Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00150

 

Х банкны Увс салбарын Төв тооцооны төвийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаар шийдвэр,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаар магадлалтай,

Х банкны Увс салбарын Төв тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Ж.Т д холбогдох,

“Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 1 658 710 төгрөгийг гаргуулах, барьцааны гэрээнд заасан хөрөнгө болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ж.Т гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Т  нь 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Х банкны Увс салбарын Төв тооцооны төвтэй ЗГ/1607861 тоот зээлийн гэрээ байгуулан 1 936 000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай, сар бүр тэгш 233 000 төгрөг төлөх нөхцөлтэй авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 938 374.55 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3 284.06 төгрөг, нийт 941 658.61 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

Иймд зээлдэгч Ж.Т гаас нэхэмжлэлийн шаардлагын дагуу үндсэн зээлийн төлбөр 997 625.45 төгрөг, зээлийн хүү 515 748.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72 020.74 төгрөг, нотариатын зардал 33 000 төгрөг, нийт 1 618 394.21 төгрөг гаргуулна.

Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х банкны нэхэмжилсэн 1 658 710.21 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрхи нэхэмжлэлийн талаар тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 816 дугаар шийдвэр гарсан ба тэр шийдвэрээр гарсан мөнгийг би төлж барагдуулсан. Дээрхи шүүхийн шийдвэр хүчинтэй байна. Иймд Х банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж.Т гаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 997 625.45 төгрөг, зээлийн хүү 515 748.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72 020.74 төгрөг, нотариатын зардал 33 000 төгрөг, нийт 1 618 394.21 /нэг сая зургаан зуун арван найман мянга гурван зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Увс салбарт олгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ж.Т гийн зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, тасархай хорооллын урд байрлалтай, нэгж талбарын 8516004549, гэрчилгээний 000567207 дугаартай, 700 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х банк” ХХК-ниас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 40 874 /дөчин мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Т гаас 40 874 /дөчин мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банкны Увс салбарт олгож шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаар магадлалаар: Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Т гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Хариуцагч Ж.Т  давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Т  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Х банкнаас 2014 оноос зээл авч эхэлсэн. Зээлээ цаг тухайд нь төлж байсан. Гэнэт ажлаасаа халагдаж, ямар ч өрхийн орлогогүй болсон. Айлын ногооны зэрлэг түүж, хүүхдээ тэжээж, өрх толгойлж амьдарч, өөрөөсөө хамарлан байж чадах чинээгээрээ зээлийн хүүгээ төлж, зээлээ хурдан төлөхийг хичээж байсан. Би ажлаас халагдахын өмнө 2016 онд 2 сард 200 000 төгрөг нэмж зээлсэн. Х банкны бичээд заргалдаад байдаг шиг адил тэгш төлөх 10 сарын хугацаатай зээл аваагүй. Бага багаар нэмж аваад 5 027 000 төгрөгийн зээл авсан. Би боломжтой үедээ 2 сараар 1 сарын цалингаа хувааж хийдэг байлаа. Дансны хуулгаас төлсөн үнийн дүн нь нэг бүрчлэн харагдана. Би нийт 36 удаагийн гүйлгээгээр зээлээ хангалттай хийж төлсөн. Харьцуулан хянаж зээлээс салгаж өгнө үү.

Намайг хамгийн сүүлчийн зээлийг 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 200 000 төгрөг нэмж авахад 997 625.43 төгрөг байсан. Гэтэл Х банкны нябо Ганчимэг хамгийн түрүүнд авсан зээлээс бодож зээл гаргана гээд 1 936 000 төгрөгөөс зээл гаргасан. Би 797 625,43 төгрөг үлдсэн гэж маргалдаад дийлээгүй. Иймд миний явуулсан эргэн төлөлтийн цалингийн хуулгыг хавтас хэргээс тулган хянаж хэрэгсэхгүй болгож тусална уу.

Өмнө нь Х банкнаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 816 дугаартай 1 420 403.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дахин Х банкнаас 1 736 000 төгрөгийг надаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай гэсэн шийдвэр гаргасан. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Х банкнаас нэхэмжлэл гаргасан боловч хэргийг хэрэгсэхгүй болгоод Ж.Т д эрх үүрэг танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийг оролцогчийн эрх үүргийг ноцтой зөрчжээ, Ж.Т гийн зээл, хүү аль нь болохыг тодруулаагүй байна гэж буцаасан.

Дахиад Х банкнаас нэхэмжлэл шүүхэд гаргасан ба анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1846 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон захирамжлахдаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар Х банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдсэн. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 04-нд Гэрэлтуяа шүүгч Х банкны талд шийдвэр гаргаж, намайг хохироосон. Би давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч дийлээгүй. Х банк 8 сарын дараа надаас 997 625.43 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 515 748.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 72 020.74 төгрөг, нотариатын төлбөр 33 000 төгрөг, тэмдэгтийн хураамжийн төлбөр 40 316.30 төгрөг, нийт 1 658 710.51 төгрөгийг төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасанд гомдолтой байна.

7-14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хандах байтал 7-8 сар хүүгийн ашиг хайж намайг дарамтлан хохироож байгааг би хүлээн зөвшөөрөхгүй.

Х банкны Сайнбилэг шүүх хурал дээр бид өгч авснаа тулгахад санаатай миний хийсэн мөнгөн дүнг хийгээгүйгээр тооцож дайрч өөрийнхөө нэхэмжлэлийг гаргасан. Шүүх хурал дээр хэлэхэд шүүгч нар дансны хуулга дээр байгаа юм арай үгүй байлгүй дээ гээд тоогоогүй. Ийм байдлаас болж би хохирч байна. Иймд хэргийг тал бүрээс нь хянан хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Надад дансны хуулга байсан. Манай гэр шатахад устсан. Х банкнаас зээл авахдаа хашааны гэрчилгээгээ барьцаанд тавьсан бөгөөд гэрчилгээг гаргуулж өгнө үү.

Миний хашааг зарчихаад заллингаар ийм юм нэхэж байгаа магадлал өндөр. Яагаад гэвэл захирлаас өөр хүнээр гарын үсэг зуруулаад нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах бүрт өөр өөр тоо хэлж мөнгө нэхнэ, дахин дахин сэргээнэ. Иймд хэргийг бүхэлд нь тал бүрээс нь хянаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Х банкны Увс салбарын Төв тооцооны төв Ж.Т д холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 1 658 710 төгрөгийг гаргуулах, барьцааны гэрээнд заасан хөрөнгө болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, төлбөрийг төлж барагдуулсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх үүргээ бүрэн биелүүлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Тухайлбал: нэхэмжлэгч нь 2016 оны “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилсэн шаардлага гаргасан боловч тухайн зээл зээлдэгчийн 2014 оноос хойш авсан 10 удаагийн зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох тухай хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Хэрэгт авагдсан 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”-ээс үзэхэд тухайн гэрээгээр зээлдэгч нь 200 000 төгрөгийн зээл авсан, өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр 1 736 000 төгрөг, нийт зээлийн үнийн дүн 1 936 000 төгрөг гэжээ.

Хэргийн 51-р талд авагдсан зээлийн үлдэгдэл төлбөрийг тооцсон Зээлийн бүртгэлийн картаас үзэхэд  зээлдэгчийн өмнөх зээлийн үлдэгдэл 1 727 625.45 төгрөг, зээлийн хүү нь 9 087.78 төгрөг байсан байна.

Гэтэл зээлдүүлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ж.Т тай байгуулсан “Барьцаат зээлийн гэрээ”-нд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг 1 736 000 гэсэн нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1 727 625.45 төгрөг дээр зээлийн хүү 9 087.78 төгрөгийг нэмж нийт зээлийн үнийн дүнг тооцсон, зээл буцаан төлөх хуваарийг нэмэгдүүлсэн үнийн дүнгээр тооцсон байх тул улмаар дээрх үнийн дүнгээс хүү тооцож, зээлийн гэрээний үүргийг дүгнэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ мэтчилэн урьд урьдын гэрээнүүдэд үлдэгдэл хүүгийн төлбөрийг үндсэн зээлийн төлбөрт оруулан тооцсон байхад дээрх нотлох баримтын талаар анхан шатны шүүхээс ямар нэг дүгнэлт хийгээгүй, хариуцагчийн гэрээний хугацаанд нийт 7 336 095 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч бодитойгоор няцаагаагүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүхээс засалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй гэж үзэх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтад нийцээгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, хэрэгт цугларсан баримтын хүрээнд хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч Ж.Т гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхээр буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар хариуцагч нь Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 744 дүгээр захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД