Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 427

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Н.Уранбайгаль

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Ганбат

хохирогч Г.Х, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903006510315 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ...-...  төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “....” .. ажиллаж байгаа гэх, ам бүл 4; .... хамт ... дүүргийн .. дугаар хороо, ... гудамж, .... тоотод оршин суух,

ял шийтгэл: 20.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 1 cap 15 хоног баривчлах ялаар шийтгэгдсэн,

..... дугаарын регистртэй, ... овогт Д Г

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.Г 2019 оны 5 дугаар сарын 28-ны орой 20 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гандантэгчилэн хийдийн хойд замд “Эвалюшн Холдинг" ХХК-ны эзэмшлийн “Хьюндай Соната” маркийн 70-76 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажпын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Хыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол  учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Надад холбогдсон хэргийнхээ талаар маргах зүйл байхгүй. Өмнөх шүүх хуралдааны явцад хохирогчийн ээжид 2 сая гаруй төгрөг өгсөн байсан. Шүүх хурлаас хойш 2.170.000 төгрөгийг цувуулж, одоогоор нийтдээ 4.700.000 төгрөг өгсөн. Би хохирогч Г.Хтай уулзах гэсэн боловч ажил ихтэй амжаагүй. Би авто угаалгын газар хүний оронд ээлжгүйгээр ажиллаж байгаа. Хохирогчоос уучлалт гуйж байна гэв.

 

Хохирогч Г.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хохиролд гэж хэдэн төгрөг авснаа мэдэхгүй. Мөнгийг миний өмнөөс ээж авдаг юм. Одоо миний биеийн байдал муу байгаа. Би хотын хүн мөртлөө энд тэнд явж байгаад төөрөөд явчихдаг, хаана байгаагаа мэдэхээ больчихдог болсон. Хэдэн жил ингэж явахаа хэлж мэдэхгүй байна. 4.7 сая төгрөг авсан ч гэсэн гомдолтой байна. Энэ хүнийг би өмнө нь огт харж байгаагүй, харин Нийслэлийн шүүхэд болсон шүүх хурлын үеэр анх удаагаа харсан. Эм, тариа уугаад бие жаахан гайгүй болж байгаа. Шүүх хурлаас хойш Шар хадны эмнэлэгт хэвтсэн. Гэхдээ эмнэлэгт хэвтсэн тухай баримтыг авчраагүй.

Гомдолтой байна, цаашид 5 сая төгрөг нэхэмжилнэ гэв. 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тус шүүх уг хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эцэслэн шийдвэрлэж 829 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Гийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн байдаг.

 

Шийтгэх тогтоолд хохирогч Г.Хын өмгөөлөгч Ж.Хандсүрэн гомдол гаргаснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1139 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

 

Шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Д.Ганбатын гомдлоор Улсын Дээд шүүх хэргийг хянаад өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Гийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэхдээ давж заалдах шатны шүүхийн магадлал болон хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдсан “... хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсанаас үүсэх үр дагавартай холбоотой хохирол, хор уршигт” дүгнэлт хийж, улмаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.Гийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ялласан байх бөгөөд гэмт хэрэг гарсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад

гэрч Б Г ”... Гандангийн арын замаар явж байтал гэнэт бид нарын зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд зам хөндлөн гарах гээд явган хүний гарцгүй газраар нэг эрэгтэй хүн гэнэт гарч ирэхэд жолооч тоормос гишгээд тухайн хүнийг мөргөөд зогссон” /хх-н 61/ гэж,

хохирогч Г Г.Х “… би ослын талаар нарийн сайн санахгүй байна. Ямар ч байсан ажилд орох гээд Хархорин зах орж хувцас авах гэж явж байгаад авахаа болиод буцаж гараад дэлгүүрээс 0,33 гр савалгаатай нэг шил архи аваад гэртээ харих замдаа архиа уугаад такси барих гээд явж байснаа санаж байна. Нэг мэдсэн чинь Гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн, аав, ээж ирчихсэн байсан. Гомдолтой байна. Эмчилгээ хийлгүүлж эрүүл болмоор байна” /хх-н 12-13/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Шүүгдэгч Д.Гийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн талаар техникийн шинжээч “... уг автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлагад нийцэхгүй тоормос зогсохгүй, баруун зүүн гар талын хол, ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй” гэсэн 35900 тоот дүгнэлт гаргасан /хх-н 77-84/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-4/, осол, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургууд /хх-н 5-10/ болон бичгийн бусад баримтууд шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Хохирогч Г.Хын гэмтэлтэй холбоотойгоор Г.Хын биед дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал, тархины эдийн дунд зэргийн няцрал, зүүн хоншоор ясны хөндийн өмнөд болон латерал хананы хугарал, зүүн хоншоор ясны хөндийд цус хуралт, баруун умдаг ясны дээд, доод салааны хугарал, зүүн умдаг ясны их дээд, доод салааны симфиз үе дайрсан хугарал, ууцны 1, 2, 3-р нугалмуудын баруун хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал, зулай, баруун мөр орочмын зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэсэн 850 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 73-74/,

 

Шүүгдэгч Д.Гийн үйлдсэн Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас хохирогч Г.Хын биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь хуулийн тухайн зүйл хэсгийн хүндрүүлэх шинжид нийцнэ.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул

шүүгдэгч Д.Гийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн ... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ... хорих ял оногдуулахгүйгээр ... тэнсэж болно” гэсэн заалт нь заавал биелүүлэх хэм хэмжээг тогтоогоогүйгээс гадна шүүгдэгч Д.Гийн үйлдсэн гэмт хэрэг хэдийгээр гэмт хэргийн ангилалаараа хөнгөн гэмт хэрэгт хамаарах боловч хохирогч Г.Хын эрүүл мэндэд учирсан хохирол шинжээчийн дүгнэлтээр “хүнд зэргийн гэмтэл” гэж гарсан нь тухайн хүнд гэмтлийг эмчлүүлэх, гэмтлээс шалтгаалсан хор уршгийг арилгахад хүрэлцэхүйц хэмжээний төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэл болохгүй.  

Иймд шүүгдэгч Д.Гөд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

 

Одоогийн байдлаар шүүгдэгч Д.Г хохирогч Г.Хад нийт 4.700.000 төгрөг төлсөн, энэ талаар хэргийн оролцогч нар маргаангүй гэснийг, хохирогч Г.Х 5.000.000 төгрөг нэхэмжилнэ гэх боловч үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдаж,

харин хохирогч Г.Хын нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.Г цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Гийн гэх Жолоочийн үнэмлэх хэргийн хамт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

             ТОГТООХ нь:

 

1. Б овогт Д Гийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Д.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, түүнийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Д.Гөд оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Д.Гийн гэх “Жолоочийн үнэмлэх” хэргийн хамт ирээгүй болохыг дурдаж,

түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай.

 

5. Хохирогч Г.Хын цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Д.Г цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс өөрчлөн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Гийг “цагдан хорьсон”-г хэвээр байлгасугай.  

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.ЖАНЧИВНЯМБУУ