Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 20

 

Г-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-т

 холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2019/01447 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “ЭҮ” ТӨҮГ-т холбогдох,

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 47.206.368 төгрөг гаргуулах, 2017, 2018 оны үр дүнгийн урамшуулалд 4.100.000 төгрөг, “ЭҮ” ХХК-ийн 40 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт ажилчдад олгосон олговорт 2.500.000 төгрөг, 2018 оны ээлжийн амралтын мөнгө 2.000.000 төгрөг, цалингийн нэмэгдэл 1.664.209 төгрөг, нийт 61.834.365 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, Х.Золзаяа нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, Х.Золзаяа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“... Миний бие “ЭҮ” ХХК-нд Авто тээврийн байгууллагад тусгай зориулалттай авто машины жолоочоор ажилладаг ба 2017 оны 12 сарын 01-ний өдрийн Б/1969 тоот ерөнхий захирлын тушаалаар Дулааны цахилгааны төвөөс 75 тонн нүүрс ачиж Ган бөмбөлөгийн цехэд буулгах байснаас 15 тонн нүүрсийг хогийн цэг дээр буулгаж “хулгайлахыг завдсан” гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгож надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гардуулж өглөө.Надад хулгай хийх санаа зорилго байгаагүй, хулгай хийж үйлдвэрт хохирол учруулаагүй тул Б/1969 тоот тушаалыг эс зөвшөөрч байна. Учир нь намайг эд хөрөнгө хулгайлахыг завдсан, гэм буруутай байна гэсэн шүүхээр гэм бурууг тогтоосон ямар ч эрх зүйн акт болох шийдвэр, тогтоол гараагүй тул Б/1969 тоот тушаалыг эс зөвшөөрч байна.Иймд намайг тусгай зориулалттай автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.  

Нэхэмжлэгч Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ:

“Миний бие Г- нь 2017 оны 12 сарын 01-нээс ЭҮ ХХК-ийн авто тээврийн байгууллагын жолоочийн ажлаас халагдсан ба шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 47.206.368 төгрөг нэхэмжилж байсан бөгөөд одоо энэ шаардлагаа нэмэгдүүлж байна.Үүнд дундаж цалин 51.570.156 төгрөг, үүн дээр 2017, 2018 оны үр дүнгийн урамшуулалд 4.100.000 төгрөг, “ЭҮ” ХХК-ийн 40 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт ажилчдад олгосон олговорт 2.500.000 төгрөг, 2018 оны ээлжийн амралтын мөнгө 2.000.000 төгрөг, цалингийн нэмэгдэл 1.664.209 төгрөг, нийт 61.834.365 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгч Г- нь “ЭҮ” ХХК-ийн АТБ-ын Хүнд машин механизмын хэсгийн тусгай зориулалттай автомашины жолоочоор ажиллаж байхдаа 2017.11.02-ны өдөр ЭҮ ХХК-ийн Дулаан цахилгааны төвөөс 75 тонн нүүрсийг Ган бөмбөлгийн цехэд тээвэрлэж буулгах ажлыг гүйцэтгэж байхдаа 15 тонн нүүрсийг ЭҮ ХХК-ийн хил хязгаарын гадна байрлах Орхон аймгийн хогийн цэг дээр буулгаж Компанийн өмч хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр үйлдвэрээс авч гарсан, үрэгдүүлсэн, хулгай хийж ашиглахыг завдсан зөрчил гаргасан нь тогтоогдсон учраас түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

“Г-ын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Түүний үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй болно, иймд уг нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн шаардлага нь мөн адил хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй шаардлага гэж үзэж байна” гэжээ. 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2019/01447 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Г-ыг “ЭҮ” ТӨҮГ-ын Автотээврийн байгууллагын Хүнд машин механизмын хэсгийн тусгай зориулалттай автомашины жолоочийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1-.д заасныг баримтлан хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 47 206 368 төгрөг гаргуулан Г-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 627 997 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 393 982 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, Х.Золзаяа нар давж заалдсан гомдолдоо:

“ЭҮ” ТӨҮГ-т жолоочоор ажиллаж байсан Г-ыг 2017 оны 11-р сарын 02-ны өдөр 15 тн нүүрс хулгайлахыг завдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг нь 2017 оны 12-р сарын 01-ний өдрийн Б/169 дугаар бүхий тушаалаар цуцалсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн заалтыг баримтлан 2017 оны 11 -р сарын 02- ны өдөр Г-ын 15 тн нүүрс хулгайлсан эсэх асуудлыг бүрэн тодруулах үүднээс 2019 оны 09-р сарын 24-ний өдөр “ЭҮ” ТӨҮГ-ын Хуулийн хэлтэст “ЭҮ” ТӨҮГ-ын Авто тээврийн байгууллагын жолооч Д.Доржхорлоогоос өөрийн гараар Г-ын талаар бичиж өгсөн тайлбарыг нотлох баримтаар гарган, тус тайлбарт дурдсан асуудлыг тодруулах зорилгоор Д.Доржхорлоог, Г-ын 2017 оны 11-р сарын 02-ны өдөр 3 дахь удаагийн нүүрс тээвэрлэлтийн замын маршрут, Г-ын жолоодон явсан тээврийн хэрэгсэл хогийн цэг дээр очсон эсэх зэргийг тодруулахаар “ЭҮ” ТӨҮГ-ын Авто тээврийн байгууллагын инженер У.Насанбат нарыг гэрчийн мэдүүлэг авахуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь хэргийн тэгш эрхтэй оролцогчийн Иргэний хэрэг пгүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих зарчим алдагдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэл болсон.  Г-ыг 2017 оны 11-р сарын 02-ны өдөр “ЭҮ” ТӨҮГ- аас 15 тн нүүрс хулгайлахыг завдсан үйлдлийг “ЭҮ” ТӨҮГ-ын Ган бөмбөлгийн цехийн нярав Ж.Ган-Эрдэнийн тайлбар, замын тайлан, нүүрс хулгайлахыг завдсан 3-р явалтын зураг, Авто тээврийн байгууллагын жолооч Д.Доржхорлоогийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон ба Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг “ЭҮ” ТӨҮГ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд цуцласан байхад анхан шатны шүүх Г-ыг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2019/01447 дугаар бүхий шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хууль шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г- нь “ЭҮ” ТӨҮГ-т холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 47.206.368 төгрөг гаргуулах, 2017, 2018 оны үр дүнгийн урамшуулалд 4.100.000 төгрөг, “ЭҮ” ХХК-ийн 40 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт ажилчдад олгосон олговорт 2.500.000 төгрөг, 2018 оны ээлжийн амралтын мөнгө 2.000.000 төгрөг, цалингийн нэмэгдэл 1.664.209 төгрөг, нийт 61.834.365 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Г- нь 2011 оноос “ЭҮ” ХХК-ийн Авто тээврийн байгууллагад жолоочоор ажиллаж байсан ба “ЭҮ” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/1969 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3., “ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8, 9, 10 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.2.2 дахь заалт, “ЭҮ” ХХК-ийн гэрээт Цагдаагийн хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 44/07212 дугаар албан бичиг зэргийг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дулаан цахилгааны төвөөс 75 тонн нүүрсийг ачиж Ган бөмбөлгийн цехэд буулгах байснаас 15 тонн нүүрсийг хогийн цэг дээр буулгаж хулгайлахыг завдан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр “ЭҮ” ХХК-ийн Авто тээвийн байгууллагын хүнд машин механизм хэсгийн тусгай зориулалттай автомашины жолоочийн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан татгалзал, тайлбараа хариуцагч Г- 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “ЭҮ” ХХК-ийн Дулаан цахилгааны төвөөс 75 тонн нүүрсийг Ган бөмбөлгийн цехэд тээвэрлэж буулгах ажил үүрэг гүйцэтгэж байхдаа 15 тонн нүүрсийг “ЭҮ” ХХК-ийн хил хязгаарын гадна байрлах хогийн цэг дээр буулгаж, хулгай хийж ашиглахыг завдсан гэсэн үйл баримтад үндэслэсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Г- нь “ЭҮ” ХХК-ийн Авто тээвийн байгууллагын хүнд машин механизм хэсгийн тусгай зориулалттай автомашины жолоочоор ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “ЭҮ” ХХК-ийн Дулаан цахилгааны төвөөс 75 тонн нүүрсийг тус үйлдвэрийн Ган бөмбөлгийн цехэд тээвэрлэж буулгах ажил үүрэг гүйцэтгэж байхдаа 15 тонн нүүрсийг хогийн цэг дээр буулгасан болох нь тогтоогдсон боловч Орхон аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх цагаатган хэргийг хэрэгсэхгүй болгосныг Давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасныг анхан шатны шүүх дахин хэлэлцэж Г-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 19 дүгээр зүйлийн 1.1.-д зааснаар шүүгдэгч Г-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г-ыг “ЭҮ” ХХК-ийн Дулаан цахилгааны төвөөс 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 75 тонн нүүрсийг тээвэрлэж Ган бөмбөлгийн цехэд буулгах ажил гүйцэтгэж байхдаа 15 тонн нүүрсийг үйлдвэрийн хил хязгаарын гадна хогийн цэг дээр буулгаж хулгай хийхийг завдсан нь хөдөлбөргүй тогтоогдоогүй гэж үзэж Улсын дээд шүүх түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан тул ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ хариуцагч нотолж чадаагүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгч Г-ыг “ЭҮ” ТӨҮГ-ийн Авто тээвийн байгууллагын хүнд машин механизм хэсгийн тусгай зориулалттай автомашины жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 47.206.368 төгрөг гаргуулахаар, нэхэмжлэлийн шаардлагаас 40 жилийн ойн баярыг тохиолдуулан олгосон 2.500.000 төгрөг, 2018 оны ээлжийн амралтын мөнгө 2.000.000 төгрөг, цалингийн нэмэгдэл 1.664.209 төгрөг гаргулх тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69, 128 дүгээр зүйлд нийцжээ.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Г-ыг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “ЭҮ” ХХК-ийн Дулаан цахилгааны төвөөс 75 тонн нүүрсийг Ган бөмбөлгийн цехэд буулгах ажлыг гүйцэтгэж байхдаа 15 тонн нүүрсийг хогийн цэг дээр буулгаж хулгай хийхийг завдсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлийг зааж үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, харин түүний 15 тонн нүүрс хулгайлахыг завдсан гэх үйлдлийг хяналтын шатны шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан тул хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байгууллагын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, Х.Золзаяа нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2019/01447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, Х.Золзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393.982 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                        С.УРАНЧИМЭГ