Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00145

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ээгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02787 дугаар шийдвэртэй,

Д.Ээгийн нэхэмжлэлтэй,

А.Жн, А.Бяр нарт холбогдуулан гэрээний үүрэгт 79 920 000 төгрөг гаргуулах,

О.Жаргалсайханд холбогдуулан 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг

хариуцагч А.Жн, А.Бяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оргил, өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг, хариуцагч А.Жн, А.Бяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ээг нь улсын бүртгэлийн Ү-2204009208 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 хороо, 15 хороолол, 46а байрны 23 тоот хаягт байрших, 64 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг 140 000 000 төгрөгөөр худалдан авахаар А.Бяр болон А.Жн нартай 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Талууд дээрх гэрээг байгуулах үед банкинд төлөх үлдэгдэл, төлөх ёстой төлбөр нь 83 586 650 төгрөг, орон сууцны хэмжээг 64 м.кв талбайтай гэж итгэсэн ба А.Бяр, А.Жн нар уг байрыг /дэлгүүрийн зориулалттай/ худалдахдаа “...дэлгүүр нь ашиг орлоготой, дотор нь байгаа хөлдөөгчийг дагалдуулж өгнө” гэж хэлсэн байдаг. Тийм ч учраас нэхэмжлэгч нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд нийт 24 040 000 төгрөгийг хариуцагч нарын өмнөөс “Хаан банк” ХХК-д төлсөн.

Гэтэл бодит байдал дээр “Хаан банк” ХХК-ийн зээлийн үлдэгдэл нь 83 586 650 төгрөг бус 132 354 642 төгрөг байсан. Ингээд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг 140 000 000 төгрөгөөр бус 187 604 642 төгрөгөөр худалдан авсан ба цаашлаад 47 604 642 төгрөгийг илүү төлөх нөхцөл байдалд хүрсэн.

Худалдагч тал нь анхнаасаа нэхэмжлэгчид буруу мэдээлэл өгснөөс нэхэмжлэгч “төөрөгдсөн”, төөрөгдөж гэрээ байгуулсан. Үүнийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасны дагуу нэхэмжлэгч хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн гэж үзэхээр байгаа. Мөн нэхэмжлэгчийг хариуцагч нар “ашиг орлого ихтэй” гэж хууран мэхэлсэн үйлдэл нь өөрөө Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэлд хамаарна. Хариуцагч нар нь дээр дурдсанчлан үл хөдлөх хөрөнгөтэй хамт хөлдөөгч дагалдуулан өгнө гэсэн боловч хөлдөөгч нь бусдын хөрөнгө байсан ба эзэд нь ирж авсан.

Нэхэмжлэгч “Гега гранд” ХХК-аар үл хөдлөх эд хөрөнгөд хэмжилт хийлгэхэд 64 м.кв талбайгаас 12,81 м.кв дутуу байсан.

Мөн хариуцагч нар нь нэхэмжлэгчид “...таньдаг нотариатаар гэрээгээ батлуулна” гэж хэлээд Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг нотариатч О.Жаргалсайханаар үл хөдлөх эд хөрөнгийн шилжилтийн гэрээг гэрчлүүлсэн нь Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ” гэж заасныг зөрчсөн. Учир нь үл хөдлөх эд хөрөнгө нь өөрөө Баянзүрх дүүрэгт байдаг. Хариуцагч нар маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг Хаан банкинд зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байсан ба уг барьцааны зүйлийн өмчлөлийг бусдад шилжүүлэхдээ Хаан банкинд мэдэгдээгүй.

Нэхэмжлэгч анх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахдаа хариуцагч нарт 55 250 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш хариуцагч нарын өмнөөс Хаан банкинд 24 040 000 төгрөг төлсөн. Ингээд нийтдээ 79 920 000 төгрөгийг хариуцагч нараас буцаан авах хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн нотариатч О.Жаргалсайхан нь худалдах, худалдан авах гэрээг гэрчлэхдээ нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй. Уг гэрээнээс гарах үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаагүй. Мөн Нотариатын тухай хуулийн 7.3-т “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ” гэж заасныг ноцтой зөрчиж Сонгинохайрхан дүүргийн нотариатч нь Баянзүрх дүүрэгт байрлах үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлж байгаа гэрээг гэрчилсэн. Ийм учраас Нотариатын тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.1.1-д “үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал” нотариатч аливаа гэрээ хэлцлийг гэрчлэхээс татгалзах ёстой. Иймд мөн хуулийн 31.3-т “Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэж заасны дагуу 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний бүртгэлийн 231 тоот дугаарт бүртгэн худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Жн, А.Бяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хариуцагч А.Жн нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 16а байрны 23 тоот байрыг өөрийн төрсөн ах А.Бярын хамт иргэн Д.Ээгтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн худалдсан ба зах зээлийн ханшаар 140 000 000 төгрөг гэж тооцсон. Нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэгдэл 83 586 650 төгрөгийг зээлийн хуваарийн дагуу сард 2 560 000 төгрөгөөр төлж, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төлж барагдуулж дуусгах, төлбөр дуусахаар орон сууцыг Д.Ээгийн өмчлөлд нь шилжүүлж өгөхөөр тохиролцсон.

Тухайн үед Д.Ээг “...бэлэн мөнгө байхгүй тул дэлгүүрээ ажиллуулаад үлдэгдэл төлбөрөө хүүгийн хамт төлчих таатай нөхцөл байна” гэж хэлсэн байдаг. Хариуцагч нар Д.Ээгийн эзэмшилд дэлгүүрийг анх шилжүүлэхдээ дэлгүүрт байсан 10 000 000 төгрөгийн бараа материалын хамт шилжүүлсэн. Гэтэл Д.Ээг 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш зээлийг огт төлөхөө больсон.

Д.Ээг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагч нар их хэмжээний мөнгийг илүү төлж өөрсдөө хохирч байгаа болно. 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд талууд гарын үсгээ сайн дураараа зурж, хүсэл зоригоо илэрхийлсэн, хүчин төгөлдөр хэлцэл юм.

Нэхэмжлэгч талаас “...барьцаалагчид мэдэгдээгүй” гэсэн тайлбарыг өгсөн. Хаан банкинд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө бусдад худалдан борлуулах гэж байгаа талаараа хариуцагч нар мэдэгдэж байсан, энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Бусдад худалдсан, бусдаар зээлийг төлүүлж байсан гэдгийг ч Хаан банк мэдэж байсан болох нь хэргийн 420 дугаар хуудсанд авагдсан баримтаас харж болно.

Нэхэмжлэгч анхнаасаа зээлийн үлдэгдэл төлбөр хэд байсан, хэдийг төлөх байснаа мэдэж байсан. Нэхэмжлэгчийг хэн ч шахаагүй, хуураагүй. Өөрөө ирээд сонгоод, тохироод гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч анх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахдаа хариуцагч нарт 55 250 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш Хаан банкинд 24 040 000 төгрөг төлсөн үйл баримтын хувьд бол маргахгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч О.Жаргалсайхан шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Д.Ээг болон А.Жн, А.Бяр нар манай ажил дээр ирж нотариатын үйлчилгээ авсан. Ингээд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах урьдчилсан нөхцөлийг тохиролцож гэрээ байгуулах хүсэлт гаргасан.

Уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээ нь Хаан банкны барьцаанд байгаа учраас шилжүүлэх гэрээ хийгдэхгүй. Мөн үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээг тухайн дүүргийн нотариатч гэрчилдэг гэдгийг хэлсэн. Гэтэл тэд гэрээгээр зөвхөн төлбөр төлөх хугацаа, нөхцөлөө тохирно, яг худалдах гэрээгээ төлбөр төлж дууссаны дараа хийнэ гэж хэлсэн, тийм учраас тойрог харгалзахгүй хийлгэнэ гэсэн учраас уг гэрээг гэрчилсэн. Гэрээнд төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд өмчлөлд шилжүүлнэ гэсэн заалт оруулсан. Уг гэрчилсэн гэрээнээс болж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт нөлөөлөх зүйл байгаагүй. Гэхдээ нэхэмжлэл гаргасан учир хүчингүй болгохыг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Жн болон А.Бяр нараас 69,920,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ээгт олгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний бүртгэлийн 231 дугаарт бүртгэн “Худалдах-худалдан авах гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч нараас 507 550 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч А.Жн, А.Бяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Д.Ээг нь хариуцагч А.Бяр, А.Жн нараас Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, 46а байр, 23 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204009208 дугаарт бүртгэлтэй, 64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 140 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээг байгуулах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь Хаан банкны зээлийн барьцаанд байсан ба зээлийн эргэн төлөлтийн графикийг Д.Ээгт үзүүлж, тухайн графикийн дагуу төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул уг гэрээг байгуулж, гэрээнд энэ талаар тусгасан. Д.Ээг нь 2015 оны 11 сар хүртэлх хугацаанд банкинд нийт 24 040 000 төгрөг төлсөн.

Нэхэмжлэгч Д.Ээг нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшилд байлгаж, үр шимийг нь хүртэж ашигласаар 5 жил гаруй хугацаа өнгөрсөн.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан шийдвэрлэсэн нь буруу болсон. Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр маргасан гэтэл анхан шатны шүүхээс гэрээг хүчин төгөлдөр бус байх үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл гэж тодорхойлсон байдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт болон талуудын хооронд байгуулсан 7 заалт бүхий гэрээнд тухайн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шууд гэрээ байгуулснаар шилжүүлээгүй, харин банктай байгуулсан зээлийг төлж, гэрээний хугацаа дуусмагц өмчлөлийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.3.3 дахь хэсэгт заасан заалт тус бүр үгүйсгэгдэж байх тул гэрээ хүчин төгөлдөр байна” гэж дүгнэсэн. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шүүхийн шийдвэрээр дээрх үндэслэлийг үгүйсгээгүй, нотлох баримтыг хуулийн хүрээнд үнэлэхгүйгээр хүчин төгөлдөр бус болсон хуулийн заалтыг үндэслэж гэрээг хүчин төгөлдөр бус болгосон.

Нэг хэргийн талаар түүнийг дүгнэж буй нэг шүүхийн байгууллагаас гарч буй шийдвэрүүд өөр хоорондоо харилцан адилгүй, олон удаа өөрчлөгдөх, олон шатны шүүхээр дамжиж шийдвэрт нь дээд шатны шүүх нөлөөлөх байдал нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг алдагдуулж байна.

Зохих этгээдийн зөвшөөрлийг авсан, мөн гэрээг байгуулсан даруйдаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх талаар тохиролцоогүй байхад тухайн гэрээг хууль зөрчсөн гэж дүгнэн хүчин төгөлдөр бус гэж шүүх үзэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Мөн хэргийг урьд шийдвэрлэж байсан шүүхийн шийдвэрүүдэд гуравдагч этгээдийг ашиг сонирхол хөндөгдөхгүй байна гэж үзсэн байна.

Талууд хоорондоо Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний харилцаатай үүссэн. Хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байхад шүүхээс Иргэний хуулийн 162 дугаар зүйлийн 162.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан гэрээний бус үүргийн харилцаагаар шаардах эрхийг зааж өгсөн, авсан буцаах талаар дурдсан нь шударга бус шийдвэр болсон. Мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.1.2 дахь хэсгийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хуулийг шүүх хэрэглэхгүй” гэх заалтыг зөрчсөн ойлголт болсон.

Нөгөөтэйгүүр дээрх шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт О.Жаргалсайхан шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... нэхэмжлэл гаргасан учир хүчингүй болгохыг зөвшөөрч байна гэжээ” гэж тэмдэглэсэн байна. Гэтэл хариуцагч О.Жаргалсайхан дээрх тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн нь үнэн боловч шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож шүүх хурлын танхимд хэлсэн үгэндээ “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж хэлсэн байхад шүүхийн шийдвэрт дээрх үгийг орхигдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа мэтээр бичсэн нь хариуцагч О.Жаргалсайханы эрх зүйн байдлыг дордуулсан ноцтой зөрчил гэж дүгнэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Ээг нь хариуцагч А.Жн, А.Бяр нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 79 920 000 төгрөг гаргуулах, хариуцагч О.Жаргалсайханд холбогдуулан 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй юм.

 

Нэг талаас А.Бяр, А.Жн, нөгөө талаас Д.Ээг нар 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр А.Жны өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204009208 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 46а байрны 23 тоот хаягт байршилтай, 64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Д.Ээгийн өмчлөлд шилжүүлэх, Д.Ээг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 140 000 000 төгрөгийг 55 250 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлөх, үлдэх 83 586 650 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр үнэ төлөлт хийж дуусгахаар тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж тайлбарлажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2-д “уг орон сууц нь Хаан банкны зээлийн барьцаанд байгаа” гэж, 3-д “худалдан авагч Д.Ээг нь шилжүүлэн авсан зээлээ 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл төлж дуусгаснаар өмчлөх эрх үүснэ” гэж, 6-д “зээлийн эргэн төлөлтийн график зөрчсөнөөс үүсэх аливаа эрсдэлийг худалдан авагч Д.Ээг бүрэн хариуцна” гэж тус тус тохиролцжээ. Уг гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлно гэж заасантай нийцсэн, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэж дүгнэхээр байна.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох 2 өрөө орон сууц нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлд барьцаалагдсан болох нь гэрээний 2 дахь заалт “уг орон сууц нь Хаан банкны зээлийн барьцаанд байгаа” гэсэн байдлаар, зээлийг Д.Ээг нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл төлж дуусгах нь гэрээний 3 дахь заалтаар, гэрээ байгуулах үед “Хаан банк” ХХК-д төлөх үндсэн зээл 83 856 650 төгрөг байсан нь зээл олголт эргэн төлөлтийн хуваариар тус тус тогтоогдож байна. Түүнчлэн орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд талбайн хэмжээ 64 м.кв талбай гэж тодорхойлсон байна.

 

“Дэлгүүр ашиг орлого ихтэй”, “хөлдөөгч дагуулж өгнө” гэж хууран мэхэлсэн гэх тайлбараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар харьцуулан дүгнэвэл худалдагч тал болох А.Жн, А.Бяр нар нь худалдан авагч тал болох Д.Ээгт буруу мэдээлэл өгсөн, хуурч мэхэлсэн, ноцтой төөрөгдүүлсэн, хүссэнээс нь өөр хэмжээтэй орон сууцыг шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ үндэслэлд дүгнэлт хийгээгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн байх тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх замаар залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууц нь “Хаан банк” ХХК-д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Хаан банк” ХХК нь гуравдагч этгээдээр оролцож байгаа ба Иргэний хуулийн 171 дүгээр зүйлд зааснаар өмчлөгчийн хэлцэл хийх эрхийг барьцааны гэрээ хязгаарлахгүй юм.

 

Иймд худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй, түүний үр дагавар болох 73 920 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай шаардлагын үндэслэлээ нотариатч О.Жаргалсайхан нь худалдах-худалдан авах гэрээнээс гарах үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаагүй, Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасан харьяалал зөрчсөн гэж тайлбарлажээ.

 

Анхан шатны шүүх нотариатч О.Жаргалсайхан нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т зааснаар үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүрэгтэй бөгөөд тэрээр Д.Ээгт эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй, гэрээг өөрийнх нь хүсэл зоригийн дагуу байгуулж байгаа эсэхийг тодруулаагүй, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж, зөвлөгөө өгөөгүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө Баянзүрх дүүрэгт оршин байх боловч талууд Сонгинохайрхан дүүргийн нотариатчаар гэрээг гэрчлүүлсэн нь хууль зөрчсөн гэж дүгнэхээргүй байна. Учир нь талууд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийн хүрээнд нотариатч гэрээг гэрчлээгүй гэж тайлбарласнаас гадна үүргийн эрх зүйн хэлцлийн хүрээнд үүргийг гүйцэтгэхэд гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байхыг хуулиар шаардахгүй юм. Харин гэрээгээр үүрэг хүлээсэн үүрэг гүйцэтгэгч өмчлөх эрх шилжүүлэх үед тухайн хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхэд харьяаллыг харгалзаж үзэх үндэслэл болно.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, өмчлөх эрх уг хэлцэл байгуулагдсанаар бус Д.Ээг зээлээ 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлж дуусгаснаар өмчлөл үүсэх болохыг нотариатч баталсан гэж дүгнэж, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, А.Бяр, А.Жн нарт холбогдох гэрээний үүрэгт 79 920 000 төгрөг гаргуулах, О.Жаргалсайханд холбогдох худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай Д.Эрдэнэчисмэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлоос талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж хэсэг үндэслэлгүй. Учир нь худалдан авагч нь “Хаан банк” ХХК-д зээл төлөх үүрэг хүлээснийг талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэхгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02787 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч А.Жн, А.Бяр нарт холбогдох 79 920 000 төгрөгийг гаргуулах, О.Жаргалсайханд холбогдох 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай Д.Ээгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХТӨР

 

                                                 ШҮҮГЧИД                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА