Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 60

 

    Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Х банкны нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Х овогт Ж-ын Т-д холбогдох,

     Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 997.625,45 төгрөг, зээлийн хүү 515.748,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.020,74 төгрөг, нотариатын зардал 33.000 төгрөг, нийт 1.618.394,21 төгрөг гаргуулах, барьцааны гэрээнд заасан хөрөнгө болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчтус банкны Увс салбарын Төв тооцооны төвийн захирал С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т нь 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Х банкны Увс салбарын Төв тооцооны төвтэй ЗГ/1607861 тоот зээлийн гэрээ байгуулан 1.936.000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1,6 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай, сар бүр тэгш 233.000 төгрөг төлөх нөхцөлтэй авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 938.374,55 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3.284,06 төгрөг, нийт 941.658,61 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Гэхдээ нийт 10 удаа зээлийн гэрээ байгуулсан байна. Зээлийн үлдэгдэл дээрээ нэмээд зээл авсан байдаг.

...Иймд зээлдэгч Т-аас нэхэмжлэлийн шаардлагын дагуу үндсэн зээлийн төлбөр 997.625,45 төгрөг, зээлийн хүү 515.748,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.020,74 төгрөг, нотариатын зардал 33.000 төгрөг, нийт 1.618.394,21 төгрөг гаргуулж өгнө үү, зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлж өгнө үү гэжээ.

    Хариуцагч Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х банк надаас нэхэмжилсэн 1.658.710,21 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би банкнаас нийт 9 удаа зээлд нийт 4.827.000 төгрөг аваад 5.156.529 төгрөг төлсөн байдаг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөгийн зээл аваагүй байхад намайг авсан гэж тайлбарладаг. Ингээд би Х банкнаас авсан зээлээ бүгдийг нь төлж дуусгасан. Гэтэл одоо надаас мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Харин ч би Х банкнаас илүү төлсөн мөнгөө авах ёстой. Х банк луйвар хийж байна. Иймд Х банкны нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Х банк нь хариуцагч Т-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 997.625,45 төгрөг, зээлийн хүү 515.748,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.020,74 төгрөг, нотариатын зардал 33.000 төгрөг, нийт 1.618.394,21 төгрөг гаргуулах, барьцааны гэрээнд заасан хөрөнгө болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

      Хариуцагч Т нь Х банктай 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1404914 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 200.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр үүргээ бүрэн биелүүлэх нөхцөлтэй авсан байх ба уг гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ4736-1 тоот Нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу үлдэгдэл 200.000 төгрөг дээр 250.000 төгрөгийг нэмж, нийт 450.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай буюу 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэрээний хугацаа дуусахаар талууд тохиролцсон байна.

     Үүний дараа 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/410 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж, зээлийн үлдэгдэл 223.000 төгрөг дээр 277.000 төгрөгийг нэмж, нийт 500.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, гэрээний хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй, 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/1502561 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 498.000 төгрөг дээр 300.000 төгрөгийг нэмж, нийт 798.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, гэрээний хугацаа 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болохоор, 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/688 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 533.444,82 төгрөг дээр 500.000 төгрөгийг нэмж, нийт 1.033.444,82 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болгохоор, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/1509032 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 779.646,62 төгрөг дээр 1.000.000 төгрөгийг нэмж, нийт 1.779.646,62 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болохоор, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/15-074-05 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 1.271.000 төгрөг дээр 1.000.000 төгрөгийг нэмж нийт 2.271.000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болохоор, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ЗГ201542406931 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 1.291.329,16 төгрөг дээр 1.000.000 төгрөгийг нэмж, нийт 2.291.329,16 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болохоор, мөн өдөр БГ201542406931 тоот Барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлийн барьцаанд 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг барьцаалжээ.

     Мөн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/1194 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 1.615.384,02 төгрөг дээр 300.000 төгрөгийг нэмж, 1.915.384,02 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болохоор, мөн өдөр БГ/1194 тоот Барьцааны гэрээ байгуулж дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, үүний дараа 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/1607861 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 1.736.000 төгрөг дээр 200.000 төгрөгийг нэмж, нийт 1.936.000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болохоор, мөн өдөр БГ/1607861 тоот Барьцааны гэрээ байгуулж, дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

    Хариуцагчийн зүгээс 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ/1607861 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулаагүй, тухайн гэрээнд зурсан гарын үсэг минийх биш гэж маргасан боловч энэхүү гэрээнд зурсан гарын үсэг нь хариуцагч Т-ийнх мөн болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4028 тоот 2016.02.05-ны өдрийн №ЗГ/1607861 дугаартай Барьцаат зээлийн гэрээ гэх 3 хуудас баримтын 3 дахь хуудас буюу баруун доод буландаа 5-5 гэж дугаарласан хуудаст байх Зээл буцаан төлөх хуваарь гэсэн хаяглалтай хүснэгтийн доод хэсэгт Зээлдэгч гэсний доор талд, Барьцаа хөрөнгийн жагсаалт гэсэн хаяглалтай хүснэгтний доод хэсэгт байх Зээлдэгч гэсний доор, хуудасны доод хэсэгт байх Талуудын гарын үсэг гэсний ард тус тус зурагдсан шинжилж буй 3 ширхэг гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Т-ийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангүй чөлөөт, туршилтын загварууртай тохирч байна гэх дүгнэлтээр тогтоогджээ.

     Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дууссан байх боловч зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байх тул Х банк хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол буюу нотариатын зардал гаргуулахаар тус тус шаардах эрхтэй байна.

       Хариуцагч Т “Миний бие Х банкнаас авсан зээлээ бүрэн төлсөн, харин ч илүү төлсөн мөнгөө буцаан авах ёстой” хэмээн маргаж байгаа боловч үүнийгээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийг уг тайлбарыг хүлээн авах боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

      1-р хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудаст авагдсан зээлийн 5830166862 тоот дансны хуулга, Зээлийн бүртгэлийн карт-аас Т-ийн хэдийд, хэдэн төгрөгийн зээл авч, хэдий хугацаанд ямар хэмжээний үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлж, одоо хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй болох нь харагдаж байна.

       Хариуцагч Т нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд нийт 5.027.000 төгрөгийн зээл авч, үүнээс 4.029.374,55 төгрөг төлж, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 997.625,45 төгрөг, мөн энэ хугацаанд 860.837,08 төгрөгийн хүү бодогдсоноос 345.089,07 төгрөгийг төлж, одоо зээлийн хүүний үлдэгдэл 515.748,01 төгрөг, 75.973,74 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү бодогдсоноос 3.953 төгрөгийг төлж, одоо нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 72.020,74 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа ажээ.

       Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Тгаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 997.625,45 төгрөг, зээлийн хүү 515.748,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.020,74 төгрөг, нотариатын зардал 33.000 төгрөг, нийт 1.618.394,21 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банкинд олгож шийдвэрлэлээ.

       Хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар Т-ийн зээлийн барьцаанд тавьсан 700 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

     Харин нэхэмжлэгч зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч хариуцагч Т нь зээлийн барьцаанд тавьснаас өөр ямар бусад эд хөрөнгөтэй болох талаар нотлох баримт хэрэгт ирүүлээгүй, барьцааны гэрээнд дээр дурдсанаас өөр “Бусад хөрөнгө барьцаалаагүй байна. Иймд хариуцагчийн зээлийн барьцаанд барьцаалаагүй бусад хөрөнгө”-өөс шүүх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х банкнаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т-с 40.874 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банкинд олгох нь зүйтэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Т-с зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 997.625,45 төгрөг, зээлийн хүү 515.748,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.020,74 төгрөг, нотариатын зардал 33.000 төгрөг, нийт 1.618.394,21 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х банкинд олгосугай.

     2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Т-ийн зээлийн барьцаанд тавьсан 700 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

     3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х банкнаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т-с 40.874 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банкинд олгосугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.БОЛОР