Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01245

 

 *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02787 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 145 дугаар магадлалтай,

 *******ийн нэхэмжлэлтэй

А.Жаргалсайхан,*******,******* нарт холбогдох,

 А.Жаргалсайхан,******* нарт холбогдуулан 79,920,000 төгрөг гаргуулах,

О.Жаргалсайханд холбогдуулан 2015.02.03-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч *******ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Оргил, хариуцагч*******,******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч *******ээс хариуцагч*******,******* нарт холбогдуулан 79,920,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч*******д холбогдуулан 2015.02.03-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02787 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* болон******* нараас 69,920,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний бүртгэлийн 231 дугаарт бүртгэн Худалдах-худалдан авах гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч нараас 507,550 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 145 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02787 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч*******,******* нарт холбогдох 79,920,000 төгрөгийг гаргуулах,*******д холбогдох 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэг заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдлыг гаргаж байна.

4.1. Хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд.

Энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлж, улмаар хууль хэрэглээний ноцтой алдаа гаргажээ.

Талуудын хооронд үүссэн харилцаа нь үүрэг буюу өр шилжүүлэх гэрээ огт биш юм. Учир нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж зааснаар ямар гэрээ хэлцэл болон хуулиар үүссэн, хэзээ үүссэн, хэдий хэмжээний үүргийг хэнээс шилжүүлэн авч, хэний өмнө хүлээж байгаа, түүнчлэн хариу түүнээс ямар шаардах эрх бий болох зэрэг зайлшгүй шаардах эрх эзэмшигч буюу банктай харилцан тохиролцохоор хуульчилсан байна.

Гэтэл угаас ийм харилцаа талууд төдийгүй банктай тохиролцсон харилцаа бий болоогүй бөгөөд огт тийм баримт ч байхгүй, гэрээнд хавсаргаагүй тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцэхгүйн дээр нотлох баримтаар дэмжигдэхгүй юм.

Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгө нь зээлээр худалдах худалдан авах гэрээний зүйл биш юм. Иргэний хуулийн 262.1-д зааснаар гэрээний үнийг төлөхөөс өмнө өмчлөл шилжиж, гэрээний үнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн, тохирсон ёсоор хүүтэй өгөх үүргийг талууд хүлээдэг. Гэтэл маргаан бүхий гэрээгээр өмчлөл шилжээгүй, хүү тохирсон зүйл огт байхгүй юм. Тиймээс Зээлээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ биш.

Улмаар Зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй учир худалдах худалдан авах гэрээ гэж тайлбарлах боловч Иргэний хуулийн 109.2 дугаар зүйл болон 243.1 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөл мөн шилжих ёстой. Гэвч энэхүү маргааны тохиолдолд аль аль нь хангагдаагүй тул Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр болж чадаагүй.

Нөгөө талаас анхан болон давж заалдах шатны шүүх аль аль нь маргааны гол үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй орхигдуулсан байдаг. Тодруулбал хариуцагч нар нь нэхэмжлэгчийг төөрөгдөлд оруулсан тухай юм.

2015.02.03-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээнд гэрээний нийт үнийн дүн 140,000,000 төгрөг гэж бичсэн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 83,586,650 төгрөгийг хувааж төлөхөөр тохирсон байдаг. Гэтэл 1 сард төлөх үнийн дүнгээр нь бодоод үзвэл даруй гэрээний нийт үнийн дүнгээс 48,767,992 төгрөгөөр илүү гарахаар байгаа нь шударга бус бөгөөд нэхэмжлэгчийн хүсэл зоригийг гажуудуулсан. Өөрөөр хэлбэл, гэрээний үнийн дүн дээр талууд хүсэл зориг нэгдээгүй бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийг төөрөгдөлд оруулсан.

Мөн Гэрээний 1-д 000329618 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ гэсэн нь үл хөдлөх хөрөнгийг газрын өмчлөлийн хамт давхар худалдан өгч буй мэтээр гэрээнд оруулсан нь төөрөгдөлд оруулах бас нэг үндэслэл болсон.

Иймээс талууд өөр өөр байр суурьтай, нэгдсэн нэг хүсэл зоригт хүрч чадаагүй буюу худалдагч нар нь ямар нэг аргаар гэрээ байгуулах байр сууринаас асуудалд хандаж, гэрээний гол нөхцөл дээр нэхэмжлэгчийг төөрөгдүүлэн хууран мэхэлж гэрээ байгуулсан нь хариуцагчийн өөрийнх нь тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогддог тул Иргэний хуулийн 56.1.1, 56.1.10, 58, 59 дүгээр зүйлүүдэд заасан хэлцлийн шинжийг бүрэн агуулдаг болно.

4.2. Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд.

Тойргийн харьяалал зөрчсөн, Гэрээний агуулгыг тайлбарлаж өгөөгүй нь илт бөгөөд үүнийг нэхэмжлэгч бус харин хариуцагч тусгай субьектын хувьд хууль зөрчөөгүй гэдгээ өөрөө нотлох ёстой буюу нотлох үүргийн хуваарилалт нотариатчид байх ёстой, гэтэл шүүх үүнд нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй.

Түүнчлэн 2015.02.03-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ 6 болон 7 заалттай, энэхүү 2 гэрээг хоёуланг баталсан байх ба эдгээр гэрээ нь тус тусдаа өөр хууль зүйн үр дагаврыг талуудад бий болгож буй бөгөөд 2 гэрээг 1 дугаарт тэмдэглэсэн нь нотариатчийн тэмдэглэл үйлдэх заавар журамд нийцэхгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 6. Нэхэмжлэгч нь хариуцагч*******,******* нарт холбогдуулан 2015.02.03-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээний үүрэгт шилжүүлсэн 79,920,000 төгрөгийг буцаан гаргуулах,*******д холбогдуулан 2015.02.03-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нарын хэн аль нь эс зөвшөөрч, маргажээ.

 7. Анхан шатны шүүх хариуцагч*******,******* нараас 69,920,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсэг болон хариуцагч*******д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

 8. Хэрэгт цугларсан баримтыг үзвэл, 2015.02.03-ны өдөр худалдагч*******,******* нар нь худалдан авагч *******тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 45 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 46а байрны 23 тоот хаягт байршилтай 000329618 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Ү-2204009208 тоот улсын бүртгэлийг дугаар бүхий 64 м.кв талбай бүхий орон сууцыг 140,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохирч, урьдчилгаа 55,250,000 төгрөгийг 2015.02.03-ны өдөр хүлээн авч, үлдэгдэл 83,586,650 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сард 2,560,000 төгрөгөөр төлж барагдуулна,

Уг орон сууц Хаан банкны зээлийн барьцаанд байгаа, худалдан авагч нь шилжүүлэн авсан зээлээ төлж дуусгаснаар өмчлөх эрх үүснэ, зээл дууссаны дараа үл маргах журмаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ, зээлийн эргэн төлөлтийн график зөрчсөнөөс үүсэх аливаа эрсдэлийг худалдан авагч хариуцахаар харилцан тохиролцжээ.

 Гэрээний дагуу худалдагч урьдчилгаа төлбөрийг төлсний дараа үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийг худалдан авагчид шилжүүлсэн, худалдан авагч урьдчилгаа 55,250,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, 2015.03.03-наас 2015.11.03-ныг хүртэлх хугацаанд Хаан банкинд зээлийн гэрээний үүрэгт 23,040,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ.

 9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...уг байрыг 140,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч урьдчилгаанд 55,250,000 төгрөгийг өгч, Хаан банкинд 2015.03.03-наас 2015.11.03-ныг хүртэл 23,040,000 төгрөгийг төлсөн боловч банкны графикийн дагуу төлбөрийг төлбөл орон сууцыг 140,000,000 төгрөгөөр бус 187,604,642 төгрөгөөр худалдаж авах, 47,604,642 төгрөгийг илүү төлөх нөхцөл байдал үүссэн. Ийм их зөрүү мөнгө нэмж төлнө гэдгээ гэрээ байгуулах үед мэдээгүй, үлдсэн төлбөрөө хэсэгчлэн төлөх нь надад таатай нөхцөл байна хэмээн төөрөгдсөн байна.

 Уг дэлгүүрийг надад анх зарахдаа өндөр ашиг олдог гэж итгүүлэн, доторх хөлдөөгчийг дагуулан өгсөн боловч тэдгээр хөлдөөгч нь бусад компанийн хөрөнгө байсны улмаас эзэд нь ирээд авсан, дэлгүүрийн орлого надад хэлж байсан шиг байгаагүйн улмаас би 2015 оны 12 сараас зээлийг төлж чадахгүйд хүрч, урьдчилгаа мөнгө өгөхдөө байраа зарж өгсөн тул орох оронгүй болж, худалдан авсан байр маань банкны өрөнд хураагдах болоод байна. Тус дэлгүүрийн барилгыг зарж, эсхүл барьцаанд тавьж банкны өрийг барагдуулах гэсэн боловч зээлийн гэрээ нь*******ы нэр дээр байгаа тул надад ямар нэг эрх үүсэхгүй байна. Мөн байрыг зарахаар зар тавьж хүмүүс ирж үзээд авах болоход Жаргалсайхан гэрчилгээг шилжүүлж өгдөггүй нь анхнаасаа намайг хууран мэхэлж гэрээг хийсэн гэж ойлгож байна.

Тус байр нь 64 м.кв талбайтай гэх боловч хэмжилт хийлгэхэд 51.19 м.кв болох нь тогтоогдож, 12.81 м.кв дутуу байна.

Мөн хариуцагч нар гэрээг таньдаг нотариатчаар гэрчлүүлнэ гэж Сонгинохайрхан дүүргийн нотариатчаар гэрчлүүлсэн нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн, Хаан банкны барьцаанд байгаа байрыг бусдад худалдахдаа энэ тухайгаа банкинд мэдэгдээгүй байгаа нь хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар 2015.02.03-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, урьдчилгаа төлбөрт өгсөн 79,920,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна, мөн Нотариатын тухай хууль зөрчиж гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү... гэж тайлбарласан,

 Хариуцагч*******,******* нар: ...өөрийн өмчлөлийн байрыг харилцан тохиролцсоны улмаас гэрээ хийж, нотариатаар гэрчлүүлэн, худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн. Уг найман нэрийн барааны дэлгүүрийн барилгын үнийг зах зээлийн ханшаар 140,000,000 төгрөгөөр тооцож, урьдчилгаа 55,250,000 төгрөгийг төлсөн, үлдэх 83,586,650 төгрөгийг зээлийн хуваарийн дагуу сар бүр 2,560,000 төгрөгийг 2019.06.03 хүртэл төлж барагдуулж дуусгахаар, төлбөрийг төлж дууссаны дараа *******ийн өмчлөлд шилжүүлнэ гэж тохиролцсон. Дэлгүүрийг хүлээлгэж өгөхдөө дэлгүүрт байсан 10,000,000 төгрөгийн бараа материалын хамт шилжүүлсэн, гэтэл ******* нь 2015.09.10-ны өдрөөс хойш зээлийг төлөхөө больж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагч нар зээлийн төлбөрт их хэмжээний мөнгө төлж, илүү хохирч байна. Гэрээг сайн дураараа байгуулж, гарын үсгээ зурцгаасан, ноцтой төөрөгдсөн, хууран мэхлэгдсэн, анхнаасаа хүчин төгөлдөр бус байх аль ч хэлцэлд хамаарахгүй, хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж,

 Хариуцагч*******: ...2015.02.03-ны өдөр талууд манай ажил дээр ирж нотариатын үйлчилгээ авсан, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах урьдчилсан нөхцлийг тохиролцож гэрээ байгуулах хүсэлт гаргасан. Уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээ Хаан банкны барьцаанд байгаа учир эд хөрөнгийг шилжүүлэх гэрээ хийгдэхгүй, мөн тухайн дүүргийн нотариатч гэрчилдэг талаар хэлсэн, ...тэд гэрээгээр зөвхөн төлбөр төлөх хугацаа нөхцлөө тохирно, яг худалдах-худалдан авах гэрээгээр төлбөр төлж дууссаны дараа хийнэ гэж хэлсэн учир тойрог харгалзахгүй гэрээг гэрчилж, гэрээнд төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд өмчлөлд шилжүүлнэ гэсэн заалт оруулсан. Гэрээг гэрчилснээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд нөлөөлөх зүйл байгаагүй, гэхдээ нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрч байна... гэжээ.

 10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа: ...гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй, харин зохигчийг гэрээ байгуулах үед Иргэний хуулийн 162 дугаар зүйлийн 162.1-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд барьцаалагч, барьцаалуулагч нь харилцан зөвшөөрөл авах үүрэгтэй, 162.1.2-т барьцаалуулагч нь барьцааны зүйлийн хувьд гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бол барьцаалагчаас гэж зохицуулсан байх ба гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө Хаан банкны зээлийн барьцаанд байсан бөгөөд барьцаалуулагч буюу хариуцагч нар тухайн банкнаас зөвшөөрөл авсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, хэлцлээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцааж өгнө. Хариуцагч нарын дэлгүүрийг дэлгүүрт байсан 10,000,000 төгрөгийн бараатай хүлээлгэж өгсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул гэрээний үүрэгт шилжүүлсэн 79,920,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хасч, хариуцагч нараас 69,920,000 төгрөгийг гаргуулна, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан нөхцөл байдал илрээгүй, нотариатч Нотариатын тухай хууль зөрчсөн нь тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгоно... гэж дүгнэсэн бол,

 11. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо: ...талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлно гэж заасантай нийцсэн, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэхээр байна, ...гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө Хаан банкны барьцаанд байгаа гэсэн байдлаар ******* нь 2019.06.03-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийг төлж дуусгах, энэ үед зээлийн үлдэгдэл төлбөр 83,856,650 төгрөг байсан нь зээл олголт, эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байна, түүнчлэн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд талбайн хэмжээг 64 м.кв гэж тодорхойлсон байна, ...дэлгүүр ашиг орлого ихтэй, хөлдөөгч дагуулж өгнө гэж хууран мэхэлсэн гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй, ...өмчлөгчийн хэлцэл хийх эрхийг барьцааны гэрээгээр хязгаарлахгүй, ...иймд худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй, үр дагаврыг шийдвэрлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй, нотариатын үйлдлийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй... гэсэн дүгнэлт хийжээ.

 12. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

 13. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөв тодорхойлоогүйгээс хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 402-т заасан үүргээ биелүүлээгүй, маргаж буй үйл баримтыг үндэслэл бүхий тогтоогоогүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтад нийцээгүй байна.

 Харин анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шийдэл зөв байх боловч маргааны үйл баримтад хийсэн дүгнэлт оновчгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 14. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь ...худалдан авч буй хөрөнгийн үнийг 140,000,000 төгрөгөөр тохирсон тул урьдчилгаа 55,250,000 төгрөгийг төлөөд үлдэх 83,589,650 төгрөгийг сар бүр 2,560,000 төгрөгөөр төлж дуусгана гэж ойлгосон байтал илүү 47,604,642 төгрөгийг төлөхөөр болсныг мэдээгүй, хувааж төлөхөөр илүү төлбөр төлнө гэж ойлгоогүйгээс төөрөгдөлд орсон байна... гэжээ.

 14.1. Зохигчийн хооронд 2015.02.03-ны өдөр байгуулсан Худалдах-худалдан авах гэрээ /хүнсний дэлгүүр/-ний 1-д ...Ү-2204009208 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 64 м.кв орон сууц 140,000,000 төгрөгөөр худалдах ба төлбөрийг урьдчилгаа 55,250,000 төгрөгийг 2015.02.03-ны өдөр хүлээн авсан ба үлдэгдэл 83,586,650 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сард 2,560,000 төгрөгөөр төлж дуусгана... гэжээ.

 14.2. Гэрээний дээрх заалтаас үзэхэд худалдан авч буй хөрөнгийн үнэ 140,000,000 төгрөг, урьдчилгаа төлбөрт 55,250,000 төгрөгийг өгч, үлдэгдэл 83,586,650 төгрөгийг сар бүр 2,650,000 төгрөгөөр төлж дуусгах, төлбөр бүрэн төлөгдсний дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.

 Худалдан авч буй объект Хаан банкны зээлийн барьцаанд байсан бөгөөд гэрээ байгуулах үед зээлийн үлдэгдэл 83,586,650 төгрөг байсан талаар хэн аль нь маргаагүй, дээрх төлбөрийг сар бүр хуваан төлснөөр орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авна гэж ойлгосон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

 Тухайлбал, зээлийн үлдэгдэл 83,586,650 төгрөгийн төлбөр нь хариуцагч*******ы 2014.06.04-ний өдрийн Хаан банкнаас 5 жилийн хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй авсан 91,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл байсан бөгөөд тухайн үлдэгдэл төлбөр нь гэрээний хугацаа дуустал сар бүр хүүгийн хамт тооцогдох учиртайг гэрээ байгуулах үед худалдагч талаас буюу хариуцагч нар нь худалдан авагч буюу нэхэмжлэгчид тайлбарлаж өгөөгүй, түүнчлэн талууд үлдэгдэл төлбөрийг ямар нэг хүүтэй төлөхөөр харилцан тохиролцоогүй байх тул 2,650,000 төгрөгийг сар бүр төлсөөр 83,586,650 төгрөгийг бус 132,354,642 төгрөг төлөх үүрэг үүссэн болохыг мэдээгүй, төөрөгдөлд орсон гэж үзсэн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

 14.3. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн хэлцлийг ноцтой төөрөгдсөн гэж үзнэ гэж, 58.1-д ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэжээ.

 Худалдах-худалдан авах гэрээний гол зүйл нь худалдаж, худалдан авч буй зүйлийн үнэ байдаг, нэхэмжлэгч нь 140,000,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахаар гэрээ байгуулсан байтал гэрээний үүргийг биелүүлснээр орон сууцыг 187,604,642 төгрөгөөр худалдаж авах нөхцөл байдал үүссэн байх бөгөөд тэрээр өөрийн хүсэл зоригоос өөр үнийн дүн бүхий хэлцлийг зөвшөөрч хийсэн гэх үндэслэлтэй байна.

 Иймд*******,*******, ******* нарын хооронд байгуулсан 2015.02.03-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь зүйтэй.

 15. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгө шаардах эрхтэй.

 Талуудын хооронд үүрэг үүсгэсэн Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тул нэхэмжлэгч буюу худалдан авагч ******* нь гэрээний үүрэгт шилжүүлсэн 79,200,000 төгрөгийг хариуцагч буюу худалдагч*******,******* нараас шаардах эрхтэй байна.

 16. Харин худалдагч нь дэлгүүрийн барилгыг хүлээлгэн өгөхдөө 10,000,000 төгрөгийн үнэ бүхий бараа, материалтай өгсөн, сүүлд үнийг авахаар тохирсон гэх хариуцагч нарын тайлбарыг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа нэхэмжлэгч нотлоогүй гэх үндэслэлээр гэрээний үүрэгт шилжүүлсэн 79,200,000 төгрөгөөс дээрх 10,000,000 төгрөгийг хасч, хариуцагч нараас 69,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй.

 17. Нэгэнт талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр бус тул тус гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлагагүй, иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.

 18. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 145 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02787 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 2015.02.03-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээг ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч*******,******* нараас 69,920,000 төгрөгийг гаргуулан *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон*******д холбогдох нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын ...60.1,... гэсний дараа ...58 дугаар зүйлийн 58.3,... гэж нэмж, ...507,550 төгрөгийг гэснийг ...857,950 төгрөгийг... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч *******ийн гомдлыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.01-ний өдрийн 102/ШЗ2021/02683 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Б.МӨНХТУЯА

               ШҮҮГЧИД          Н.БАЯРМАА

                                        П.ЗОЛЗАЯА

                                      Д.ЦОЛМОН

                                             Х.ЭРДЭНЭСУВД