Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 131

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 207/МА2019/00131

 

 

*******ын нэхэмжлэлтэй хариуцагч

******* ТӨҮГ-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/00851 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ТӨҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, 2017 оны үр дүнгийн урамшуулалд 4.100.000 төгрөг, ******* ХХК-ийн 40 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт ажилчдад олгосон олговорт 2.500.000 төгрөг, 2018 оны ээлжийн амралтын мөнгө 2.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* ХХК-нд Авто тээврийн байгууллагад тусгай зориулалттай авто машины жолоочоор ажилладаг ба 2017 оны 12 сарын 01-ний өдрийн Б/1969 тоот ерөнхий захирлын тушаалаар намайг ган бөмбөлөг хулгайлахыг завдсан гэж сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан. Надад хулгай хийх санаа зорилго байхгүй, хулгай хийж үйлдвэрт хохирол учруулаагүй, хулгай хийсэн гэм буруутай гэсэн ямар нэг шийдвэр тогтоол гараагүй. Иймд намайг тусгай зориулалттай автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийнщ АТБ-ын Хүнд машин механизмын хэсгийн тусгай зориулалттай автомашины жолоочоор ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* ХХК-ийн Дулаан цахилгааны төвөөс 75 тонн нүүрсийг Ган бөмбөлгийн цехэд тээвэрлэж буулгах ажлыг гүйцэтгэж байхдаа 15 тонн нүүрсийг ******* ХХК-ийн хил хязгаарын гадна байрлах Орхон аймгийн хогийн цэг дээр буулгаж Компанийн өмч хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр үйлдвэрээс авч гарсан, үрэгдүүлсэн, хулгай хийж ашиглахыг завдсан зөрчил гаргасан нь тогтоогдсон учраас түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Нэхэмжлэгч ******* 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Миний бие ******* нь ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2017 оны 12 дугаар сарын 01-нээс 2019 оны 05 дугаар сар хүртэл /шүүх хэргийг /шүүх хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар/ нэхэмжилж байгаа. Уг нэхэмжлэл дээрээ 2017 оны үр дүнгийн урамшуулалд 4 100 000 төгрөгийг нэмж, үйлдвэрийн 40 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт ажилчдад оногдуулан олгосон олговорт 2 500 000 төгрөг /үйлдвэрт 26 жил ажилласан, ажилласан жилээр тооцсон/ нийт 6 600 000 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэж байна. Энэхүү нэхэмжлэл нь ажлаас үндэслэлгүй халагдсан нэхэмжлэл тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байгаа. Дээрх шаардлагыг ******* ХХК-аас ерөнхий захирлын 2018 оны 02 дугаар сарын 09-ний А/81 тоот, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/44 тоот тушаалын дагуу би авах, хүртэх эрхтэй гэж үзэж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгч ******* 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Миний бие ******* нь ******* ТӨҮГ-т холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, урамшуулал гаргуулах шаардлага дээрээ нэмж 2018 оны ээлжийн амралтын мөнгө 2.000.000 төгрөг /хоёр сая/ төгрөг гаргуулах шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:

*******ын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Түүний үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй болно, иймд уг нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн шаардлага нь мөн адил хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй шаардлага гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/00851 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан *******ыг ******* ТӨҮГ-ын Автотээврийн байгууллагын Хүнд машин механизмын хэсгийн тусгай зориулалттай автомашины жолоочийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1-.д заасныг баримтлан хариуцагч ******* ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 43.410.563 төгрөг гаргуулан *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.795.805 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч ******* ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 375.003 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр давж заалдсан гомдолдоо:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан 4 \дөрвөн\ хүсэлтээс зөвхөн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүх хуралдаанаар хангахаас татгалзан шийдвэрлэж, бусад 3 \гурван\ хүсэлтийг огт шийдвэрлэлгүй, шүүхийн шийдвэрт дурдалгүй орхигдуулсан. Тухайлбал: -Хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий үйл явдал буюу нэхэмжлэгчийг *******ээс хулгай хийсэн үйлдлийг гэрчлэх Ц.Очирбат, Б.Баянжаргал нарыг шүүх хуралдаанд ирүүлж гэрчээр асуулгах хүсэлтийг шийдвэрлээгүй, нэхэмжлэгч *******ыг *******ээс хулгай хийсэн үйлдлийг шалгасан баримтууд бүхий 1725000000194 дугаартай эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар шинжлэн судлуулахаар Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэхүү иргэнии хэрэгт ирүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй, хариуцагчийн бүрэн төлөөлөх эрх бүхий Ж.Отгонбаяр миний бие анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлтийг шийдвэрлээгүй. Шүүх дээр дурдсан байдлаар ИХШХШТХуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.1.3, 26 дугаар зүйлийн 26.4, 43 дугаар зүйлийн 43.2, 105 дугаар зүйлийн 105.1, 107 дугаар зүйлийн 107.3, 107.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн тэгш эрхтэйгээр мэтгэлцэж оролцох эрхийг хангаагүй, түүнчлэн гэрчийг оролцуулах, нотлох баримт шүүхэд ирүүлэх зэрэг хариуцагчаас гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэлгүй орхигдуулж хэргийг хянан шийдвэрлэсэн зэргээр хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 142\ШШ2019\00851 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ТӨҮГ-т холбогдуулан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, 2017 оны үр дүнгийн урамшуулалд 4.100.000 төгрөг, ******* ХХК-ийн 40 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт ажилчдад олгосон олговорт 2.500.000 төгрөг, 2018 оны ээлжийн амралтын мөнгө 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх *******ыг ******* ТӨҮГ-ын Автотээврийн байгууллагын Хүнд машин механизмын хэсгийн тусгай зориулалттай автомашины жолоочийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 43.410.563 төгрөг гаргуулан *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.795.805 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд *******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр би шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй тул шүүх хуралдааныг 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хойшлуулах хүсэлтийг гаргаж байна. Мөн энэ хэрэгт цагдаагийн ахлах дэслэгч Б.Баянжаргал, гэрч Ц.Очирбат нарыг гэрчээр оролцуулах хүсэлтэй байна. Эдгээр хүмүүс нь *******ыг нүүрс хулгайлж дутаасан асуудлыг гэрчлэх хүмүүс юм. *******ад холбогдох 1725000000194 дугаартай эрүүгийн хэргийг энэхүү иргэний хэрэгт бүхэлд нь ирүүлэх /эх хувиар нь эсвэл хуулбарлан ирүүлэх/ хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ үү гэх хүсэлт гаргасан ба шүүх 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 3528 дугаар захирамжаар хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д ...шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ, 6 дугаар зүйлийн 6.4-д Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Түүнчлэн шүүх хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ гэрчийн мэдүүлэг нь ач холбогдолгүй, *******ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж эцэслэн шийдвэрлэсэн гэж үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасныг зөрчсөн байна.

Дээрх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлд хамаарч байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын гаргасан ...хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн тэгш эрхтэйгээр мэтгэлцэж оролцох эрхийг хангаагүй, түүнчлэн гэрчийг оролцуулах, нотлох баримт шүүхэд ирүүлэх зэрэг хариуцагчаас гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэлгүй орхигдуулж хэргийг хянан шийдвэрлэсэн зэргээр хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/00851 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар ******* ТӨҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 375.003 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ