Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 01069

 

  Г.Г-гийн нэхэмжлэлтэй,

   иргэнний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/00622 дугаар шийдвэртэй, Г.Г-гийн нэхэмжлэлтэй, Ж.Г, Г.Х нарт холбогдох

Р.А, Ж.Г нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ”Орон сууц бэлэглэлийн гэрээ-“г хүчингүйд тооцож, уг бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би нөхөр Р.А-тэй Солонгос улсад 2004 онд ажиллаж байхдаа танилцаж, 7 жил хамт амьдраад 2011 онд Солонгос улсаас Монголдоо ирсэн. Бид Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо , 15 дугаар хороолол, 31-42 тоот орон сууцыг 2012 онд худалдан авсан. Бидний дундаас 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр том хүү А.Т, 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бага хүү А.А төрсөн. Нөхөр Р.А нь булчирхайн хорт хавдартай, хөнгөвчлөх эмчилгээнд Хавдар судлалын эмнэлэгт хэвтэрт байх үед 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ж.Г нь бидний гэр бүлийн дундын эд хөрөнгийг бэлэглэлээр авсан байна. Өөрөөр хэлбэл, үхлүүт, хүнд өвчтэй байхад эмнэлгээс авч явж бэлэглэлийн гэрээ хийсэн байгаа нь хууль бус үйлдэл юм. Манай нөхрийг хүнд өвчтэй байх үед ах дүүсийг нь дуудахад хэн ч ирээгүй мөртлөө өвчтэй, ухаан санаа нь орж гарч буй хүнийг АНУ-д эмчлүүлнэ хэмээн хууран мэхэлж бидний гэр бүлийн дундын эд хөрөнгийг бэлэглэлээр авсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хавдар судлалын эмчлэгч эмч Э.З нь ...танай нөхрийг үхлүүт байхад, эмнэлгээс авч явж, ямар нэгэн үйлдэл хийсэн нь хууль бус шүү... гэж хэлж байсан болно. Энэ нь Иргэний хуульд заагдсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна.

Тухайн үед үхлүүт байгаа Р.А-ийг асарч байсан хүмүүс түр эзгүй үед эмнэлгээс нууцаар авч явах гэхэд эмчлэгч эмч тааралдаж гаргахаас татгалзсан байдаг ба ...бид АНУ-д эмчлүүлнэ, зардлаа олохын тулд нотариат орно... гээд хүчээр авч яваад үхлүүт хүнээр огт танихгүй хүнд бэлэглэлийн гэрээ хийлгүүлсэн байдаг. Эдгээр хүмүүс нэг ч өдөр асраагүй, бие нь муу байгааг мэдэгдэж ир гэхэд амийг нь бөө тогтоож байгаа, бид ургийн баяртай гээд сар гаруйн дараа ирэнгүүтээ ийм үйлдэл хийсэн байдаг. Хамгийн хачирхалтай нь бэлэг хүлээн авсан гэх хүн огт үзэгдээгүй ба эмнэлэг дээр ч тэр, нас барсны дараа ч тэр, оршуулган дээр ч тэр ирээгүй. Миний бие нөхрөө хорт хавдартай тэмцэлдэж байхад нь химийн хортой эмчилгээтэй хүнийг сахиж байгаад давхар хордож Франц улсад эмчлүүлж байгаа бөгөөд ээж Ц.Наранцэцэгээр төлөөлүүлэн нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчингүйд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Бэлэглэлийн гэрээнд зурсан гарын үсэг нь Р.А-ийн гарын үсэг мөн эсэх дээр нэхэмжлэгч талаас үгүйсгээгүй. Нотариатч нүдээр үзэж, гэрчлэх үүрэгтэй. Нотариатч гэрчлэлтээ гэрт нь эсвэл нотариатын газар хийх ёстой. Хариуцагч талаас Р.Алтансүхийг зөөсөн гэх н.Энхтайван гэрчийг шүүхэд гэрчээр асуусан. н.Энхтайван нь гэрчлэхдээ Чингэлтэйн тойргийн Тэнгисийн хажуу талд, Тэди төвийн хажууд нотариат ороход тийм гэрээ хийгээгүй гэж хэлсэн.

Нотариатч Г.Х Баянзүрх дүүрэгт байрладаг. Гэрч худал гэрчилсэн үндэслэлээр цагдаад гомдол гаргасан. Худал гэрчлээгүй гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзахад бид дахин гомдол гаргахад бүлэг залилангийн хэрэг гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Р.Алтансүх нотариат дээр очоогүй нь гэрч н.Энхтайваны мэдүүлгээр нотлогддог. Баянзүрх дүүргийн нотариат дээр очоогүй тул хэлцэл хүчин төгөлдөр бус юм. Иймд орон сууц бэлэглэлийн гэрээ болон 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.  

Хариуцагч Ж.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ байр анх 2006 онд Ш.Эрдэнэбат гэдэг хүний нэр дээр байсан. Учир нь: Ж.Г 2006 онд Солонгос улсад ажиллаж амьдарч байхдаа өөрийнхөө төрсөн эгчийн нөхөр Ш.Эрдэнэбат гэдэг хүн рүү мөнгө явуулаад байр авахыг даалгасан. Ингээд Ш.Эрдэнэбат уг байрыг 2006 онд авсан. Ш.Эрдэнэбатын нэр дээр байсан хэдий ч Ж.Г-ын байр байсан. Үүний дараа 2012 онд Ш.Эрдэнэбатаас Р.Алтансүхэд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь Р.Алтансүх нь н.Оюун-Эрдэнийн төрсөн дүү, н.Оюун-Эрдэнэ нь Ж.Гын дүүгийнх нь эхнэр. Тэгэхээр хамаатан садан хүмүүс нэг нэгнээсээ гуйдаг. Чамд ийм байр байдаг юм байна, Р.Алтансүх орох оронгүй байна, оруулаад өгөөч, энэ хүний нэр дээр хөрөнгө байх хэрэгтэй байна. Америкийн визэнд ороход хөрөнгөтэй байхыг шаарддаг юм байна гэж н.Оюун-Эрдэнэ гуйсан. Тийм болохоор Ж.Г нь төрсөн дүүгийнхээ эхнэрийн үгэнд нь итгээд байрыг Р.Алтансүхийн нэр дээр шилжүүлсэн. 2012 онд байрыг шилжүүлсэн үйл баримт нь Р.А-ийг визэнд оруулахад нь зориулаад хамаатан садан учраас үнэ төлбөргүй түр шилжүүлсэн. Ингээд 2015 онд буцаагаад Р.А-ээс Ж.Г авсан. Энэ гурван жил хүрэхгүй хугацаанд Р.Алтансүх нь н.Энхтайван болоод гэр бүлийнхээ хүмүүстэй уг байранд амьдарч байсан. Нэхэмжлэгч Солонгос улсаас ирээд энэ байрыг авсан гэж яриад байдаг. Солонгос улсад ажилласан юм чинь байрыг авсан гэх ухагдахуунаар хандаад байгаа. Гэрчүүд ч тэгж мэдүүлсэн. Байрыг худалдаж авсан талаар нотолсон баримтгүй, хэдэн төгрөгөөр байр худалдаж авсан талаар хэн ч гэрчилдэггүй.

2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Р.Алтансүх хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан акт гарсан. Нийгэм хамгаалал Хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 274/137 тоотоор хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоох жагсаалтыг баталсан. Өвчний жагсаалт болгон хөдөлмөрийн чадвараа алдалтын хувь хэмжээг тогтоодог. Ухаан санаа нь өөрийгөө удирдан жолоодох чадваргүй учраас 90 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан гэж тайлбарлаад байгаа нь энэ тогтоолоор үндэслэлгүй нь тогтоогдож байна. 90 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан нь өөрийгөө удирдан жолоодох чадваргүй гэсэн үг биш юм. Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлд зааснаар хуваарьт хөрөнгө гэдэг нь бэлэглэл болон өмчлөлийн замаар ирсэн хөрөнгийг ойлгодог. Р.Алтансүхэд 2012 онд Ш.Эрдэнэбат гэдэг хүнээс бэлэглэсэн. Гэр бүлийн дундын өмчлөлийн асуудал яригдсан ч энэ бол түүний хуваарьт хөрөнгө юм. Дундын өмч гэж яригдахгүй. Бэлэглэлийн гэрээнд хаана ямар нотариат вэ гэдэг нь харагддаг. Нотариат дээр очоогүй байхад гарын үсэг зуруулсан гэж тайлбарладаг. Шинжээчийн дүгнэлтээр Р.Алтансүхийн гарын үсэг мөн гэдгийг тогтоосон.      Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ эмнэлгээс Р.Алтансүхийг оргуулсан гэж эмч н.Золзаяа хэлсэн гэдэг ч эмч н.Золзаяа гэрчээр мэдүүлэг өгөхөд тийм зүйл хэлээгүй, тийм зүйл болоогүй гэж хэлсэн байдаг. Үүнийгээ нотолж чадаагүй. Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Р.Алтансүх, Ж.Г нарын хооронд байгуулагдсан Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 31 дүгээр байр, 42 тоотод байрлах 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг бэлэглэх гэрээ надаар гэрчлэгдсэн байдаг. Р.Алтансүх, Ж.Г нар 2015 онд хэнтэй яаж ирсэн талаар хэлэх зүйл надад байхгүй. 2015 оны нотариатын бүртгэлийн 2950 дугаарт бүртгэгдсэн Ж.Г, Р.Алтансүх нарын гарын үсэг бүхий бүртгэлийн дэвтэр, мөнгөний тасалбар нь байна. Миний гэрчилсэн үйлдэл хууль ёсны дагуу явагдсан. Өвчтэй зовлонтой зүйлийг би мэдэхгүй. Хэрвээ манай өрөөнд надад мэдэгдэхүйц өөрчлөлттэй хүн ирсэн бол би үйлчлэхээс татгалзах байсан. 2000 оноос хойш би өнөөдрийг хүртэл нотариатын ажил хийж байна. Энэ хооронд хүнийг хохироох зүйл надад байгаагүй. Хууль ёсны дагуу гэрээ хийгдсэн. Архивт хадгалагдаж байгаа бүх нотлох баримтаар нотлогдоно.

2012 онд энэ байрыг Ш.Эрдэнэбат гэдэг хүнээс Р.Алтансүх авахдаа бэлэглэлийн гэрээг байгуулсан байна лээ. Ингэхдээ бас тохиолдлоор манай нотариатаар гэрчлүүлсэн байна. 2012, 2015 оны Р.Алтансүхийн гарын үсэг нэг хүнийх гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Би Р.Алтансүх, Ж.Г, Ш.Эрдэнэбат нарыг танихгүй. Би өдөрт хэдэн арван хүнтэй уулздаг учраас нарийн зүйл санахгүй байна. Буруу бүртгэгдсэн байвал түүнийг зөвтгөх асуудлыг тухайн өмчийг өмчлөгч өөрөө засах, үүнээс үүдэх хохирлыг Р.Алтансүх өөрөө хариуцах ёстой. Улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдээгүй гэр бүлийн хүнийг би дуудаж асуух хууль зүйн үндэслэл байхгүй. Бүлэг залилан хийсэн гэж ярьж байгаа нь хуульд нийцэхгүй. Нотариатын үйлдлийг хийхдээ хууль зөрчсөн асуудал байхгүй. Энэ нөхцөл байдлуудыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Ж.Г нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны 42 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчилдөг. Ж.Г Солонгос улсад ажиллаж байгаад 2006 онд өөрийнхөө төрсөн эгчийн нөхөр Ш.Эрдэнэбатын нэр дээр уг байрыг авсан. Ш.Эрдэнэбат уг орон сууцыг худалдан авахдаа өөрийн зүгээс хөрөнгө оруулалт хийгээгүй гэдгээ гэрчээр мэдүүлсэн. Ж.Г байрыг түрээсэлдэг байсан. Түрээсийн мөнгийг нь Ж.Г-д өгдөг, түүний зааварчилгаагаар Р.Алтансүхэд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Ж.Г нь бэрийнхээ дүү болох Р.Алтансүхэд виз мэдүүлэхэд нь хөрөнгө хэрэгтэй, орох оронгүй гэхээр нь Р.Алтансүхийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр уг орон сууцыг шилжүүлсэн. 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Р.Алтансүхээс буцаагаад бэлэглэлийн гэрээгээр Ж.Г нь өөрийн орон сууцаа нэр дээрээ шилжүүлж авсан. Р.Алтансүх, түүний эхнэр Г.Г, Б.Энхтайван нар Ж.Г-ын байранд үнэ төлбөргүй 2 жил гаруй хугацаанд амьдарсан. Хэрвээ талийгаачийн эгчид мөнгө төгрөг өгсөн асуудал байгаа бол тэр хүнд холбогдуулаад нэхэмжлэл гаргах эрх нээлттэй. Г.Г-гийн ээж Ц.Наранцэцэгтэй удаа дараа уулзаж, байр чөлөөлж өгөхийг хүсдэг боловч тэрээр Р.Алтансүхийн эхнэр, хүүхдийг Франц улс руу явуулахад ихээхэн хэмжээний мөнгө зарцуулсан учраас түүний төлбөрөөс төлөх хэрэгтэй, байрыг чинь барьцаалж байна гэх мэтчилэн үндэслэлгүй элдэв шалтаг тоочсоор өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшилдээ байлгаж, өмчлөгчийг хохироосоор байгаа болно. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу Ж.Г-ын өмчлөлийн хөрөнгийг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ...Р.Алтансүх байрыг барьцаанд тавиад зээл авч байсан байдаг. Банкинд барьцаалагдаж байгаад хураагдсан бол яах бэ. Хүний байрыг барьцаалаад мөнгө зээлж болохгүй. Ш.Эрдэнэбатын асуудал цагдаагаар шийдэгдэх байх. Ж.Г байрны өмчлөгч гэсэн баримт байхгүй, бэлэглэлийн гэрээгээр шилжсэн. Ж.Г байранд хөрөнгө оруулаагүй. Бэлэглэлийн гэрээнд 80 000 000 төгрөгийн эд хөрөнгийг хариу төлбөргүй бэлэглэлээ гэсэн байдаг. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Г, Г.Х нарт холбогдох орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай Г.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Г-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 31 дүгээр байр, 42 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002521 дугаарт бүртгэгдсэн, 30м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Г.Г-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г-гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557 950 төгрөгийг, Ж.Г-аас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Г.Г-гээс 70 200 төгрөг гаргуулан Ж.Г-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчин итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн талийгаач Р.Алтансүх нь нотариатч Г.Х дээр өөрөө очиж бэлэглэлийн гэрээ хийсэн гэж худлаа дүгнэн шийдвэрээ гаргажээ. Р.Алтансүхийг машинаараа нотариат дээр хүргэж өгсөн гэх Б.Энхтайван ба хариуцагч тал Р.Алтансүхийг гэрч Б.Энхтайваны машинаар нотариат орсон гэдэг. Нотариатч Г.Х нь Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын баруун талд Номингийн ойролцоо нотариатын газарт ажилладаг. Б.Энхтайван Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх буюу Теди төвийн зүүн хойно байх нотариат дээр хүргэж өгсөн гэдэг. Тэгэхээр Б.Энхтайван нь талийгаач Р.Алтансүхийг нотариат Г.Х-гийн байрладаг нотариатын газарт хүргэж өгөөгүй, хэн ч хүргэж өгөөгүй нь тодорхой байна. Хэрэв Р.Алтансүх нотариат дээр очоогүй бол нотариат өөрөө Р.Алтансүх дээр очих , эсхүл нотариатчын бичиг баримтыг Р.Алтансүх дээр авчран гарын үсэг зуруулаад тэр гарын үсэг зурсан баримтыг Г.Х-д аваачиж өгч тамга даруулсан болж таарлаа. Гэтэл хариуцагч нар нотариат дээр очсон гээд байдаг.

Р.Алтансүх 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан, босч чадахгүй, уушиг болон бөөрөндөө гуурстай, гараа өөрөө өргөж хоолоо идэж чадахгүй буюу халбагдуулж иддэг, бараг ярьж чаддаггүй хэвтэрийн хүн байсан. Гэтэл шүүх өөрөө нотариат дээр очиж бэлэглэлийн гэрээ хийсэн гэж дүгнэснийг ойлгохгүй байна. Р.Алтансүхийн гэрийн ойролцоо 4, хавдар судлалын үндэсний төвийн ойролцоо 3 нотариат байхад Р.Алтансүхийн гэр болон хавдар судлалын үндэсний төвөөс 3 километрт байрладаг нотариат Г.Хгаар үйлдэл хийлгэдэг нь ямар учиртай вэ. Гэрчийн мэдүүлгээр таньдаг нотариатч хайж байсан байдаг. Хариуцагч тал хуурамч мэдүүлэг өгөх гэрч нарыг бэлдэн шүүх хуралд оруулан гэрчийн мэдүүлэг өгүүлсэн. Шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй гэх боловч дүгнэлтэндээ хариуцагч талын хамаатан Ш.Эрдэнэбат гэгчийн мэдүүлгийг үнэлж шийдвэр гаргасан. Хариуцагч талын Р.Алтансүхийг машинаараа нотариат руу хүргэж өгсөн гэх гэрчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ба хариуцагчийн өмгөөлөгчийг шүүхэд хуурамч баримт гарган өгсөн гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэгдсэн байгаа. Хэрэв Б.Энхтайванд үүсгэсэн эрүүгийн хэрэг шүүхээр шийтгэгдвэл нас барагч Р.Алтансүх нотариат ороогүй болох нь тогтоогдоно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг болон хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Ж.Г, Г.Х нарт холбогдуулан Р.Алтансүх, Ж.Г нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ”Орон сууц бэлэглэлийн гэрээ-“г болон уг бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Ж.Г нь хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 42 тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-гээр Р.Алтансүх нь Ж.Г-д шилжүүлж, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн, уг бэлэглэлийн гэрээг хариуцагч буюу нотариатч Г.Х гэрчилсэн үйл баримт тогтоогдож байна. /1 хав 10/

Нэхэмжлэгч Г.Г нь гэр бүлийн дундын хөрөнгийг бэлэглэлээр авсан нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлдээ дурдсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг орон сууц нь хэн нэгний нэр дээр байгаагаас үл хамааран гэр бүлийн дундын өмч гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байхад анхан шатны шүүх “хэдэн төгрөгөөр худалдан авснаа нотлоогүй” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлд нийцээгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлий 56.1.7-д зааснаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Шүүх хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар тодорхойлсон боловч энэ талаар шаардлага байгаа эсэхийг анхаараагүй байна.

Нөгөө талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нь нас барагч Р.Алтансүхийн дүү Б.Энхтайваныг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн ба түүнийг нас барагч Р.Алтансүх, хариуцагч Ж.Г нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулахдаа нас барагч Р.Алтансүх нь өөрөө нотариатын газарт очиж гэрээ байгуулсан эсэх, эсвэл нотариат түүний байгаа газар нь очиж гэрээг баталгаажуулсан эсэх талаар зөрүүтэй мэдүүлсэн байхад үүнийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэжээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, маргааны үйл баримтад хамаарах асуудлаар хууль хэрэглээтэй холбоотой дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/00622 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

                                                       ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                 Д.БАЙГАЛМАА