Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2020/00809

 

Ч.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2019/01447 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар магадлалтай,

 

Ч.Гын нэхэмжлэлтэй

“ЭҮ” ТӨҮГ-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 47.206.368 төгрөг гаргуулах, 2017, 2018 оны үр дүнгийн урамшуулалд 4.100.000 төгрөг, “ЭҮ” ХХК-ийн 40 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт ажилчдад олгосон олговорт 2.500.000 төгрөг, 2018 оны ээлжийн амралтын мөнгө 2.000.000 төгрөг, цалингийн нэмэгдэл 1.664.209 төгрөг, нийт 61.834.365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, Х.Золзаяа нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие “ЭҮ” ХХК-нд Авто тээврийн байгууллагад тусгай зориулалттай авто машины жолоочоор ажилладаг ба 2017 оны 12 сарын 01-ний өдрийн Б/1969 тоот ерөнхий захирлын тушаалаар Дулааны цахилгааны төвөөс 75 тонн нүүрс ачиж Ган бөмбөлөгийн цехэд буулгах байснаас 15 тонн нүүрсийг хогийн цэг дээр буулгаж хулгайлахыг завдсан гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгож надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гардуулж өглөө.Надад хулгай хийх санаа зорилго байгаагүй, хулгай хийж үйлдвэрт хохирол учруулаагүй тул Б/1969 тоот тушаалыг эс зөвшөөрч байна. Учир нь намайг эд хөрөнгө хулгайлахыг завдсан, гэм буруутай байна гэсэн шүүхээр гэм бурууг тогтоосон ямар ч эрх зүйн акт болох шийдвэр, тогтоол гараагүй тул Б/1969 тоот тушаалыг эс зөвшөөрч байна.Иймд намайг тусгай зориулалттай автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ: Миний бие Ч.Г нь 2017 оны 12 сарын 01-нээс “ЭҮ” ХХК-ийн авто тээврийн байгууллагын жолоочийн ажлаас халагдсан ба шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 47.206.368 төгрөг нэхэмжилж байсан бөгөөд одоо энэ шаардлагаа нэмэгдүүлж байна.Үүнд дундаж цалин 51.570.156 төгрөг, үүн дээр 2017, 2018 оны үр дүнгийн урамшуулалд 4.100.000 төгрөг, “ЭҮ” ХХК-ийн 40 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт ажилчдад олгосон олговорт 2.500.000 төгрөг, 2018 оны ээлжийн амралтын мөнгө 2.000.000 төгрөг, цалингийн нэмэгдэл 1.664.209 төгрөг, нийт 61.834.365 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Г нь “ЭҮ” ХХК-ийн АТБ-ын Хүнд машин механизмын хэсгийн тусгай зориулалттай автомашины жолоочоор ажиллаж байхдаа 2017.11.02-ны өдөр “ЭҮ” ХХК-ийн Дулаан цахилгааны төвөөс 75 тонн нүүрсийг Ган бөмбөлгийн цехэд тээвэрлэж буулгах ажлыг гүйцэтгэж байхдаа 15 тонн нүүрсийг “ЭҮ” ХХК-ийн хил хязгаарын гадна байрлах Орхон аймгийн хогийн цэг дээр буулгаж Компанийн өмч хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр үйлдвэрээс авч гарсан, үрэгдүүлсэн, хулгай хийж ашиглахыг завдсан зөрчил гаргасан нь тогтоогдсон учраас түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Ч.Гын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Түүний үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй болно, иймд уг нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн шаардлага нь мөн адил хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй шаардлага гэж үзэж байна гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2019/01447 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Ч.Гыг “ЭҮ” ТӨҮГ-ын Автотээврийн байгууллагын Хүнд машин механизмын хэсгийн тусгай зориулалттай автомашины жолоочийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1-.д заасныг баримтлан хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 47 206 368 төгрөг гаргуулан Ч.Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 627 997 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 393 982 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2019/01447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, Х.Золзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393.982 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, Х.Золзаяа нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 1.Тус үйлдвэрийн газрын Автотээврийн байгууллагад жолоочоор ажилласан байсан нэхэмжлэгч Ч.Г 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үйлдвэрийн газрын өмч хөрөнгө болох 15 тн нүүрсийг хулгайлахыг завдаж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан учраас түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчийн эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг, үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг ойлгох бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил, үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож тогтоосон байхыг ойлгодог. Хэрэгт авагдсан үйлдвэрийн газрын хөдөлмөрийн дотоод журмын 8.9.10-д “Компанийн өмч хөрөнгө, эд зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр авч гарсан, авч гарахыг завдсан, авч гарахад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн, завшин үрэгдүүлсэн, ашигласан, ...хулгайн гэмт хэрэг гарах нөхцөл бололцоог бүрдүүлсэн”, Ч.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.2-т “...компанийн өмч хөрөнгө болон шатах тослох материалыг зохих зөвшөөрөлгүй үйлдвэрийн бүсээс авч гарсан, гарахыг завдсан, хулгайлсан, завшсан, үрэгдүүлсэн, ашигласан, худалдсан, шамшигдуулсан, дээрх үйлдлийг нуун дарагдуулсан, хуйвалдсан, зохион байгуулсан, дэмжлэг туслалцаа үзүүлсэн” гэж зааснаар үйлдвэрийн газрын өмч хөрөнгийг зохих зөвшөөрөлгүйгээр авч гарсан, авч гарахыг завдсан бол хохирлын хэмжээ харгалзахгүйгээр ноцтой зөрчил гэж үзэж ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй болох нь тодорхой байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Ч.Г нь ... 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ““ЭҮ”” ТӨҮГ-ын Дулааны цахилгааны төвөөс 75 тн нүүрсийг тус үйлдвэрийн Ган бөмбөлгийн цехэд тээвэрлэж буулгах ажил үүрэг гүйцэтгэж байхдаа 15 тн нүүрсийг хогийн цэг дээр буулгасан болох нь тогтоогдсон...” гэж дүгнэсэн хэрнээ “...хогийн цэг дээр буулгаж хулгай хийхийг завдсан нь хөдөлбөргүй тогтоогдоогүй..., хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон үндэслэлээ хариуцагч нотолж чадаагүй” гэх үндэслэлээр зөрүүтэй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу үйлдвэрийн газрын өмч хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр авч гарсан, хулгайлахыг завдсан тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байхад шүүх Ч.Гад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 139 дүгээр тогтоолоор тухайн өдөр нэхэмжлэгчийг ажил, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болохыг тогтоосон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг баримталж эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн болохыг иргэний хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүх анхааралгүй, зөвхөн Ч.Гад холбогдох эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 6 дугаар зүйлийн 6.4-т “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасан. Нэхэмжлэгч Ч.Г 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нүүрс хулгайлсан эсэх, тухайн өдөр ямар шалтгаанаар хамт ажилладаг Д.Доржхорлоотой ярьсан зэрэг ажил олгогчийн тушаалын үндэслэл болсон хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулах зорилгоор гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9, 170 дугаар зүйлийн 170.1-д заасан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Улмаар хэргийн оролцогчийн нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох, мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд зөрчигдөж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхив.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, зохигчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ч.Г нь “ЭҮ” ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 47.206.368 төгрөгийг гаргуулах, 2017, 2018 оны үр дүнгийн урамшуулалд 4.100.000 төгрөг, “ЭҮ” ХХК-ийн 40 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт ажилчдад олгосон урамшуулал 2.500.000 төгрөг, 2018 оны ээлжийн амралтын олговор 2.000.000 төгрөг, цалингийн нэмэгдэл 1.664.209 төгрөг, нийт 61.834.365 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч ажлаас халсан тушаалыг үндэслэлтэй гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, олговор 47 206 368 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ.

 

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч Ч.Гад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан үйл баримтыг ажил олгогчийн тушаалын үндэслэл болгосон нь  Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн хэдий ч эрх зүйн хувьд зөвтгөж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх боломжтой гэж хяналтын шатны шүүх үзэв.

 

“ЭҮ” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/1969 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3., компанийн  хөдөлмөрийн дотоод журмын 8, 9, 10, хөдөлмөрийн гэрээний 4.2.2 дах заалт, “ЭҮ” ХХК-ийн гэрээт Цагдаагийн хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 44/07212 дугаар албан бичгийг баримталж, Ч.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дулаан цахилгааны төвөөс 75 тонн нүүрсийг ачиж Ган бөмбөлгийн цехэд буулгах байснаас 15 тонн нүүрсийг хогийн цэг дээр буулгаж, хулгайлахыг завдан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр “ЭҮ” ХХК-ийн Авто тээврийн байгууллагын хүнд машин механизм хэсгийн тусгай зориулалттай автомашины жолоочийн ажлаас халжээ.

 

Ажилтныг ноцтой зөрчил  гаргасан гэж ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул шүүх ажилтан сахилгын зөрчил гаргасан эсэх, зөрчил хэрхэн тогтоогдсон, шийтгэл ногдуулах хуульд заасан хугацааг баримталсан эсэх талаар зохих эрх зүйн дүгнэлтийг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу, нэхэмжлэлийн хүрээнд хийх үүрэгтэй  байхад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан үйл баримтад тулгуурлан, тушаалыг үндэслэлгүй гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна.

 

2017 оны 11 сарын 02-ны өдөр Ч.Г нь “ЭҮ” ХХК-ийн Дулааны цахилгааны төвөөс 75 тонн нүүрсийг тус үйлдвэрийн Ган бөмбөлгийн цехэд тээвэрлэж буулгах ажил үүрэг гүйцэтгэж байхдаа 15 тонн нүүрсийг хогийн цэг дээр буулгасан үйл баримт тогтоогдсон юм. Уг үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж, Ч.Гад холбогдох хэргийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан ба энэ нь эрүүгийн хэрэгт гэм буруугүй гэдгийг нотолсон болохоос хөдөлмөрийн эрх зүйн маргаанд буюу ажилтны гаргасан гэх хөдөлмөрийн сахилгын зөрчил, тушаалын хууль зүйн үндэслэлд хамааралгүй юм.

 

Эрүүгийн хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүхийн ажиллагаа оновчтой болоогүй байв./хх-59/

 

Ажил олгогч дээрх зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б/1969 дүгээр тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гаргахдаа  дээрх үйлдлийг хөдөлмөрийн гэрээний 4.2.2-т заасан “компанийн өмч ...хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй үйлдвэрийн бүсээс авч гарахыг завдсан...” ноцтой зөрчил гэж үзжээ.

Ч.Г нь “...утсаар эхнэрээсээ таагүй мэдээ сонссоны улмаас сэтгэл санаанд нөлөөлж, нүүрсийг хогийн цэг дээр андуурч буулгасан...тухайн үед илрээд нүүрсийг  байгууллагад авч хохирол учраагүй... ” гэж маргасан ба ажил олгогч нь дээрх татгалзлыг баримтаар үгүйсгэж, “санамсаргүй гаргасан үйлдэл эсвэл ноцтой зөрчил” аль нь болохыг эргэлзээгүй,   хөдөлбөргүй нотолж чадаагүй байна.

Ажилтны утасны яриаг тухайн үед шалгуулж, түүний тайлбар үндэслэлтэй эсэх, жи пи эс-ээр хөдөлгөөний чиглэл харагдаагүй учир шалтгааныг тогтоох, нотлох нь ажил олгогчийн үүрэг юм. Түүнчлэн тухайн үед ажилтнаас тайлбар авсан эсэх, нүүрсийг хогийн цэг дээр буулгасан талаар тодруулж, ажилтан энэ байдлаа нуусан эсвэл андуурсан эсэхийг тогтоосон ач холбогдол бүхий баримт байхгүй байв.

 

Иймд хэрэгт байгаа баримтын хэмжээнд “ажилтан ноцтой зөрчил гаргасан” гэх байдал хангалттай тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын гомдолд заасан “ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон, шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй гэх” үндэслэл тогтоогдоогүй тул хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2019/01447 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар магадлалыг тус тус  хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 сарын 12-ны өдөр төлсөн 393 982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Х.СОНИНБАЯР

                                                       ШҮҮГЧ                                                                 П.ЗОЛЗАЯА