| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 160/2017/0046/Э |
| Дугаар | 717 |
| Огноо | 2020-06-02 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | П.Итгэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 717
2020 6 2 2020/ДШМ/717
Б.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Итгэл,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Э.Ганбат
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Э.Ганбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Бд холбогдох 201515000435 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Буд овгийн Батбаярын Б, 1990 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгч ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ........................ сумын ... дугаар баг, ... дүгээр байрны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................../;
Шүүгдэгч Б.Б нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 28 минут 32 секундээс 17 цаг 27 минут 44 секундын хооронд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст бусдын гар утас, эд зүйлийг дээрэмдсэн хэргээр шалгагдахаар очсон 17 настай Ц.Гүндэв-Ёндонг ажлын өрөөндөө зогсоож байхдаа толгой руу нь олон удаагийн давтамжтай цохисноос Ц.Гүндэв-Ёндон тархины хажуугийн ховдлын цус харвалтын улмаас тархины комд орж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Буд овгийн Батбаярын Бг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Бгийн цагдан хоригдсон нийт 63 /жаран гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бгээс хохирлын 8.160.834 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Цэндэд олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн газраас хураан авсан сиди 1 ширхэг, шүүхээс хурааж авсан сиди 2 ширхэг, Шуурхай удирдлагын төвөөс хурааж авсан сиди 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Эл Жи” загварын гар утас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг дурдаж, Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие энэ гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугүй гэдгээ хэлэх нь зүйтэй. Анхан шатны шүүх тодорхой баримт, нотолгоогүйгээр намайг хүнд гэмт хэрэгт хилсдүүлэн шийтгэсэнд гомдолтой байна. Чингэлтэй дүүргийн прокурор хэт нэг талыг барьж сэжиг таамаглалд үндэслэн намайг яллаж ирсэн гэж боддог. Энэ нь хавтаст хэргээс тодорхой харагддаг. Хэрэг учрал болсон гэх өдөр 16 цаг өнгөрч байхад амь хохирогч Ц.Гүндэв-Ёндон манай ажлын өрөөнд надтай уулзаж ярилцахдаа “агаа, миний толгой өвдөөд дотор муухайраад байна, би гарч болох уу” гэхэд нь би “яагаад толгой чинь өвдөөд байгаа юм бэ” гэж асуухад “миний авсан утасны эзэн хүүхэд болон аавд нь зодуулчихсан юм” гэж хариулсан. Тэгэхэд би “зүгээр үү” гэж асуухад “гайгүй” гэж байсан. Ингээд би уг хүүхдийг Цагдаагийн газар ирэхээс өмнө бусдад зодуулсан болохыг мэдсэн. Би уг хүүхдээс тайлбар авах гэхэд насанд хүрээгүй байсан тул эгчийг нь дуудуулсан боловч утас нь холбогдохгүй байсан болохоор хэсэг хүлээгээд уг хүүхдэд “маргааш эгчийгээ дагуулаад ирээрэй” гэж хэлээд явуулсан. Энэ үед 17 цаг өнгөрчихсөн хүүхэд цэцэрлэгээс авах цаг болсон байсан учраас би ажлаас гарч, тэр хүүхэдтэй дахиж уулзаагүй. Тухайн үеийн Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хохирогч хүүхдийг зодсон Батсүрэн, Жаргалсайхан, Мөнх-Очир, Баярцэнгэл нарыг Цагдаагийн газарт авчирч шалгах, мөн хохирогчийн тухайн өдрийн маршрутыг тогтоох ажилд миний бие оролцсон. Би энэ хэргийг илрүүлж, шалгах ажиллагаанд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу оролцож албан үүргээ гүйцэтгэснийхээ төлөө яагаад сэжиглэгдэж буруутан болох ёстой гэж, би хохирогч хүүхдийг зодож цохисон зүйл байхгүй бөгөөд үүнийг тухайн өдөр өрөөнд байсан бүх хүн гэрчилдэг.
Прокуророос намайг өрөөний камерын харагдахгүй хэсэгт хохирогч хүүхдийг цохисон байж магадгүй гэж буруутгаж байгаа. Өрөөний камерын бичлэгээр ямар ч тийм асуудал болоогүй гэдэг нь тодорхой харагддаг. Өрөөний камерын бичлэг тасралтгүй явагддаг. Хохирогч хүүхдийн хажууд зогсож байсан хаалганы хажууд би очиж уулзаад 1 минут орчим харагдахгүй алга болох үед би хаалгаар цааш гарч хүүхдийн байцаагч ахмад Г.Уранбатын өрөөнд орчихоод ирж байгаа нь 2 давхрын коридрын камерын бичлэгээр нотлогддог. Хохирогч хүүхдийг хэн, хэзээ, хаана, яаж цохисон гэдэг асуудлын хувьд хохирогчийг гудамжинд хөөж барьж авсан Батсүрэн нар нь олуулаа нийлж, балбасан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдсон байгаа. Гэтэл шинжээч эмч Сарангэрэл хохирогчид үүссэн гэмтэл Цагдаагийн газарт үүссэн байх магадлалтай гэж дүгнэж мэдүүлсэн нь учир дутагдалтай юм. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Эрдэмболор нь Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт буруу байсан гэдгийг баталж мэдүүлэг өгсөн. Шүүхээс хэргийг мөрдөн байцаалтанд буцаахдаа хохирогчийг зодсон Батсүрэн нарын үйлдлийг нарийвчлан шалгах шаардлагатай, эдгээр хүмүүсийн үйлдлээс хохирогчид гэмтэл үүсээгүй гэх нотолгоо байхгүй байна гэдгийг тодорхой заасан боловч прокурор энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа шүүх хуралдаан даргалагч тогтоолоо тайлбарлаж байхдаа “энэ хэрэг эргэлзээтэй шүү” гэж хэлж байсан. Энэ нь тухайн хэрэг дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудал тогтоогдоогүй гэдгийг харуулж байгаа юм. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 /шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй/, 1.2 /Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн/, 1.3 /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн/ үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бг гэм буруутайд тооцохдоо хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүгдийг нь үндэслэл болгосон. Тухайлбал Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 151, 796, 1131 дугаартай дүгнэлтүүд, камерын бичлэг зэрэг нотлох баримтаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд өөр хоорондоо эрс зөрүүтэй байхад ямар үндэслэлээр шийтгэх тогтоолын үндэслэл болгосныг дурдаагүй, нотлох баримтуудыг ялгаж, салгаж дүгнээгүй байдаг. Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Бг “насанд хүрээгүй хохирогчийн толгойн тус газар нь олон удаагийн давтамжтай цохисноос болж тархинд нь гэмтэл учруулж амь насыг нь хохироосон” гэж дурдсан. Шүүх яг адилхан байдлаар дүгнэсэн. Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн толгой руу цохисон гэдгийг нотлох баримт хавтас хэрэгт байхгүй байхад бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн. Гол нотлох баримтуудыг заахдаа насанд хүрээгүй гэрчүүд болох амь хохирогчийн ангийн хүүхдүүдийн мэдүүлгийг үндэслэсэн байдаг. Насанд хүрээгүй гэрчүүдийг хөтөлж асуусан байдаг. Хохирогч Цагдаагийн байгууллагаас 17 цаг 27 минутад гарч, сургууль дээр 18 цагт очсон. Батсүрэн нарын хэсэг хүмүүс хохирогчийн толгой руу цохисон байдал байдаг. Батсүрэн нарт хохирогч цохиулчихаад хэсэг хугацааны дараа сургууль дээр очсон. Энэ үедээ эрүүл ухаанаар мэдүүлэг өгөх чадваргүй, хэвийн бус байдалтай байсан үедээ уулзсан хүмүүсийн мэдүүлгийг үндэслэл болгосон нь буруу юм. Гэрчүүдтэй уулзсан цаг хугацааг үзэхээр гэмтэл авснаас хойшхи тархины хэвийн үйл ажиллагаа алдагдсан үедээ насанд хүрээгүй гэрчүүдтэй ярьсан байдаг. Сарангэрэл шинжээч “цагдаагийн байгууллага дээр гэмтлийг авсан байх боломжтой” гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Гэмтлийг хаана авсан болохыг шинжээч тогтоохгүй, мөрдөгч шалгаж тогтоох ёстой. Гэтэл уг мэдүүлэг дээр үндэслэж шүүгдэгч Б.Бг ялласан нь буруу. Бат-Оргил, Мөнхжаргал гэх хоёр гэрчийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан. Гэрч Бат-Оргил, Мөнхжаргал хоёр цагдаагийн өрөөнд хохирогчтой хамт байсан бөгөөд Б.Б хохирогчийг цохиж, зодоогүй гэх мэдүүлгийг өгсөн. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Б.Бг гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад шүүх шийтгэх тогтоол гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Б.Б хохирогчийн биед олон удаагийн давтамжтай цохисон гэх үйл баримт байхгүй. Харин өөр хүмүүсийн олон удаагийн давтамжтай цохилтоос хохирогч тархиндаа гэмтэл авсан. Мөнх-Очир гэх хүн хохирогчийн дух руу нь нэг удаа мөргөсөн, Батцэрэн гэх хүн хохирогчийн шанаа руу нь 2 удаа цохисон, Баярцэнгэл гэх хүн хохирогчийн шилэн хүзүү рүү нь нэг удаа цохисон. Энэ бүгд цагдаагийн байгууллагад ирэхийн өмнө буюу хэдэн минутын өмнө болсон үйл баримт байдаг. Толгойд нь гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдоод байхад хамааралгүй гэж дүгнэж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд тавигдах шаардлага, гэм буруу, хор уршигийн хоорондох шалтгаант холбоог тогтоогоогүй нөхцөл байдалд шүүгдэгч Б.Бг гэм буруутай гэж үзсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, шүүгдэгч Б.Бгийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Д.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хавтас хэрэгт Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл байдаг. Сиди-нд 3 янзаар үзлэг хийсэн. 1 дүгээр хавтас хэргийн 161-165 хуудас цаг хугацаагаар, 186 дугаар хуудсанд сиди-ний бичлэг тасралттай эсэх эсхүл эвлүүлэг орсон эсэх талаар, 203 дугаар хуудсанд авагдсан байдлаар тухайн өрөөний дүрс ойлтын байдлаар үйл хөдлөлүүдийг тодорхойлох боломжтой эсэх талаар гэсэн 3 янзын шинжилгээ хийсэн. Эдгээр шинжээчийн дүгнэлтүүдээс хавтас хэрэгт авагдсан баримтууд болон эд мөрийн баримтаар авагдсан сиди-нүүд тасралтгүй, цаг хугацааны хувьд эвлүүлэггүй, мөн гэрэл болон дүрсний ойлтоор Б амь хохирогчийг цохиж буй ойлт байхгүй гэх дүгнэлт гарсан. Сиди бичлэгтэй холбоотойгоор тухайн цаг хугацаанд, тухайн өрөөнд хамт байсан эрүүгийн төлөөлөгч нар болох Чимэддагва, Очирсүрэн, Болдбаатар, Отгонжаргал нарын мэдүүлэгт “Б амь хохирогчийг өрөөнд нэг цаг орчим байх хугацаанд цохиж, зодоогүй” гэж хэлдэг. Батсүрэн, Жаргалсайхан, Мөнх-Очир, Баярцэнгэл гэсэн 4 хүн энэ хэрэгт явдаг. Эдгээр хүмүүсийн үйлдэл нотлогдож тогтоогдсон байдаг. Нотлогдсонтой холбоотойгоор сэжигтэн Батсүрэн өөрийн гэм буруутай үйлдлийг нуух зорилгоор зохиомол гэрч гаргаж ирсэн. Эдгээр хүмүүс тухайн цаг хугацаанд хамт цагдан хоригдож байсан хүмүүс, хоорондоо 500.000 төгрөгөөр тохиролцож “цагдаа зодсон” гэх мэдүүлэг өгөхөөр болсон байдал хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Батсүрэн, Жаргалсайхан, Мөнх-Очир, Баярцэнгэл нар нь хохирогчийг олон удаагийн давтамжтай цохисон үйлдлээ нуух зорилгоор идэвхитэй үйлдэл хийсэн байдал нотлогдсон. Хамгийн сүүлд 9 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 1102 тоот дүгнэлт гарсан. 1161 дугаартай дүгнэлтэд Ариунзул гэх шинжээч бусад шинжээч нараас эсрэг дүгнэлтийг гаргасан байдаг. Үүнийг тодруулахын тулд 1102 дугаартай дүгнэлтийг гаргасан шинжээч нараас мэдүүлэг авсан. Сүхбаатар шинжээч эмч мэдүүлэхдээ “Ариунзулын хэлсэн гэрэлтэй, гэрэлгүй үе гэж байдаг боловч онол, практикт завсрын үе гэж байна. Талийгаачийн хувьд завсрын үе байсан. Өөрөөр хэлбэл, гэмтэл авчихаад гэрэлгүй үе рүү шилжих цаг хугацаанд цагдаагийн хэлтэс рүү ороод насанд хүрээгүй гэрч нартай уулзаад яваад байсан байдал нь завсрын үе юм” гэж тодорхойлж өгсөн. Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Б.Бгийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Харин гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг нотлох хангалттай бичгийн баримтууд авагдсан байх тул Б.Бг цагаатгах үндэслэлтэй. Насанд хүрээгүй гэрч нар хохирогчийн гэмтэл авсны дараах цаг хугацаанд уулзсан гэрч нар байдаг. Эдгээр хүүхдүүдийн мэдүүлгийн эх сурвалж нь тодорхойгүй байх тул мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцох боломжгүй юм” гэв.
Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “4 дүгээр камерын 16 цаг 51 минут 43 секундын бичлэг дээр Б гэх хүн амь хохирогч дээр шууд очсон байдаг. Бичлэгийг харахад Б тодорхой үйлдэл хийж байгаа нь харагддаг. Гэхдээ зөвхөн хөлнийх нь үзүүр харагдаж байдаг. Амь хохирогч дээр очоод тодорхой хугацааны дараа буцаж гишгээд буюу хөдөлгөөн хийж байгаа байдал харагддаг. 9 дүгээр камерын бичлэгт 16 цаг 51 минут 59 секундэнд Б хаалгаар гарч ирж байдаг. 4 дүгээр камер болон 9 дүгээр камерын бичлэгүүд цаг хугацааны хувьд яг адилхан харагдаж байдаг. Амь хохирогч дээр Б.Б 16 цаг 51 минут 43 секундэнд очоод 16 цаг 51 минут 49 секундэнд хаалгаар гарч ирж байдаг. 17 секундийн хугацаанд Б.Б амь хохирогчтой хамт байсан байдаг. Энэ хугацаанд тодорхой үйлдэл хийсэн нь хөл нь буцаж гарч ирж байгаа байдлаас харагддаг. Мөрдөгч нарын өрөөнд байх 4 дүгээр камерын 17 цаг 27 минут 30 секундын бичлэг дээр амь хохирогчид гар утсыг нь өгч байдаг. Энэ үед талийгаач руу Б.Б ойртоод очиход талийгаач шууд хойшоо алхаад зугтаж байгаа байдал харагддаг. Өмнөх бичлэг дээр өөр нэг мөрдөгч ирээд талийгаач руу гар далайхад талийгаач өөдөөс нь харчихаад юу ч болоогүй юм шиг зогсож байдаг. Гэтэл хэдэн минутын дараа Б.Б ойртоод очиход талийгаач хойшоо алхаад зугтаж байдаг. Тэгэхээр тодорхой үйлдэл хийгдсэн болох нь харагддаг. Мөн 17 цаг 27 минут 30 секундын бичлэг дээр талийгаач явган сууж байдаг. Цохиулсны дараах клиник шинж тэмдэг илэрсэн учраас хүүхэд босохгүй суугаад байсан байдаг. Үүдний гаднах камерт 17 цаг 29 минут 12 секундэнд талийгаач, Б хоёр гарч ирж буй бичлэг байдаг. Гараад явж байгаа бичлэг дээр талийгаач хүүхэд хэвийн бус доголсон шинжтэй байдаг. Цагдаагийн байгууллагад орж ирсэн болон өрөөнд байсан үеийн бичлэг дээр талийгаач ямар ч зовиургүй байсан байдал харагддаг. Б.Бг ойртож очсоны дараах бичлэгээс эхэлж хүүхдийн биеийн байдал муудсан харагддаг. Талийгаач ангийнхаа хүүхдүүдэд “цагдаа миний толгой руу цохисон” гэж хэлсэн байдаг. Өмгөөлөгч нарын зүгээс хохирогч хүүхэд мэдүүлэг өгөх чадваргүй үедээ хэлсэн зүйл гэж байна. Гэтэл хүүхэд маш тодорхой “цагдаа толгой руу цохисон” гэж хэлсэн байдаг. Гэрч нар талийгаачаас сонссон зүйлээ хэлсэн. 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Ганболд шинжээч мэдүүлэхдээ “гэмтлийг аваад зовиур шаналгаа богино хугацаанд илэрдэг” гэсэн, харин зарим дүгнэлт дээр “тэр даруй зовиур илэрнэ” гэсэн байдаг. Дүгнэлтүүдийг бүгдийг нь харахад клиник шинж буюу толгой эргэх, дотор муухайрах шинжүүд тэр даруй илэрч байгааг нотолдог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос шүүгдэгч Б.Бг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 28 минут 32 секундээс 17 цаг 27 минут 44 секундын хооронд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст бусдын гар утас, эд зүйлийг дээрэмдсэн хэргээр шалгагдахаар очсон 17 настай Ц.Гүндэв-Ёндонг ажлын өрөөндөө зогсоож байгаад толгой руу нь олон удаагийн давтамжтай цохисноос Ц.Гүндэв-Ёндон тархины хажуугийн ховдлын цус харвалтын улмаас тархины комд орж нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүх Б.Бг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, гэрч Ц.Баярцэнгэлийн “...Жаргалсайхан тэр хүүхдийг налуу хэсгээр нь чирээд буулгахад Батсүрэн ах тэр хүүхэд /Ц.Гүндэн-Ёндон/-ийг татаж буулгаад баруун гараараа зүүн талын шанаанд нь нэг удаа цохисон. ...Мөнх-Очир тэр хүүхэд /Ц.Гүндэн-Ёндон/-ийг заамдчихсан духаараа нэг удаа толгой руу нь мөргөсөн. ...Жаргалсайхан тэр хүүхэд /Ц.Гүндэн-Ёндон/-ийн баруун талын шанаа руу нь 1 удаа гараа цохисон. ...” /1хх 48-49/,
гэрч Ч.Отгонжаргалын “...2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажлын байранд ажил үүргээ гүйцэтгээд өрөөндөө байж байхад хүүхдийн байцаагч, цагдаагийн ахмад Г.Уранбат үдээс хойш нэг хүүхэдтэй орж ирэхдээ 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б.Жаргалсайханы утсыг Ц.Гүндэв-Ёндон дээрэмдсэн талаар илтгэх хуудас бичиж надад өгсөн. Цагдаагийн ахлах дэслэгч Б.Б Ц.Гүндэв-Ёндонгоос юу болсон талаар асууж тодруулж байх шиг байсан. Манай өрөөнд байсан алба хаагч нараас Ц.Гүндэв-Ёндон гэдэг хүүхдийг цохиж зодсон хүн байхгүй. ...” /1хх 92/,
гэрч Ж.Мөнхжаргалын “...Манай өрөөнд байсан алба хаагч нараас Ц.Гүндэв-Ёндон гэдэг хүүхдийг цохиж зодсон хүн байхгүй...” /1хх 93/,
гэрч Э.Анхчимэгийн “...намайг эрүүгийн тасагт мэдээ гаргаж 20-30 минут байхад эрүүгийн тасгийн алба хаагч нар тухайн хүүхэдтэй зүй бус харьцаж зодож цохисон зүйл болоогүй. ...” /1хх 95/,
шинжээч эмч Ц.Ганболдын “...Ц.Гүндэв-Ёндонд учирсан гэмтэл нь зарим тохиолдолд гэмтэл учирсан даруй, зарим тохиолдолд хэдэн цагийн дараа толгой өвдөх, огиулж бөөлжих, нүүр улайх, цайх, өвчтөний биеийн байдал сулрах зэрэг шинж илэрч улмаар тархины комд ордог. Гэмтэл авсан цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна. ...” /2хх 243-244/,
шинжээч эмч М.Энхбаярын “...гэмтсэн судас, алдаж буй цусны хэмжээнээс хамаараад илрэх шинж тэмдэг нь тэр даруйдаа болон хэсэг хугацааны дараа илэрч болно. Ховдлын цус хуралтын үед эхний үедээ бол цус бүлэгнэж амжаагүй үед алдаж буй цус нугасны шингэнтэй хамт эргэлдэж байдаг бөгөөд энэ үед шинж тэмдэг илрэхгүй байж болно. ...” /5хх 193-195/,
шинжээч эмч Б.Батчулууны “...тархины ховдол доторх цус харвалтын илрэх шинж тэмдэг нь хурсан цусны хэмжээ, мөн тархины ховдолд буй тархи нугасны шингэний эргэлтийн замд саатал учирсан зэргээс шалтгаалж хэдэн минутаас хэдэн цагийн дотор ч илэрч болно. ...” /5хх 198-200/,
шинжээч эмч А.Чинцэцэгийн “...тархины гэмтэл голомтод болон ерөнхий шинжүүд илэрдэг. Клиник шинж буюу эмнэл зүйн шинжүүд үүсээд үргэлжлэх хугацаа гэж нарийн тогтоосон зүйл байхгүй. Ер нь өнөөгийн практикт гэмтэл авснаас хойш 6-12 цагийн хооронд тархины голомтод шинжүүд илэрч болно. ...” /6хх 139-141/,
шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...тархины ховдлын цус харвалт гэмтэл нь яг хэдэн удаагийн үйлдлээр үүссэнийг нарийвчлан тодорхойлох боломжгүй, нэг удаагийн цохилт юм уу, хэд хэдэн удаагийн цохилтын алинаас ч үүсэх боломжтой. ...Эмнэл зүйн шинж тэмдэг өгөх хүртэл тодорхой хугацаа зарцуулах бөгөөд уг хугацаа нь хувь хүний бие махбодийн онцлог, тухайн гэмтсэн судасны хэмжээ зэргээс хамаарч янз бүр байдаг. Хэдэн минутаас хэдэн цагийн хооронд үргэлжилдэг тул нарийвчлан тогтоох боломжгүй байдаг тул яг хэдэн цагт гэмтэл авсныг тодорхойлж хэлэх боломжгүй байна. Тархиндаа гэмтэл авснаас хойш эмнэл зүйн шинж тэмдэг илрэх хүртэл эрүүл хүн шиг явах боломжтой. ...” /6хх 177-178/,
шинжээч эмч Д.Мөнхбаатарын “...цусны бүлэн үүссэн хугацаа нь ямар судас гэмтсэн, гэмтлийн байдал, хувь хүний бие махбодийн байдлаас харилцан адилгүй байна. Цус харвалт явагдаад хэр удсаныг тодорхойлж хэлж мэдэхгүй. ...” /6хх 179-180/ гэх мэдүүлгүүд,
“Талийгаачид тархины хажуугийн ховдолын цус харвалт тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу толгойд цохих доргих үед үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Учир нь энэ гэмтлийг аваад зовиур шаналгаа, эмнэл зүйн шинжүүд нь богино хугацаанд илэрдэг. Энэ гэмтэл нь үүссэн даруйдаа ухаан алдах, улмаар комын байдалд орох ба зарим тохиолдолд богино хугацааны дараа ухаан алддаг.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №151 дугаартай дүгнэлт /1хх 134-135/,
“Энэ гэмтлийг аваад зовиур шаналгаа, эмнэл зүйн шинжүүд нь богино хугацаанд илэрдэг. Энэ гэмтэл нь үүссэн даруйдаа ухаан алдах, улмаар комын байдалд орох ба зарим тохиолдолд богино хугацааны дараа ухаан алддаг. Дээрх гэмтэл нь баруун хацар луу 2 удаа цохих, дух руу нэг удаа мөргөх хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой боловч тухайн баруун хацар руу 2 удаа цохих, дух руу нь нэг удаа мөргөсөн тохиолдолд талийгаачид клиник шинж илрээгүй байна.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №796 дугаартай дүгнэлт /2хх 248-249/ ,
“Талийгаачид учирсан гэмтлийн гаралтай зүүн хажуугийн ховдлын цус харвалт нь толгойн аль ч хэсэгт хүч үйлчилснээс үүсч болно.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1131 дугаартай дүгнэлт /4хх 1-5/,
“2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ц.Гүндэв-Ёндон нь баруун шанаандаа 2 удаа цохиулсны улмаас тархины зүүн хажуугийн ховдлын цус хуралт гэмтэл авах боломжтой. Мөн дух хэсэгтээ нэг удаа мөргүүлснээс тархины зүүн хажуугийн ховдлын цус хуралт гэмтлийг авах боломжтой. Гэмтэл үүссэний дараа гавлын дотоод даралт ихсэх шинж тэмдэг илрэх бөгөөд илрэх хугацааны хувьд тэр даруйдаа болон тодорхой хугацааны дараа дээрх шинж тэмдэгүүд илэрч болно. Ц.Гүндэв-Ёндон нь Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт анх орж ирсэн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 46 минутаас 16 цаг 28 минут хүртэлх хугацаанд тархиндаа гэмтэл авсан ч ямар нэгэн өвчин зовиургүй гүйж, харайх боломжтой. Ц.Гүндэв-Ёндон нь 16 цаг 28 минутаас 17 цаг 28 минутын хооронд тархины ховдолын цус хуралт гэмтлийг авсан байх боломжтой. Ховдлын цус хуралтын улмаас тархины комд орж нас барах цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Энэ гэмтлийг авснаас хойш анхны шинж тэмдэг илрэх хугацаа нь хэдэн минутаас хэдэн цагийн хооронд хэлбэлзэх бөгөөд гавлын дотоод даралт ихсэх шинж тэмдгүүдээр илэрнэ. Талийгаачийн биед учирсан тархины зүүн ховдлын цус хуралт гэмтэл нь нэг удаагийн, эсвэл олон удаагийн цохилт, доргилтын алинаас нь ч үүсэх боломжтой” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1161 дугаартай шинжээчийн дүгнэлт /5хх 179-182/,
“...Талийгаач Ц.Гүндэв-Ёндонд учирсан тархины ховдлын цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тархины ховдлын цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн цохилт, доргилтын улмаас үүсэх ба яг хэдэн удаагийн үйлдлээр үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1102 дугаартай дүгнэлт /6хх 169-172/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Ц.Гүндэв-Ёндон тархины хажуугийн ховдлын цус харвалтын улмаас тархины комд орж нас барсан нь тогтоогдож байна.
Харин хэрэгт авагдсан “Шинжилгээнд ирүүлсэн “/1/Цаг/газрын камерын бичлэг” гэсэн бичигтэй Sony маркийн CD дискэнд бичигдсэн дүрс бичлэгүүдэд болон дүрс бичлэгүүдэд дүрслэгдсэн гялгар гадаргуутай хаалга, цонх, толь зэрэг эд зүйлүүд дээр талийгаач Ц.Гүндэв-Ёндонг цохиж байгаа үйл хөдлөл, хөдөлгөөн, дүрс дүрслэгдээгүй байна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1566 дугаартай дүгнэлт /1хх 185-186/, гэрч Ч.Отгонжаргал /1хх 92/, Ж.Мөнхжаргал /1хх 93/, Б.Энх-Орчлон /1хх 94/, Э.Анхчимэг /1хх 95/, Н.Түмэнбаяр /1хх 96/ нарын “...манай өрөөнд байсан алба хаагч нараас Ц.Гүндэв-Ёндон гэдэг хүүхдийг цохиж зодсон, зүй бус харьцаж цохисон зүйл болоогүй...” гэсэн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь хохирогчийг үхэлд хүргэсэн толгой руу нь олон удаа давтамжтай цохиж гэмтэл учруулсан болох нь тогтоогдохгүй байна.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Б.Нэргүй /1хх 102/ , М.Жавзанпагам /1хх 103/, З.Анхзаяа /1хх 105/, Ц.Буянтогтох /1хх 106/, Ц.Ганхишиг /1хх 108/, Т.Должиндолгор /1хх 112/, Н.Санжаа /2хх 222/ нар хохирогчийг “...цагдаад толгой руугаа балбуулсан...” гэж хэлж байсан гэж мэдүүлсэн байх боловч гэрч нар Цагдаагийн газарт хохирогчтой хамт очоогүй, тухайн нөхцөл байдлыг үзэж хараагүй тул хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрчүүд гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийг тодорхойлсон бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Бг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж эргэлзээгүйгээр нотолсон гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл /эс үйлдэхүй/ хийсний улмаас хүн нас барсан байх бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх нөхцөлийг зайлшгүй шаарддаг тул ямар нэгэн үйлдэл эс үйлдэхүй хийсэн нь тогтоогдоогүй нөхцөлд шалтгаант холбоо байхгүй гэж үзнэ. Эдгээр хууль зүйн үндэслэлүүд, нөхцөл байдлыг дүгнэн үзээд Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах хангалттай үндэслэл, бичгийн нотлох баримт цуглараагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Б.Бгийн үйлдлээс болж хохирогч нас барсан гэж эргэлзээгүйгээр нотолсон гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй байхад прокуророос Б.Бг хохирогчийн хажуугаар өнгөрөөд өрөөнөөс гарах үедээ буюу 17 секундын хугацаанд хохирогчийн толгойд давтамжтай цохисон байх боломжтой гэж тайлбарлаж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал үүргээ биелүүлээгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. Шүүх дээрх хэргийн үйл баримтын дүгнэлтийг нэг мөр эргэлзээгүй тогтоогоогүй атлаа шүүгдэгч Б.Бг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Шүүх, хүнийг алах гэмт хэргийг шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, арга хэрэгсэл, учруулсан хор уршиг, шалтгаант холбоо, гэмт этгээд болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох баримтын хүрээнд тогтоосон байвал зохино.
Иймд Б.Бгийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Мөн “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Э.Ганбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, прокуророос Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 201515000435 дугаартай, Ц.Гүндэв-Ёндон нас барсан гэмт хэргийг үйлдсэн этгээдийг олж тогтоох ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж 201515000435 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулласугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ