Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2019/00851

 

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2019/00851

  Орхон аймаг

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: Ч.Г-ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: “ЭҮ” ТӨҮГ-т холбогдох,   

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, 2017 оны үр дүнгийн урамшуулалд 4 100 000 төгрөг, “ЭҮ” ХХК-ийн 40 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт ажилчдад олгосон олговорт 2 500 000 төгрөг, 2018 оны ээлжийн амралтын мөнгө 2 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Миний бие “ЭҮ” ХХК-нд Авто тээврийн байгууллагад тусгай зориулалттай авто машины жолоочоор ажилладаг ба 2017 оны 12 сарын 01-ний өдрийн Б/1969 тоот ерөнхий захирлын тушаалаар намайг ган бөмбөлөг хулгайлахыг завдсан гэж сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан. Надад хулгай хийх санаа зорилго байхгүй, хулгай хийж үйлдвэрт хохирол учруулаагүй, хулгай хийсэн гэм буруутай гэсэн ямар нэг шийдвэр тогтоол гараагүй. Иймд намайг тусгай зориулалттай автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.  

Нэхэмжлэгч Ч.Г 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Миний бие Ч.Г нь ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2017 оны 12 дугаар сарын 01-нээс 2019 оны 05 дугаар сар хүртэл /шүүх хэргийг /шүүх хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар/ нэхэмжилж байгаа. Уг нэхэмжлэл дээрээ 2017 оны үр дүнгийн урамшуулалд 4 100 000 төгрөгийг нэмж, үйлдвэрийн 40 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт ажилчдад оногдуулан олгосон олговорт 2 500 000 төгрөг /үйлдвэрт 26 жил ажилласан, ажилласан жилээр тооцсон/ нийт 6 600 000 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэж байна. Энэхүү нэхэмжлэл нь ажлаас үндэслэлгүй халагдсан нэхэмжлэл тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байгаа. Дээрх шаардлагыг “ЭҮ” ХХК-аас ерөнхий захирлын 2018 оны 02 дугаар сарын 09-ний А/81 тоот, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/44 тоот тушаалын дагуу би авах, хүртэх эрхтэй гэж үзэж байгаа болно” гэжээ.  

Нэхэмжлэгч Ч.Г 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Миний бие Ч.Г нь “ЭҮ” ТӨҮГ-т холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, урамшуулал гаргуулах шаардлага дээрээ нэмж 2018 оны ээлжийн амралтын мөнгө 2 000 000 төгрөг /хоёр сая/ төгрөг гаргуулах шаардлагыг гаргаж байна...” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ч.Г нь ЭҮ ХХК-ийн АТБ-ын Хүнд машин механизмын хэсгийн тусгай зориулалттай автомашины жолоочоор ажиллаж байхдаа 2017.11.02-ны өдөр ЭҮ ХХК-ийн Дулаан цахилгааны төвөөс 75 тонн нүүрсийг Ган бөмбөлгийн цехэд тээвэрлэж буулгах ажлыг гүйцэтгэж байхдаа 15 тонн нүүрсийг ЭҮ ХХК-ийн хил хязгаарын гадна байрлах Орхон аймгийн хогийн цэг дээр буулгаж Компанийн өмч хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр үйлдвэрээс авч гарсан, үрэгдүүлсэн, хулгай хийж ашиглахыг завдсан зөрчил гаргасан нь тогтоогдсон учраас түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбарууддаа: “Ч.Гын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Түүний үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй болно, иймд уг нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн шаардлага нь мөн адил хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй шаардлага гэж үзэж байна” гэжээ.  

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г нь “ЭҮ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, 2017 оны үр дүнгийн урамшуулалд 4 100 000 төгрөг, “ЭҮ” ХХК-ийн 40 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт ажилчдад олгосон олговорт 2 500 000 төгрөг, 2018 оны ээлжийн амралтын мөнгө 2 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ЭҮ” ХХК нь “ЭҮ” ТӨҮГ болон өөрчлөгдсөн бөгөөд энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм. Тиймээс хариуцагчийг “ЭҮ” ТӨҮГ гэж тодорхойлох үндэслэлтэй.             

   Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 12 дугаар сарын 01-нээс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны нөхөх олговор, бусад нэмэгдүүлсэн шаардлага нийлээд 47 206 368 төгрөгийг “ЭҮ” ТӨҮГ-аас гаргуулна гэсэн.   

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.   

Ч.Г нь “ЭҮ” ТӨҮГ, авто тээврийн байгууллагад хүнд машин механизмын хэсгийн тусгай зориулалттай машины жолоочоор ажиллаж байгаад “ЭҮ” ХХК-ийн ерөнхий захиралын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/1969 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь дээрх тушаал, талуудын тайлбаруудаар нотлогдож байна.   

“ЭҮ” ХХК-ийн ерөнхий захиралын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/1969 дугаартай тушаалд: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, “ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.10 дахь заалт, Ч.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.2, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын “ЭҮ” ХХК-ийн гэрээт цагдаагийн хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 44/07212 тоот албан бичиг зэргийг үндэслэжээ.   

Хариуцагч “ЭҮ” ТӨҮГ нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...Ч.Г нь ЭҮ ХХК-ийн АТБ-ын Хүнд машин механизмын хэсгийн тусгай зориулалттай автомашины жолоочоор ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ЭҮ ХХК-ийн Дулаан цахилгааны төвөөс 75 тонн нүүрсийг Ган бөмбөлгийн цехэд тээвэрлэж буулгах ажлыг гүйцэтгэж байхдаа 15 тонн нүүрсийг ЭҮ ХХК-ийн хил хязгаарын гадна байрлах Орхон аймгийн хогийн цэг дээр буулгаж Компанийн өмч хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр үйлдвэрээс авч гарсан, үрэгдүүлсэн, хулгай хийж ашиглахыг завдсан зөрчил гаргасан нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тайлбар ирүүлсэн.  

Нэхэмжлэгч Ч.Гад холбогдуулан Орхон аймаг дахь Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байх ба, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 50 дугаартай цагаатгах тогтоолоор Ч.Гыг цагаатгасныг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Мөн Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн магадлалаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан Орхон аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 413 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан, Орхон аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор Ч.Гыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 2018/ДШМ/94 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ.    

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 94 дугаартай магалдалалыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ч.Гад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан байна.  

Ч.Гыг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ЭҮ ХХК-ийн Дулаан цахилгааны төвөөс 75 тонн нүүрсийг Ган бөмбөлгийн цехэд тээвэрлэж буулгах ажлыг гүйцэтгэж байхдаа 15 тонн нүүрсийг ЭҮ ХХК-ийн хил хязгаарын гадна байрлах Орхон аймгийн хогийн цэг дээр буулгаж хулгайлахыг завдан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, “Эрдэнэ үйлдвэр” ХХК нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цуцалсан байх бөгөөд хулгай хийхийг завдсан нь хөдөлбөргүй тогтоогдоогүй гэж үзэн Улсын дээд шүүх түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож Ч.Гыг цагаатгасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан “ЭҮ” ХХК-ийн ерөнхий захиралын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/1969 дугаартай тушаал үндэслэлгүй байна.  

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.   

Тиймээс Ч.Гын ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 12 дугаар сарын 01-нээс 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртлэх 18 сар ажлын 20 хоногийг түүний цалингийн дунджаар бодож /нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2017 оны 9, 10 дугаар сарын цалин, ЭҮээс ирүүлсэн хэргийн 33 хуудасны тодорхойлолтоос 11 дүгээр сарын цалин буюу сүүлийн 3 сарын цалингийн дундажаас нэг өдөр нь 106 660₮-р бодов/ нийт ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт нийт 43 410 563 төгрөг олгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.  

Харин нэхэмжлэгч 2017 оны үр дүнгийн урамшуулалд 4 100 000 төгрөг, “ЭҮ” ХХК-ийн 40 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт ажилчдад олгосон олговорт 2 500 000 төгрөг, 2018 оны ээлжийн амралтын мөнгө 2 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд дээрх шагнал урамшуулал, амралтын мөнгийг яаж бодсоноо тайлбарлаж чадаагүй, надтай адил ажил хийж байгаа хүмүүс ийм хэмжээний шагнал урамшуулал авсан байсан гэх бөгөөд энэ талаарх баримт хэрэгт ирээгүй болно.   

“ЭҮ” ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 09-ны өдрийн А/81 дугаартай тушаал хэрэгт ирсэн нь ч уг тушаалаар Ч.Гыг хэдэн төгрөг авахыг тодорхойлоогүй, түүнчлэн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үр дүнгийн урамшуулал, “ЭҮ” ХХК-ийн 40 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт ажилчдад олгосон олговор, 2018 оны ээлжийн амралт зэрэгт хэдэн төгрөг олгох нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлээс нийт 43 410 563 төгрөгийг хангаж, үлдэх 3 795 805 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хүргэсэн боловч ээлжийн амралттай тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. Шүүх хэн нэг албан тушаалтны ээлжийн амралтыг хүлээж, хэргийн хугацааг хэтрүүлэх үндэслэлгүй, хариуцагчийн төлөөлөгч ээлжийн амралттай байгаа нь шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Нөгөөтэйгүүр шүүх хуралдааныг богино хугацаанд хойшлуулж болох ч ээлжийн амралттай гэдэг үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааны туршид /хоёр сар шахуу/ шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэн хэргийг нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.  

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 375 003 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :   

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Ч.Гыг “ЭҮ” ТӨҮГ-ын Автотээврийн байгууллагын Хүнд машин механизмын хэсгийн тусгай зориулалттай автомашины жолоочийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.   

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1-.д заасныг баримтлан хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 43 410 563 төгрөг гаргуулан Ч.Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 795 805 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.    

3. Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 375 003 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.    

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХИШИГДАВАА