Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2018/02290

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөнийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 11-276 тоотод оршин суух, 54 настай, эмэгтэй, Боржигон овогт Д.Эийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 20 дугаар байрны 64 тоотод оршин суух, 35 настай, эмэгтэй, Уранхай гомбо овогт А.Ж,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 12-5 тоотод оршин суух, 37 настай, эрэгтэй, Урианхай Гомбо овогт А.Б нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, өөрийн байранд байрлах Х банк ХХК,

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хариуцагч нараас 79,920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Э.Нэмэхбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, ихэсгэсэн шаардлага болон, өмгөөлөгч У.Хандсүрэнгийн хамт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр А.Б, Н.СӨХ нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009208 дугаартай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 46А байрны 23 тоотод байрлалтай 64 м.кв талбайтай орон сууцыг 140,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 55,250,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 83,586,650 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 03-ныг хүртэлх хугацаанд Х банкнаас авсан А.Бын зээлийн төлбөрт сард 2,560,000 төгрөг төлөх байдлаар төлж дуусгахаар тохиролцсон. Улмаар 2015 оны 3 дугаар сарын 03-наас 2015 оны 11 дүгээр сарын 03-н хүртэл 23,040,000 төгрөг төлсөн. Бид орон сууцны үнийг 140,000,000 төгрөг гэж тохиролцсон боловч Х банкинд энэ графикаар төлвөл нийт төлөх үнийн дүн нь 145,691,292 төгрөг болж, уг байрыг 200,941,292 төгрөгөөр авах болж байгаа нь намайг 60,941,292 төгрөгийн алдагдалд оруулахаар байна. Би анх ойлгохдоо урьдчилгаа төлөөд үлдсэн төлбөрөө хэсэгчлэн төлөх нь таатай нөхцөл байна хэмээн төөрөгдөж уг гэрээг хийхдээ ийм их зөрүү нэмж төлнө гэдгээ мэдээгүй.

Уг дэлгүүрийн байрыг анх надад зарахдаа өндөр ашиг олдог гэж итгүүлэн доторхи хөлдөөгчийг хамт өгсөн боловч тэдгээр хөлдөөгч нь бусад компанийн хөрөнгө байсны улмаас тэдгээр хөлдөөгчийг эзэд нь ирж авсан. Тус дэлгүүрийг ажиллуулахад А.Бын хэлсэн шиг байгаагүйн улмаас би 2015 оны 12 дугаар сараас эхлэн Х банкны зээлийг төлж чадахгүйд хүрсэн. Би энэ байрыг зарж, эсвэл барьцаанд тавьж Х банкны өрийг барагдуулъя гэсэн боловч уг байр болоод зээлийн гэрээ нь Н.СӨХы нэр дээр тул надад байрыг зарах, түрээслэх, барьцаанд тавих ямар ч эрх үүсэхгүй байна. Орон сууцны нийт талбайн хэмжээ гэрээнд заасан хэмжээнд хүрээгүйгээс зөрүү 12,81 м.кв-ын үнэ 28,021,500 төгрөгийг байр худалдан авсан үнээс хасуулж тооцох шаардлага гаргасан ч уг шаардлагаас татгалзаж нэхэмжлэлээ өөрчилсөн.

Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлд нотариатын үйлдэл хийхээс татгалзах талаар зохицуулсан байгаа. Энэ нь тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцэл болон өвлөх эрхтэй холбогдсон баримт бичгийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ гэж заасныг зөрчсөн. Баянзүрх дүүргийн үл хөдлөх хөрөнгийг Сонгинохайрхан дүүргийн нотариатч баталсан байна. Хэрэв нотариатч энэ үйлдлийг хийхээс татгалзсан бол гэрээ хийгдэхгүй байсан. Мөн хуулийн 31.3-т энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүй тооцно гэж заасан байх тул гэрээг энэ үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иргэний хуулийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн. Хэдийгээр гэрээг нотариатаар батлуулсан ч улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Мөн Иргэний хуулийн 171.2 дахь заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгохоос өмнө гэрээг байгуулсан ба, банкнаас зөвшөөрөл аваагүй учир зөрчиж хийсэн хэлцэл юм.

Иймд 2015 оны 2 дугаар сарын 03-ны Худалдах, худалдан авах гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч нарт бэлэн өгсөн 55,250,000 төгрөг, А.Бын нэр дээрх Х банкны зээлийн эргэн төлөлтөнд төлсөн 24,040,000 төгрөг, нийт 79,920,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна гэв.

Хариуцагч А.Б, Н.СӨХ нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон, өмгөөлөгч Э.Нэмэхбаярын хамт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Н.СӨХ өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 16А байрны 23 тоот байрыг өөрийн төрсөн ах А.Бын хамт иргэн Д.Этэй харилцан тохиролцсоны үндсэн дээр Иргэний хуулийн 243.1 дэх заалтыг үндэслэн Худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу Д.Эийн эзэмшилд байрыг өгсөн. Тус найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллаж байсан байрыг зах зээлийн ханшаар тооцож нийт 140,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бөгөөд, урьдчилгаа 45,250,000 төгрөгийг бэлнээр, 10,000,000 төгрөгт автомашин оролцуулж, үлдэгдэл 83,586,650 төгрөгийг зээлийн хуваарийн дагуу сард 2,560,000 төгрөгөөр төлж, 2019 оны 6 дугаар сарын 03-нд төлж барагдуулж дуусгахаар тохиролцсон. Төлбөр барагдуулж, үүргийн гүйцэтгэл хангагдсан тохиололд Д.Эийн эзэмшилд байгаа байрыг өмчлөлд нь шилжүүлж өгөхөөр тохиролцсон болно. Тухайн үед Д.Э нь бэлэн мөнгө байхгүй учир дэлгүүрээ ажиллуулаад, үлдэгдэл төлбөрөө хүүгийн хамт төлчих таатай нөхцөл байна гэж байсан.

Д.Э нь гэрээ байгуулсан цагаасаа эхлэн зээлийг хугацаанд нь биш бага хэмжээгээр төлж байсан ба, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш зээлийг огт төлөхөө байсан. Түүний Х банкинд нийт төлсөн мөнгөн дүн 23,040,000 төгрөг, өнөөдрийн байдлаар үндсэн зээл 69,056,617 төгрөг, хүүгийн төлбөрт 42,721,233 төгрөгийг тус тус төлөхөөр байгаа. Х банкнаас энэ зээлийн төлбөрт А.Бын нэр дээрх өөр данснаас 500,000 төгрөгийг, эхнэр Ч.Нацагдэмбэрэлийн данснаас 437,950 төгрөгийг татан авсан. Д.Эийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зээлийн хүүнд 42,721,233 төгрөг, данснаас татан авсан 937,950 төгрөг, дэлгүүрт байсан барааны үнэ 10,000,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Х банкнаас зээлийн төлөлтөнд А.Б 10,000,000 төгрөгийг өөрөөсөө төлж, Д.Эээс 7,680,000 төгрөгийг авч, зөрүү мөнгө болох 2,320,000 төгрөгийг өөрөөсөө төлж, нийт 55,979,183 төгрөгийн хохирол учирсан. Д.Э нь тухайн байрыг дэлгүүрийн зориулалтаар эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд, худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, бид бүхэнд хохирол учруулчихаад өөртөө хохирол учирсан, өөрийгөө төөрөгдсөн, хамт өгсөн хөргөгчүүд өөр компанийнх байсан мэтээр шүүхэд хандсан байна. Тэрээр гэрээ байгуулахдаа охиныхоо хамт харилцан тохиролцож гэрээ хийж байсан, хөргөгчнүүд нь дэлгүүр бүрт байдаг аж ахуй нэгжүүд өөрсдийн хөргөгчөө байрлуулан бүтээгдэхүүнээ зардаг зайрмаг болон ундааны хөргөгч байсан.

Худалдах, худалдан авах гэрээг хийхдээ хоёр тал Иргэний хуулийн 39-41 дүгээр зүйлүүдэд заасан хүсэл зоригийн илэрхийллээ харилцан илэрхийлсэн. Харилцан хүсэл сонирхлын илэрхийллээ хүлээн авсан. Д.Э өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ өөрийгөө ноцтой төөрөгдсөн, хууран мэхлэгдсэн гэж мэдүүлсэн боловч гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа харилцан тохиролцсоноо хүлээн зөвшөөрсөн, үнийн дүнгээ мэдэж байсан. Гэрээний нэмэлт нөхцлийн дагуу үүргийн гүйцэтгэл хангагдсан тохиолдолд Д.Эийн өмчлөх эрхэнд үл маргах журмаар шилжүүлэх гэсэн үйлдлээ хууран мэхлэгдсэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 58.2, 58.3-т заасан ноцтой төөрөгдөл гэх тохиолдлыг агуулаагүй, хууран мэхэлж хийсэн хэлцлийн шинж байхгүй, Иргэний хуулийн 56, 57 заасан хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцох ямар ч нөхцөл байхгүй тул гэрээг хэвээр үлдээж, худалдагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ хангуулах, шаардах эрхээ хэрэгжүүлэх бололцоогоор хангаж өгөхийг хүсье гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Х банкны зүгээс бол нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний талаар, уг байрыг худалдаж авсан эсэхэд дүгнэлт хэлэх шаардлагагүй гэж үзэж байна. Талуудын хооронд ямар хэлцэл хийснийг нь мэдэхгүй байна. Харин Зээлийн гэрээний тухайд Н.СӨХ, А.Б нар болон Х банк ХХК-ийн хооронд байгуулагдсан. Зээлийн барьцаанд Н.СӨХы өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Зээлийг хэн төлсөн, хэн нь яагаад төлөөгүй вэ гэдэг нь энэ хүмүүсийн хоорондын асуудал юм. Одоо зээл төлөлт нь муудсан байгаа тул банк шаардлагаа гаргах байх. Эцсийн байдлаар зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан хүн хариуцлага хүлээнэ. Банкны зээлийн барьцаанд байгаа орон сууцаа худалдсан асуудал яригдаж байна. Банкны зээлээ бусдад шилжүүлэх замаар барьцаа хөрөнгөө худалдаж байгаа нь ямар хэлцэл вэ гэдгийг зөв тодорхойлох ёстой. Ийм байдлаар хийсэн хэлцэл хүчин төгөлдөр мөн, биш гэдэгт шүүх дүгнэлтээ өгөх байх. Банкны зүгээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих, хариуцагчийн тайлбарыг дэмжих гэсэн байр сууринаас оролцохгүй. Одоо энэ зээл муудсан учир банк нэхэмжлэлийн шаардлагаа гаргахад бэлтгэж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргахад банкны зүгээс зээлдэгч нарт холбогдуулан гаргах бөгөөд, үлдэгдэл төлбөр нь Д.Эт ямар ч хамааралгүй, зээлдэгч нараас төлбөрөө нэхэмжилж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардана. Банк хуулийн дагуу зээл олгосон, хуульд заасан шаардлагын дагуу барьцааны гэрээ байгуулсан. Шүүх шийдвэрээ гаргахдаа гуравдагч этгээдийн эрх ашгийг үндэслэл болгон гаргаасай гэж бодож байна гэв.

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч А.Б, Н.СӨХ нарт холбогдуулан 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-г хүчингүй болгож, худалдан авсан орон сууцны талбайн зөрүү 12,81 м.кв-ын үнэ 28,021,500 төгрөгийг байр худалдан авсан үндсэн үнэ 140,000,000 төгрөгөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, А.Б, Н.СӨХ нартай 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ-г бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу бэлэн өгсөн 55,250,000 төгрөг, А.Бын нэр дээрх Х банкны зээлийн төлөлтөнд төлсөн 24,040,000 төгрөг, нийт 79,920,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Н.СӨХ нь төрсөн ах А.Бын хамт өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 46а байрны 23 тоот дахь 64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 140,000,000 төгрөгөөр Д.Эийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулан, улмаар гэрээний зүйл худалдан авагч Д.Эийн эзэмшилд шилжсэн болох нь маргаан бүхий гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-9/

Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууц нь Х банк ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа талаар дээрх гэрээний 2 дугаар зүйлд тусган, төлбөрийн урьдчилгаа 55,250,000 төгрөгийг худалдагч тал хүлээн авсан ба, худалдан авагч нь гэрээний үлдэгдэл 83,586,650 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сард 2,560,000 төгрөгөөр төлж, Д.Э нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэл зээлийг төлж дуусгаснаар түүнд өмчлөх эрх үүсч, зээл дууссаны дараа орон сууцыг Н.СӨХ, А.Б нар үл маргах журмаар Д.Эийн өмчлөлд шилжүүлж өгөхөөр тохиролцжээ.

Нэхэмжлэгч Д.Э болон түүний өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Худалдах, худалдан авах гэрээний дагуу 140,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч, дахин тооцоолоход төлвөл зохих үнийн дүн нэмэгдэхийг гэрээ байгуулснаас хойш мэдсэн..., худалдагч талын тайлбарлаж байсан шиг ашиг орлого сайн олоогүй, зээлийн гэрээний дагуу төлөх 2,560,000 төгрөгийг төлөхөд хүндрэлтэй байсан, ...дэлгүүртэй хамт хүлээлгэж өгсөн хөлдөөгчүүд нь өөр байгууллагуудынх байсан... мөн гэрээг байгуулах үед төөрөгдөлд орсон учир гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдоно гэж тайлбарлан маргасан.

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ... гэрээний үнэ ойлгомжтой тодорхой байсан, маргаж байгаа орон сууц нь Х банкны зээлийн барьцаанд байсан талаар болон зээлийн хүүгийн төлбөр төлөх талаар Д.Эт бүрэн мэдээлэл өгч, зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарийг худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа худалдан авагч талд өгсөн ..., бэлэн мөнгө байхгүй учир дэлгүүрээ ажиллуулаад үлдэгдэл төлбөрөө банкны хүүгийн хамт төлөх таатай нөхцөл байна гэж хэлж байсан учир төөрөгдөлд орох үндэслэл байхгүй... гэж тайлбарлан маргаж байна.

Маргаан бүхий Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 46а байрны 23 тоот дахь 2 өрөө орон сууц нь хариуцагч Н.СӨХы өмч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдох бөгөөд, уг орон сууц нь хариуцагч А.Бын Х банк ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний дагуу барьцаалагдсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно /хх 10/

Харин гэрээний үнийн талаар өөр өөрийн үндэслэл, тайлбарыг гаргаж маргасныг дараахь байдлаар дүгнэж, Д.Эийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий Худалдах, худалдан авах гэрээг талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг үндэслэн байгуулсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авчг нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилжээ.

Талууд хэдийгээр гэрээний зүйлийн үнийг 140,000,000 төгрөг байхаар тодорхойлсон байх боловч, худалдан авагч нь урьдчилгаа 55,250,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр бэлнээр төлж, үлдэгдэл 83,586,650 төгрөгийг ирээдүйд буюу 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 2,560,000 төгрөгийн зээлийг төлж дуусгаснаар гэрээний зүйл болох орон сууц нь худалдан авагч Д.Эийн өмчлөлд шилжихээр тохиролцсон байгаа нь тэдний байгуулсан гэрээ Зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан гэж дүгнэхээр байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 263.2 дахь хэсэгт Зээлээр худалдах, худалдан авах гэрээнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлвөл зохих хүүгийн хэмжээ, үнэ болон үнийг тодорхойлох журам зэргийг заавал тусгасан байхаар хуульчилжээ.

Талуудын байгуулсан маргаан бүхий Худалдах, худалдан авах гэрээ-нд хуулийн дээрх шаардлагуудыг тусгасан, тодруулбал, бэлнээр төлөх үнэ 140,000,000 төгрөг байхаар зааж, үлдэгдэл төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сард 2,560,000 төгрөгөөр 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэл зээлийг төлж дуусгаснаар худалдан авагчид өмчлөх эрх үүсэх талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн, худалдагч нь гэрээний зүйл банкны барьцаанд байсан талаар худалдан авагчид мэдэгдсэн, графикийн дагуу заасан хугацаанд сар бүр зээлийн төлбөр төлөхийг болон уг графикийн хуваарь зөрчигдсөн тохиолдолд худалдан авагч эрсдлийг хариуцах талаар тусгасан байх тул тэдний хооронд хүчин төгөлдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Э гэрээний нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэл зоригийг чөлөөтэй илэрхийлэн гэрээг байгуулж, үүнээс хойш 2015 оны 10 дугаар сарыг хүртэл буюу 6 сарын хугацаанд сар бүр 2,560,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу Х банк ХХК-д төлж байсан болох нь баримтаар тогтоогдсон бөгөөд, дэлгүүр ашиг орлого муу байсан гэх түүний тайлбар нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болох бөгөөд, мөн хуулийн 58.2 дахь хэсэгт ямар тохиолдлыг ноцтой төөрөгдсөн гэж үзэх талаар тодорхойлсон байдаг.

Нэхэмжлэгч Д.Эийн дэлгүүрийн байрыг өндөр ашиг олдог гэж итгүүлсэн, ... дэлгүүрийг ажиллуулахад хэлсэн шиг нь ашигтай байгаагүйн улмаас банкны зээлийг төлж чадаагүй, ... мөн худалдах, худалдан авах гэрээний үнийг 140,000,000 гэж тохиролцсон учир үлдэгдэл 83,586,650 төгрөгийг л банкинд төлнө гэж ойлгосон, ... орон сууцны хамт өгсөн хөлдөөгчнүүд бусад компанийн хөрөнгө байсныг эзэд нь ирж авсан... гэх тайлбаруудаар маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.3.3 дахь хэсэгт заасан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл тогтоогдохгүй.

Учир нь: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзэхээр зохицуулсан байх бөгөөд, нэхэмжлэгч Д.Эийн хувьд гэрээний зүйл болох орон сууцыг банкны барьцаанд байсан талаар болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хүүгийн төлбөрийг гэрээнд зааснаар төлөхөд нийт хэдэн төгрөг төлөх талаар тооцоолох бүрэн боломжтой байсан гэдэг нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс маргаан бүхий гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж тайлбарлан, хэд хэдэн үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг дараахь байдлаар дүгнэв.

Нэгдүгээрт: гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь Баянзүрх дүүрэгт байрлаж байхад, маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээг Сонгинохайрхан дүүрэг дэх тойргийн нотариатч гэрчилсэн байгаа нь Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцэл ...-ийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ гэж заасныг зөрчсөн учир мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар нотариатчийн үйлдлийг шүүх хүчингүйд тооцно гэж тайлбарлаж буй нь ойлгомжгүй, шүүхэд гаргасан Д.Эийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байгааг дурдах нь зүйтэй.

Хоёрдугаарт: Банкны барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалагч Х банк ХХК-д мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр бусдад худалдсан нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болох тул хүчин төгөлдөр бус болно гэж тайлбарлан маргасан.

Нэхэмжлэгч Д.Э нь 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр А.Б, Н.СӨХ нараас Хүнсний дэлгүүр худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа тухайн гэрээний зүйл болох орон сууц нь зээлийн барьцаанд байгаа талаар мэдсэн, улмаар гэрээний зүйлийг өөрийн эзэмшилд авч, Х банктай байгуулсан зээлийн гэрээний төлбөрийг сар бүр төлснөөр 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр зээлийн төлбөрийг төлж дуусгаснаар уг орон сууцыг өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх талаар гэрээний талууд харилцан тохиролцсон байна.

Хэдийгээр маргааны зүйл болох орон сууц нь талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед Х банк ХХК болон А.Б нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний барьцаанд байсан нь үнэн боловч, зээлийн гэрээ дуусах хүртэл барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлээгүй, харин Х банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний төлбөр төлөгдөж дууссанаар өмчлөх эрхийг шилжүүлэхээр тусгасан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.3.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй байх тул Д.Эийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн учир гэрээний дагуу хариуцагч А.Б, Н.СӨХ нарт шилжүүлсэн нийт 79,920,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Х банк ХХК болон А.Б, Н.СӨХ нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл тухайн зээлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 46а байрны 23 тоот дахь орон сууцны өмчлөл өөрчлөгдөхгүй тул Д.Эийн нэхэмжлэлтэй, А.Б, Н.СӨХ нарт холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байх талаар дүгнэлт хийсэн шүүхийн шийдвэр гуравдагч этгээд Х банк ХХК-ийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул бөгөөд, нэхэмжлэгч Д.Э нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид төлвөл зохих 1,570,449 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.1, 58.3.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул А.Б, Н.СӨХ нарт холбогдох 2015.2.03-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хариуцагч нараас 79,920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.6 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Э нь 1,570,449 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА