Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 55

 

Д.Гөд холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч Г.Х, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 829 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1139 дүгээр магадлалтай, Д.Гөд холбогдох 1903006510315 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2015 оны 12 дугаар сарын 15-нд Эрүүгийн хуулийн 2015 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасч, 1 сар 15 хоног баривчлах ял шийтгүүлсэн, Б овогт Д.Г нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Гийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хохирогч Г.Х нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Гөд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Миний үйлчлүүлэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирогч Г.Хыг мөргөж, зам тээврийн осол гаргасан цаг үеэс өнөөг хүртэл бүхий л эмчилгээний бодит зардлыг цаг тухайн үед нь ямар нэг нэхэл дагалгүйгээр бүрэн төлж барагдуулж байсан. Өөрөөр хэлбэл хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр ямар нэг маргаан байхгүй. Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Г.Х нь согтуугаар, явган хүний гарц гарамгүй хэсгээр, үзэгдэх орчин хязгаарлагдмал, харуй бүрэнхий үеэр огцом гүйж орж ирснээс Д.Г нь жолоодож явсан тээврийн хэрэгслээ гэнэт зогсоох ямар ч боломж байгаагүйгээс уг хэрэг үйлдэгдсэн. Үүнийг ч анхан шатны шүүхийн шүүгчид ял оногдуулахдаа харгалзан үзсэн. Хохирогч Г.Хын гэмтлийн хүнд зэрэгтэй мөн адил маргаагүй. Хавтаст хэрэгт эмчилгээнд зарцуулсан гэх 1 сая орчим төгрөгийн баримт байсан. Харин миний үйлчлүүлэгч ямар ч баримт шаардахгүйгээр 800.000 төгрөгөөр хоёр удаа, 50.000-100.000 төгрөгөөр удаа дараа цувуулж өгсөөр нийт 2.464.500 төгрөг шүүх хурал болох үед өгсөн байдаг. Энэ үндсэн дээр шүүх Д.Гийг тухайн цаг үед хохирогч Г.Хад төлөх төлбөргүй болохыг дурдаж, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн хуульд заасны дагуу иргэний шүүхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх хурал болох өдөр миний үйлчлүүлэгчийг хохирогчийн ээж, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нар ямар ч баримт нотолгоогүйгээр, чухам юунд зориулан авах гэж байгаа нь тодорхойгүй 1 сая төгрөг эхний ээлжинд, дараа нь 1.5 сая төгрөг гаргуулж авна, өгөхгүй бол гомдолтой, хорих ял өгүүлнэ хэмээн айлган сүрдүүлж, хүлээн зөвшөөрүүлсэн байдаг. Энэ аман хэлцлийг өмгөөлөгч миний бие хүлээн зөвшөөрөөгүй, бодит байдалд өгөөд байвал аваад л байх тийм шинж тэмдэг илт байсан. Хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч гэсэн миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хууль хамгаалах л ёстой. Үүнээс улбаалж хохирогчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн ямар ч үндэслэлгүй гомдол гаргасан. Хуульч хүн хуулийн хүрээнд л өмгөөлж, хууль зүйн туслалцаа бусдад үзүүлэх үүрэгтэй. Анхан шатны шүүх хурал дээр хохирогчийн өмгөөлөгч нь тохирсон мөнгөө л өгвөл ямар нэг гомдол саналгүй, нэмж мөнгө нэхэмжлэхгүй, хохирогчийн бие сайжирч эдгэж байгаа гэж ярьж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны бичлэг дээр тодорхой харагдана. Харин мөнгө өгөхгүй бол гомдол гаргана. Хохирогчийн бие улам муудна гэж урьдчилан сүрдүүлж байсан. Яг л энэ хууль бус сүрдүүлгээ бодит амьдрал дээр хэрэгжүүлсэн.

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээр хохирогч Г.Хыг ээж нь, түүний өмгөөлөгч нар дагуулан ирэхэд ямар нэг зовиур шаналгаагүй гаднаас орж ирснийг тэнд байсан бүхий л хүмүүс харсан. Тэгээд мөнгө өг, өгөхгүйгээс энэ хүний бие муу байна хэмээн Д.Г рүү дайрч, улмаар Г.Хын аманд нь хоёр ч удаа даралтын эм өгч уулгаснаас түүний даралт нь хэлбэлзсэн байх нь ойлгомжтой. Улмаар гэнэт бие нь сульдаж унаж байгаа байдал үзүүлж, шүүхийн эмчийг дуудсаар дахин эм өгч, булчин сулруулах тариа хийлгэсэн. Мөн шүүхийн цагдаа түргэн дуудахад түргэний эмч ирж, даралт нь өөрчлөлтэй байна гээд дахин тариа хийсэн энэ үйлдэл нь шууд утгаараа шүүхэд нөлөөлсөн гэж ойлгогдохоор болсон. Эрүүл саруул хэн ч бай даралтын эм хоёр давхарлаад уухад хүссэн хүсээгүй даралт хэлбэлзэнэ. Үнэхээр Г.Хын бие муудаж, эмчилгээ хийлгэж байсан бол миний үйлчлүүлэгч тухайн төлбөр мөнгийг өгөх л байсан. Мөнгө аваад юунд зарцуулж байгаа нь тодорхойгүй, баримтгүй байсан нь шууд утгаараа хууль бус үйлдэл. Миний үйлчлүүлэгч тухайн айлын бүхий л хэрэгцээг хангах мөнгө өгөөд байх үүрэг байхгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн хууль ёсны, үндэслэл бүхий, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Ж.Хандсүрэн өмгөөлөгчийн дээрх хууль бус, ёс зүйгүй үйлдлийг /шүүхэд нөлөөлсөн/ хуульд заасны дагуу биш, сэтгэл хөдлөлөөр шийдвэрлэвэл бусад олон хэрэгт буруу үлгэр дуурайлал болж, шудрага ёс байхгүй болж, эргэлзээтэй, үндэслэлгүй шүүхийн шийдвэр гарах шалтгаан болох болно” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар Д.Гөд ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэсэн. Үүнээс хойш хохирогчийн биеийн байдал нь муу буюу гэр орноо олдоггүй, ээжийгээ таньдаггүй, өдөрт 3-4 удаа ухаан алдаж унадаг гэх мэт маш таагүй байгаа. Д.Гийг заавал хориулах гэсэн санаа зорилго хохирогчийн ар гэр болон өмгөөлөгчид байхгүй. Цаашид хийлгэх эмчилгээнд туслаад өгөөч гэх байдлаар анхан шатны шүүх хуралд оролцсон. Гэм хорын хохирол арилаагүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж давж заалдах гомдол гаргасан бөгөөд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй. Д.Г хохирогчийг эхлээд эмчлүүлчихээд, дараа нь иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэх боловч хохирогч талд тийм боломж байхгүй учраас эмчилгээний зардалд нь тусалж өгнө үү. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Г нь Хьюндай Соната загварын 70-76 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, явган зорчигч Г.Хыг автомашинаар мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон байна.

Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх үндэслэлээр шүүх түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсжээ. Шүүгдэгч Д.Г нь давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэлх хугацаанд тохирсон хохирлыг төлж барагдуулаагүй, түүнд ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хөнгөдсөн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй. Хохирогчид учирсан хор уршиг арилаагүй тул цаашид хохирогчийн эмчилгээнд гарах зардлыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлд зааснаар гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Гөд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Гийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны орой 20 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гандантэгчилэн хийдийн хойд замд “Хьюндай Соната” загварын 70-76 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 болон 12.2 дахь заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Хыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Гийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх нь хохирогч талын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Гөд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй бөгөөд “анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдлыг, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгасан эсэхийг дүгнэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Гийн зүгээс хохирогчид нийт 2.464.580 төгрөг өгсөн нь түүнд учирсан “дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал, тархины эдийн дунд зэргийн няцрал, зүүн хоншоор ясны хөндийн өмнөд болон латериал хананы хугарал, зүүн хоншоор ясны хөндийд цус хуралт, баруун умдаг ясны дээд, доод салааны хугарал, зүүн умдаг ясны их дээд, доод салааны симфиз үе дайрсан хугарал, ууцны 1,2,3 дугаар нугаламуудын баруун хөнөдлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал, зулай, баруун мөр орчмын зулгарсан шарх” бүхий хүнд гэмтлийг эмчлүүлэх, гэмтлээс шалтгаалсан бусад үр дагавар, хор уршгийг арилгахад хүрэлцэх эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж, цаашид зайлшгүй хийгдэх эмчилгээний зардал буюу гэм хорын хохирлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн эрүүгийн хэрэгтэй нь хамтруулан шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1139 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Д.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                             

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН           

                                                                                                              Б.БАТЦЭРЭН           

                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Ч.ХОСБАЯР