Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 06

 

Х б-ны Увс салбарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сумын 5 дугаар багт байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, Х б -ны Увс салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 11-32 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ74042829, Х овогтой Ж-ын Т-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагч Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Нэхэмжлэгч Х б- ны Увс салбарын Төв тооцооны төвийн захирал Ж.С анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ж.Т нь 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Х б ны Увс салбарын Төв тооцооны төвтэй ЗГ/1607861 тоот зээлийн гэрээ байгуулан 1,936,000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1,6 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай, сар бүр тэгш 233,000 төгрөг төлөх нөхцөлтэй авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 938,374.55 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,284.06 төгрөг, нийт 941,658.61 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

Иймд зээлдэгч Ж.Т-гаас нэхэмжлэлийн шаардлагын дагуу үндсэн зээлийн төлбөр 997,625.45 төгрөг, зээлийн хүү 515,748.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,020.74 төгрөг, нотариатын зардал 33,000 төгрөг, нийт 1,618,394.21 төгрөг гаргуулна.

Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч Ж.Т анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х б ны  нэхэмжилсэн 1,658,710.21 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрхи нэхэмжлэлийн талаар тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 816 дугаар шийдвэр гарсан ба тэр шийдвэрээр гарсан мөнгийг би төлж барагдуулсан. Дээрхи шүүхийн шийдвэр хүчинтэй байна. Иймд Х б ны нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж.Тгаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 997,625.45 төгрөг, зээлийн хүү 515,748.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,020.74 төгрөг, нотариатын зардал 33,000 төгрөг, нийт 1,618,394.21 /нэг сая зургаан зуун арван найман мянга гурван зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х б ны Увс салбарт олгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд  зааснаар хариуцагч Ж.Т-гийн зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, тасархай хорооллын урд байрлалтай, нэгж талбарын 8516004549, гэрчилгээний 000567207 дугаартай, 700 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “ зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х б ХХК-ниас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 40,874 /дөчин мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Т-гаас 40,874 /дөчин мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х б- ны Увс салбарт олгох”-оор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Т давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Миний бие Х б наас бага хэмжээгээр зээл авч сар бүрдээ төлж барагдуулж байсан. Хамгийн сүүлд 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 200,000 төгрөгийн зээл нэмж авахад 900,000 гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэл байсан. 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Сайнбилэг нь миний төлсөн мөнгийг дансны хуулгыг үндэслэж тооцож бодохдоо 8 сарыг албаар хассан. Шүүгч дансны хуулгыг хянаж нягтлахгүйгээр Х б ны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Иймд Х б ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хуулийн  болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч Х б- ны Увс салбар нь хариуцагч Ж.Т-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 997,625.45 төгрөг, зээлийн хүү 515,748.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,020.74 төгрөг, нотариатын төлбөр 33,000 төгрөг, нийт 1,618,394.21 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ж.Т нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн гэрээгээр банкнаас авсан мөнгөө төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн тайлбар гаргаж маргажээ.

Хэрэгт авагдаж, анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох барьцаат зээлийн гэрээнүүдээс үзэхэд: Хариуцагч Ж.Т нь анх 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Х б -ны Увс салбараас 200,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай буюу 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэйгээр 1404914 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан байх бөгөөд түүнээс хойш 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 9 удаагийн нэмэлт зээл авч байсан байна.

Хамгийн сүүлчийн буюу 10 дахь зээлийн гэрээ / 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр № ЗГ/1607861 дүгээр Барьцаат зээлийн гэрээ/-ээр 1,936,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700мкв талбайтай газар эзэмших эрхийг барьцаалжээ.  

Хариуцагч Ж.Т нь 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр № ЗГ/1607861 дүгээр Барьцаат зээлийн гэрээ/-ээр авсан 1,936,000 төгрөгийн зээлийг сар бүрийн 2-ны өдөр үндсэн төлбөр, хүүнд нийт 233,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байх боловч гэрээний үүргээ зөрчиж сар бүр төлөхгүй байсаар 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 851,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 79,000 төгрөгийг тус тус үндсэн төлбөрт, зээлийн хүүнд 2016 оны 3 дугаар сарын 29-ны өдөр 29,900,00 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 14,715.94 төгрөг тус тус төлсөн нь хэрэгт авагдсан, Ж.Тгийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт зэрэг баримтуудаар нотлогдож байх байх ба тэрээр зээлийн үндсэн төлбөр 997,625.45 төгрөг, хүүгийн төлбөр 515,748.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,020.74 төгрөг, нийт 1,585,394.20 төгрөг төлөөгүй байна.  

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк /зээлдүүлэгч/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх, гэрээнд хүү тооцохоор заасан бол зээлийн хүүг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь дээрхи хууль болон зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул Х б ны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч Ж.Т нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х б наас бага хэмжээгээр зээл авч сар бүрдээ төлж барагдуулж байсан. Хамгийн сүүлд 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 200,000 төгрөгийн зээл нэмж авахад 900,000 гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэл байсан. 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Сайнбилэг нь миний төлсөн мөнгийг дансны хуулга үндэслэж тооцож бодохдоо 8 сарыг албаар хассан. Шүүгч дансны хуулгыг хянаж нягтлахгүйгээр Х б ны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Иймд Х б -ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж  маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй, тэрээр сар бүр мөнгө төлж байсан гэх боловч хэзээ, хичнээн төгрөг төлснийг банк зээлийн эргэн төлөлтөнд тооцолгүй хассан талаар тодорхой үндэслэл, баримтаар нотлоогүй. Тухайлбал: Зээлийн эргэн төлөлт хийж байсныг нотлох мөнгө шилжүүлсэн, тушаасан банкны орлого, зарлагын баримт зэргийг хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхэд гаргаагүй байна.  

Иймд хариуцагч Ж.Тгийн Х б ны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хангах  хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хариуцагч Ж.Т нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Тгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч Ж.Т давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.ЖАМБАЛСҮРЭН

                                                                                                  Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                                   Л.АЛТАН