Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 829

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Э хөтлөн

улсын яллагч Н.

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Г

хохирогч Г.Х-ын өмгөөлөгч Ж.Х

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19 оны  дүгээр сарын -нд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4; эгч, хүргэн ах, дүүгийн хамт дүүргийн  дугаар хороо, дугаар гудамж, 309 Б тоотод оршин суух,

ял шийтгэл: 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1461 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 1 cap 15 хоног баривчлах ялаар шийтгэгдсэн,

дугаарын регистртэй, Б овогт Д-ийн Г

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.Г 2019 оны 5 дугаар сарын 28-ны орой 20 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гандантэгчилэн хийдийн хойд замд “Эвалюшн Холдинг" ХХК-ний эзэмшлийн “Хьюндай Соната” маркийн 70-76 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажпын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Хүрэлбатыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол  учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Холбогдсон хэргийн талаар надад маргах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд гэж 2 сая гаруй төгрөг өгсөн гэв.

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.Г-ийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн ...... тоот хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Гэмт хэрэг гарсан тухайн үеийн нөхцөл байдал хийгээд гэмт хэргийг хэн үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад

гэрч Б-ын Г ”... Гандангийн арын замаар явж байтал гэнэт бид нарын зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд зам хөндлөн гарах гээд явган хүний гарцгүй газраар нэг эрэгтэй хүн гэнэт гарч ирэхэд жолооч тоормос гишгээд тухайн хүнийг мөргөөд зогссон” /хх-н 61/ гэж,

хохирогч Г-ын Х “… би ослын талаар нарийн сайн санахгүй байна. Ямар ч байсан ажилд орох гээд Хархорин зах орж хувцас авах гэж явж байгаад авахаа болиод буцаж гараад дэлгүүрээс 0,33 гр савалгаатай нэг шил архи аваад гэртээ харих замдаа архиа уугаад такси барих гээд явж байснаа санаж байна. Нэг мэдсэн чинь Гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн, аав, ээж ирчихсэн байсан. Гомдолтой байна. Эмчилгээ хийлгүүлж эрүүл болмоор байна” /хх-н 12-13/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Шүүгдэгч Д.Г-ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн талаар техникийн шинжээч “... уг автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлагад нийцэхгүй тоормос зогсохгүй, баруун зүүн гар талын хол, ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй” гэсэн 35900 тоот дүгнэлт гаргасан /хх-н 77-84/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-4/, осол, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургууд /хх-н 5-10/ болон бичгийн бусад баримтууд шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Хохирогч Г.Х-ын гэмтэлтэй холбоотойгоор Г.-ын биед дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал, тархины эдийн дунд зэргийн няцрал, зүүн хоншоор ясны хөндийн өмнөд болон латерал хананы хугарал, зүүн хоншоор ясны хөндийд цус хуралт, баруун умдаг ясны дээд, доод салааны хугарал, зүүн умдаг ясны их дээд, доод салааны симфиз үе дайрсан хугарал, ууцны 1, 2, 3-р нугалмуудын баруун хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал, зулай, баруун мөр орочмын зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэсэн 850 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 73-74/,

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Г-ийн үйлдсэн Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас хохирогч Г.Х-ын биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь хуулийн тухайн зүйл хэсгийн хүндрүүлэх шинжид нийцнэ.

Шүүгдэгч Д.Г урьд өмнө буюу 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1461 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 1 cap 15 хоног баривчлах ялаар шийтгэгдэж байсан байх боловч түүний ялтай байдал дуусгавар болсон, нөгөөтэйгүүр 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн зохицуулалт байхгүй болно.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Д.Г-ийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Г-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал, шүүгдэгчийн хувийн байдал үүнд: үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн (үүнд хохирогч Г.Х согтуу байсан) зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж ял оногдуулахад харгалзав.

Хохирол төлбөрийн хувьд;

Хохирогч Г.Х-ын өмгөөлөгч Ж.Х “... шүүгдэгч нь хохирогчид энэ оны 10 дугаар сарын 7 гэхэд 1 сая төгрөг, 11 дүгээр сарын 5 гэхэд 1.2 сая төгрөг, нийт 2.2 сая төгрөг өгөхөөр бид нар амаар тохиролцсон. ... Энэ байдлыг нь шүүгдэгч хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа хэлбэр гэж үзнэ. Дээрх 2.2 сая төгрөгийг хохирогчид учирсан хор уршиг гэж үзэж байгаа юм” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргав.

 

Өмгөөлөгч Ж.Х-ийн энэ тайлбарын дагуу шүүгдэгчээс 2.2 сая төгрөг гаргуулж шийдвэрлэх боломжгүй.

Учир нь, “... хохирогч Г.Х-ын эмчилгээний зардалтай холбоотой нийт 1.021.750 төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа, энэ баримтууд дээр маргахгүй” гэсэн тайлбарыг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г, хохирогчийн өмгөөлөгч Ж.Х нар тус тус хэлсэн бөгөөд шүүгдэгч Д.Г нь хохирогч Г.Х-д нийт 2.464.580 төгрөг өгснөөс дээрх 1.021.750 төгрөгийг хасч тооцвол 1.442.830 төгрөгийн илүү төлөлт хийгджээ.

 

Хохирогчид нотлох баримтгүйгээр илүү 1.442.830 төгрөг өгсөн байтал “гэм хор, хор уршиг” гэх байдлаар нэмж 2.2 сая төгрөг гаргуулж авах тухай шаардлага нь үндэслэлгүй.

 

Харин хохирогч Г.Х энэ хэрэгтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжилвэл зохино. Түүний энэ эрхийг нь нээлттэй үлдээлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.Г цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Г-ийн гэх Жолоочийн үнэмлэх хэргийн хамт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

             ТОГТООХ нь:

 

1. Б овогт Д-ийн Г-г “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шүүгдэгч Д.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Д.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх,зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн Д.Г-д хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад үүрэг болгож,

Д.Г тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Д.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Д.Г-ийн гэх “Жолоочийн үнэмлэх” хэргийн хамт ирээгүй болохыг дурдаж,

түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хассан нэмэгдэл ялыг хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

7. Хохирогч Г.Х-ын энэ хэрэгтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч Д.Г цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.ЖАНЧИВНЯМБУУ