Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 184/2017/01572/и

 

Г.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/00622 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1069 дугаар магадлалтай,

Г.Ггийн нэхэмжлэлтэй

Ж.Г, Г.Хнарт холбогдох

Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, 2015 оны 8 сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ц.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г.Г би нөхөр Р.Атэй Солонгос улсад 2004 онд ажиллаж байхдаа танилцаж, 7 жил хамт амьдраад 2011 онд Солонгос улсаас Монголдоо ирсэн. Бид Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо , 15 дугаар хороолол, 31-42 тоот орон сууцыг 2012 онд худалдан авсан. Бидний дундаас 2012.04.30-ны өдөр том хүү А.Төрсүлд, 2015.11.14-ний өдөр бага хүү А.Алтансүлд төрсөн. Манай нөхөр Р.А нь булчирхайн хорт хавдартай, хөнгөвчлөх эмчилгээнд Хавдар судлалын эмнэлэгт хэвтэрт байх үед нь 2015.08.26-ны өдөр Ж.Г нь бидний гэр бүлийн дундын эд хөрөнгийг бэлэглэлээр авсан байна. Өөрөөр хэлбэл үхлүүт, хүнд өвчтэй байхад нь эмнэлгээс авч явж бэлэглэлийн гэрээ хийсэн байгаа нь хууль бус үйлдэл юм. Манай нөхрийг хүнд өвчтэй байх үед ах дүүсийг нь дуудахад хэн ч ирээгүй мөртлөө өвчтэй, ухаан санаа нь орж гарч буй хүнийг АНУ-д эмчлүүлнэ хэмээн хууран мэхэлж бидний гэр бүлийн дундын эд хөрөнгийг бэлэглэлээр авсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хавдар судлалын эмчлэгч эмч Э.Золзаяа нь ...танай нөхрийг үхлүүт байхад, эмнэлгээс авч явж, ямар нэгэн үйлдэл хийсэн нь хууль бус шүү... гэж хэлж байсан болно. Энэ нь Иргэний хуульд заагдсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. Тухайн үед үхлүүт байгаа Р.Аийг асарч байсан хүмүүс түр эзгүй үед эмнэлгээс нууцаар авч явах гэхэд эмчлэгч эмч тааралдаж гаргахаас татгалзсан байдаг ба ...бид АНУ-д эмчлүүлнэ, зардлаа олохын тулд нотариат орно... гээд хүчээр авч яваад үхлүүт хүнээр огт танихгүй хүнд бэлэглэлийн гэрээ хийлгүүлсэн байдаг. Эдгээр хүмүүс нэг ч өдөр асраагүй, бие нь муу байгааг мэдэгдэж ир гэхэд амийг нь бөө тогтоож байгаа, бид ургийн баяртай гээд сар гаруйн дараа ирэнгүүтээ ийм үйлдэл хийсэн байдаг. Хамгийн хачирхалтай нь бэлэг хүлээн авсан гэх хүн огт үзэгдээгүй ба эмнэлэг дээр ч тэр, нас барсны дараа ч тэр, оршуулган дээр ч тэр ирээгүй. Миний бие нөхрөө хорт хавдартай тэмцэлдэж байхад нь химийн хортой эмчилгээтэй хүнийг сахиж байгаад давхар хордож Франц улсад эмчлүүлж байгаа бөгөөд ээж Ц.Наранцэцэгээр төлөөлүүлэн нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд 2015.08.26-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...талийгаач Р.Аийн эхнэр Г.Гг мэдээгүй байхад Ж.Г гэдэг хүний нэр дээр бэлэглэлийн гэрээ хийгдсэнийг хожим мэдээд нэхэмжлэл гаргасан. Г.Г, Р.А нар нь Солонгос улсад ажиллаж байгаад н.Оюун-Эрдэнээр дамжуулан 2012 онд байрыг худалдаж авсан. Байрандаа тохируулж тавилга авсан. Энэ үед Р.А нь хорт хавдартай болоод хэвтрийн байдалд орсон. Өөрөөр хэлбэл бөөр, уушгиндаа гуурстай, цаашид удаан амьдрах боломжгүй болсон. Р.Аийн эгч н.Оюун-Эрдэнэ нь байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад гадаадад эмчилгээ хийлгэх боломжтой гэж итгүүлээд Р.Аэд хүнд өвчтэй, эдгэрэхгүй гэж битгий хэлээрэй гэж ойр дотнын хүмүүст нь хэлсэн байдаг. Ингээд н.Оюун-Эрдэнэ нь таньдаг нотариатчаа хайсан байдаг. Үүнийг Г.Г мэдээгүй байсан. 2015 оны 8 сарын 25-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын комисс томилогдоод Р.А өөрөө явах боломжгүй гээд эмч гэрт нь очиж үзээд 90 хувийн чадвараа алдсан талаар дүгнэлт гарсан. 2015 оны 8 сарын 27-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалт 90 хувь гэсэн акт гарсан. Энэ нь босож явж чадахгүй, байнгын асран хамгаалагчтай байх ёстой гэсэн үг. Ийм хүнийг асран хамгаалагч оролцуулалгүйгээр гэрээ байгуулах нь хууль бус. 2015 оны 8 сарын 26-ны өдөр бэлэглэлийн гэрээ гэдэг зүйл хийгдсэн байсан. Энэ орон сууц нь дан ганц Р.Аийн өмч биш. Хөдөлмөрийн үр дүнд бий болсон гэр бүлийн дундын өмч байсан. Иргэний хуульд өмч нь хэн нэгний нэр дээр байгаагаас үл хамаараад гэр бүлийн дундын өмч байна гэж заасан байдаг. Бэлэглэгч Р.А нь нас барсан учраас үйл баримт төсөөллийн байдлаар нотлох баримтаар нотлогдох шаардлага гарч байна. Р.Аийг эмнэлгээс авч явсан гэж байдаг ч энэ нь нотлох баримтаар үгүйсгэгддэг. Нотариатч болохоор Р.А нь өөрөө ирж хийсэн гэж байдаг. Бэлэглэлийн гэрээнд зурсан гарын үсэг нь Р.Аийн гарын үсэг мөн эсэх дээр нэхэмжлэгч талаас үгүйсгээгүй. Нотариатч нүдээр үзэж, гэрчлэх үүрэгтэй. Нотариатч гэрчлэлтээ гэрт нь эсвэл нотариатын газар хийх ёстой. Хариуцагч талаас Р.Аийг зөөсөн гэх н.Энхтайван гэрчийг шүүхэд гэрчээр асуусан. н.Энхтайван нь гэрчлэхдээ Чингэлтэйн тойргийн Тэнгисийн хажуу талд, Тэди төвийн хажууд нотариатч дээр очсон гэж хэлдэг. Яг хаана вэ гэхэд хэлж чадаагүй. Тэдигийн зүүн талын нотариат ороход тийм гэрээ хийгээгүй гэж хэлсэн. Нотариатч Г.Хнь Баянзүрх дүүрэгт байрладаг нотариатч. Гэрч худал гэрчилсэн үндэслэлээр цагдаад гомдол гаргасан. Худал гэрчлээгүй байна гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзахад бид дахин гомдол гаргахад бүлэг залилангийн хэрэг гэж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Р.А нь нотариат дээр очоогүй нь гэрч н.Энхтайваны мэдүүлгээр нотлогддог. Баянзүрх дүүргийн нотариат дээр очоогүй тул хэлцэл хүчин төгөлдөр бус юм. Иймээс орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, 2015 оны 8 сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ...энэ байр анх 2006 онд Ш.Эрдэнэбат гэдэг хүний нэр дээр байсан. Учир нь Ж.Г 2006 онд Солонгос улсад ажиллаж амьдарч байхдаа өөрийнхөө төрсөн эгчийн нөхөр Ш.Эрдэнэбат гэдэг хүн рүү мөнгө явуулаад байр авахыг даалгасан. Ингээд Ш.Эрдэнэбат уг байрыг 2006 онд авсан. Ш.Эрдэнэбатын нэр дээр байсан хэдий ч Ж.Гын байр байсан. Үүний дараа 2012 онд Ш.Эрдэнэбатаас Р.Аэд бэлэглэлийн гэрээгээр шилжсэн. Ингэж шилжүүлсний учир нь Р.А нь н.Оюун-Эрдэнийн төрсөн дүү. н.Оюун-Эрдэнэ нь Ж.Гын дүүгийнх нь эхнэр. Тэгэхээр хамаатан садан хүмүүс нэг нэгнээсээ гуйдаг. Чамд ийм байр байдаг юм байна, Р.А орох оронгүй байна, оруулаад өгөөч, дээрээс нь энэ хүний нэр дээр хөрөнгө байх хэрэгтэй байна. Америкийн визэнд ороход хөрөнгөтэй байхыг шаарддаг юм байна гэж н.Оюун-Эрдэнэ гуйсан. Тийм болохоор Ж.Г нь төрсөн дүүгийнхээ эхнэрийн үгэнд нь итгээд байрыг Р.Аийн нэр дээр шилжүүлсэн. 2012 онд байрыг шилжүүлсэн үйл баримт нь Р.Аийг визэнд оруулахад нь зориулаад хамаатан садан учраас үнэ төлбөргүй түр шилжүүлсэн. Ингээд 2015 онд буцаагаад Р.Аээс Ж.Г нь авсан. Энэ гурван жил хүрэхгүй хугацаанд Р.А нь н.Энхтайван болоод гэр бүлийнхээ хүмүүстэй уг байранд амьдарч байсан. Нэхэмжлэгч Солонгос улсаас ирээд энэ байрыг авсан гэж яриад байдаг. Солонгос улсад ажилласан л юм чинь мөнгө олсон. Мөнгө олсон юм чинь энэ байрыг авсан байж таараа гэсэн ухагдахуунаар хандаад байгаа. Гэрчүүд ч гэсэн тэгж л мэдүүлсэн. Үнэхээр байрыг худалдаж авсан бол хэнээс, хаанаас, ямар мөнгөөр авч байсан талаар нотолсон баримт байхгүй. Хэдэн төгрөгөөр энэ байрыг худалдаж авсан талаар хэн ч гэрчилдэггүй. Энэ байрыг үнэхээр худалдаж авсан бол энэ талаар баримт байх ёстой гэж үзэж байна. Дүү нь хүнд өвчтэй байхад Европруу эмчилгээнд явуулах талаар хэлсэн нь эгч хүнээс гарах л үг. 2015 оны 8 сарын 27-ны өдөр Р.А хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан акт гарсан. Нийгэм хамгаалал Хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2008 оны 12 сарын 17-ны өдрийн 274/137 тоотоор хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоох жагсаалтыг баталсан. Өвчний жагсаалт болгон хөдөлмөрийн чадвараа алдалтын хувь хэмжээг тогтоодог. Ухаан санаа нь өөрийгөө удирдан жолоодох чадваргүй учраас 90 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан юм гэж тайлбарлаад байгаа нь энэ тогтоолоор үндэслэлгүй гэдэг нь тогтоогдож байна. 90 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан нь өөрийгөө удирдан жолоодох чадваргүй гэсэн үг биш юм. Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлд зааснаар хуваарьт хөрөнгөөс бусдыг гэр бүлийн дундын эд хөрөнгөнд тооцно гэж байдаг. Хуваарьт хөрөнгө гэдэг нь бэлэглэл болон өмчлөлийн замаар ирсэн хөрөнгийг ойлгодог. Р.Аэд 2012 онд Ш.Эрдэнэбат гэдэг хүнээс бэлэглэсэн. Гэр бүлийн дундын өмчлөлийн асуудал ярьсан ч энэ бол түүний хуваарьт хөрөнгө юм. Дундын өмч гэж яригдахгүй. Бэлэглэлийн гэрээнд хаана ямар нотариат вэ гэдэг нь харагддаг. Нотариат дээр очоогүй байхад гарын үсэг зуруулсан гэж тайлбарладаг. Шинжээчийн дүгнэлтээр Р.Аийн гарын үсэг мөн байна гэдгийг тогтоосон. Нэхэмжлэгч анхнаасаа нэхэмжлэлдээ эмнэлгээс Р.Аийг оргуулсан гэж эмч н.Золзаяа хэлсэн гэдэг ч эмч н.Золзаяа гэрчээр мэдүүлэг өгөхөд тийм зүйл хэлээгүй, тийм зүйл болоогүй гэж хэлсэн байдаг. Үүнээс харахад анхнаасаа нэхэмжлэлд дурдагдсан зүйлүүд худлаа байсан. Үүнийгээ нотолж чадаагүй. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах үндэслэл байхгүй. Бүх зүйл хууль ёсны дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Хшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...2015 оны 8 сарын 26-ны өдөр Р.А, Ж.Г нарын хооронд байгуулсан Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 31 дүгээр байр, 42 тоотод байрлах 30м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг бэлэглэх гэрээ надаар гэрчлэгдсэн байдаг. Р.А, Ж.Г нар нь 2015 онд хэнтэй яаж ирсэн талаар хэлэх зүйл надад байхгүй. 2015 оны нотариатын бүртгэлийн 2950 дугаарт бүртгэгдсэн Ж.Г, Р.А нарын гарын үсэг бүхий бүртгэлийн дэвтэр, мөнгөний тасалбар нь байна. Миний гэрчилсэн үйлдэл хууль ёсны дагуу явагдсан. Өвчтэй зовлонтой зүйлийг би мэдэхгүй. Хэрвээ манай өрөөнд надад мэдэгдэхүйц өөрчлөлттэй хүн ирсэн бол би үйлчлэхээсээ татгалзах байсан. 2000 оноос хойш би өнөөдрийг хүртэл нотариатын ажил хийж байна. Энэ хооронд хүнийг хохироох зүйл надад байгаагүй. Хууль ёсны дагуу гэрээ хийгдсэн. Архивд хадгалагдаж байгаа бүх нотлох баримтаар нотлогдоно. 2012 онд энэ байрыг Ш.Эрдэнэбат гэдэг хүнээс Р.А авахдаа бэлэглэлийн гэрээг байгуулсан байна лээ. Ингэхдээ бас тохиолдлоор манай нотариатаар гэрчлүүлсэн байна. 2012, 2015 оны Р.Аийн гарын үсэг нэг хүнийх гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Би Р.А, Ж.Г Ш.Эрдэнэбат нарыг танихгүй. Би өдөртөө хэдэн арван хүнтэй уулздаг учраас нарийн зүйлийг санахгүй байна. Буруу бүртгэгдсэн байвал түүнийг зөвтгөх асуудлыг тухайн өмчийг өмчлөгч өөрөө засах ёстой. Үүнээс үүдэх хохирлыг Р.А өөрөө хариуцах ёстой. Улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдээгүй гэр бүлийн хүнийг би дуудаж асуух хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч талд гомдолтой байна. Бүлэг залилан хийсэн гэж ярьж байгаа нь хуульд нийцэхгүй. Нотариатын үйлдлийг хийхдээ хууль зөрчсөн асуудал байхгүй. Энэ нөхцөл байдлуудыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ж.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ж.Г нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны 42 тоотод байрлах 30м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчилдөг. Ж.Г Солонгос улсад ажиллаж байгаад 2006 онд өөрийнхөө төрсөн эгчийн нөхөр Ш.Эрдэнэбатын нэр дээр уг байрыг авсан. Ш.Эрдэнэбат уг орон сууцыг худалдан авахдаа өөрийн зүгээс ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй гэдгээ гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн. Ж.Гын байрыг түрээсэлдэг байсан. Түрээсийн мөнгийг нь Ж.Гад өгдөг, түүний зааварчилгаар Р.Аэд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Ж.Г нь бэрийнхээ дүү болох Р.Аэд виз мэдүүлэхэд нь хөрөнгө хэрэгтэй байна, орох оронгүй гэхээр нь Р.Аийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр уг орон сууцыг шилжүүлсэн. 2015 оны 8 сарын 26-ны өдөр Р.Аээс буцаагаад бэлэглэлийн гэрээгээр Ж.Г нь өөрийн орон сууцаа нэр дээрээ шилжүүлж авсан. Р.А, түүний эхнэр Г.Г, Б.Энхтайван нар Ж.Гын байранд үнэ төлбөргүй 2 жил гаруй хугацаанд амьдарсан. Р.Аийн эгч, ах, дүү нар муу хүмүүс, дүүгээ нас барахад оршуулгын зардалд бага мөнгө өгсөн гэх мэтээр талийгаачийн төрсөн эх, ах дүүсийг яриад байгаа болохоос яг хууль ёсны өмчлөгч Ж.Г нэхэмжлэгчийг яаж, ямар аргаар, хэрхэн хохироосон талаар огт ярьдаггүй. Хэрвээ талийгаачийн эгчид мөнгө төгрөг өгсөн асуудал байгаа бол тэр хүнд холбогдуулаад нэхэмжлэл гаргах эрх нь хэдийд ч нээлттэй. Г.Ггийн ээж Ц.Наранцэцэгтэй удаа дараа уулзаж, байр чөлөөлж өгөхийг хүсдэг боловч тэрээр Р.Аийн эхнэр хүүхдийг Франц улсруу явуулахад ихээхэн хэмжээний мөнгө зарцуулсан учраас түүний төлбөрөөс төлөх хэрэгтэй, байрыг чинь барьцаалж байна гэх мэтчилэн үндэслэлгүйгээр элдэв шалтаг тоочсоор өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшилдээ байлгаж, өмчлөгчийг хохироосоор байгаа болно. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу Ж.Гын өмчлөлийн хөрөнгийг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Ж.Г байрыг худалдаж авсан гэх санхүүгийн ямар баримт байдаг вэ. Р.А байрыг барьцаанд тавиад зээл авч байсан байдаг. Банканд барьцаалагдсан байгаад хураагдсан бол яах байсан бэ. Хүний байрыг барьцаалаад мөнгө зээлж болохгүй. Ш.Эрдэнэбатын асуудал цагдаагаар шийдэгдэх байх. Ж.Г байрны өмчлөгч гэсэн баримт байхгүй. Бэлэглэлийн гэрээгээр шилжсэн. Ж.Г байранд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй. Бэлэглэлийн гэрээнд 80.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хариу төлбөргүй бэлэглэлээ гэсэн байдаг. Хөрөнгө хоосноос бий болдоггүй. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/00622 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Ж.Г, Г.Хнарт холбогдох орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, 2015 оны 8 сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай Г.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Гын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 31 дүгээр байр, 42 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002521 дугаарт бүртгэгдсэн, 30м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Г.Ггийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ггээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557.950 төгрөгийг, Ж.Гаас төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Г.Ггээс 70.200 төгрөг гаргуулан Ж.Гад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1069 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/00622 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасныг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Магадлалын хянавал хэсэгт: ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг орон сууц нь хэн нэгний нэр дээр байгаагаас үл хамааран гэр бүлийн дундын өмч гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байхад анхан шатны шүүх хэдэн төгрөгөөр худалдан авснаа нотлоогүй гэж дүгнэсэн шүүх хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар тодорхойлсон боловч энэ талаар шаардлага байгаа эсэхийг анхаараагүй байна... гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч 2017 оны 10 сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хамтран хариуцагч татсан бөгөөд тэрхүү шаардлагадаа нотариат заавал гэр бүлийн гишүүдийн эрхийг асууж тодруулах ёстой учир хэний нэр дээр байх нь хамаагүй гэж тодосгосон байдаг. Өөрөөр хэлбэл гэр бүлийн дундын өмчлөлийн зүйл байсан учраас нотариат гэрчилсэн нь буруу гэдэг тайлбар хэлэхийн тулд л дээрх хуулийн заалтыг ишилсэн. Энэхүү үндэслэлд нь ИХ-ийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар байрны өмчлөгч нь Р.А байсан учир бусад этгээдийн зөвшөөрөл байх эсэхийг тодруулах үүрэг нотариатчид байхгүй, улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ хэмээн анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тайлбарласан бөгөөд ИХ-ийн 56.1.7, 56.1.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, эрх зүйн чадамжгүй этгээдийг гарын үсэг зуруулсан учир нотриатын үйлдэл хүчингүй гэж тодруулсан. Ийм байхад шүүхийн зүгээс дахин өөр шаардлага бий эсэхийг асуух, шаардлагаа өөрчлөх, нэмэгдүүлэх, багасгах талаар дахин дахин боломж олгож, хуралдааныг хойшлуулах үүрэг байхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага тодорхой байсан тул шүүх уг шаардлагад нь дүгнэлт хийсэн атал анхан шатны шүүх алдаа гаргасан мэтээр дүгнэсэнд гомдолтой байна. Мөн ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нас барагч Р.Аийн дүү Б.Энхтайваныг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн ба түүнийг нас барагч Р.А, хариуцагч Ж.Г нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулахдаа нас барагч Р.А нь өөрөө нотриатын газар очиж гэрээ байгуулсан эсэх, эсвэл нотариат түүний байгаа газар очиж гэрээг баталгаажуулсан эсэх талаар зөрүүтэй мэдүүлсэн байхад үүнийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэжээ.... гэжээ. Гэрч Б.Энхтайваныг асуулгах хүсэлтийг нэхэмжлэгч бус хариуцагч талаас гаргасан бөгөөд уг гэрч мэдүүлэхтэй 2 жилийн өмнөх зүйлийг санаж хэлж байгаа тул Чингэлтэй дүүргийн орчим байсан санагдаж байна гэж хэлсэн байх тул шүүгч тэрхүү мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй. Нас барагч Р.Аийг өөрөө очсон эсэх талаар зөрүүтэй мэдүүлэг хэрэгт байхгүйгээс гадна нотариатч Г.Хдээр өөрсдөө ирж гэрээ байгуулсан гэдгийг хамтран хариуцагч ч хэлдэг. Хэрэв гэрээр очиж үйлчилсэн тохиолдолд ямар хаяг дээр, хэзээ очсон талаар тэмдэглэл үйлдэгддэг. Гэтэл хэрэгт авагдсан бүртгэлийн дэвтэр дээр гэрээний талуудын өөрсдийнх нь гарын үсэг зурагдсан байх тул талийгаач дээр очиж гэрээг баталгаажуулаагүй гэдэг нь нотлогдож байхаас гадна нэхэмжлэгчийн төлөөлөгч анх нзхэмжлэл гаргахдаа эмнэлгээс оргуулж нотариат авч явсан гэдэг байсан боловч эмч О.Золзаяагийн мэдүүлэг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тодорхойлолт зэргээр тэрхүү тайлбар нь няцаагддаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлт болгоныг хангаж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж байж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд энэ хугацаанд хариуцагч эд хөрөнгөөрөө хохирон байж хүлээцтэй хандаж ирсэн байхад дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаад гомдолтой байгаа юм. Ийнхүү Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 сарын 07-ны өдрийн 1069 дугаар магадлал нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн үндэслэлтэй болжээ. Магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагч Ж.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Ж.Г, Г.Хнарт холбогдуулан 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Р.А, Ж.Г нарын хооронд байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээ, уг бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Ж.Г нь нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 42 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ш.Эрдэнэбат 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бүртгэгдсэн, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр  өмчлөх эрхээ Р.Аэд шилжүүлсэн, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Р.А нь орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулж, өмчлөх эрхээ Ж.Гад шилжүүлсэн, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ж.Г бүртгэлтэй байгаа, эдгээр хоёр бэлэглэлийн гэрээг нотариатч Г.Хгэрчилсэн баримтууд хэрэгт авагдсан байна. Ш.Эрдэнэбат нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Ж.Г нь Солонгост ажиллаж байхдаа мөнгө явуулж орон сууцыг авахуулсан, дараа нь өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан...” гэсэн байх ба хариуцагч Ж.Г нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хамаатны хүн болох Р.А нь орох оронгүй, мөн Америкийн визэнд орох хэрэгтэй байсан тул түүний нэр дээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээд, дараа нь буцааж авсан...” гэж маргажээ.

Нэхэмжлэгч Г.Г нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо нөхөр Р.А эмнэлэгт хэвтэж хүнд өвчтэй байсан тул гэрээ байгуулах боломжгүй гэснээс гадна уг орон сууцыг 2012 онд худалдан авсан, гэр бүлийн дундын эд хөрөнгө байсан,  нөхөр Р.А нь хорт хавдартай, эмнэлэгийн хяналтад, ухаан санаа нь хэвийн бус байхад Ж.Г нь гэрээнд гарын үсэг зуруулсан гэж хэд хэдэн үндэслэл заасан байхад анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтэд үндэслэж Р.А нь гэрээнд гарын үсэг зурсан нь тогтоогдсон гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны зүйлийг бүрэн тодорхойлж, тэдгээрийг мэтгэлцүүлэхэд чиглүүлж чадаагүй байна. Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 6535 дугаар дүгнэлтээр 2012 оны 11 дүгээр сарын 22, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, нотариатын дэвтэр дээр Р.А гарын үсэг зурсан байдал тогтоогдсон боловч гэрээг байгуулах үед түүний эрүүл мэндийн байдал нь ямар байсан, өөрийн үйлдэлээ ухамсарлах чадвартай байсан эсэх, мөн маргаж буй орон сууцыг 2012 онд хэн нь худалдаж авсан үйл баримтууд маргааны зүйл болсон байх ба энэ талаар зохигчид мэтгэлцэж чадаагүй байна.

Магадлалд заасан үндэслэлээс гадна нэхэмжлэгч Г.Ггийн нэхэмжлэлийн аль шаардлага нь хариуцагчийн хэнд нь холбогдож байгааг тодруулж, маргааны талууд,  маргааны зүйл, мэтгэлцээний хүрээг тодорхой болгох шаардлагатай болно.

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг дүгнэж, эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар  сарын 07-ны өдрийн 1069 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРСАЙХАН

                       ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА