Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0322/З |
Дугаар | 358 |
Огноо | 2017-10-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 358
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Пүрэвтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Миеэгомбо, Д.Баттулга, Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мөнхзул, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/0453 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0597 дугаар магадлалтай, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/0453 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.3, 24 дүгээр зүйлийн 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.2.1, 40.2.3, 40.3, 43 дугаар зүйлийн 43.1, 47 дугаар зүйлийн 47.1.6, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 4, 30 дугаар зүйлийн 1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 21 дүгээр зүйлийн 2, 3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 23 дугаар зүйлийн 23.3.4-д заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэлийн “Э” ХХК болон “МРЦ” ХХК-д холбогдох хэсгийг болон Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/497 тоот албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/500 тоот албан бичгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, удирдамж батлах тухай” А/50 тоот тушаал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Удирдамж өгөх тухай” А-1/666 тоот албан бичиг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл болон дахин олгосон гэрчилгээг тус тус хүчингүй болгож, “Э” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 49 хувийн эзэмшигчээр “М” ХХК-ийг бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0597 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/0453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0597 дугаар магадлалтай танилцаад эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2016 оны 06 дугаар тогтоолоор Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет нэгдлийн 49 хувийг худалдан авах ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомжууд тус тус зөрчсөн байсныг илрүүлж, Улсын Их Хурал 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Э” ХХК, “МРЦ” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 23 дугаар тогтоолыг хэлэлцэн баталсан.
Уг тогтоолоор Засгийн газрын 2016 оны 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож тус үйлдвэрүүдийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосны дагуу Засгийн газар хуулиар олгогдсон эрх хэмжээндээ нийцүүлэн зохих шийдвэр гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу хуулийг буруу тайлбарлан хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ”, 11.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй байна гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн үзвэл тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын Дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана” гэж заасныг тус тус зөрчсөн.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1-т “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1-т Засгийн газар нь “Үндсэн хууль бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” бүрэн эрхтэй гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 1-т “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна.”, мөн зүйлийн 2-т “Засгийн газар үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана”, Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2-т “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж тус тус хуульчилсан. Дээрх үндэслэлүүд нь Улсын Их Хурал, Засгийн газар /бас Үндсэн хуулийн цэц/-аас өөр субъект Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгохгүй гэдгийг шууд тодорхойлсон байна. Мөн “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байтал захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэж буй нь Үндсэн хуулиар хуульчилсан Засгийн газар, Улсын Их Хурлын эрх хэмжээнд халдсан байна.
Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” 2005 оны 02 дугаар дүгнэлтэд “...Захиргааны хэргийн шүүхэд төрийн гүйцэтгэх дээд байгууллагын шийдвэрийг хянах эрх хэмжээ Үндсэн хуулиар олгогдоогүй байна.” гэж дүгнэсэн бөгөөд энэхүү шийдвэр нь одоо ч хүчин төгөлдөр хэвээрээ байгаа болно.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/0453 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0597 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.
Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0597 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
“М” ХХК нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татаж “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хийгдсэн “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК, “МРЦ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдлийг хүчингүй болгуулах, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон “Э” ХХК, “МРЦ” ХХК-ийн 49 хувийн эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэж, гэрчилгээ шинээр олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/0453 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0597 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зуйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасны дагуу шүүхээс нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзана гэж заасан.
Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй.” гэж, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.” гэж тус тус заасан байна.
“М” ХХК нь “Э” ХХК-ийн 49 хувийн хувьцааг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжүүлэн, дүрмийн зарим заалтын өөрчлөлт болон захирлыг өөрчилж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон улсын бүртгэгчийн үйлдэлтэй холбогдуулан ямар нэг хүсэлт гомдлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд гаргаж хянан шийдвэрлүүлээгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгөх тухай хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан боловч хуулийн шаардлагыг биелүүлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэр, магадлал гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал “Э” ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсныг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн талаар хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаагүй бөгөөд бүртгэлийн байгууллагын зүгээс уг бүртгэлийн талаар ямар нэг шийдвэр гаргаагүй байхад шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч, бүртгэлийг хүчингүй болгон, бүртгэж гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд дээрх магадлалын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдааны тэмдэглэлээр Улсын Их Хурлын 2017 оны ““Э” ХХК, “МРЦ” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлт удааширч байгааг харгалзан дээрх компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөллөөр бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт даалгажээ. /1 хавтас 150 хуудас/
Үүний дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/497 тоот албан бичгээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт “Э” ХХК, “МРЦ” ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгох зорилгоор тус компаниудын Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, дүрмийг шинэчлэн батлах арга хэмжээ авах, мөн өдрийн ХЭГ/500 тоот албан бичгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт “Э” ХХК-ийн төрийн өмчийн төлөөллөөр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж нарын албан тушаалтныг томилон ажиллуулах чиглэлийг тус тус өгсөн байна.
Дээрх чиглэлийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, удирдамж батлах тухай” А/50 дугаар тушаалаар “Э” ХХК болон “МРЦ” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр болох хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд төрийн өмчийг төлөөлөн оролцох төлөөлөгчдийг томилон, тус хурлаар хэлэлцэх асуудалд өгөх саналын удирдамжийг баталснаар “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Компанийн дүрмийн зарим заалтыг өөрчлөн найруулах тухай 01 дүгээр тогтоол гарч, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэхийг даалгасан байна.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Э” ХХК, “МРЦ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээг дахин олгожээ.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Удирдамж өгөх тухай” А-1/666 тоот албан бичгээр “Э” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдэд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хурлаар хэлэлцэх асуудал, хурлаас гарах шийдвэрт өгөх удирдамж, чиглэлийг өгчээ.
Нэхэмжлэгч “М” ХХК дээр дурдсан захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл болон дахин олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон “Э” ХХК-ийн 49 хувийн эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэж гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах шаардлага гаргажээ.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн Захиргаан хэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан харилцаанд хамаарахгүй, Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалан шийдэхээр хуульд тусгайлан заагаагүй нийтийн эрх зүйн маргаан тул Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдсэнийг шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзэхгүй.
Иймд “харьяаллын бус маргааныг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Харин Хяналтын шатны шүүх, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын буюу хэргийн хоёр оролцогчийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргааны үйл баримт тус бүрт эрх зүйн дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдааны тэмдэглэл” Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийг зөрчсөн” гэж маргасан байхад хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвхөн “Монгол Улсын Засгийн газартай холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдэхгүй” хэмээн тайлбарласнаас өөрөөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тайлбар гаргаж мэтгэлцээгүй байна.
Нэгэнт маргааны үндэс болсон Монгол Улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэлтэй холбоотой үйл баримтын талаар хариуцагчийн тайлбар хэрэгт байхгүй байхад нэхэмжлэлийн бусад шаардлагуудад хяналтын шатны шүүх хуралдаанаас шууд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардсан Засгийн газрын хуралдааны тэмдэглэл эрх зүйн үр дагавар үүсгэж, заавал биелэгдэх шинжийг агуулж байгаа эсэх, уул тэмдэглэлийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар шүүхүүд эрх зүйн дүгнэлт хийх учиртай.
Нөгөөтэйгүүр төрийн өмчийн талаарх Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах” гэж заасан байна. Гэтэл шүүхүүд дээрх хуульд заасан шийдвэрийг Засгийн газар бичгээр гаргаагүй гэж дүгнэсэн атлаа хариуцагч ямар нөхцөл шалтгааны улмаас уул асуудлаар тухайлан шийдвэр гаргаагүй, эсхүл хуралдааны тэмдэглэл нь дээр дурдсан хуулийн “шийдвэр”-тэй дүйцэхүйц эрх зүйн хүчин чадалтай эсэх зэргийг хариуцагчаас тодруулж, хуулийн үндэслэл бүхий тайлбар авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/0453 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0597 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН