Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00819

 

С.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01134 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 158 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч С.М-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.М-т холбогдох,

6 600 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 6 100 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяржаргалын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяржаргал, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжав, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 28 дугаар байр, 38 тоотод байрлах Тэлэмүгэн цайны газрыг сарын түрээсийн төлбөрийг 1.200.000 төгрөгөөр тооцож 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 11.500.000 төгрөгийг иргэн Д.Оюунгэрэлд хүлээлгэн өгсөн. Иргэн Д.Оюунгэрэл нь намайг байлцуулан тухайн байрыг цайны газрын зориулалтаар засч тохижуулсан төлбөрөө аваад үлдсэн 1.500.000 төгрөгийг байрны эзэн Б.М-, Б.Мөнх-Эрдэнэ нарт хүлээлгэн өгснөөр тэдний хоорондын тооцоо дуусч миний бие тухайн объектыг түрээслэн ажиллуулах болсон. Түрээслэх хугацаанд буюу 2015 оны 11 дүгээр сарын 25-нд Б.М-ийн данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч тодорхой шалтгааны улмаас цаашид түрээслэн ажиллуулах боломжгүй болсон тул Б.М-тэй харилцан ярилцаж дараагийн түрээслэгчийн төлсөн төлбөрөөс үлдэгдэл тооцоог төлж дуусгахаар тохиролцсон.

Б.М- нь ... 2.000.000 төгрөгийг дансаар, 3.600.000 төгрөгийг бэлнээр тус тус надад өгсөн. Бид Б.М-ийн дараа дараагийн түрээсийн орлогоос миний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар өмнөхийн адил ярилцаж тохиролцсон боловч одоог хүртэл төлж дуусгаагүй байна.

Иймд иргэн Б.М-ээс миний өгсөн нийт 12.500.000 төгрөгөөс түрээсэлсэн төлбөр 300.000 төгрөг, эргүүлэн өгсөн 5.600.000 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр 6.600.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Бага тойруугийн 28 дугаар байрны 30 тоотод байрлах газрыг засварлахыг дүү Б.Мөнх-Эрдэнэд би даатгасан. Б.Мөнх-Эрдэнэ засвар хийлгэхээр хөөцөлдөх явцад Д.Оюунгэрэл гэгч тааралдаад өөрөө засвар хийн улмаар түрээслэн ажиллуулна гэсэн. Түрээсийн төлбөртөө засварын зардлыг тооцохоор тохирсон байсан. Гэтэл Д.Оюунгэрэл миний байрыг өөрийн байр мэтээр зар өгч С.М-тэй түрээслэхээр тохирсон байсан. Энэ асуудлыг би мэдээд Д.Оюунгэрэлийг бусдын эд хөрөнгийг ашиглан залилан мэхэлсэн асуудлаар цагдаад хандах гэтэл С.М- болиулсан. Тэрээр цагдаад өгөөд хэрэггүй би түрээслэнэ, таныг хохироохгүй гэсэн. Тэр хоёрын хоорондох өгөө авааны асуудлыг би мэдэхгүй. Удалгүй нөгөө С.М- нь би болилоо, н.Уранбаяр гэх эмэгтэйд түрээслүүлэхээр боллоо гээд түүнд бас шилжүүлсэн.

н.Уранбаяр нь мөнгөө хагас төлөөд болилоо гээд алга болсон. Гэтэл С.М- надруу яриад би н.Уранбаяраас хүлээгээд авсан, одоо н.Лхагвасүрэн гэдэг хүнд түрээслүүлнэ гээд шилжүүлсэн. Гэтэл н.Лхагвасүрэн нь бас түрээслэхээ больсон. С.М- нь н.Лхагвасүрэнгээс 4 100 000 төгрөг авсан байсан.

Би С.М-тэй гэрээ хийгээгүй, түүнд мөнгө төлөх үүрэггүй. Анхны засвар хийсэн Д.Оюунгэрэлтэй тооцоо хийх ёстой. С.М-т 6 600 000 төгрөг өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие Д.Оюунгэрэл, С.М- нартай түрээсийн гэрээ байгуулаагүй, харин Д.Оюунгэрэлийн хувьд засвар эхлээд хийгээд дараа нь түүнийгээ түрээсэнд тооцохоор ярьж байсан нь үнэн. Гэхдээ хэдэн төгрөгийн засвар хийсэн нь тодорхойгүй, түүнийг би хүлээн аваагүй, би өөрөө түрээслэхээ болилоо, харин засварын мөнгөө С.М-ээс авахаар боллоо гээд алга болсон.

... Гэхдээ С.М-т мөнгө өгөх ёстой юм байлгүй гэж бодоод н.Уранбаяраас авсан 2 000 000 төгрөгийг өгсөн. Дараа нь н.Лхагвасүрэнгээс эхлээд 500 000 төгрөг дараа нь н.Лхагвасүрэн болон эхнэр, миний бие хамтран байлцах үед н.Лхагвасүрэнгээс шууд С.М-т 3 600 000 төгрөг өгсөн.

Түрээсийн гэрээтэй н.Уланбаяраас ашиглалтын зардал 788 615 төгрөгийг би авах ёстой байтал С.М- нь би н.Уранбаяртай тооцоо хийгээд, хүлээн авлаа, түүнийг явуулчихлаа гэсэн.

Иймд өөрийнх нь хүлээн зөвшөөрч байгаа н.Уранбаяраас авч өгсөн 2 000 000 төгрөг түүний болон н.Лхагвасүрэнгийн мэдүүлгээр нотлогдож 4 100 000 төгрөг, өөрийнх нь тайлбар болон н.Лхагваүрэгийн мэдүүлгээр нотлогдож байгаа н.Уранбаярын төлөх ёстой, өмнөөс нь тооцоо хийхээр тохирсон 788 615 төгрөг, нийт 6 888 615 төгрөгийг С.М-ээс нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Мөнх-Эрдэнэ Оюунгэрэлээс 1 500 000 төгрөгийг аваад Оюунаатай бүрэн тохиролцсон. “Танайх одоо ажилла” гэсний дагуу бид ажиллаж эхэлсэн. Түрээслүүлэгч Б.М- өөрөө хүлээн зөвшөөрч манайхаас түрээсийн үлдэгдэл болох 1 000 000 төгрөг авсан. Манай мөнгийг дараагийн түрээслэгчээс авч өгнө гэдгээ Б.М- удаа дараа тохиролцсон бөгөөд үүний дагуу 5 600 000 төгрөг төлсөн.

Уулзаж ярилцах явцад манай мөнгийг төлж барагдуулна гэдгээ удаа дараа ярьж хэлж байсан. Үүнийгээ мессеж хэлбэрээр ч илэрхийлсэн. 3 дугаар сард ахин тохиролцоонд хүрсэн. Энэ нь 04 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 7 сарын хугацааны түрээсийн мөнгийг манайд өгнө. Дээр нь нэмээд 400 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Үүнийгээ мессеж хэлбэрээр баталгаажуулсан. Оюунгэрэлээс хүлээж авсан юм аа мэдэж байгаа юм чинь Уранбаярт хүлээлгээд өгчих гэсний дагуу гуанзны эд хогшлыг Уранбаярт хүлээлгэн өгсөн. Уранбаяраас хүлээж авах үед М- өөрөө байсан. Уранбаяртай тооцоо дууслаа гээд түлхүүрээ өөрөө аваад явсан. Уранбаяр харин М-ээс “та сүүлийн сарын түрээсээ 1 000 000 төгрөг болгоно гэсэн шүү дээ” гээд 300 000 төгрөг нэхэж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01134 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар Б.М-ээс 6 100 000 төгрөгийг гаргуулж С.М-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 500 000 төгрөг, хариуцагч Б.М-ийн 6 100 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.М-ээс төлсөн 120 550 төгрөг, хариуцагч Б.М-ээс төлсөн 125 168 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Б.М-ээс 112 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.М-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 15999 төгрөг 84 мөнгийг Банязүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 данснаас буцаан гаргуулж хариуцагч Б.М-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 158 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01134 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Давж заалдах шатны шүүх магадлалдаа "...гэрчийн мэдүүлэг, талуудын гаргасан тайлбараар эдгээр мэдүүлэг, тайлбарын зөрүүг тодруулах шаардлагатай..., хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Оюунгэрэлийг гуравдагч этгээдээр оролцуулах эсэх асуудлыг тодруулах шаардлагатай..., өр авлагын асуудалд Д.Оюунгэрэл холбоотой гэж үзвэл, уг этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эсхүл Д. Оюунгэрэл хариуцагчид холбогдуулан ямар шаардах эрхийг шилжүүлэн авсан нь тодорхой бус байна. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байгаа нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон” гээд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангаагүй гэж үзээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж магадлалын үндэслэлийг гаргаж маргааныг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарласан хэрэглэсний дээр эрх зүйн дүгнэлт зөв хийгээгүй алдаа гаргасан гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 сарын 18-ны өдрийн 158 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч С.М- нь хариуцагч Б.М-ээс түүнд шилжүүлсэн 6 600 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Б.М- нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй гэрээ хийгээгүй, түүнд мөнгө төлөх үүрэггүй гэж нэхэмжлэлийг татгалзсанаас гадна нэхэмжлэгчээс 6 888 615 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилжээ.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахдаа зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа тодорхой бус, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ойлгомжгүй, хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй, шүүх Иргэний хуулийн гэрээний болон гэрээний бус үүргийн харилцааг зааглан ялгаагүй гэж үзсэн байна.

Хэргийн нөхцөл байдал, маргааны үйл баримт, нотлох баримтын бүрдлийн талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1., 168.3.-т зааснаар анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1., 172.2.2.-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бол энэ үндэслэлээр хяналтын гомдол гаргахыг зохицуулсан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд давж заалдах шатны шүүх хуулийн ямар зохицуулалтыг хэрхэн буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг яаж зөрчсөн талаар заагаагүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 158 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 112 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН