Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 800

 

 

 

 

 

 

 

2020           6              18                                            2020/ДШМ/800

 

Д.Гөд холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинзориг,

хохирогч Г.Х, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Д.Ганбат,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргиийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/427 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Гөд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Дийн Г, 1989 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “...” автомашин угаалгын газар ажиллаж байсан гэх, ам бүл 4, эх, эгч, хүргэн ахын хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .../,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1461 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасч, 1 сар 15 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн;

Д.Г нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны орой 20.30 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гандантэгчилэн хийдийн хойд замд “...” ХХК-ний эзэмшлийн “Хьюндай Соната” загварын ...УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Хыг автомашинаар мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Гийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Д.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Д.Гийн гэх жолооны үнэмлэх хэргийн хамт ирээгүй болохыг дурьдаж, түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял эдэлж дууссан үеэс тоолж, хохирогч Г.Хын цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, Д.Г цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс өөрчлөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Д.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Г нь өөрийн үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй. Харин осол гарахад хохирогч Г.Х нь согтуугаар харуй бүрийд явган хүний гарцгүй газраар зорчих хэсэг рүү гэнэт гүйж, жолоочийн зүүн гар талаас орж ирснээс уг осол болсонд хохирогч буруутай байдгийг дурьдах нь зүйтэй. Д.Гийн унаж явсан машины гэрлийн тусгал стандартын шаардлага хангаагүй зөрүүтэй байсан боловч энэ нь осолд шууд нөлөөлөөгүй. Гэсэн хэдий ч Д.Г нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бүрэн төлж, улмаар 1.500.000 төгрөг илүү баримтгүйгээр төлсөн байсан. Өнгөрсөн хугацаанд хохирогч тал хэдийгээр хүнд гэмтэл авсан боловч гэмтлээ хаана, хэрхэн оношлуулж, ямар эмчилгээ хийлгэж байгаа, хийлгүүлэх гэж байгаа нь тодорхойгүй, ямар ч баримтгүйгээр удаа дараа яг юунд зориулж мөнгө авах гээд байгаа нь тодорхойгүй мөнгө нэхэмжлэх болсон. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч талаас нийт 4.700.000 төгрөг авахдаа хоёр ч удаа шүүхэд дахин нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй хэмээн бичиж шүүхэд хүсэлт гаргаж өгч байсан. Уг мөнгийг хохирогчийн эх нь байнга хэл ам хийж, хөөцөлдөж авдаг. Гэтэл шүүх хурал болоход эх нь ирэхээ больж, явж чаддаггүй, ухаан алдаж унадаг гэх хохирогч Х нь өөрөө хуралд ирж “намайг огт эргэж тойроогүй, нэг ч мөнгө өгөөгүй. Мөнгө өгснийг одоо л мэдэж байна” гэх зэргээр мэдүүлж, цаашид 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна” гэж мэдүүлсэн нь ойлгомжгүй байна. Дээрхи байдал нь Д.Гийн эрх зүйн байдлыг дордуулж, шүүхээс хорих ял авахад хүргэсэн. Д.Гийн үйлдсэн хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэг. Д.Гийн хувийн байдал, гэм буруу, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэрэг нь хуульд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлсэн, заавал хорихгүйгээр тэнсэн харгалзаж болох бүхий л хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна. Эрүүгийн хууль хохирогчид үйлчилдэггүй зөвхөн яллагдагчид үйлчилдэг гэж ойлгохгүй байна. Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн гар дээр хохирол төлбөр авч байгаагүй. Миний эх сүүлд хохирол төлбөр авсан юм байна лээ. Би сүүлд дахин мөнгө нэхэмжилсэн. Тэр мөнгийг төлж барагдуулна гэх юм бол дахин ямар нэгэн санал гомдол гаргахгүй...” гэв. 

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг осол гарахад хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь гэм буруутай байсан. Хэрэгт авагдсан баримтаас илүү хэмжээгээр хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч Г.Х нь өөрийн гэм бурууг ойлгож, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэлж байна. Эрүүгийн хуульд зааснаар тэнсэн харгалзахад татгалзах зүйлгүй...” гэв.

Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 427 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Д.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Д.Ганбатын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан, бусад байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны орой 20.30 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гандантэгчилэн хийдийн хойд замд “Соната-5” загварын ...УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, үүнд тээврийн хэрэгслийн ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн үүргийг зөрчиж, мөн дүрмийн 12.2-т заасан заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Хыг автомашинаар мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Хын “...Би ослын талаар нарийн сайн санахгүй байна. Ямар ч байсан ажилд орох гээд Хархорин зах орж хувцас авах гэж явж байгаад авахаа болиод буцаж гараад дэлгүүрээс 0.33 гр савалгаатай нэг шил архи аваад гэртээ харих замдаа архиа уугаад такси барих гээд явж байснаа санаж байна. Нэг мэдсэн чинь Гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн, аав, ээж ирсэн байсан. ...” /хх 12-13/,

гэрч Б.Ганжаргалын “...Гандангийн арын замаар явж байтал гэнэт бид нарын зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд зам хөндлөн гарах гээд явган хүний гарцгүй газраар нэг эрэгтэй хүн гэнэт гарч ирэхэд жолооч тоормос гишгээд тухайн хүнийг мөргөөд зогссон. ...” /хх 61/,

шүүгдэгч Д.Гийн “...2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн үед гэр рүүгээ харих гээд Гандангийн арын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд “Х.Соната-5” загварын ...УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод замын гуравдугаар эгнээгээр 30 орчим км/ц-ийн хурдтай явж байгаад баруун гар тийшээгээ буюу замын хоёрдугаар эгнээ рүү орох гээд баруун гар тийш дохио өгөөд баруун гар талынхаа толин харчихаад эргээд хартал миний урдуур зүүн гар талаас гэнэт нэг согтуу бололтой эрэгтэй хүн зам хөндлөн гарах гээд гуйваад гараад ирэхээр нь жолоогоо баруун гар тийш даран тормос гишгээд зогсож амжилгүй нөгөө хүнийг машиныхаа зүүн урд талаар мөргөсөн. ...” /хх 94-95/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “...Г.Хын биед дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал, тархины эдийн дунд зэргийн няцрал, зүүн хоншоор ясны хөндийд цус хуралт, баруун умдаг ясны дээд, доод салааны хугарал, зүүн умдаг ясны их дээд, доод салааны симфиз үе дайрсан хугарал, ууцны 1, 2, 3 дугаар нугалмуудын баруун хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал, зулай, баруун мөр орчмын зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. ...” гэх 850 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 73-74/,

Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 35900 дугаартай шинжээч нарын дүгнэлт /хх 77-84/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4/, осол, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургууд /хх 5-10/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Гийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Шүүгдэгч Д.Гийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд тухайн зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, түүнийг 1 жил 1 сарын хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбатын “оногдуулсан ялыг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/427 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                               Д.МЯГМАРЖАВ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ