдэгдэл шаардлага хүргүүлж хугацаа олгож хүлээсэн ч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үндсэн үүргийг биелүүлээгүй бөгөөд үүнээс болж компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож, ажил тасалдаж асар их хохирол учраад байна. Иймээс шүүхэд АК ХХК-д шилжүүлсэн 149,500,000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй А  ХХК-д хүргүүлэхийг даалгах, гэрээний 3.2-т заасны дагуу үлдэгдэл 70,000,000 төгрөгийн төлбөрт хариуцагч компанийн барьж байгаа Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын 45.26 м.кв бүхий В, С байрлалын 2 өрөө 2 айлын орон сууцыг А  ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх шаардлагыг гаргасан. Гэтэл хариуцагч АК ХХК нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх явцад нэхэмжлэлд дурдсан 2 өрөө 2 айлын орон сууцыг Э.Солонго, Б.Гантогоо нарын нэр дээр шилжүүлж гэрчилгээ гаргуулсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан орон сууцнууд бусдын өмчлөлд шилжсэн, АК ХХК-аас нэхэмжлэх боломжгүй болсон тул 2016 оны 10 сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан эхний нэхэмжлэлийн шаардлагыг буюу АК ХХК-д шилжүүлсэн 149,500,000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй А  ХХК-д хүргүүлэхийг даалгах шаардлагаа хэвээр үлдээж, 2 дахь нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний 3.2-т заасны дагуу үлдэгдэл 70,000,000 төгрөгийн төлбөрт хариуцагч компанийн барьж байгаа Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын 45.26 м.кв бүхий В, С байрлалын 2 өрөө 2 айлын орон сууцыг А  ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх шаардлагыг А  ХХК болон АК ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 6 сарын 22-ны  өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 70,000,000 төгрөгийг гаргуулах гэж өөрчилсөн. Нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А  ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын Тамгын газартай байгуулсан тус дүүргийн 18 дугаар хороонд байрлах дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилчдын 20 айлын орон суүцны гүйцэтгэгчийн эрх, үүрэг хариуцлагыг захиалагчдын урьдчилгаа төлсөн баримт болон гэрээ, дагалдах бичиг баримтын хамтаар АК ХХК-д шилжүүлж, АК нь А  ХХК-ийн тухайн барилгад оруулсан бүх хөрөнгө оруулалт болох 140 сая төгрөгийг уг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлнө гэж 2016 оны 6 сарын 22-нд байгуулсан гэрээнд заасан бөгөөд А  ХХК нь дээрх барилгад хөрөнгө оруүлсан гэх 140 сая төгрөгийн баримт тооцоогоо АК ХХК-д гаргаж өгөх ёстой юм. Гэтэл А  ХХК нь өнөөдрийг хүртэл уг 140 сая төгрөгийн зарцуулалтын тайлан, санхүүгийн баримт материалыг гаргаж өгөөгүй, барилгад оруулсан Лексус 570 маркын машиныг 85 сая төгрөгөөр тооцож оруулсан боловч уг машиныг 50 сая төгрөгөөр банк бус санхүүгийн байгууллагад тавьж барилгад зарцуүлсан.

Иймд А  ХХК-аас нэхэмжилж байгаа үнийн дүнг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь анх 2015 оны 5 сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргатай “Дүүргийн  тамгын газрын ажилчдын орон сууцны ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан ба гэрээний 1.1-д зааснаар “... 6 давхар 20 айлын орон сууцны барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барьж хүлээлгэн өгөх ажил гүйцэтгэх ... ” үүрэг хүлээсэн байдаг. Улмаар 2015 оны 8 сарын 13-ны өдөр АК ХХК-тай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” 15/09 тоот гэрээ байгуулсан ба уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар “Барилгын ажлын санхүүжилтийг ажлын үе шаттай уялдуулан хавсралт 2-т заасан байдлаар хийнэ” гэсэн үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч А  ХХК нь дээр дурдсан гэрээнүүдийн аль ч гэрээний үүргээ биелүүлээгүй байдаг. АК ХХК-ийн зүгээс барилгын ажлыг цаг хугацаандаа гүйцэтгэсэн хэдий ч А  ХХК-ийн зүгээс ажлын үе шатны санхүүжилтийг хийгээгүйн улмаас авах байсан санхүүжилтийн оронд бусад гуравдагч этгээдээс мөнгө зээлж, зээлийн хүү төлөх болон бусад байдлаар илэрхий хохирсон. Гэвч А  ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээр үл барам ор сураггүй алга болсон. Энэ талаар Засаг дарга болон Засаг даргын тамгын газрын эрх бүхий хүмүүсээс лавлахад манай байгууллагатай хийсэн гэрээний үүргээ биелүүлэхгүй байна гэж байсан бөгөөд удалгүй хайгаад олдохгүй байгаа талаар хэлсэн. Улмаар Сонгинохайрхан дүүргийн зүгээс А  ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсан тухайгаа мэдэгдэж, манай байгууллагатай гэрээ байгуулсан.

Өөрөөр хэлбэл гэрээний үүргээ биелүүлээгүй буюу гэрээний үүргээ зөрчсөн этгээдэд мөнгө төгрөг нэхэмжлэх эрх байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас харвал мөн л 2016 оны 6 сарын 22-ны гэрээ гэх баримтыг үндэслэл болгосон байна. Уг баримтын гэрээний 1.1-д “А  ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай байгуулсан тус дүүргийн 18 дугаар хороонд байрлах дүүргийн Засаг даргын тамгын газрын 20 айлын орон сууцны гүйцэтгэгчийн эрх, үүргийг, хариуцлагыг ... АК ХХК-д шилжүүлнэ” гэж заасан байдаг. Энэ нь үндэслэлгүй, биелэгдэх боломжгүй заалт байсан. Учир нь Сонгинохайрхан дүүргийн зүгээс А  ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж, АК ХХК-тай 2015 оны 12 сарын 25-нд гэрээ байгуулсан байсан. Захиалагч тал буюу Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга баталж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын эрх бүхий этгээд гэрээ байгуулан уг барилгыг барих эрхийг АК ХХК-д олгосон ба харин А  ХХК нь уг барилгын талаар эрх эдлэх, үүрэг хүлээх боломжгүй болсон байсан. Гэтэл уг харилцаанаас гарсан, үүргээ биелүүлээгүй, ажил гүйцэтгэх эрхгүй А  ХХК нь өөрт байхгүй ямар эрх, үүргийг бусдад шилжүүлэн өгөх вэ. А  ХХК нь 2016 оны 6 сарын 22-нд барилга барих эрхгүй байсан гэдэг нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Гэтэл А  ХХК нь анх нэхэмжлэл гаргахдаа л тооцоо нийлсэн байсан мэтээр худлаа зүйл бичиж, шүүхийг төөрөгдүүлэх гэж оролдсон. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримтууд хавсаргаж өгч байгаа нь үндэслэлгүй байна. Тооцооллын хувьд ч ямар ч хамаагүй аргаар тааруулах гэсэн оролдлого юм. Бүгд 167,334,958 төгрөгийн зардал гараад түүнээс 149,183,378 төгрөгийг нь нэхэмжилж байгаа мэтээр харагдуулахаар тооцоо гаргасан байх юм. Мөн хавсаргасан нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А  ХХК болон АК ХХК нарын хооронд 2015 оны 8 сарын 13-ны өдөр 15/09 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчдын 20 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэгч АК ХХК нь тэнхлэгээр нь тооцож 1 м.кв-ыг 700,000 төгрөгөөр гүйцэтгэж, 2015 оны 11 сарын 15-ны өдөр захиалагч А  ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч АК ХХК нь барилгын ажил гүйцэтгэж эхэлсэн бөгөөд ажил гүйцэтгэж эхлэхэд А  ХХК нь барилгын ажлын зураг төслийг өгөөгүй, мөн санхүүжилтийг тогтоосон хуваарийн дагуу хийгээгүй удаа, дараа шаардуулж ирсэн. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчдын 20 айлын орон сууцны барилгын ажлын эхний санхүүжилтэд зориулж 2009 онд үйлдвэрлэгдсэн, 02-33 УНЛ улсын дугаартай, Тоёота Лексус-570 маркийн авто машиныг 85,000,000 төгрөгт тооцож авах санал тавьсан бөгөөд манай ажил хангалттай гүйцэтгэлтэй байсан тул арга буюу зөвшөөрч, уг машиныг 185,000,000 төгрөгт тооцож авсан бөгөөд уг машин мөргөлдөж байсан тул бид 35,000,000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Ингээд барилгын ажил гүйцэтгэж байх хугацаанд А  ХХК-ийн зүгээс санхүүжилтээ хийгээгүй төдийгүй, утсаа авахгүй болж ажлыг хаяж явсан ба бид А  ХХК-тай холбоо барих гэж хичээсэн боловч олдоогүй, бид гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах захиалагчгүй болсон. Манай компани арга буюу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт хандахад А  ХХК-тай байгуулсан барилгын ажил гуйцэтгэх гэрээг цуцалж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчдын 20 айлын орон сууцны барилгын ажлыг АК ХХК-аар гүйцэтгүүлэх саналыг тавьж, бид гэрээ байгуулж ажилласан. А  ХХК нь сураггүй байж байгаад гэнэт барилгыг ашиглалтад орох үед буюу 2016 оны 6 сард гарч ирээд, сонгуульд нэр дэвшиж байгаа Засаг дарга М.Чинболдыг Сонгуулийн ерөнхий хороо болон шүүхэд өгнө гэж сүрдүүлж, хохирол шаардах болсон. А  ХХК-ийн захирал С.Батсайхан танайхаас Лексус-570 автомашины үнэ 85,000,000 төгрөгөөс өөр үндэслэлгүй мөнгө нэхэхгүй, дахин энэ гэрээнээс үүрэг үүсэхгүй, гэрээнд дурдсан мөнгө баримтад үндэслэж байж танайхаас авах боломжтой, бидэнд баримт байхгуй тул дахиж мөнгө нэхэхгүй тул ямар ч үр дагавар үүсэхгүй гэж тайлбарлаж байсан, нөгөө талаас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдын сонгуулийн үр дүнд нөлөөлөх гээд байна, заавал зур гэх шахалтаас үүдэж, арга буюу 2016 оны 6 сарын 22-ны өдрийн “гэрээ”-нд гарын үсэг зурж, тамга дарсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар захиапагч А  ХХК нь мөнгө  шаардах эрхгүй бөгөөд захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх хуулийн зохицуулалттай. Захиалагч А  ХХК нь АК ХХК-д гүйцэтгэсэн ажлын хөлс төлөх үүрэгтэй бөгөөд мөнгө шаардах эрхгүй. А  ХХК болон АК ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 8 сарын 13-ны өдрийн 15/09 дүгээр “Барилгын ажил гүйцэтгэх” гэрээнээс өөр эрх зүйн харилцаа үүсээгүй байхад гэрээний үр дагавар болгож дахин гэрээг байгуулах замаар бусдыг төөрөгдүүлэх нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Манай компани зүгээс барилгын санхүүжилтэд зориулж өгсөн Лексус-570 авто машины үнэ 85,000,000 төгрөгөөс 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Бусад төлбөрийг шилжүүлэх үүрэггүй тул мөнгө шилжүүлээгүй болно. АК ХХК-ийн хувьд хэлцлийн агуулгыг эндүүрсэн, тохиролцооны зүйл нь зөвхөн автомашин гэж бодож ноцтой төөрөгдөж гэрээнд гарын үсэг зурсан байх тул А  ХХК болон АК ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны  сарын 22-ны өдрийн “гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Барилгын ажлыг цаг алдахгүй явуулах үүднээс ажлын зургийг хэсэгчлэн өгч байсан, ажлын зураггүй барилгад юу ч хийх боломжгүй, энэ бол цэвэр гүтгэлэг. Сөрөг нэхэмжлэлд дурдсан авто машиныг анхны ажил гүйцэтгэх гэрээнд санхүүжилтэд өгөхөөр тохиролцсон, өөрөө нэхэж байж авсан, аваад 7 хоног хэртэй унаж байгаад нэр шилжүүлж эзэмшилдээ авсан ба унаж байх хугацаандаа ямар нэг байдлаар машины талаар гомдол санал хэлээгүй, сэтгэл хангалуун шилжүүлж авсан. Шилжүүлэг хийгдсэн мөчөөс тэр хүний өмч болсон учраас машинаа яах нь тэр хүний л мэдэх хэрэг. Манай зүгээс утсаа авахгүй байх ямар ч үндэслэл байхгүй. 2015 оны 12 сарыг дуустал байнгын холбоотой байсан. Тулгамдсан санхүүжилтийнхээ жагсаалтыг өг, ямар ч байсан яаралтай шийдвэрлэе гэснээс хойш одоог хүртэл биднээс зугтаад, тэр хоорондоо тасралтгүй залилан мэхлэх ажиллагаа явуулаад байна.

Мөн энэ хугацаандаа Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд дээр очиж би танай ажилчдын орон сууцыг барьж байгаа, санхүүжилт шийдвэрлэж өг гэж маш олон хүмүүстэй жагсаал маягын юм хийсэн гэж дүүргийн удирдлагаас бидэн рүү ярьж байсан. 2016 оны 6 сарын 22-ны гэрээг 2 талаас харилцан тохиролцож хийсэн. Бид 3 сараас хойш дүүрэг болон АК ХХК-ийн Бямбадоржтой уулзах гэж их хөөцөлдсөн, зугтаад байсан шалтгаан нь одоо ил болж байна. Харин 2015 оны 8 сарын 13-ны Барилгын ажил гүйцэтгэх /туслан гүйцэтгэх/ гэрээг Бямбадорж хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ гэж өөрөө төөрөгдөөд яваа бололтой байна. Хамтран ажиллахаар болсон бол юу гэж нэг сая төгрөгийн дүрмийн сантай хөрөнгийн чадамжгүй компани сонгох вэ. Энэ сөрөг нэхэмжлэлийн үг өгүүлбэр болгон нь гүтгэсэн, бухсан, илт мэлзсэн байгаа нь Бямбадорж цаг авч, залилан мэхлэх ажиллагаа үргэлжилсээр байгааг илтгэж байна. Бямбадорж тэр барилгыг өөрийн эзэмшлийнх гэж үзэж байгаа бол баталсан бичгийг үзүүлж нотлох шаардлагатай байна. Манай байгууллага Ерөнхий гүйцэтгэгчийн үүргээр захиалагчдаас захиалга болон санхүүжилт авч, туслан гүйцэтгэгч болох Аминхүу констракшн ХХК-д өгч, тэр өгсөн санхүүжилтээр туслан гүйцэтгэгч болох АК ХХК ажил гүйцэтгэх ийм л утга учиртай гэрээ хийгдсэн болно. Энэ  зарчмаар ажил хийгдэх ёстой байсан боловч Бямбадорж нь хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ хийсэн гэж төөрөгдөн одоог хүртэл залилан мэхлэх ажиллагаа тасралтгүй явуулж байна. 2015 оны 10 сарын 7-ны өдрийн 15(10-01 албан бичгээр барилгын ажил гүйцэтгэлийг О.Бямбадорж өөрөө зогсоосон шийдвэр гаргасан.” гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А  ХХК нь хариуцагч АК ХХК-д холбогдуулан 2016 оны 6 сарын 22-ны өдрийн хэлцлийн дагуу АК ХХК-д шилжүүлсэн 149,500,000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй А  ХХК-д хүргүүлэхийг даалгуулах, 70,000,000 төгрөгийн төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын 45.26 м.кв талбай бүхий В, С байрлалын 2 өрөө 2 ширхэг орон сууцыг А  ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 70,000,000 төгрөгийн төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын 45.26 м.кв талбай бүхий В, С байрлалын 2 өрөө 2 ширхэг орон сууцыг А  ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай шаардлагыг 70,000,000 төгрөг гаргуулах болгон өөрчилсөн байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд А  ХХК болон АК ХХК-ийн хооронд 2016 оны 6 сарын 22-ны өдөр байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг шаардлага гаргасан, нэхэмжлэгч нь сөрөг шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.     

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч А  ХХК болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Дүүргийн тамгын газрын ажилчдын орон сууцны ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 57-60 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр А  ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6 давхар 30 айлын орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж, дүүргийн зүгээс санал болгосон албан хаагчдад баригдах орон сууцны 1,400 м.кв-аас багагүй талбай бүхий орон сууцыг хөнгөлөлттэй үнээр борлуулах, дүүргийн зүгээс санал болгосон ажилтан, албан хаагчтай байгуулсан гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцыг өөр этгээдэд зарж борлуулах эрхтэй байхаар тохиролцсон байна.

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дахь заалтад заасан хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан, талууд ашиг олох болон тодорхой зорилго хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээсэн гэрээ байна.

Улмаар А  ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Дүүргийн тамгын газрын ажилчдын орон сууцны ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй гэрээгээр гүйцэтгэхээр тохирсон барилгын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 13-аас 2015 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд хийж гүйцэтгүүлэхээр 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч АК ХХК-тай “Барилгын ажил гүйцэтгэх тухай” 15/09 дугаартай гэрээ /хэргийн 1 хавтас 139-142 тал/-г байгуулсан байна.

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нь А  ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалж, АК ХХК-тай “Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газрын ажилчдын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 111-114 тал/-г байгуулж, уг гэрээгээр  АК ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 давхар 20 айлын орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж, дүүргийн зүгээс санал болгосон албан хаагчдад баригдах орон сууцны 1,060 м.кв талбай бүхий орон сууцыг хөнгөлөлттэй үнээр борлуулах, захиалгад хамрагдаагүй үлдсэн орон сууц болон зоорийн давхрыг эзэмших, өмчлөх, борлуулах эрхтэй байхаар тохиролцсон байна.

Энэхүү гэрээ нь мөн Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дахь заалтад заасан хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан, талууд ашиг олох болон тодорхой зорилго хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээсэн гэрээ байна.

АК ХХК нь гэрээний дагуу барилгын ажлыг гүйцэтгэж, 5 давхар 20 айлын орон сууцны барилгыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2016/446 тоот комиссын акт /хэргийн 1 хавтас 120-122 тал/-аар ашиглалтад оруулсан байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар болон АК ХХК нарын хооронд 2015 оны 12 сарын 25-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газрын ажилчдын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 5 давхар 20 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэгдэж байх явцад буюу 2016 оны 6 сарын 22-ны өдөр А  ХХК болон АК ХХК нарын хооронд “Гэрээ” нэртэй хэлцэл /хэргийн 1 хавтас 12,13 тал/ хийгдэж, уг хэлцлээр А  ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай байгуулсан тус дүүргийн 18 дугаар хороонд байрлах дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилтнуудын 20 айлын орон сууцны гүйцэтгэгчийн эрх, үүрэг, хариуцлагыг, захиалагчдын урьдчилгаа төлсөн баримт болон гэрээ дагалдах бичиг баримтын хамтаар АК ХХК-д шилжүүлэх, АК ХХК нь А  ХХК-ийн тухайн барилгад оруулсан бүх хөрөнгө оруулалт болох 140,000,000 төгрөгийг 2016 оны 6 сарын 25, 2016 оны 7 сарын 1-ний өдрүүдэд 2 хувааж төлөх, АК ХХК-д шилжүүлсэн 149,500,000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж өгөхөөр харилцан тохиролцжээ.

Талуудыг төлөөлж эрх бүхий этгээдүүд уг гэрээнд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамгыг дарж баталгаажуулснаар уг хэлцэл Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хүчин төгөлдөр болсон байна.

            Нэхэмжлэгч нь  дээрх хэлцлийн дагуу АК ХХК нь 2016 оны 7 дугаар сард 70,000,000 төгрөгийг А  ХХК-д шилжүүлсэн, үлдэх 70,000,000 төгрөгийг шилжүүлээгүй гэх үндэслэлээр хариуцагчаас 70,000,000 төгрөг гаргуулахаар, орон сууц захиалагч нараас урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 149,500,000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг шилжүүлээгүй гэх үндэслэлээр 149,500,000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг хүргүүлэхийг хариуцагчаас шаардсан бол хариуцагч нь дээрх хэлцлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан бөгөөд 2016 оны 7 сард шилжүүлсэн 70,000,000 төгрөг нь дээрх хэлцлийн дагуу шилжүүлсэн мөнгө биш харин нэхэмжлэгч компанитай 2015 оны 8 сарын 13-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын ажлын санхүүжилтэд зориулан шилжүүлсэн 85,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашины төлбөрт буцаан төлсөн мөнгө гэж маргасан.

            А  ХХК нь      орон сууц захиалагч 6 иргэнээс  урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 149,500,000 төгрөгийг хэлцлийн дагуу АК ХХК-д шилжүүлэн өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх боловч тухайн 149,500,000 төгрөгт НӨАТ төлөх үүрэг А  ХХК-д үүссэн талаарх татварын тайлан, баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, уг шаардлага нь баримтаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Татварын ерөнхий газраас А  ХХК-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох талаар болон туслан гүйцэтгэгч компани нь ерөнхий гүйцэтгэгчээс орж ирсэн барилга барих урьдчилгаа төлбөрийн дүнг борлуулалтаар хүлээн зөвшөөрч ерөнхий гүйцэтгэгчид цахим төлбөрийн баримт үйлдэж өгөх нь зүйтэй” гэсэн утга бүхий албан бичгийг өгсөн гэж тайлбарлаж байх боловч уг албан бичиг нь нотлох баримтын шаардлага хангасан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтад заасан шаардлага хангасан байдлаар хэрэгт авагдаагүй байхын зэрэгцээ тухайн агуулга бүхий албан бичиг нэхэмжлэгчид ирсэн гэх тайлбар нь 149,500,000 төгрөгт ногдох НӨАТ-ыг төлөх үүрэг А  ХХК-д үүссэн болохыг нотлохгүй, нэхэмжлэгч нь 149,500,000 төгрөгт ногдох НӨАТ-ыг төлөх үүрэг А  ХХК-д үүссэн болохыг  өөр бусад баримтаар нотлоогүй байна.

Нэхэмжлэгч нь 5 давхар 20 айлын орон сууцны барилгад оруулсан 140,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт гэдэгт өөрөөс гарсан гэх зардлыг оруулан тооцсон байх ба “Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд баригдсан орон сууцны ажилд зарцуулагдсан зардлын бүртгэл” нэртэй тооцоолол /хэргийн 2 хавтас 89 тал/-ыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд уг тооцоололд 2015 оны 6 сараас 9 сарын хооронд барилгын ажлын зардалд 15,100,000 төгрөг, экспертизийн зардалд 1,500,000 төгрөг, гадна инженерийн зургийн урьдчилгаанд 500,000 төгрөг, нийт 17,100,000 төгрөг /Петронос таур ХХК-д/, 2015 оны 6 сарын 3-ны өдөр нотариатын зардалд 300,000 төгрөг, инженер геологийн дүгнэлтэд 2015 оны 7 сарын 9-ний өдөр 1,200,000 төгрөг /Яргайн ар ХХК-д/, 2015 оны 9 сард ус дулаан, цэвэр бохир, гадна зураг төслийн зардалд 7,000,000 төгрөг /Б.Баярмагнайд/, 2015 оны 9 сарын 23-ны өдөр эрчим хүч татах шууд зардал, техникийн нөхцөлд 6,050,000 төгрөг /О.Бямбадоржид/, 2015 оны 11 сарын 4-ний өдөр  цахилгааны техникийн нөхцөлд 315,000 төгрөг /О.Бямбадоржид/, 2015 оны 9 сарын 25-ны өдөр дулааны техникийн нөхцөлийн материалын үнэд 150,000 төгрөг /О.Бямбадоржид/, 2015 оны 10 сарын 15-наас 22-ны хооронд Лексус 570 автомашин буюу 85,000,000 төгрөг /О.Бямбадоржид/, 2015 оны 10 сарын 6-ны өдөр техникийн тодруулгын үнэд 38,500 төгрөг /О.Бямбадоржид/, 2015 оны 10 сарын 23-ны өдөр техникийн тодруулгын үнэд 38,500 төгрөг /О.Бямбадоржид/, 2015 оны 11 сарын 5-ны өдөр Ус сувгийн удирдах газартай холбоотой 165,000 төгрөг /О.Бямбадоржид/, 2015 оны 8 сард нягтлан бодогчийн цалингийн зардал 800,000 төгрөг /Б.Түмэн-Өлзийд/, 2015 оны 4 сараас 2015 оны 8 сарын түлш шатахууны зардалд 16,281,128 төгрөг, 2015 оны 4 сараас 2015 оны 9 сарын харилцаа холбооны зардалд 3,105,250 төгрөг, санал авах самбар байршуулах нийт зардалд 400,000 төгрөг /Золжаргал/, удирдлагын зардалд 11,240,000 төгрөг /ерөнхий захирал, гүйцэтгэл захиралд/, нийт 149,183,378 төгрөгийн зардал гаргасан гэжээ.

2015 оны 6 сараас 9 сарын хооронд барилгын ажлын зардалд 15,100,000 төгрөг, экспертизийн зардалд 1,500,000 төгрөг, гадна инженерийн зургийн урьдчилгаанд 500,000 төгрөг, нийт 17,100,000 төгрөгийн зардал гарсан гэх тухайд тухайн зардлыг гаргасан гэх хугацаанаас хойш буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар болон АК ХХК нарын хооронд “Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газрын ажилчдын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр  АК ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 давхар 20 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар тохиролцсон, улмаар АК ХХК нь гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 давхар 20 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан болох нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2016/446 тоот комиссын актаар тогтоогдсон, АК ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 5 давхар 20 айлын орон сууцны барилга нь А  ХХК болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан “Дүүргийн тамгын газрын ажилчдын орон сууцны ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй гэрээнд заасан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 6 давхар 30 айлын орон сууцны барилгаас өөр буюу бүтэн нэг давхар, 10 айлын орон сууцаар бага барилга байх тул А  ХХК-ийн зургийн ажилд гаргасан гэх зардлыг АК ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 5 давхар 20 айлын орон сууцны барилгын зургийн ажлын зардал гэж үзэх боломжгүй, тухайн гаргасан гэх зардалтай холбоотой зураг нь АК ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 5 давхар 20 айлын орон сууцны барилгын зураг мөн байсан гэдгийг нэхэмжлэгч шүүхэд баримтаар нотлоогүй байна.

2015 оны 6 сарын 3-ны өдөр нотариатын зардалд зарцуулсан гэх 300,000 төгрөгийн зардал, 2015 оны 7 сарын 9-ний өдөр инженер геологийн дүгнэлтэд зарцуулсан гэх 1,200,000 төгрөг 2015 оны 9 сард ус дулаан, цэвэр бохир, гадна зураг төслийн зардалд зарцуулсан гэх 7,000,000 төгрөг, 2015 оны 9 сарын 23-ны өдөр эрчим хүч татах шууд зардал, техникийн нөхцөлд зарцуулсан гэх 6,050,000 төгрөг  2015 оны 11 сарын 4-ний өдөр цахилгааны техникийн нөхцөлд зарцуулсан гэх 315,000 төгрөг, 2015 оны 9 сарын 25-ны өдөр дулааны техникийн нөхцөлийн материалын үнэд зарцуулсан гэх 150,000 төгрөг,  2015 оны 11 сарын 5-ны өдөр Ус сувгийн удирдах газартай холбоотой гаргасан зардал гэх 165,000 төгрөгийн зардлын баримт байхгүй байхын зэрэгцээ мөн адил АК ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 5 давхар 20 айлын орон сууцны барилгатай холбоотой зардал болох нь нотлогдохгүй байна.

2015 оны 10 сарын 6-ны өдөр техникийн тодруулгын үнэд зарцуулсан гэх 38,500 төгрөг, 2015 оны 10 сарын 23-ны өдөр техникийн тодруулгын үнэд зарцуулсан гэх 38,500 төгрөгийн баримт /хэргийн 2 хавтас 88 тал/, санал авах самбар байршуулах зардалд зарцуулсан гэх 400,000 төгрөгийн баримт /хэргийн 2 хавтас 56 тал/, 2015 оны 8 сард ажилласан нягтлан бодогчийн цалингийн зардалд зарцуулсан гэх 800,000 төгрөгийн баримт /хэргийн 2 хавтас 50 тал/ хэрэгт нотлох баримтаар авагдсан боловч АК ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 5 давхар 20 айлын орон сууцны барилгатай холбоотой зардал болох нь нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь барилгын ажилтай холбоотойгоор 2015 оны 4 сараас 2015 оны 8 сарын түлш шатахууны зардалд 16,281,128 төгрөг, 2015 оны 4 сараас 2015 оны 9 сарын харилцаа холбооны зардалд 3,105,250 төгрөг, удирдлагын зардалд 11,240,000 төгрөг зарцуулсан гэсэн тайлбар гаргаж, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд /хэргийн 2 хавтас 58-87 тал/, банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд /хэргийн 2 хавтас 49, 53-55 тал/-ыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байх боловч тухайн зардлууд нь аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн хувьд тогтмол шинжтэй зардлууд байхын зэрэгцээ АК ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 5 давхар 20 айлын орон сууцны барилгатай холбоотой зардал болох нь нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид ажлын хөлсөнд тооцон шилжүүлсэн гэх Лексус 570 автомашины үнэ болох 85,000,000 төгрөгийг АК ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 5 давхар 20 айлын орон сууцны барилгад оруулсан хөрөнгө оруулалтад тооцон нэхэмжилсэн байх боловч уг автомашиныг А  ХХК болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан “Дүүргийн тамгын газрын ажилчдын орон сууцны ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй 30 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан 2015 оны 8 сарын 13-ны өдрийн 15/09 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу АК ХХК-д шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2015 оны 8 сарын 13-ны өдрийн 15/09 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбараар тогтоогдсон тул уг автомашиныг АК ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 5 давхар 20 айлын орон сууцны барилгад оруулсан хөрөнгө оруулалт гэж үзэх үндэслэлгүй байна.

Ажлын хөлсөнд тооцон шилжүүлсэн гэх автомашин нь 2015 оны 8 сарын 13-ны өдрийн 15/09 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу шилжүүлсэн хөрөнгө байх бөгөөд уг гэрээтэй холбоотой маргааныг талууд арбитраар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч А  ХХК-ийн хариуцагч АК ХХК-д холбогдуулан гаргасан 2016 оны 6 сарын 22-ны өдрийн гэрээний дагуу АК ХХК-д шилжүүлсэн 149,500,000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй А  ХХК-д хүргүүлэхийг даалгуулах, 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч АК ХХК нь нэхэмжлэгч А  ХХК-д холбогдуулан А  ХХК болон АК ХХК-ийн хооронд 2016 оны 6 сарын 22-ны өдөр байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэлцлийн агуулгыг эндүүрч ноцтой төөрөгдсний улмаас хэлцэл хийсэн, А  ХХК-ийн захирал С.Батсайхан танайхаас Лексус-570 автомашины үнэ 85,000,000 төгрөгөөс өөр үндэслэлгүй мөнгө нэхэхгүй, дахин энэ гэрээнээс үүрэг үүсэхгүй, гэрээнд дурдсан мөнгө баримтад үндэслэж байж танайхаас авах боломжтой, бидэнд баримт байхгүй тул дахиж мөнгө нэхэхгүй тул ямар ч үр дагавар үүсэхгүй гэж тайлбарлаж байсан, нөгөө талаас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдын сонгуулийн үр дүнд нөлөөлөх гээд байна, заавал зур гэх шахалтаас үүдэж, арга буюу 2016 оны 6 сарын 22-ны өдрийн “гэрээ”-нд гарын үсэг зурж, тамга дарсан гэж тайлбарласан.

Шүүх уг хэлцлийг хийхэд хамт байсан гэх Б.Баярмагнайгаас нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авахад гэрч Б.Баярмагнай нь 2016 оны 6 сарын 22-ны өдрийн хэлцлийг хийхэд хамт байлцсан гэсэн мэдүүлгийг шүүхэд өгсөн бөгөөд гэрчийн мэдүүлэгт А  ХХК-ийн захирал С.Батсайхан танайхаас Лексус-570 автомашины үнэ 85,000,000 төгрөгөөс өөр үндэслэлгүй мөнгө нэхэхгүй, дахин энэ гэрээнээс үүрэг үүсэхгүй, гэрээнд дурдсан мөнгө баримтад үндэслэж байж танайхаас авах боломжтой, бидэнд баримт байхгүй тул дахиж мөнгө нэхэхгүй тул ямар ч үр дагавар үүсэхгүй гэж тайлбарлаж байсан талаар болон нөгөө талаас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдын сонгуулийн үр дүнд нөлөөлөх гээд байна, заавал зур гэх шахалт үзүүлсэн талаар дурдагдаагүй, дээр дурдсан нөхцөл байдал байсан болохыг хариуцагч өөр бусад байдлаар шүүхэд нотлоогүй тул хариуцагч АК ХХК-ийг хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрч ноцтой төөрөгдсөний улмаас А  ХХК-тай хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Нэхэмжлэлд шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан өдөртэй холбоотой 2016 оны 10 сарын 21-ний өдөр, 2016 оны 11 сарын 22-ны өдрийн хоёр дардас дарагдсан байгаа шалтгааны талаар тодруулахад нэхэмжлэгч нь 2016 оны 10 сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, шүүхэд дахин нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 10 сарын 21-ний өдрийн дардас бүхий нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 22-ны өдөр дахин шүүхэд гаргасны улмаас нэхэмжлэлд 2 дардас дарагдсан гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй байна

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.2, 186 дугаар зүйлийн 186.1 дахь заалтыг баримтлан 149,500,000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй А  ХХК-д хүргүүлэхийг даалгуулах, 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А  ХХК-ийн нэхэмжлэл, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч АК ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 15,000 төгрөг, 2016 оны 11 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 580,000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 сарын 3-ны өдөр урьдчилан төлсөн 857,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

     

     

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.УУГАНБАЯР