Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 152/ШШ2021/00050

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, 8-6 тоотод байрлах, улсын бүртгэлийн 1511008040, регистрийн 4015045 дугаартай, О-Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 4 дүгээр баг, Сургуулийн хороо, 9-52 тоотод байрлах, улсын бүртгэлийн 1511001055, регистрийн 4000218 дугаартай, Х-О ХХК-д холбогдох,

            Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 18.674.872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У, хариуцагч Ү.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О-Э ХХК-ийн захирал Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ба цахилгаан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. 2018 оны 6 дугаар сард Увс аймгийн Орон нутгийн өмчийн газраас Увс нуурын хөвөөн дэх ариун цэврийн байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам, 2 АТП барих зэрэг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан. Тухайн тендерт барилгын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, Э хүчний тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хамтарч оролцох нөхцөлтэй тендер зарлагдсан. Уг тендерт барилгын тусгай зөвшөөрөлтэй Х-О ХХК (захирал У.М), Э хүчний тусгай зөвшөөрөлтэй О-Э ХХК (захирал Д.С) бид нар харилцан тохиролцож, хамтран ажиллах гэрээ байгуулан оролцсон. Бид тухайн үед төсвөө хамтран хийлгэж, 197.347.401 төгрөгийн нийт төсөвт өртөгтэй тендерт оролцож, улмаар уг тендерт шалгарч, Х-О ХХК ерөнхий гүйцэтгэгчээр, манай компани туслан гүйцэтгэгчээр оролцож, аймгийн Засаг дарга, Орон нутгийн өмчийн газартай Х-О ХХК гэрээ байгуулсан. Нийт төсөв 197.347.401 төгрөгөөс цахилгааны ажил нь 78.768.872 төгрөгийн төсөвт өртөгтэй хийгдсэн. 118.578.529 төгрөгийн төсөвт өртгөөр Х-О ХХК ариун цэврийн байгууламж барьсан. Үүнд нэмэгдсэн өртгийн албан татвар, норм, норматив боловсруулах сангийн шимтгэл, захиалагчийн хяналтын зардал, зураг төсвийн үнэ, магадлашгүй ажлын зардал, бусад зардалд төсөвлөгдсөн. Өөрөөр хэлбэл Х-О ХХК-ийн гүйцэтгэх ажлын өртөг манай компанийхаас арай илүү байсан тул уг компанийг тендерт ерөнхий гүйцэтгэгчээр, харин манай компанийг туслан гүйцэтгэгчээр оруулсан. Ингээд манай компани гэрээний дагуу цахилгааны ажлыг 2018 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд хийж гүйцэтгэсэн. Цахилгааны ажлыг гүйцэтгэх нийт төсөвт өртөг нь 78.768.872 төгрөг бөгөөд Х-О ХХК-иас манай компанид 60.094.000 төгрөгийн санхүүжилт орж ирсэн ба үлдэх 18.674.872 төгрөгийг Х-О ХХК одоо хүртэл төлөхгүй байна. Ерөнхий гүйцэтгэгч Х-О ХХК нь аймгийн төрийн сангаас 2018 оны 12 дугаар сарын 24-ний нийт 197.347.401 төгрөгийн санхүүжилтийг бүрэн гүйцэд авсан боловч цахилгааны ажлын хөлсөө бүрэн гүйцэд төлөхгүй биднийг чирэгдүүлж байгаад гомдолтой байна. Иймд Х-О ХХК-иас О-Э ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 18.674.872 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х-О ХХК-ийн захирал Ү.М шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 7 дугаар сарын 01, 02-ны үеэр зүс таних Б.Б гэх залуу утасдаж Тантай уулзмаар байна гэж яриад манай байрны гадна хажуудаа Д.С, Б.Б, У гэсэн 3 хүнтэй цуг машинтай ирсэн. Би Д.С, Б.Б нарыг урьд нь харж байгаагүй бөгөөд тэгэхэд танилцсан. Тэд Одоо 7 дугаар сарын 06-ны өдөр 200.000.000 төгрөгийн төсөвтэй Увс нуурын хөвөөнд баригдах Ариун цэврийн байгууламжийн барилгын тендер шалгаруулалт болох гэж байна, танай компани барилгын тусгай зөвшөөрөлтэй гэнэ, эднийх цахилгааны шугамын эрхтэй, хамтарч тендерт оръё гэсэн санал тавьсан. Тэгээд би дотроо эргэлзэж 3 км гаруй цахилгааны шугамтай юм бол төсөвт өртөгтөө багтахгүй байх, тэгээд ч түрүүн тендер зарлахад нэг ч компани ороогүй дахин зарлаж байгаа гэсэн дэмий байх гэхэд Д.С Гадна цахилгааны шугамыг манайх 40.000.000 төгрөгт багтаана. Амархан ажил, ядаад байх юм байхгүй гэж байсныг бусад хүмүүс бүгд гэрчилнэ. Тэгээд ч би тендерт орох сонирхолгүй байсан ч нэгэнт цаг нь тулчихсан байсан болохоор зөвшөөрсөн. Тэгтэл Д.С Та өөрөөсөө шалтгаалах материалаа бэлд, би төсвийг хариуцъя. Ховд аймагт миний найз байгаа, утсаар яриад төсөв хийлгэчихнэ, асуудалгүй гэсэн. Гэтэл нэхэмжлэл дээрээ бид төсвөө хамтарч хийлгэсэн гэдэг нь худлаа. Энэ төсвийг би тендерийн материал өгөх өдрийн өмнөх орой буюу 7 дугаар сарын 05-ны 20:00 цагийн үед материалаа бэлдэхээр цуглах үед Д.Сийг авч ирэхэд нь анх харсан. Т.Амаржаргал гэсэн хүний гарын үсэгтэй 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хуучин программаар хийгдсэн төсөв байсан. Тухайн үед төсөвтэй танилцахад гадна цахилгааны ажлын зардал өндөр байсан ч угаасаа түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер учир барилгын ажлын зураг хийгдэж байж жинхэнэ төсөв гарах учраас тендерийн бичиг баримтын шаардлагын дагуу үнийн санал өгөх зорилгоор уг төсөв, хамтарч ажиллах гэрээг үйлдэж өгсөн нь үнэн. Хамтарч ажиллах гэрээнд 2 талын хариуцаж гүйцэтгэх ажлын нэр, төрлийг бичсэнээс тоо хэмжээ, үнэ хөлсийг дурдаагүй байгаа /төсөв, гэрээг хавсаргав/. Гэрээ хийх үед би Д.Сэд жинхэнэ батлагдсан зураг, төсвийг гэрээнд мөрдөж ажиллана гэдгийг хэлэхэд тэр зөвшөөрсөн. Гэтэл одоо өөрөө амаараа захиалж хийлгэсэн төсвөө бариад нэхэмжлэл гаргаад, илүү харж явааг нь гайхаад байна. Уг барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг Увс аймгийн Засаг даргатай 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан бөгөөд барилгын зураг төсвийг хийлгүүлэхийн тулд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр газраа хүлээн авч Улаанбаатар хотын Хангай-Инж гео ХХК-иар инженер геологийн хайгуул хийлгүүлж, 8 дугаар сарын 16-ны өдөр урьдчилсан дүгнэлт гарч, мөн зураг төслийн Петронас-Тауэр ХХК-д зураг, төсвөө захиалан, 8 дугаар сарын 31-ний өдөр ажлын зураг, төсвөө хүлээн авч 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр барилга угсралтыг ажлаа эхэлсэн. Уг зураг төсөв 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр улсын экспертээр хянагдаж батлагдсан. Уг төсөвт гадна цахилгааны угсралтын ажлын нийт дүн 63.473.383 төгрөг байгаа үүнээс туслан гүйцэтгэгч О Э компанийн захирал Д.Сэд барилгын ажлын гүйцэтгэлийн дагуу гурван үе шаттайгаар нийт 60.094.000 төгрөгийн санхүүжилтийг өөрийнх нь хүссэнээр хувийн хадгаламжийн дансанд нь шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 3.379.383 төгрөг нь гүйцэтгэсэн ажлын баталгааны барьцаанд гурван жилийн хугацаатай татагдаж үлдсэн байгаа. Дээрх төсөвт барилгын гадна бохирын сефтик системийн угсралт, цэвэр усны гүний худгийн ажил, дүүжин тааз, 00-н өрөөнүүдийн таславч хана, цонх, дээврийн хашлага хананы төмөр, суурь, хананы төмөр бетон бүс болон бусад ажлууд хаягдсаныг манай компани ашиг харах биш, ажлаа чанартай хийхэд анхаарч бүрэн гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэж өгсөн. Уг барилга угсралтын ажлыг ашиглалтад хүлээн авах 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн улсын комиссын дүгнэлтээр О Э ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд 8 төрлийн зөрчил дутагдал гарсныг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дО засаж хүлээлгэж өгөх үүрэгтэйгээр ашиглалтад авсныг энд дурдах нь зүйтэй байх. Эцэст нь хэлэхэд ядруухан төсөвтэй эх орон, төрөлх нутгийнхаа бүтээн босголтод хамтран ажиллаж, түр хугацаагаар ч гэсэн нэг тогооноос хоол идэж, нэг чиг зорилготой ажиллачихаад, эцэст нь нэгнийгээ түлхэж, өөрөө хэдэн төгрөгийн ашиг харах гэж нэр нүүрээ барж яваа, төрийн байгууллагад ажилладаг ч тусгай зөвшөөрөлтэй хувийн компанитай, ид шид нь бүрдсэн жаатай захирал Д.С болон тэдний найз нөхдөд гомдолтой байгаагаа мэдэгдэж байна. Хэрвээ шаардлагатай бол нотлох баримттай дэлгэрэнгүй тайлбар өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдэж байна гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч О-Э ХХК нь хариуцагч Х-О ХХК-нд холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 18.674.872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            1. 2018 оны 6 дугаар сард Увс аймгийн Орон нутгийн өмчийн газраас Увс нуурын хөвөөн дэх ариун цэврийн байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам барих, 2 АТП барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, тухайн тендерт барилгын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, Э хүчний тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хамтарч оролцох нөхцөлтэй байсан ба Э хүчний тусгай зөвшөөрөлтэй О-Э ХХК нь барилгын тусгай зөвшөөрөлтэй Х-О ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хамтран ажиллах гэрээ[1][1] байгуулжээ.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх Хамтран ажиллах гэрээ-ний агуулга, зорилгоос үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан Ажил гүйцэтгэх гэрээ-ний харилцаа үүссэн, мөн хуулийн 347 дугаар зүйлийн 347.1, 347.2-т заасны дагуу Б тал буюу нэхэмжлэгч О-Э нь Увс нуурын дэргэдэх үйлчилгээний цэг, ариун цэврийн байгууламжийн ажил-ын цахилгаантай холбоотой бүх ажлыг туслан гүйцэтгэгчийн хувьд гүйцэтгэж, ерөнхий гүйцэтгэгч Х-О ХХК нь тухайн байгууламжийн бусад барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр улсын комисст ажлын үр дүнг хүлээлгэн өгөхөөр Увс аймгийн Засаг даргатай 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр УВАОНӨГ/201812065 дугаартай гэрээ[2][2] байгуулсан байна.

Нэхэмжлэгч О-Э ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Барокко хийц ХХК-тай Зураг төсөл боловсруулах талаар байгуулсан гэрээ[3][3] байгуулж, Барокко хийц ХХК-иар зөвхөн 6 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 6/0,4 кВ-ын 25 кВА болон 100 кВА чадалтай АТП барих ажлын зургийг[4][4] гаргуулж, уг зургийнхаа дагуу 0,6 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам буюу урт нь 3,3 км бүхий 38 төмөр бетонон шон суулгаж, 25 кВА-ын оронд 30 кВА-ын хүчин чадал бүхий дэд өртөө болон 100 кВА-ын дэд өртөөнүүдийг барьсан талаар талууд маргаагүй.

Харин талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-ний 1.1-т дурдсан Дотно, гадна гэрэлтүүлэг гэсэн хэсгийг нэхэмжлэгч гүйцэтгэх ёстой байсан эсэх талаар талууд маргасан боловч нэгдүгээрт хамтран ажиллах гэрээндээ уг ажлыг Б тал буюу нэхэмжлэгч О-Э ХХК хийж гүйцэтгэхээр тусгасан, хоёрдугаарт, хэрэв энэхүү ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэх боломжгүй байсан бол энэ талаар гэрээ байгуулагдах үед болон гэрээ байгуулагдсаны дараа гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар харилцан тохиролцоод шийдвэрлэх боломж талуудын хэн алинд байсан боловч энэхүү эрхээ хэн ч хэрэгжүүлээгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь Барокко хийц ХХК-иар зураг төсвөө гаргуулахдаа ариун цэврийн байгууламжийн дО болон гадна гэрэлтүүлгийн ажлын зургийг гаргуулах талаараа мэдээлээгүйгээс энэхүү ажлын зургийг дутуу гаргуулж, улмаар ариун цэврийн байгууламжаас 70 метрийн зайтай цахилгааны ажил дуусчээ.

Энэхүү 70 метрийн зайнаас байгууламж хүртэл шуудуу ухах, цахилгаан утсыг булах, байгууламжийн дОх гэрэлтүүлгийн ажлыг хариуцагч Х-О ХХК нь өөрсдийн нөөц боломжоороо буюу гэрч М.Э, Н.Ц, С.Э нараар гүйцэтгүүлж, 335.000 төгрөгийн ажлын хөлс[5][5] олгосон нь хэрэгт авагдсан тухайн гэрчүүдийн мэдүүлгээр, мөн Петронас тауэр ХХК-иар байгууламжийн ДО цахилгаан, хүчит төхөөрөмж-ийн ажлын зургийг гаргуулж, хариуцагч Х-О ХХК нь гүйцэтгэсэн нь хэргийн 2 дугаар хавтасны 181-186 дугаар тал болон 3 дугаар хавтасны 15-22 дугаар талд авагдсан зургаар тогтоогдож байна.

Тэгэхээр нэхэмжлэгчийн Х-О ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээний 1.1-т ДО, гадна гэрэлтүүлэг гэж бичсэнийг тухайн үедээ анзаараагүй. Ийм бичиг бичигдсэнийг сүүлд мэдсэн гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

Нөгөө талаар, Хамтран ажиллах гэрээ-ний 2.2, 2.4-т зааснаар талууд бие биенийхээ өмнө хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг тайлагнах, өөрийн хийсэн ажлын талаар тайлагнах үүргээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.5-д заасан Ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, Материалын зарцуулалтыг захиалагчид тайлагнах үүргээ нэхэмжлэгч нь туслан гүйцэтгэгчийн хувьд биелүүлээгүй гэж үзэв.

Түүнчлэн хэргийн 2 дугаар хавтасны 238-244 дүгээр талд авагдсан улсын комиссын гишүүдийн хурлын тэмдэглэл болон Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комиссын хурлын протоколд өгөх санал гэх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч О-Э ХХК-нд 2 ширхэг 0,4 кВ-ын шкаф солих, цахилгааны шит самбарыг хаягжуулах, АЦӨ-ний байгууламжийн барилгын оруулгын кабель далдлах, хуурай салгуурын хийц муу учир солих, хөндлөн траверсыг боосон боолт хуучин гагнууртай, давхар контур боолтгүй, газардуулга байгаа боловч үндсэн плсаагаар хийгдээгүй, трансформатрын давхар бэхэлгээ хийх зэрэг ажлыг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хийж гүйцэтгүүлэх, дахин шалган хүлээн авахаар тэмдэглэсэн зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь өөрт ногдсон ажлыг мөн дутуу гүйцэтгэсэн байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35-д зааснаар хариуцагч нь тухайн байгууламжийн цахилгааны холболтыг бүрэн хийж, гүйцэтгэх үүрэгтэй байсан хэмээн маргасан боловч уг заалт нь Инженерийн шугам сүлжээ гэх ойлголтыг тодотгосон заалт байгаа тул энэ нь талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-ний маргаан бүхий заалтад хамааралгүй гэж үзлээ.

2. Талууд тендерийн баримт бичгийг бүрдүүлэхдээ Монгол Улсын мэргэшсэн төсөвчин Б.А-аар 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Увс аймаг, Увс нуурын хөвөөнд Ариун цэврийн цэг барих ажлын төсөв-ийг гаргуулж хавсаргасан байх ба уг төсвөөр цахилгааны ажлын зардлыг нийт 78.768.872 төгрөг байхаар тусгасан, үүнээс 60.064.000 төгрөгийг хариуцагч Х-О ХХК-иас хүлээн авсан тул үлдэх 18.674.872 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч О-Э ХХК нь шаарджээ.

Хэргийн 2 дугаар хавтасны 125-140 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч О-Э ХХК-ийн захирал Д.Сийн Хаан банк дахь 5819104448, 5800446142 тоот дансны хуулга, мөн хэргийн 3 дугаар хавтасны 2-5 дугаар талд авагдсан орлого, зарлын баримтаас үзэхэд хариуцагч Х-О ХХК-иас нэхэмжлэгч О-Э ХХК-нд нийт 61.094.000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Харин нэхэмжлэгч, хариуцагч нар тендерт оролцохдоо дэнчингийн 4.000.000 төгрөгийг тухайн үед иргэн н.Доржсүрэнгээс зээлж, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Х-О ХХК-иас 2.000.000 төгрөгийг авч, Доржсүрэнд төлсөн талаар шүүх хуралдааны явцад тайлбарласан тул нийт 63.094.000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас хүлээн авсан байна гэж үзлээ.

Хэдийгээр хариуцагч Х-О ХХК нь Увс аймгийн Засаг даргатай 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн УВАОНӨГ/201812065 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу нийт 197.347.401 төгрөгийг хүлээн авсан, үүнээс нэхэмжлэгч О-Э ХХК нь 78.768.872 төгрөгийг хүлээн авах ёстой хэмээн маргаж байгаа боловч бодит байдал дээр О-Э ХХК нь 0,6 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон 30 кВА, 100 кВА-ын дэд өртөөнүүдийг барьж гүйцэтгэхдээ нийт хэдэн төгрөгийн зардал гаргасныг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоох боломжгүй, нэхэмжлэгч нь санхүүгийн анхан шатны баримт үйлдээгүйгээс нөхөн гаргаж өгөх боломжгүй байгаагаа шүүх хуралдааны үеэр тайлбарлаж байна.

Гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс нийт 9 хүнийг ажлын байраар хангаж, тэдэнд нийт 8.003.480 төгрөгийг цалин, хөдөлмөрийн хөлс олгосон тухай Цалин олгох хүснэгт[6][6]-ийг, мөн иргэн О.Омбоод 40 ширхэг бетон шон хүргүүлж, 800.000 төгрөгийн хөлс олгосон[7][7], иргэн Б.Г-ээр тухайн бетон шон суулгуулах ажлыг хийлгэж, 3.000.000 төгрөгийн хөлс олгосон[8][8]-оо баримт болон гэрчийн мэдүүлэг, мөн Барокко хийц ХХК-иар зураг төсвийг 1.500.000 төгрөгөөр[9][9] хийлгэсэн талаарх баримтуудыг гаргаж ирүүлснээс үзэхэд нийт 13.303.480 төгрөгийн зардлын баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

Мөн нэхэмжлэгч О-Э ХХК-ийн Хаан банк дахь 5830171827 тоот данснаас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Материалын үнэ 4.795.000 төгрөг гэх зарлага, иргэн Д.Сийн Хаан банк дахь 5819104448 тоот данснаас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Материалын үнэ 13.910.000 төгрөг гэх зарлага, 5800446142 тоот данснаас 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр О Э-с баганын үнэ 13.000.000 төгрөг гэх зарлага гарсан хэмээн дансны хуулгыг ирүүлсэн боловч тухайн зарлагын агуулгаас ямар ямар материалын үнийг хэнд, эсхүл ямар хуулийн этгээдэд шилжүүлснийг тогтоох боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн дээрх зардлын баримтуудаар нэхэмжлэгч нь нийт 78.768.872 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа тул ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18.674.872 төгрөгийг хариуцагч Х-О ХХК-иас гаргуулж олгох үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3, 347 дугаар зүйлийн 347.1, 347.2, 350 дугаар зүйлийн 350.1.5-д заасныг баримтлан хариуцагч Х-О ХХК-д холбогдох Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 18.674.872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О-Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О-Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3, 347 дугаар зүйлийн 347.1, 347.2, 350 дугаар зүйлийн 350.1.5-д зааснаар хариуцагч Х-О ХХК-д холбогдох Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 18.674.872 /арван найман сая зургаан зуун далан дөрвөн мянга найман зуун далан хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О-Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.324 /хоёр зуун тавин нэгэн мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дО Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                                                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА