Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01239

 

 

Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2020/01130 дугаар шийдвэр

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 129 дүгээр магадлалтай,

Б гийн нэхэмжлэлтэй

Ц д холбогдох

Гэм хорын хохирол 545,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг         

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б  нь хариуцагч Ц д холбогдуулан гэм хорын хохирол 545,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2020/01130 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4., 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч Ц гоос 544,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7., 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 16,973 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.  

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 129 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2020/01130 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.15-ны өдрийн 142/ШШ2020/01130 тоот шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.10-ны өдрийн 129 тоот магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 заалт ч 40.2, 40.4 дэх заалтыг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 заалтад шинжээчийн дүгнэлт нотлох баримт болох талаар заасан ба шинжээчийн 546 дугаартай дүгнэлтээр тархины зүүн чамархайн болон суурь ясны зөрүүгүй цууралт, нүүрэнд зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдсон бөгөөд нүдний ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Гэтэл нүдний гэмтэл буюу нүдийг хялар болгосон гэж үзэж нүдний хялар засуулсан гэх эмчилгээний зардал 505,800 төгрөг гаргаж шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг нотлох баримт гэж анхаарч үзээгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Энэхүү нотлох баримтыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй. Гэмтлийн улмаас нүд хялар болсон гэх байдлыг хариуцагч нотлоогүй бөгөөд хэрэг учрал болохоос өмнө буюу 2014 онд хүүгийн нүд хялар үе үе харж байсан, эмнэлэгт үзүүлж байсан гэх баримтыг нотлох баримтаар хариуцагч судлуулсныг үнэлж дүгнээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхийг заасан ба хохирогч М ийн өвчний түүхэнд дурдсан нүдний хялар гэмтлийн улмаас үүссэн эсэхийг тогтоосон баримтгүй байгааг, 2014 оноос буюу осолд орохоос өмнө нүд хялар харж байсан тухай дурдсан баримтыг ач холбогдолтой, хэрэгт хамааралтай эсэхэд дүгнэлт хийгээгүй. Ослын үед ямар гэмтэл учруулсныг нэг бүрчлэн шүүх эмнэлгийн шинжээч болон Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.10-ны өдрийн 303 тоот шийтгэх тогтоолд дурдаж хохирогчид учирсан гэмтлийг тогтоосон байхад нүдийг хялар болгож, гэмтсэн гэж үзэн төлбөрийг гаргуулж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтыг зөрчсөн. Нүдний хялар нь гэмтлийн улмаас үүссэн эсэх, төрөлхийн эсэхийг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт болон бусад холбогдох баримт хэрэгт байхгүй байхад ослын улмаас нүд гэмтсэн гэх дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэсэн нь үндэслэлгүй. Хохирогч М ийн нүдийг хариуцагч гэмтээсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад гэмтээсэн гэж эмчилгээний зардлыг гаргасан гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.15-ны өдрийн 142/ШШ2020/01130 тоот шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.10-ны өдрийн 129 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.             

6. Э.М ийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэгч Б  нь хариуцагч Ц д холбогдуулан гэм хорын хохирол 545,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...хохирогч хүүгийн нүдийг би гэмтээгээгүй, шинжээчийн дүгнэлтээр нүдэнд гэмтэл гараагүй. Тиймээс нүдний хагалгааны мөнгийг би төлөхгүй” гэж маргасан байна.

7. Анхан шатны шүүх хариуцагч Ц гоос 544,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. 

8. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

9. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Ц  нь 2017.06.10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг баг 4-27 дугаар байрны урд зам дээр Тоёота Х маркийн ОРХ 63-62 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, 5 настай хүү Э.М ийг дайрч хүнд гэмтэл учруулсан гэм буруутай болох нь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.10-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон, уг тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон, хариуцагчийн гэм буруу нотлогдсон талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.  

10. Шүүх “Э.М  нь 2019.02.15-ны өдрөөс 2019.02.27 хүртэл 12 хоногийн хугацаанд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн зүүн нүдний хялар засах хагалгаанд орж эмчлүүлсэн, шинжилгээ хийлгэсэн, давтан үзлэгт орсон болох нь Э.М ийн Амбулатороор эмчлүүлэгчийн карт, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 21266 дугаартай өвчний түүх, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдсон, хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үеийн өвчний түүхээс үзэхэд “...хүүхэд бага байхдаа үе үе бага зэрэг хялар хардаг байсан, 2017 онд авто машины осолд орсноос хойш байнга хялар хардаг болсон” гэсэн байна. Э.М ийн биед үүссэн гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархай болон суурь ясны зөрүүгүй хугарал, тархины эдийн 1 дүгээр зэргийн няцрал, зөөлөн бүрхүүл дор цус харвалт зэрэг нь түүний зүүн нүдэнд үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоотой, өөрөөр хэлбэл хариуцагч Ц гийн гэм буруутай үйлдлийн улмаас Э.М ийн биед гэм хор учирсан” гэж үзэж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан байх ба үйл баримтын талаар хуульд заасны дагуу дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй юм.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь үйл баримтын талаарх дүгнэлтийг зөвшөөрөөгүй агуулгатай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх үндэслэлд хамаараагүй тул гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2020/01130 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 129 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 17,024 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.         

          

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРМАА           

                                   ШҮҮГЧИД                                                П.ЗОЛЗАЯА

     Б.МӨНХТУЯА

                                                                                                    Д.ЦОЛМОН

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД