Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 03

 

 

 

 

Хаан банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 60 дугаар шийдвэртэй,

 Хаан банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Т-д холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.618.394 /нэг сая зургаан зуун арван найман мянга гурван зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Ж.Т-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагч Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын Төв тооцооны төвийн захирал Ж.С анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ж.Т нь 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкны Увс салбарын Төв тооцооны төвтэй ЗГ/1607861 тоот зээлийн гэрээ байгуулан 1.936.000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1,6 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай, сар бүр тэгш 233.000 төгрөг төлөх нөхцөлтэй авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 938.374,55 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3.284,06 төгрөг, нийт 941.658,61 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Гэхдээ нийт 10 удаа зээлийн гэрээ байгуулсан байна. Зээлийн үлдэгдэл дээрээ нэмээд зээл авсан байдаг.

Иймд зээлдэгч Ж.Т-гаас нэхэмжлэлийн шаардлагын дагуу үндсэн зээлийн төлбөр 997.625,45 төгрөг, зээлийн хүү 515.748,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.020,74 төгрөг, нотариатын зардал 33.000 төгрөг, нийт 1.618.394,21 төгрөг гаргуулж өгнө үү, зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ж.Т анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хаан банк надаас нэхэмжилсэн 1.658.710,21 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би банкнаас нийт 9 удаа нийт 4.827.000 төгрөгийн зээл  аваад 5.156.529 төгрөгийг эргэн төлсөн байдаг. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөгийн зээл аваагүй байхад намайг авсан гэж тайлбарладаг. Ингээд би Хаан банкнаас авсан зээлээ бүгдийг нь төлж дуусгасан. Гэтэл одоо надаас мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Харин ч би Хаан банкнаас илүү төлсөн мөнгөө авах ёстой. Хаан банк луйвар хийж байна. Иймд Хаан банкны нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 60 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж.Т-гаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 997.625,45 төгрөг, зээлийн хүү 515.748,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.020,74 төгрөг, нотариатын зардал 33.000 төгрөг, нийт 1.618.394,21 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банканд олгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Ж.Т-гийн зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, тасархай хорооллын урд байрлалтай, нэгж талбарын 8516004549, гэрчилгээний 000567207 дугаартай, 700 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкнаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Т-гаас 40.874 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банканд олгохоор шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ж.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 60 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хаан банк зээлийн гэрээний дагуу холбогдох эргэн төлөлтийг 5830126030, 5830165360, 5800166862, 5800373624 гэсэн дөрвөн дансаар татсан. 

2016 оны 2 дугаар сарын 5-нд надад 200.000 төгрөгийн зээл өгсөн гэдэг нь нотлогдоогүй, зээлийн гэрээнд зурсан гарын үсэг минийх биш болох нь нотлогдсон. Хаан банк нь зээлийн гэрээгээр халхавчлан залилан хийж мөнгө угаасан. Зээлийн эргэн төлөлтөд 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 264.863 төгрөг, 2015 оны 8 дугаар сард 273.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 250.250 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 29-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 30.000 төгрөг, нийт 818.729 төгрөгийн үндсэн зээлийн төлөлтийг төлсөн боловч хасалт хийгээгүй байна. Эдгээр эргэн төлөлт хийсэн баримтууд нь хэрэгт хавсрагдсан дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байхад шүүх нь надад ашигтай байдлыг харгалзан үзэхгүйгээр Хаан банканд ашигтайгаар шийдвэрлэж байна. Иймд Хаан банкны нэхэмжилж байгаа зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 997.625,40 төгрөгийг Ж.Т би бүрэн гүйцэт төлж дуусгасан бөгөөд энэ нь миний цалингийн 5800373624 дансны эргэн төлөлтийн хуулгаар давхар нотлогдож байгаа тул эдийн засгийн шинжээч томилж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Ж.Т нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 5.027.000 төгрөгийн зээл авсан. Тухайн зээлээс 4.029.374,55 төгрөгийг төлж барагдуулсан. Үндсэн зээлээс 997.625,45 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. Хаан банк Ж.Т нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд хэрэгт авагдсан байгаа. Нийт 860.837,09 төгрөгийн зээлийн хүү хуримтлагдсан ба 345.089,07 төгрөг төлсөн. Зээлийн хүүгийн үлдэгдэл 515.748,02 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Торгуулийн хүүнд 75.973,52 төгрөг тооцогдсоноос 3.952,58 төгрөг төлөгдөж, үлдэгдэл 72.020,74 төгрөгийг нэхэмжилсэн. Ж.Тгийн зээлийн үлдэгдэл 1.727.625,46 төгрөг дээр нэмж 200.000 төгрөгийн зээл авахдаа үлдэгдлээ хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Зээлийн үлдэгдэл дээр нэмж 200.000 төгрөг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг манай банканд гаргаж байсан. Нэхэмжлэл үндэслэлтэй учир Ж.Тгаас илүү авсан мөнгө байхгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Давж заалдах  шатны шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ХААН банкны Увс салбар хариуцагч Ж.Тгаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 997.625.45 төгрөг, зээлийн хүү 515.748.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.020.74 төгрөг, нотариатын төлбөр 33.000 төгрөг, нийт 1.618.394.21 төгрөг гаргуулж, барьцааны гэрээнд заасан хөрөнгө болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ж.Т эс зөвшөөрч, банкнаас авсан зээл, зээлийн хүүг төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар маргажээ.

Хэрэгт авагдсан, ХААН банк болон Ж.Т нарын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээнүүдээс үзэхэд: хариуцагч Ж.Т нь анх 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ХААН банкны Увс салбараас 200,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай буюу 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэйгөөр 1404914 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан авч, түүнээс хойш 9 удаагийн нэмэлтээр  буюу

-2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ/4736-1 дугаар Нэмэлт зээл олгох гэрээгээр үлдэгдэл 200000 төгрөг дээр нэмж 250000 төгрөг,

-2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/410 дугаар Барьцаат зээлийн гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл 223000 төгрөг дээр нэмж 277000 төгрөг,

-2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/1502561 дугаар Барьцаат зээлийн гэрээгээр үлдэгдэл 498000 төгрөг дээр нэмж 300000 төгрөг,

-2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/688 дугаар Барьцаат зээлийн гэрээгээр үлдэгдэл 533.444,82 төгрөг дээр нэмж 500000 төгрөг,

-2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/1509032 дугаар Барьцаат зээлийн гэрээгээр зээлийн үлдэгдэл 779.646,62 төгрөг дээр нэмж 1.000.000 төгрөг,

-2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/15-074-05 дугаар Барьцаат зээлийн гэрээгээр зээлийн үлдэгдэл 1.271.000 төгрөг дээр нэмж 1.000.000 төгрөг,    

-2015 оны 10 дугаар 27-ны өдрийн ЗГ/201542406931 дугаар Барьцаат зээлийн гэрээгээр зээлийн үлдэгдэл 1.291.329.16 төгрөг дээр нэмж 1.000.000 төгрөг,

-2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/1194  дүгээр Барьцаат зээлийн гэрээгээр1.615.384,02 төгрөг дээр 300.000 төгрөг,

-2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/1607861 дүгээр Барьцаат зээлийн гэрээгээр 1.736.000 төгрөг дээр нэмж 200.000 төгрөгийг  тус тус зээлээр авчээ.

Зээлдүүлэгч ХААН банк нь зээлдэгч Ж.Т-тай  дээрх зээлийн гэрээнүүдийг байгуулахдаа зарим гэрээн дээр тооцооллын алдаа гаргасан, тухайлбал 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/1509032 дугаар Барьцаат зээлийн гэрээгээр өмнөх буюу 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/688 дугаар Барьцаат зээлийн гэрээгээр авсан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 777.193,67 төгрөг дээр нэмж 1.000.000 төгрөг авч, нийт 1.777.193,67 төгрөг болох байтал уг зээлийн гэрээн дээр нийт зээлийн дүнг 1.779.646,62 болгож /2.452,95 төгрөгөөр илүү тооцсон/ бичсэн,

мөн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/1607861 дүгээр Барьцаат зээлийн гэрээгээр  өмнөх 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/1194  дүгээр Барьцаат зээлийн гэрээгээр авсан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1.727.625,45 төгрөг дээр нэмж 200.000 төгрөг авч, нийт 1.927.625,45 төгрөг болох байтал уг зээлийн гэрээн дээр нийт дүнг 1.936.000 болгож /8.374,55 төгрөг илүү бичсэн / тус тус бичсэн байх бөгөөд эндээс банк хариуцагчид нэмэлт зээл олгохдоо өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр дээр зээлийн хүү нэмж, зээлийн үнийн дүнг тооцон, зээл буцаан төлөх хуваарьт нэмэгдүүлсэн үнийн дүнгээр бичсэн, улмаар дээрх үнийн дүнгээс хүү тооцсон мэт харагдаж байна. 

Гэвч хэрэгт авагдсан Ж.Т-гийн ХААН банк дахь цалингийн зээлийн 5830166862 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт /1-р хх-ийн 50, 51,217, 219, 220-р тал/ зэргээс үзэхэд 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/1509032 дугаар Барьцаат зээлийн гэрээнд заасан 1.779.646,62 гэх үнийн дүнгээс хүү тооцоогүй, харин өмнөх үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 1.777.193,67 төгрөг дээр нэмж 1.000.000 төгрөг олгож, нийт 2.777.193,67 төгрөгөөс,

мөн хамгийн сүүлчийн гэрээ буюу 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр олгосон зээлийн гэрээн дээр зээлийн нийт дүнг 1.936.000 болгож, зээлдэгчийн авснаас 8.374,55 төгрөгөөр илүү тооцож гэрээ байгуулсан байх боловч хэрэгт авагдсан  5830166862 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт зэрэг баримтуудаас үзэхэд  2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээн дээр бичсэн үнийн дүн болох 1.936.000 төгрөгөөс хүү тооцоолоогүй, харин өмнөх үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 1.727.625,45 төгрөг дээр нэмж 200.000 төгрөг олгож,  нийт 1.927.625,45 төгрөгөөс тус тус хүү тооцоолсон байна.

Өөрөөр хэлбэл, ХААН банк дээрх 2 зээлийн гэрээн дээр зээлдэгчийн авснаас илүү мөнгө /2 удаагийн нийт 10.827.5 төгрөг/ нэмж өгсөн  мэтээр харагдаж байгаа боловч  нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Т-д нийт 10 удаагийн зээл олгохдоо үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр дээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэмж тооцоогүй буюу урьд урьдын гэрээнүүдийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр дээр хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг оруулан тооцоогүй байна. 

Хариуцагч Ж.Т нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 05 хүртэл нийт 5.027.000 төгрөгийн цалин барьцаалсан зээл авсан, үүнээс 4.029.374,55 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт 345.089,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3.953 төгрөг тус тус төлж, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 997.625,45 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 515.748,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл төлбөр 72.020,74 төгрөг тус тус үлдсэн болох нь хэрэгт авагдсан 5830166862 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, 5830166862 тоот зээлийн дансны зээл төлөгдсөн жагсаалт, Ж.Т-гийн ХААН банк дахь 5800373624 тоот харилцах дансны /депозит хуулга 1-р хх-ийн 50, 51,217, 219, 220-р тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хариуцагч Ж.Т нь давж заалдах шатны шүүхэд “2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр надад 200.000 төгрөгийн зээл өгсөн гэдэг нь нотлогдоогүй, гэрээнд зурсан гарын үсэг минийх биш болох нь гарын үсгийн шинжилгээгээр нотлогдсон. Нийт 818.729 төгрөгийн үндсэн зээлийг төлсөн боловч хасалт хийгээгүй байна. Эдгээр эргэн төлөлт хийсэн баримтууд нь хэрэгт хавсрагдсан дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байхад шүүх надад ашигтай байдлыг харгалзан үзээгүй. Хаан банкны нэхэмжилж байгаа зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 997.625,40 төгрөгийг би бүрэн гүйцэт төлж дуусгасан тул эдийн засгийн шинжээч томилж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх утга агуулга бүхий гомдлыг  гаргажээ.

       Хариуцагч Ж.Т, ХААН банкны Увс салбарын хооронд 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан  ЗГ/1607861 дугаар Барьцаат зээлийн гэрээ хэрэгт авагдсан байх бөгөөд уг гэрээний зээлдэгч гэсэн хэсэгт зурсан гарын үсэг нь Ж.Тгийнх мөн болох нь хэрэгт хувийн сонирхолгүй этгээд болох Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчдийн гаргасан, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4028 дугаар шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, түүнчлэн хэрэгт авагдсан Ж.Т, ХААН банкны Увс салбарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 05 хүртэл байгуулсан  10 удаагийн зээлийн гэрээнүүд, мөн Ж.Тгийн  5830166862 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, 5830166862 тоот зээлийн дансны зээл төлөгдсөн жагсаалт, Ж.Т-гийн ХААН банк дахь 5800373624 тоот харилцах дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, нийт авсан зээлийн хэмжээ, эргэн төлөлт, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тус тус тооцоолох боломжтой байх тул эдийн засгийн шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзлээ.   

Иймд хариуцагч Ж.Т-гийн гомдлыг хангах  хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

Хариуцагч Ж.Т нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 60 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Т-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч Ж.Т давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Л.АЛТАН

ШҮҮГЧИД                                                                 Н.МӨНХЖАРГАЛ

                                                                     Д.ЖАМБАЛСҮРЭН