Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2018/00622

 

                          

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 15 өдөр

   Дугаар 184/ШШ2018/00622

Улаанбаатар хот

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ....... тоот хаягт оршин суух, .... овогт ...-ийн М........../РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ....... тоот хаягт оршин суух, .... овогт ...-ийн М........../РД:......../

 

Хариуцагч: ....... тоот хаягт оршин суух, .... овогт ...-ийн М........../РД:......../ нарт холбогдох

 

Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, 2015 оны 8 сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, А.Э, хариуцагч Г.Х, хариуцагч Ж.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г.Г би нөхөр Р.Атэй Солонгос улсад 2004 онд ажиллаж байхдаа танилцаж, 7 жил хамт амьдраад 2011 онд Солонгос улсаас Монголдоо ирсэн. Бид Баянзүрх дүүргийн  7 дугаар хороо , 15 дугаар хороолол, 31-42 тоот орон сууцыг 2012 онд худалдан авсан. Бидний дундаас 2012.04.30-ны өдөр том хүү А.Төрсүлд, 2015.11.14-ний өдөр бага хүү А.Ад төрсөн. Манай нөхөр Р.А нь булчирхайн хорт хавдартай, хөнгөвчлөх эмчилгээнд Хавдар судлалын эмнэлэгт хэвтэрт байх үед нь 2015.08.26-ны өдөр Ж.Г нь бидний гэр бүлийн дундын эд хөрөнгийг бэлэглэлээр авсан байна. Өөрөөр хэлбэл үхлүүт, хүнд өвчтэй байхад нь эмнэлгээс авч явж бэлэглэлийн гэрээ хийсэн байгаа нь хууль бус үйлдэл юм. Манай нөхрийг хүнд өвчтэй байх үед ах дүүсийг нь дуудахад хэн ч ирээгүй мөртлөө өвчтэй, ухаан санаа нь орж гарч буй хүнийг АНУ-д эмчлүүлнэ хэмээн хууран мэхэлж бидний гэр бүлийн дундын эд хөрөнгийг бэлэглэлээр авсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хавдар судлалын эмчлэгч эмч Э.З- нь “...танай нөхрийг үхлүүт байхад, эмнэлгээс авч явж, ямар нэгэн үйлдэл хийсэн нь хууль бус шүү...” гэж хэлж байсан болно. Энэ нь Иргэний хуульд заагдсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. Тухайн үед үхлүүт байгаа Р.Аийг асарч байсан хүмүүс түр эзгүй үед эмнэлгээс нууцаар авч явах гэхэд эмчлэгч эмч тааралдаж гаргахаас татгалзсан байдаг ба “...бид АНУ-д эмчлүүлнэ, зардлаа олохын тулд нотариат орно...” гээд хүчээр авч яваад үхлүүт хүнээр огт танихгүй хүнд бэлэглэлийн гэрээ хийлгүүлсэн байдаг. Эдгээр хүмүүс нэг ч өдөр асраагүй, бие нь муу байгааг мэдэгдэж ир гэхэд амийг нь бөө тогтоож байгаа, бид ургийн баяртай гээд сар гаруйн дараа ирэнгүүтээ ийм үйлдэл хийсэн байдаг. Хамгийн хачирхалтай нь бэлэг хүлээн авсан гэх хүн огт үзэгдээгүй ба эмнэлэг дээр ч тэр, нас барсны дараа ч тэр, оршуулган дээр ч тэр ирээгүй. Миний бие нөхрөө хорт хавдартай тэмцэлдэж байхад нь химийн хортой эмчилгээтэй хүнийг сахиж байгаад давхар хордож Франц улсад эмчлүүлж байгаа бөгөөд ээж Ц.Нээр төлөөлүүлэн нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд 2015.08.26-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...талийгаач Р.Аийн эхнэр Г.Гг мэдээгүй байхад Ж.Г гэдэг хүний нэр дээр бэлэглэлийн гэрээ хийгдсэнийг хожим мэдээд нэхэмжлэл гаргасан. Г.Г, Р.А нар нь Солонгос улсад ажиллаж байгаад н.О-ээр дамжуулан 2012 онд байрыг худалдаж авсан. Байрандаа тохируулж тавилга авсан. Энэ үед Р.А нь хорт хавдартай болоод хэвтрийн байдалд орсон. Өөрөөр хэлбэл бөөр, уушгиндаа гуурстай, цаашид удаан амьдрах боломжгүй болсон. Р.Аийн эгч н.О-э нь байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад гадаадад эмчилгээ хийлгэх боломжтой гэж итгүүлээд Р.Аэд хүнд өвчтэй, эдгэрэхгүй гэж битгий хэлээрэй гэж ойр дотнын хүмүүст нь хэлсэн байдаг. Ингээд н.О-э нь таньдаг нотариатчаа хайсан байдаг. Үүнийг Г.Г мэдээгүй байсан. 2015 оны 8 сарын 25-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын комисс томилогдоод Р.А өөрөө явах боломжгүй гээд эмч гэрт нь очиж үзээд 90 хувийн чадвараа алдсан талаар дүгнэлт гарсан. 2015 оны 8 сарын 27-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалт 90 хувь гэсэн акт гарсан. Энэ нь босож явж чадахгүй, байнгын асран хамгаалагчтай байх ёстой гэсэн үг. Ийм хүнийг асран хамгаалагч оролцуулалгүйгээр гэрээ байгуулах нь хууль бус. 2015 оны 8 сарын 26-ны өдөр бэлэглэлийн гэрээ гэдэг зүйл хийгдсэн байсан. Энэ орон сууц нь дан ганц Р.Аийн өмч биш. Хөдөлмөрийн үр дүнд бий болсон гэр бүлийн дундын өмч байсан. Иргэний хуульд өмч нь хэн нэгний нэр дээр байгаагаас үл хамаараад гэр бүлийн дундын өмч байна гэж заасан байдаг. Бэлэглэгч Р.А нь нас барсан учраас үйл баримт төсөөллийн байдлаар нотлох баримтаар нотлогдох шаардлага гарч байна. Р.Аийг эмнэлгээс авч явсан гэж байдаг ч энэ нь нотлох баримтаар үгүйсгэгддэг. Нотариатч болохоор Р.А  нь өөрөө ирж хийсэн гэж байдаг. Бэлэглэлийн гэрээнд зурсан гарын үсэг нь Р.Аийн гарын үсэг мөн эсэх дээр нэхэмжлэгч талаас үгүйсгээгүй. Нотариатч нүдээр үзэж, гэрчлэх үүрэгтэй. Нотариатч гэрчлэлтээ гэрт нь эсвэл нотариатын газар хийх ёстой. Хариуцагч талаас Р.Аийг зөөсөн гэх н.Э- гэрчийг шүүхэд гэрчээр асуусан. н.Э- нь гэрчлэхдээ Чингэлтэйн тойргийн Тэнгисийн хажуу талд, Тэди төвийн хажууд нотариатч дээр очсон гэж хэлдэг. Яг хаана вэ гэхэд хэлж чадаагүй. Тэдигийн зүүн талын нотариат ороход тийм гэрээ хийгээгүй гэж хэлсэн. Нотариатч Г.Х нь Баянзүрх дүүрэгт байрладаг нотариатч. Гэрч худал гэрчилсэн үндэслэлээр цагдаад гомдол гаргасан. Худал гэрчлээгүй байна гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзахад бид дахин гомдол гаргахад бүлэг залилангийн хэрэг гэж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Р.А нь нотариат дээр очоогүй нь гэрч н.Э-ы мэдүүлгээр нотлогддог. Баянзүрх дүүргийн нотариат дээр очоогүй тул хэлцэл хүчин төгөлдөр бус юм. Иймээс орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, 2015 оны 8 сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү” гэв.  

 

Хариуцагч Ж.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ байр анх 2006 онд Ш.Э гэдэг хүний нэр дээр байсан. Учир нь Ж.Г 2006 онд Солонгос улсад ажиллаж амьдарч байхдаа өөрийнхөө төрсөн эгчийн нөхөр Ш.Э гэдэг хүн рүү мөнгө явуулаад байр авахыг даалгасан. Ингээд Ш.Э уг байрыг 2006 онд авсан. Ш.Эын нэр дээр байсан хэдий ч Ж.Гын байр байсан. Үүний дараа 2012 онд Ш.Эаас Р.Аэд бэлэглэлийн гэрээгээр шилжсэн. Ингэж шилжүүлсний учир нь Р.А нь н.О-ийн төрсөн дүү. н.О-э нь Ж.Гын дүүгийнх нь эхнэр. Тэгэхээр хамаатан садан хүмүүс нэг нэгнээсээ гуйдаг. Чамд ийм байр байдаг юм байна, Р.А орох оронгүй байна, оруулаад өгөөч, дээрээс нь энэ хүний нэр дээр хөрөнгө байх хэрэгтэй байна. Америкийн визэнд ороход хөрөнгөтэй байхыг шаарддаг юм байна гэж н.О-э гуйсан. Тийм болохоор Ж.Г нь төрсөн дүүгийнхээ эхнэрийн үгэнд нь итгээд байрыг Р.Аийн нэр дээр шилжүүлсэн. 2012 онд байрыг шилжүүлсэн үйл баримт нь Р.Аийг визэнд оруулахад нь зориулаад хамаатан садан учраас үнэ төлбөргүй түр шилжүүлсэн. Ингээд 2015 онд буцаагаад Р.Аээс Ж.Г нь авсан. Энэ гурван жил хүрэхгүй хугацаанд Р.А нь н.Э- болоод гэр бүлийнхээ хүмүүстэй уг байранд амьдарч байсан. Нэхэмжлэгч Солонгос улсаас ирээд энэ байрыг авсан гэж яриад байдаг. Солонгос улсад ажилласан л юм чинь мөнгө олсон. Мөнгө олсон юм чинь энэ байрыг авсан байж таараа гэсэн ухагдахуунаар хандаад байгаа. Гэрчүүд ч гэсэн тэгж л мэдүүлсэн. Үнэхээр байрыг худалдаж авсан бол хэнээс, хаанаас, ямар мөнгөөр авч байсан талаар нотолсон баримт байхгүй. Хэдэн төгрөгөөр энэ байрыг худалдаж авсан талаар хэн ч гэрчилдэггүй. Энэ байрыг үнэхээр худалдаж авсан бол энэ талаар баримт байх ёстой гэж үзэж байна. Дүү нь хүнд өвчтэй байхад Европруу эмчилгээнд явуулах талаар хэлсэн нь эгч хүнээс гарах л үг. 2015 оны 8 сарын 27-ны өдөр Р.А хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан акт гарсан. Нийгэм хамгаалал Хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2008 оны 12 сарын 17-ны өдрийн 274/137 тоотоор хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоох жагсаалтыг баталсан. Өвчний жагсаалт болгон хөдөлмөрийн чадвараа алдалтын хувь хэмжээг тогтоодог. Ухаан санаа нь өөрийгөө удирдан жолоодох чадваргүй учраас 90 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан юм гэж тайлбарлаад байгаа нь энэ тогтоолоор үндэслэлгүй гэдэг нь тогтоогдож байна. 90 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан нь өөрийгөө удирдан жолоодох чадваргүй гэсэн үг биш юм. Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлд зааснаар хуваарьт хөрөнгөөс бусдыг гэр бүлийн дундын эд хөрөнгөнд тооцно гэж байдаг. Хуваарьт хөрөнгө гэдэг нь бэлэглэл болон өмчлөлийн замаар ирсэн хөрөнгийг ойлгодог. Р.Аэд 2012 онд Ш.Э гэдэг хүнээс бэлэглэсэн. Гэр бүлийн дундын өмчлөлийн асуудал ярьсан ч энэ бол түүний хуваарьт хөрөнгө юм. Дундын өмч гэж яригдахгүй. Бэлэглэлийн гэрээнд хаана ямар нотариат вэ гэдэг нь харагддаг. Нотариат дээр очоогүй байхад гарын үсэг зуруулсан гэж тайлбарладаг. Шинжээчийн дүгнэлтээр Р.Аийн гарын үсэг мөн байна гэдгийг тогтоосон. Нэхэмжлэгч анхнаасаа нэхэмжлэлдээ эмнэлгээс Р.Аийг оргуулсан гэж эмч н.З- хэлсэн гэдэг ч эмч н.З- гэрчээр мэдүүлэг өгөхөд тийм зүйл хэлээгүй, тийм зүйл болоогүй гэж хэлсэн байдаг. Үүнээс харахад анхнаасаа нэхэмжлэлд дурдагдсан зүйлүүд худлаа байсан. Үүнийгээ нотолж чадаагүй. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах үндэслэл байхгүй. Бүх зүйл хууль ёсны дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

Хариуцагч Г.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...2015 оны 8 сарын 26-ны өдөр Р.А, Ж.Г нарын хооронд байгуулсан Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 31 дүгээр байр, 42 тоотод байрлах 30м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг бэлэглэх гэрээ надаар гэрчлэгдсэн байдаг. Р.А, Ж.Г нар нь 2015 онд хэнтэй яаж ирсэн талаар хэлэх зүйл надад байхгүй. 2015 оны нотариатын бүртгэлийн 2950 дугаарт бүртгэгдсэн Ж.Г, Р.А нарын гарын үсэг бүхий бүртгэлийн дэвтэр, мөнгөний тасалбар нь байна. Миний гэрчилсэн үйлдэл хууль ёсны дагуу явагдсан. Өвчтэй зовлонтой зүйлийг би мэдэхгүй. Хэрвээ манай өрөөнд надад мэдэгдэхүйц өөрчлөлттэй хүн ирсэн бол би үйлчлэхээсээ татгалзах байсан. 2000 оноос хойш би өнөөдрийг хүртэл нотариатын ажил хийж байна. Энэ хооронд хүнийг хохироох зүйл надад байгаагүй. Хууль ёсны дагуу гэрээ хийгдсэн. Архивд хадгалагдаж байгаа бүх нотлох баримтаар нотлогдоно. 2012 онд энэ байрыг Ш.Э гэдэг хүнээс Р.А авахдаа бэлэглэлийн гэрээг байгуулсан байна лээ. Ингэхдээ бас тохиолдлоор манай нотариатаар гэрчлүүлсэн байна. 2012, 2015 оны Р.Аийн гарын үсэг нэг хүнийх гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Би Р.А, Ж.Г Ш.Э нарыг танихгүй. Би өдөртөө хэдэн арван хүнтэй уулздаг учраас нарийн зүйлийг санахгүй байна. Буруу бүртгэгдсэн байвал түүнийг зөвтгөх асуудлыг тухайн өмчийг өмчлөгч өөрөө засах ёстой. Үүнээс үүдэх хохирлыг Р.А өөрөө хариуцах ёстой. Улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдээгүй гэр бүлийн хүнийг би дуудаж асуух хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч талд гомдолтой байна. Бүлэг залилан хийсэн гэж ярьж байгаа нь хуульд нийцэхгүй. Нотариатын үйлдлийг хийхдээ хууль зөрчсөн асуудал байхгүй. Энэ нөхцөл байдлуудыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Ж.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Г нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны 42 тоотод байрлах 30м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчилдөг. Ж.Г Солонгос улсад ажиллаж байгаад 2006 онд өөрийнхөө төрсөн эгчийн нөхөр Ш.Эын нэр дээр уг байрыг авсан. Ш.Э уг орон сууцыг худалдан авахдаа өөрийн зүгээс ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй гэдгээ гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн. Ж.Гын байрыг түрээсэлдэг байсан. Түрээсийн мөнгийг нь Ж.Гад өгдөг, түүний зааварчилгаар Р.Аэд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Ж.Г нь бэрийнхээ дүү болох Р.Аэд виз мэдүүлэхэд нь хөрөнгө хэрэгтэй байна, орох оронгүй гэхээр нь Р.Аийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр уг орон сууцыг шилжүүлсэн. 2015 оны 8 сарын 26-ны өдөр Р.Аээс буцаагаад бэлэглэлийн гэрээгээр Ж.Г нь өөрийн орон сууцаа нэр дээрээ шилжүүлж авсан. Р.А, түүний эхнэр Г.Г, Б.Э- нар Ж.Гын байранд үнэ төлбөргүй 2 жил гаруй хугацаанд амьдарсан. Р.Аийн эгч, ах, дүү нар муу хүмүүс, дүүгээ нас барахад оршуулгын зардалд бага мөнгө өгсөн гэх мэтээр талийгаачийн төрсөн эх, ах дүүсийг яриад байгаа болохоос яг хууль ёсны өмчлөгч Ж.Г нэхэмжлэгчийг яаж, ямар аргаар, хэрхэн хохироосон талаар огт ярьдаггүй. Хэрвээ талийгаачийн эгчид мөнгө төгрөг өгсөн асуудал байгаа бол тэр хүнд холбогдуулаад нэхэмжлэл гаргах эрх нь хэдийд ч нээлттэй. Г.Ггийн ээж Ц.Нтэй удаа дараа уулзаж, байр чөлөөлж өгөхийг хүсдэг боловч тэрээр Р.Аийн эхнэр хүүхдийг Франц улсруу явуулахад ихээхэн хэмжээний мөнгө зарцуулсан учраас түүний төлбөрөөс төлөх хэрэгтэй, байрыг чинь барьцаалж байна гэх мэтчилэн үндэслэлгүйгээр элдэв шалтаг тоочсоор өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшилдээ байлгаж, өмчлөгчийг хохироосоор байгаа болно. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу Ж.Гын өмчлөлийн хөрөнгийг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...Ж.Г байрыг худалдаж авсан гэх санхүүгийн ямар баримт байдаг вэ. Р.А байрыг барьцаанд тавиад зээл авч байсан байдаг. Банканд барьцаалагдсан байгаад хураагдсан бол яах байсан бэ. Хүний байрыг барьцаалаад мөнгө зээлж болохгүй. Ш.Эын асуудал цагдаагаар шийдэгдэх байх. Ж.Г байрны өмчлөгч гэсэн баримт байхгүй. Бэлэглэлийн гэрээгээр шилжсэн. Ж.Г байранд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй. Бэлэглэлийн гэрээнд 80.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хариу төлбөргүй бэлэглэлээ гэсэн байдаг. Хөрөнгө хоосноос бий болдоггүй. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                              

 

ҮНДЭСЛЭХ нь:

Г.Г нь хариуцагч Ж.Гад холбогдуулан 2015 оны 8 сарын 26-ны өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчингүйд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 8 сарын 26-ны өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчингүйд тооцуулж, уг бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нотариатын үйлдэлтэй нь холбогдуулан Г.Хг хамтран хариуцагчаар татсан.

 

Хариуцагч Ж.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч,  Ж.Гын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 31 дүгээр байр, 42 тоотод байрлах 30м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчид холбогдуулан гаргав.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

2012 оны 11 сарын 22-ны өдөр Р.А нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 42 тоотод байршилтай, 30м.кв талбайтай, 2 өрөө, нэг хүний өмчийн орон сууцыг “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-ний үндсэн дээр Ш.Эаас шилжүүлэн авч, мөн өдрөө өмчлөгчөөр бүртгэгдэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авчээ. /1хавтас-12, 22, 123, 245-248/

 

Дээрх орон сууцыг 2015 оны 8 сарын 26-ны өдөр “Орон сууц бэлэглэлийн гэрээ” үйлдэж Р.А нь Ж.Гад шилжүүлж, Ж.Г нь 2015 оны 8 сарын 27-ны өдөр уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ. /1хавтас -10,12,24/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...бидний гэр бүлийн дундын хөрөнгийг бэлэглэлээр авсан, үхлүүт хүнд өвчтэй байхад нь эмнэлгээс авч явж бэлэглэлийн гэрээ хийсэн байгаа нь хууль бус” хэмээн тайлбарлав.

 

Нэхэмжлэгч Г.Г нь Р.Атэй 2012 оны 4 сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн 9/005589 тоот лавлагаагаар тогтоогдов. Р.А нь 2015 оны 10 сарын 1-ний өдөр өвчний улмаас нас баржээ. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж заасан. Г.Г нь орон сууцыг 2012 онд нөхрийн эгч н.О-эд мөнгө явуулж, худалдаж авсан талаар нэхэмжлэл, тайлбартаа тусгадаг боловч ямар шилжүүлгээр, хэдэн удаа, бэлнээр эсхүл дансаар мөнгө шилжүүлсэн, хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар нотлоогүй, энэ талаар баримт гаргаагүй байна.  /1хавтас-3,8/

 

Хууль сануулан мэдүүлэг авсан гэрч Хавдар судлалын үндэсний төвийн клиникийн эмнэлгийн хөнгөвчлөх тасгийн их эмч Э.З-гийн “...Р.Аийг эмнэлгээс авч яваагүй, “...танай нөхрийг үхлүүт байхад, эмнэлгээс авч явж, ямар нэгэн үйлдэл хийсэн нь хууль бус шүү” гэсэн агуулгатай зүйл хэлж байгаагүй, Э.З- эмчийн хяналтад эмчлэгдэж байх хугацаандаа оюун ухааны хувьд чадвартай байсан” гэх мэдүүлэг, Хавдар судлалын үндэсний төвийн клиникийн эмнэлгийн 2017 оны 9 сарын 14-ний өдрийн 02/1051 албан тоотоор Р.А нь уг эмнэлэгт нийт 5 удаа хэвтэж, Э.З- эмчийн хяналтад 2015 оны 9 сарын 17-28-ны өдрүүдэд эмчлүүлж байсан, бэлэглэлийн гэрээ үйлдэгдсэн 2015 оны 8 сарын 26-ны өдөр тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагүй болох нь тогтоогдов.  /1хавтас-157-162/

 

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2015 оны 8 сарын 27-ны өдрийн шийдвэрээр Р.Аийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 90 хувиар, 12 сараар тогтоосон байна. /1хавтас-168/

 

Нэхэмжлэгчээс “...2015 оны 8 сарын 27-ны өдөр Р.А хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан болох нь тогтоогдсон тул бэлэглэлийн гэрээг үйлдэх үед ухаан санаа нь хэвийн бус байсан” талаар тайлбарлав. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.7-д заасан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдох боловч Р.А нь бэлэглэлийн гэрээ үйлдэх үедээ эрхзүйн чадамжгүй, үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй, өөрийгөө удирдаж чадахгүй болсон байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. 2015 оны 9 сарын 17-28-ны өдрүүдэд Э.З- эмчийн хяналтад хэвтэн эмчлүүлж байсан талаар дээр дурдсан бөгөөд эмч Э.З- гэрчийн мэдүүлэгтээ “....оюун ухааны хувьд чадвартай байсан, Г.Ггийн хүсэлтээр өвчтөний биеийн байдал хүнд талаар Р.Аэд өөрт нь хэлж байсан, гэрээслэлийн тал дээр ярилцах асуудал байвал эртхэн ухаан санаа нь саруул байгаа дээр ярилцах хэрэгтэйг Г.Гд хэлж байсан...” хэмээн мэдүүлжээ.

 

Хариуцагч Г.Хгийн хүсэлтээр “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн”-г 2012 оны 11 сарын 22-ны өдрийн Ш.Э, Р.А нарын байгуулсан “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”, 2015 оны 8 сарын 26-ны өдөр Р.А, Ж.Г нарын байгуулсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ” дэх Р.Аийн гарын үсэг нь нэг хүний /Р.Аийн/ гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээчээр томилсон. “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн”-гийн 2018 оны 01 сарын 11-ний өдрийн 6535 тоот шинжээчийн дүгнэлтээр дээрх хоёр цаг хугацаанд үйлдэгдсэн гэрээний “...Р.А гэсэн гарын үсгүүд хоорондоо тохирно, нэг хүн бичсэн” тухай дүгнэлт, гарын үсгийн ерөнхий шинж тэмдгийн боловсруулалтыг хавсралтаар ирүүлжээ. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны мэтгэлцээнд “...гэрээг байгуулахад Р.А өөрөө байсан эсэх эргэлзээтэй, гарын үсгийг гэрэлтүүлэгч ширээн дээр дуурайлгах боломжтой...” гэх тайлбарууд дээрх шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэв. /1 хавтас-249,250, 2хавтас-1-7/

 

Маргаан бүхий орон сууц нь 2006 оны 6 сарын 15-ны өдрөөс 2012 оны 11 сарын 22-ны өдрийг хүртэл 6 жил 5 сарын хугацаанд Ш.Эын өмчлөлд байсан ба хууль сануулан мэдүүлэг авсан гэрч Ш.Э “...эхнэрийн дүү Ж.Гын мөнгөөр авсан, байрыг бусдад түрээсэлдэг байсан, Ж.Г Р.Аэд шилжүүл гэсний дагуу шилжүүлсэн” хэмээн мэдүүлсэн болно. /1 хавтас-123/

 

Р.А орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн улсын бүртгэлийн тэмдэглэлийг буруу ташаа гэж Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар Г.Г улсын бүртгэлд хандсан баримт байхгүй тул улсын бүртгэлийг үнэн зөв гэж тооцно.

 

Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаас бусад үндэслэлээр нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхгүй талаар заажээ. Нэгэнт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр орон сууц Р.Аийн өмчлөлд байх тул нотариатч гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг бэлэглэгчээс шаардах үүргийг хуулиар хүлээгээгүй. Хавтаст хэрэгт цугларсан баримт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн”-гийн 2018 оны 01 сарын 11-ний өдрийн 6535 тоот шинжээчийн дүгнэлтээс үзэхэд нотариатч Г.Х Нотариатын тухай хууль зөрчиж үйлдэл хийсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд хууль сануулан мэдүүлэг авсан гэрч Б.Э- “....талийгч Р.Аийг 2015 оны 8 сарын 26-ны өдөр гэрээс нь авч явсан, Чингэлтэй дүүрэгт, Тэнгис кино театрын орчим нотариатруу хүргэж өгсөн, би нотариат ороогүй, машиндаа үлдсэн...” хэмээн мэдүүлсэн нь эргэлзээтэй, мөн гэрч Б.Р, Д.М, Б.Ж, Ц.Т нарын мэдүүлэг нь Г.Г Р.А нарыг 2012 онд хэдэн төгрөгөөр, хэнээс, хэрхэн орон сууц худалдан авсан талаар шууд гэрчилсэн хэмээн үзэх боломжгүй тул дээрх гэрч нарын мэдүүлгийг нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт гэж үзэхгүй. /1 хавтас 146-147, 2 хавтас-41-48/

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10-т заасан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх бөгөөд Р.А, Ж.Г нарын хооронд байгуулагдсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ” нь хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах үндэслэл тогтоогдсонгүй. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “...хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцох”-оор заасан ба “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл мөн тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэж үзэхээр байна.

 

Дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Cөрөг нэхэмжлэлийн тухайд:

Ж.Г нь Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 31 дүгээр байр, 42 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002521 дугаарт бүртгэгдсэн, 30м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргав.

 

Г.Г нь “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө, бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус, ямар ч эмчилгээгүй болсон хүнийг гадаадад эмчлүүлж өгнө гэж хэлээд байрыг өөр дээрээ шилжүүлэн авсан” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрснөөр талууд маргав.

 

Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 31 дүгээр байр, 42 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002521 дугаарт бүртгэгдсэн, 30м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь Р.Аийн өмчлөлөөс Ж.Гын өмчлөлд “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-ний үндсэн дээр шилжсэн талаар дээр дүгнэсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдоогүй тул 2015 оны 8 сарын 26-ны өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ” хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.3-т “энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заасан байх тул Ж.Гад шаардах эрх үүссэн гэж үзнэ.

 

Иймд Г.Ггийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч Ж.Гын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 31 дүгээр байр, 42 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002521 дугаарт бүртгэгдсэн, 30м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                   

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Ж.Г, Г.Х нарт холбогдох орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, 2015 оны 8 сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай Г.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Гын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 31 дүгээр байр, 42 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002521 дугаарт бүртгэгдсэн, 30м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Г.Ггийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ггээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557.950 төгрөгийг, Ж.Гаас төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Г.Ггээс 70.200 төгрөг гаргуулан Ж.Гад олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.УРАНЗУЛ