Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1375

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01134 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.М-т холбогдох

 

6 600 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

6 888 615 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсн төлөөлөгч Х.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 28 дугаар байр, 38 тоотод байрлах Тэлэмүгэн цайны газрыг сарын түрээсийн төлбөрийг 1 200 000 төгрөгөөр тооцож 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 11 500 000 төгрөгийг Д.О-д хүлээлгэн өгсөн. Д.О- нь намайг байлцуулан тухайн байрыг цайны газрын зориулалтаар засч тохижуулсан төлбөрөө аваад үлдсэн 1 500 000 төгрөгийг байрны эзэн Б.М-, Б.М- нарт хүлээлгэн өгснөөр тэдний хоорондын тооцоо дуусч миний бие тухайн объектыг түрээслэн ажиллуулах болсон. Түрээслэх хугацаанд буюу 2015 оны 11 дүгээр сарын 25-нд Б.М-ийн данс руу 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч тодорхой шалтгааны улмаас цаашид түрээслэн ажиллуулах боломжгүй болсон тул Б.М-тэй харилцан ярилцаж дараагийн түрээслэгчийн төлсөн төлбөрөөс үлдэгдэл тооцоог төлж дуусгахаар тохиролцсон.

Б.М- нь тухайн цайны газрыг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс н.Уламбаяр гэх хүнд түрээслүүлж сарын 1 300 000 төгрөгөөр тооцож зургаан сарын төлбөрт 7 800 000 төгрөг авсан байсан. Гэтэл Б.М- ...түрээслэгч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байна. Өгсөн нь энэ шүү гээд миний данс руу 2 000 000 төгрөг шилжүүлсэн.

Хариуцагч нь энэ оны 6 дугаар сард дараагийн н.Лхагвасүрэн гэх түрээслэгчээс 2 сарын түрээсийн төлбөр 2 300 000 төгрөг, барьцаа 1 300 000 төгрөг нийт 3 600 000 төгрөгийг бэлнээр надад өгсөн.

Бид Б.М-ийн дараа дараагийн түрээсийн орлогоос миний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар өмнөхийн адил ярилцаж тохиролцсон боловч одоог хүртэл төлж дуусгаагүй байна. Иймд Б.М-ээс миний өгсөн нийт 12 500 000 төгрөгөөс түрээсэлсэн төлбөр 300 000 төгрөг, эргүүлэн өгсөн 5 600 000 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр 6 600 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, бага тойруугийн 28 дугаар байр, 30 тоотод байрлах цайны газрыг засварлахыг дүү Б.М-д миний бие даатгасан. Б.М- нь засвар хийлгэхээр хөөцөлдөх явцад Д.О- гэгч тааралдаад өөрөө засвар хийн улмаар түрээслэн ажиллуулна гэсэн. Түрээсийн төлбөртөө засварын зардлыг тооцохоор тохирсон байсан. Энэ асуудлыг би мэдээд ийм зүйл байхгүй, Д.О-ийг бусдын эд хөрөнгийг ашиглан залилан мэхэлсэн асуудлаар нь цагдаад хандах гэтэл С.М- болиулсан. Тэрээр цагдаад өгөөд хэрэггүй, би түрээслэнэ, таныг хохироохгүй гэсэн. Тэр хоёрын хоорондох өгөө авааны асуудлыг би мэдэхгүй. Удалгүй нөгөө С.М- нь би болилоо, н.Уранбаяр гэх эмэгтэйд түрээслүүлэхээр боллоо гээд алга болсон. Гэтэл нөгөө С.М- над руу яриад би н.Уранбаяраас хүлээгээд авсан. Одоо н.Лхагвасүрэн гэдэг хүнд түрээслүүлнэ гээд шилжүүлсэн. Гэтэл н.Лхагвасүрэн нь бас түрээслэхээ больсон. С.М- нь н.Лхагвасүрэнгээс 4 100 000 төгрөг авсан байсан. Би С.М-тэй гэрээ хийгээгүй, түүнд мөнгө төлөх үүрэг байхгүй. Анхны засвар хийсэн Д.О-тэй тэр хүн тооцоо хийх ёстой. Би үүнийг ойлголгүй харин С.М-т 6 600 000 төгрөг өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Д.О-, С.М- нартай түрээсийн гэрээ байгуулаагүй, харин Д.О-ийн хувьд засвар эхлээд хийгээд дараа нь түүнийгээ түрээсэнд тооцохоор ярьж байсан нь үнэн. Гэхдээ хэдэн төгрөгийн засвар хийсэн гэдэг нь тодорхойгүй, түүнийг нь би хүлээн аваагүй, би өөрөө түрээслэхээ болилоо, харин засварын мөнгөө С.М-ээс авахаар боллоо гээд алга болсон. Миний хувьд Д.О-тэй ямар нэг гэрээ хийгээгүй учраас хэнээс хэдэн төгрөг авч зассан, дараа нь засварын мөнгийг хэнээс яаж авч байгааг нь ойлгоогүй, ойлгохыг ч хүсээгүй юм.

Гэхдээ С.М-т мөнгө өгөх ёстой юм байлгүй гэж бодоод н.Уранбаяраас авсан 2 000 000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг авсан гэдгээ нэхэмжлэл болон хариу тайлбартаа хүлээн зөвшөөрсөн болно. Дараа нь Лхагвасүрэнгээс эхлээд 500 000 төгрөг, Лхагвасүрэн болон эхнэр, миний бие хамтран байлцах үед Лхагвасүрэнгээс шууд С.М-т 3 600 000 төгрөг өгсөн. Энэ мөнгөний хувьд С.М- нь 3 100 000 төгрөг авсан гэж хүлээн зөвшөөрдөг бөгөөд 500 000 төгрөгийг аваагүй гэдэг. Гэвч шүүхэд Лхагвасүрэн мэдүүлэг өгөхдөө 3 600 000 төгрөгийг өгсөн. Өмнө нь 500 000 төгрөг өгсөн гэж гэрчилдэг.

Мөн түрээсийн гэрээтэй н.Уранбаяраас ашиглалтын зардал 788 615 төгрөгийг би авах ёстой байтал С.М- би аваад явуулчихлаа гэсэн учир тэр мөнгийг надад өгөх ёстой. н.Уранбаярыг явуулсан, кафег хүлээн авсан гэдгээ С.М- нь хариу тайлбартаа хэлсэн байдаг. Цаашилбал, С.М- нь манай кафег нэг сар ашигласан, үүний төлбөрт 1 500 000 төгрөгийг төлөх ёстой. Гэвч түрээсийн гэрээгүй учраас би нэхэж чадахгүй байна.

Иймд өөрийн нь хүлээн зөвшөөрсөн н.Уранбаяраас авсан 2 000 000 төгрөг, өөрийнх нь мэдүүлэг болон н.Лхагвасүрэнгийн мэдүүлгээр нотлогдож байгаа 4 100 000 төгрөг, өөрийнх нь тайлбар болон Лхагвасүрэнгийн мэдүүлгээр нотлогдож байгаа Уранбаярын мэдүүлгээр нотлогдож байгаа Уранбаярын төлөх ёстой, өмнөөс нь тооцоо хийхээр тохирсон 788 615 төгрөг, нийт 6 888 615 төгрөгийг С.М-ээс нэхэмжилж байна.

Д.О- гэдэг хүн надаас засварын мөнгөө нэхэмжлэх байх, би түүнд хийсэн засвар буюу оруулсан хөрөнгө оруулалтыг харилцан тохиролцон өгөх ёстой. Тиймээс Д.О- өгөх мөнгөө андуурч өгсөн С.М-ээс нэхэмжилж байгаа юм.

Иргэний хуульд үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээний эрх зүйн зохицуулалт байна. Эндээс харахад түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээг хүчин төгөлдөр бус байна. Иймд С.М-ээс 6 888 615 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Ирэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар Б.М-ээс 6 100 000 төгрөгийг гаргуулж С.М-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 500 000 төгрөг, хариуцагч Б.М-ийн 6 100 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.М-ээс төлсөн 120 550 төгрөг, хариуцагч Б.М-ээс төлсөн 125 168 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Б.М-ээс 112 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.М-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 15 999 төгрөг 84 мөнгийг Банязүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 данснаас буцаан гаргуулж хариуцагч Б.М-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01134 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

Миний бие сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэх агуулгатай үндэслэл давхацсан гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Д.О-ийн уг зоогийн газарт хийсэн гэх засвар нь зоогийн газар ажиллуулахад огт тохироогүй, өнгө үзэмж маш муутайн дээр хананы ногоон өнгө дээрээс шар өнгөөр 1 давхарлаж будсан ба цаана хана дээр зурсан цэцэг нь нэвт харагдаж байсан зэрэг бүхэлдээ загалтсан ханатай болсон гэх мэтээр санаанд огт нийцэхээргүй засвар хийсэн байсан. Тийм ч учраас би уг зоогийн газарт хийсэн гэх засварыг огт хүлээж аваагүй байхад өөрсдөө тийм хүн харж, тав тухай байхын аргагүй муухай засвар хийсэн байсан. Мөн засвар хийгдсэн гэх засварын үнэлгээнд орсон байсан АПУ-гаас үнэгүй тараадаг пивоны аяга, хэн ч авахааргүй салбарсан моднууд эвлүүлж тавцан босгосон, 10 ширхэг ширээ сандал, мөн шатсан тогоо гэх мэт дандаа хуучирч, муудсан эд зүйлсэд өөрсдөө өндөр үнэ зохиож бичсэнийг нь үнэлгээнд тооцож надаас гаргуулахаар шийдсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, тэдгээр зүйлсийг нь эргүүлэн өгөх хүсэлтэй байна. Энэ тухай н.Оюунгэрэлтэй удаа дараа утсаар ярьж уулзах гэсэн боловч өөдөөс хашгирч уурлаад ярилцаж ерөөсөө чадаагүй. Ингээд би тэр муухай засвар хийсэн гэх ажлыг нь бүгдийг нь нурааж, хуулж авч шинээр өөрийн зардлаар засварын ажил хийсэн. Би 12 500 000 төгрөгөөр хөрөнгөжөөгүй. Ийм байхад тэр засвар гээд муухай болгосон зүйл нь надад огт хөрөнгө оруулалт болж үлдээгүй бөгөөд намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нь үндэслэлгүй юм. Сайн засвар байсан бол би өөрөөсөө ингэж дахиж мөнгө гаргаж засвар хийхгүй байх байсан. Тэгээд засвар хийсэн гэх энэ мөнгөө н.Оюунгэрэл нь С.М-ээс авсан байсан. Би үүнийг хүлээн зөвшөөрөөгүй.

н.Оюунгэрэл нь ямар ч төлбөрийн баримтгүй засварын зардал гэж өөрөө үнэ зохиож бичсэн дэвтрийг шүүх нотлох баримтаар үнэлж надаас мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн шүүх хурал дээр н.Оюунгэрэл нь 11 500 000 төгрөгийг С.М-ээс авсан гэдгээ өөрөө хэлж, хүлээн зөвшөөрсөн байдаг. Эндээс хөрөнгөжсөн хүн нь би биш ганцхан н.Оюунгэрэл бөгөөд энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь би биш н.Оюунгэрэл юм.

Харин үнэлгээний байгууллагын дүгнэлтээр хийсэн гэх засварын зардал нь 6 сая төгрөг гэж тогтоосон байдаг. Гэтэл шүүх тухайн баримтыг үнэлэлгүйгээр засварын зардлыг шууд 11 500 000 төгрөг гэж тооцож хариуцагч биш надаас 6 100 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг үнэлээгүй, хууль бус буруу шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд н.Оюунгэрэл нь С.М-ээс мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөөр байхад хариуцагчийг буруу тогтоож, үнэлгээний байгууллагын үнэлгээ гарсан байхад засварын үнэлгээг буруу тогтоож, үр шим нь надад ирээгүй, хүлээн авах боломжгүй засвараас намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буруу дүгнэн шийдвэр гаргасан учир ИХШХШТХ-ын 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтын дагуу шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

Хариуцагч Б.М-т холбогдуулан 6 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч С.М- гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 6 888 615 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүх хуралдааны шатанд 6 100 000 төгрөг болгон багасгажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “түрээсийн гэрээ байгуулах зорилгоор түрээслүүлэгчид /Д.О-ийг түрээслүүлэгч гэж ойлгосон/ төлбөрт 11 500 000 төгрөг, мөн түрээслүүлэгчид /Б.М-т/ 1 000 000 төгрөг шилжүүлсэн боловч гэрээ байгуулагдаагүй тул буцаан шилжүүлсэн төлбөрийг хасч зөрүү болох 6 600 000 төгрөгийг төлбөр авсан хариуцагч Б.М-ээс буцаан гаргуулна” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгчээс Д.О-д шилжүүлсэн 6 600 000 төгрөгийг хариуцагч Б.М-ийн эд хөрөнгөд орсон хөрөнгөжилт гэж үзэж шаардсан гэх агуулгатай байна.

 

Хариуцагч Б.М-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 28 дугаар байрны 38 тоотод байрлах цайны газрыг нэхэмжлэгч С.М- түрээслэх зорилгоор түрээсийн төлбөрт 11 500 000 төгрөгийг Д.О-д, 1 000 000 төгрөгийг хариуцагч Б.М-т шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй байна. /хэргийн 1 дэх хавтас 3, 20 дугаар тал/

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй.” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, хэн нэг этгээд нөгөөдөө хөрөнгө шилжүүлж өгөх үүрэггүй атлаа шилжүүлсэнээс нөгөө тал нь хөрөнгөжсөн тохиолдолд уг шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрхийг олгосон зохицуулалт юм.

 

Хэрэгт авагдсан баримт гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч С.М- 11 500 000 төгрөгийг хариуцагчид бус, Д.О- гэх хүнд өгсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчид мөнгө төлөх үүрэг хариуцагч Б.М-т үүсэхгүй.

 

Мөн Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар бусдын зардлаар аливаа этгээдийн эд хөрөнгөд сайжруулалт гарсан бол хөрөнгөжсөн гэж үзэж зардал гаргасан этгээдэд төлбөр төлөх үүрэг хуулиар үүснэ. Нэхэмжлэгч С.М-ээс хариуцагч Б.М-ийн эд хөрөнгийг сайжруулахад шууд зардал гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно. Хариуцагч Б.М-ийн цайны зориулалтай байранд Д.О- нь засвар хийсэн гэдэг үйл баримт зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч С.М- 11 500 000 төгрөгийг Д.О-д шилжүүлсэн нь хариуцагчийн эд хөрөнгөнд нэхэмжлэгч өөрөө зардал гаргасан гэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, Д.О-д мөнгө нэхэмжлэгчээс шилжүүлсэн үйл баримт нь хариуцагчийн хөрөнгөд нэхэмжлэгч зардал гаргасан буюу нэхэмжлэгчийн өөр гуравдагч этгээдэд шилжүүлсэн мөнгөний хэмжээгээр хариуцагч хөрөнгөжсөнд тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцэхгүй юм. Нөгөө талаар, Д.О-ийн хувьд 11 500 000 төгрөгийг нэхэмжлэгч С.М-ээс аваад хариуцагч Б.М-ийн хөрөнгөд бүхэлд нь оруулж тэр хэмжээгээр Б.М- хөрөнгөжсөн гэх шалтгаант холбоо хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн хариуцагч Б.М- 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан буюу нийт 6 100 000 төгрөг болгон буцааж өгсөн гэж хүлээн зөвшөөрсөн тайлбараас үзэхэд Д.О-ийн зардлаар хөрөнгөжсөн байгаа тэр хөрөнгийнхөө хэмжээг шууд дамжуулан Б.М-т буцаан өгсөн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч өөрөө 6 100 000 төгрөгийг зөвшөөрч нэхэмжлэгч С.М-т олгож байгаа гэсэн тайлбар нь түүнийг 11 500 000 төгрөгөөр хөрөнгөжсөн гэж үзэх эргэлзээгүй баримт болохгүй.   \

 

Түүнчлэн, хариуцагч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр тодорхой хэмжээний мөнгийг буцаан нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт талуудын тайлбар гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй. Хариуцагч сөрөг нэхэмжлэлтэй холбоотой давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч С.М-ийн хариуцагч Б.М-ээс 6 600 000 төгрөгийг гаргуулах, хариуцагч Б.М-ийн нэхэмжлэгч С.М-ээс 6 100 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01134 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч С.М-ийн хариуцагч Б.М-ээс 6 600 000 төгрөгийг гаргуулах, хариуцагч Б.М-ийн нэхэмжлэгч С.М-ээс 6 100 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Б.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 550 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                 ШҮҮГЧИД                         Ч.ЦЭНД

 

                                   С.ЭНХТӨР