Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2017/03465

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 01 өдөр          Дугаар 101/ШШ2017/03465          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Туул 0 гудамж, 0 тоотод оршин суух, 37 настай, эмэгтэй, Б овогт Сын Мийн /**********/  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Роял Кэстл хотхон, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух, 42 настай, эмэгтэй, Э хамба овогт Бын Мт /**********/ холбогдох,

            6 600 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 6 888 615 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

            С.М миний бие Сүхбаатар дүүргийн 0дугаар хороо, Бага тойруу гудамж, 0 дугаар байр, 0 тоотод байрлах Т цайны газрыг сарын түрээсийн төлбөрийг 1 200 000 төгрөгөөр тооцож 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 11 500 000 төгрөгийг иргэн Д.Од хүлээлгэн өгсөн.

            Иргэн Д.О нь намайг байлцуулан тухайн байрыг цайны газрын зориулалтаар засч тохижуулсан төлбөрөө аваад үлдсэн 1 500 000 төгрөгийг байрны эзэн Б.М, Б.М нарт хүлээлгэн өгснөөр тэдний хоорондын тооцоо дуусч миний бие тухайн объектыг түрээслэн ажиллуулах болсон. Түрээслэх хугацаанд буюу 2015 оны 11 дүгээр сарын 25-нд Б.Мийн данс руу 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн.

            Гэвч тодорхой шалтгааны улмаас цаашид түрээслэн ажиллуулах боломжгүй болсон тул Б.Мтэй харилцан ярилцаж дараагийн түрээслэгчийн төлсөн төлбөрөөс үлдэгдэл тооцоог төлж дуусгахаар тохиролцсон.

Б.М нь тухайн цайны газрыг 2015 оны 12 дугаар сарын 10-наас Уламбаяр гэх хүнд түрээслүүлж сарын 1 300 000 төгрөгөөр тооцож зургаан сарын төлбөрт 7 800 000 төгрөг авсан байсан. Гэтэл Б.М “...түрээслэгч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байна. Өгсөн нь энэ шүү” гээд миний данс руу 2 000 000 төгрөг шилжүүлсэн.  

Хариуцагч нь энэ оны 6 дугаар сард дараагийн Л гэх түрээслэгчээс 2 сарын түрээсийн төлбөр 2 300 000 төгрөг, барьцаа 1 300 000 төгрөг авч нийт 3 600 000 төгрөгийг бэлнээр надад өгсөн.

Бид Б.Мийн дараа дараагийн түрээсийн орлогоос миний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар өмнөхийн адил ярилцаж тохиролцсон боловч одоог хүртэл төлж дуусгаагүй байна.

Иймд иргэн Б.Мээс миний өгсөн нийт 12 500 000 төгрөгөөс түрээсэлсэн төлбөр 300 000 төгрөг, эргүүлэн өгсөн 5 600 000 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр 6 600 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.М шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасан тайлбартаа:

 С.М миний бие 2016 оны 11 дүгээр сарын 01-нй өдрийн сонинд гарсан зарын дагуу тус цайны газрыг үзэхээр очсон. О гэх эмэгтэй тус газрыг танилцуулсан. Сарын түрээс 1 300 000 төгрөг, төлбөрийг жилээр авна гэсэн. Би тус газрыг түрээслэхээр болж маргааш нь очиж уулзсан боловч О: тус газрын эзэнтэй нь гэрээ хий, эзэн нь ажилтай байгаа ирэхээр нь ярья, чи төлбөрөө аваад ирээрэй гэсэн.

Ингээд 5-7 хоног хүлээсэн. 11 сарын 9-нд байх Отай очиж уулзсан. Тэгэхэд О: надад мөнгөө өгчих, эзэн маргааш гэрээ хийнэ гэж хэлээд 11 500 000 төгрөг өөрөө аваад үлдсэн 2 000 000 төгрөгийг эзэнд өгөөд гэрээгээ хийгээрэй гээд гар баримт үйлдэн тус газрыг хүлээлцсэн. Гэтэл маргааш нь тус газар маргаантай гэдэг нь мэдэгдсэн. О руу яриад асуухад: Би ийм ийм байдлаар тохижуулсан. Өөрөө надтай ирж уулзаагүй, намайг зар өгөөд хүн ол гэсэн. Би авах ёстой мөнгөө авсан. Б.Мтэй ингэж тохирсон юм гэсэн тайлбар өгсөн.

 Ингээд Б.Мийн дүү Б.М, О бид гурав удаа дараа уулзаж ярилцсан. Эцэст нь манайх Огаас мөнгөө авах уу эсвэл тус газрыг түрээслэх үү гэдгийг шийдвэрлэх зорилгоор Б.М, О нартай манай нөхөр Сансрын Оргилуун төвийн хоолны газарт шийдвэрлэх уулзалт хийсэн. Тухайн үед О эзэн Б.Мтэй уулзах хүсэлтийг дүү Б.Мд удаа дараа тавьсан. Б.М гарч эгчтэйгээ хэд хэдэн удаа утсаар ярьсан. Тэгээд Од: одоо танайх 1 500 000 төгрөг өг тэгвэл би чамтай тооцоо дуусгая гэсэн шаардлага тавьсан.

О: Би 1 500 000 төгрөг өгөх учиргүй эгчтэй чинь уулзаж ярилцмаар байна гэсэн. Энэ үед манай нөхөр Од: Манайхаас авсан мөнгөө өг, эсвэл энэ хүмүүстэйгээ шийдэлд хүр гэсэн хүсэлт тавиад бид явсан.  

Манайх ажлаа эхэлж Б.Мтэй гэрээ хийх асуудлыг удаа дараа тавьсан боловч: ажилтай байна гэсэн шалтгаанаар ирж гэрээ хийгээгүй. Иймд бид ажиллах боломжгүй байна болилоо гэж Б.Мт хэлсэн. Б.М: тэгвэл та нар зар өг чи өөрийнхөө дугаарыг тавиарай гэсний дагуу зар өгч дараагийн түрээслэгч Б.Мийн хүсэлтийн дагуу Уранбаярт ажлын байрыг акт үйлдэн хүлээлгэж өгсөн. Б.М Уранбаяртай гэрээ хийгээд мөнгөө аваад манайд өгөхөөр тохирсон. Тодорхой хугацааны дараа мөнгөө авах хүсэлт явуулахад: Гэрээ хийгээгүй байгаа, мөнгөө аваагүй байгаа, би гадаадад явлаа гэх шалтгаанууд ярьж багагүй хугацаа өнгөрсөн. /Б.М 12 дугаар сарын 05-нд манай данс руу 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Энэ үед гэрээ хийгдсэн гэдэг нь сүүлд мэдэгдсэн./ Ингээд тодорхой хугацааны дараа Уранбаяртай уулзахад гэрээ хийгдэж Б.М мөнгөө авсан гэдэг нь мэдэгдсэн. Б.М гэрээ хийхдээ Уранбаярт манай талтай мөнгө төгрөгийн асуудал ярьж болохгүй шүү гэдгийг сануулж хэлсэн байдаг.

Ингээд 2016 оны 02 дугаар сарын 01-нд Б.Мээс Отай үйлдсэн баримтаа авъя гэж уулзахаар болсон. /баримтыг манайх орох үед М ирж авсан байсан/ мөн хэд хоног хүлээлгэсэн. Манай нөхөр Б.Мтэй гэрийнх нь үүдэнд уулзаж баримт авсан. Тэр үед Б.М Уранбаяраас 6 500 000 төгрөг авсан гэдгээ хэлсэн. Үүний 2 000 000 төгрөгийг манайд өгсөн, үлдсэн 4 500 000 төгрөгийг өөрөө авсан нь тодорхой болсон. Манай нөхөр тэгвэл одоо манайд 2000 000 төгрөг өгөөд цаашид түрээсээ манайх авч тооцоо дуусгах хүсэлт тавихад: Би өөрийн алдаанаас болж ажлаа хаасан. Мөнгө төгрөгийн үнэхээр боломжгүй уналтанд ороод байна. Хүнээс мөнгө авах ёстой, өгвөл мөнгө өгье, танайх дараагийн түрээсийн хугацаанаас эхлээд мөнгөө зуун хувь аваад тооцоогоо дуусгая гэсэн. Үүгээр тохиролцоонд хүрч хэсэг хугацаанд хүлээсэн. Ингээд Уранбаярын түрээсийн хугацаа дуусч 3 дугаар сарыг дуусгаад үргэлжлүүлэн түрээслэх боломжгүй, барьцааны мөнгөө аваад гарна гэсэн. Энэ үед Б.М нь Уранбаярт барьцааг нь өгөх боломж байхгүй байна. Барьцаанд нь ажиллуулахаас өөр арга алга гэж мөн 1 сар сунгаж ажилласан. /4 сарыг дуустал/

Уранбаярыг гарахад мөн түрээслэгч Мийн хүсэлтийн дагуу сонинд зар өгч дараагийн түрээслэгч Лг Б.Мтэй уулзуулсан. Ингээд бид хамт явж гэрээ хийх үед Лгээс 3 600 000 төгрөг авсан. /урьдчилгаа 500 000 гэрээ хийх үед 3 100 000/ Цаашид сар болгоны 9-ний өдрөөр тооцож түрээсийн мөнгийг манайх авч байхаар тохирсон.

Ингээд дараагийн түрээс авах хугацаа буюу 7 сарын 9 болж түрээсийн мөнгийг авахаар Б.Мтэй холбогдсон боловч: Чи намайг барахгүй шүү гэсэн учир битүүлэг хариу өгсөн. Б.Мийн хариу тайлбарыг авч үзэхэд эл мэт худал тайлбар өгсөн нь харагдаж байна. Үүнийг баримтаар нотолно.

1. Б.Мийн Д.Оийг цагдаад өгөх асуудлыг бид болиулах санал тавиагүй. Харин ч Отай хийсэн баримт актыг хэрэгтэй бол гээд өгөөд явуулсан. Дүү Б.М нь 1 500 000 төгрөгөө авчихлаа тэдэнтэй тооцоо байхгүй танайх ажлаа эхэл гэж өөрөө хэлсэн. Тэд Огийн асуудлыг өөрсдөө шийдсэн.

2. Өөрөө зар өг гэсний дагуу зар өгч Уранбаяртай уулзуулсан.

3. Уранбаяр мөнгөө хагас дутуу төлөөд алга болоогүй. 11 сарын 20-ноос 5 сарын 01-ний өдөр хүртэл бүтэн ажилласан. Харин ч Б.М барьцааны мөнгийг нь өгч чадахгүй сүүлийн сар сунгаж ажиллуулсан.

4. Л одоо ч хүртэл ажиллаж байгаа байх. Очоод үзэхэд мэдэгдэнэ. 7 сарын 20-ны үед очиж Лтэй уулзахад 7 сарын 10-нд мөнгөө аваад явсан. Танайд мөнгө төгрөг битгий өгөөрэй гэж хэлсэн байдаг.

5. Лгээс манайх 4 100 000 төгрөг аваагүй. 3 600 000 төгрөг авсан. Энэ хүн зарим асуудлаа ойлгохгүй явж байна.

Нэмж хэлэхэд, Б.М нь хэлсэн болгоноосоо хувирч өөрчлөгдөж байдаг шударга бус хүн болно. Иймээс бид энэ асуудлыг шүүхээр нэн даруй шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч С.М хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах цайны газрыг түрээслэхээр сонины зарын дагуу очиход Д.О үзүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 15-нй өдөр ажлын байраа хүлээлцэж 11 500 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Д.О нь хоёр хоногийн дараа эгч ирж гэрээ хийнэ гэсэн.

Гэтэл хоёр хоногийн дараа Даваа гарагт Б.М ирэхэд эгч дүүс биш болохыг мэдсэн. Б.М, Д.О нартай удаа дараа уулзаж ярилцсан. Үүний эцэст Б.М, Д.О бид гурав шийдвэрлэх уулзалт хийсэн. Энэ үед Б.М 10 000 000 төгрөгийн засварын ажлыг бид хүлээн зөвшөөрч байна. Одоо Д.О танайхаас авсан түрээсийн мөнгөний зөрүү болох 1 500 000 төгрөгийг манайд өгчихвөл бид бүрэн тохиролцоонд хүрнэ гэсэн. Би Д.Од “1 500 000 төгрөгийг Б.Мд өгөөд тохиролцоонд хүр. Эсвэл би чамд өгсөн мөнгөө аваад түрээслэхээ болъё” гэсэн. Хоёр цагийн дараа Б.М “би 1 500 000 төгрөг авсан. Одоо танайх ажиллаж болно.” гэж утсаар хэлсэн. Маргааш нь Б.Мийн эгч Б.М утсаар яриад түрээсийн үлдэгдэл 2 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүний дагуу 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн.

Ингээд бид ажиллаж эхлээд түрээслүүлэгч Б.Мтэй гэрээ хийх хүсэлт тавьсан. Ажилтай байна гэсэн шалтгаанаар хойшлуулаад байсан. Бид гэрээгүй ажиллах боломжгүй. Түрээслэхээ болъё гэдгээр хэлсэн. Б.М “та нар тэгвэл зар өгөөд, дараагийн түрээслэгчээ олчих. Миний утсыг битгий тавиараа. Өөрсдийнхөө утсыг тавиад түрээслэх хүн ол. Тан нарын мөнгийг дараагийн түрээслэгчээс авч өгнө” гэж ярилцаж тохиролцсон. Ингээд Уранбаяр гэдэг хүн түрээслэх болсон. Уранбаярыг түрээслүүлэгч Б.Мтэй уулзуулсан. “Цайны газрыг Уранбаярт хүлээлгээд өгчих” гэсэн хүсэлтийн дагуу Уранбаярт хүлээлгэн өгсөн. Уранбаяр 12 дугаар сарын 01-нд орсон. 12 дугаар сарын 09-нд Б.М манай данс руу 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Үнээс хойш бид Б.Мтэй “Уранбаяртай гэрээ хийсэн үү. Бид мөнгөө авмаар байна” гэж удаа дараа холбогдсон. Б.М гэрээ хийгээгүй байгаа. “Би завгүй байна, хөдөө ажиллаж байна, гадаад явж байна” гэсэн тайлбаруудыг өгсөөр 2016 оны 03 дугаар сар хүргэсэн. Энэ хугацаанд бид Уранбаяртай ямар нэгэн байдлаар холбогдоогүй. Ингээд 3 сарын эхээр Уранбаяртай очиж уулзсан. Гэтэл Уранбаяр 12 дугаар сарын 09-ний өдөр гэрээ хийгээд сарын 1 300 000 төгрөгөөр бодож 5 сарын түрээсийн төлбөр болох 6 500 000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Ингээд Б.Мтэй уулзахад, “Би 6 500 000 төгрөг авсан. 2 000 000 төгрөгийг танайд өгнө. Үлдэх 4 500 000 төгрөгийг өөрөө авна гэдгээ хэлсэн.”

Ингээд дахин тохиролцоонд хүрч 04 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 09 хүртэл буюу нийт 7 сарын хугацааны түрээсийн төлбөрийг танайх ав. Дээр нь 400 000 төгрөг нэмж өгөөд асуудлаа дуусгая гэж тохиролцсон. Уранбаярын түрээслэх хугацаа дуусахад Б.Мийн хүсэлтээр дахин зар тавьж Лтэй Б.М гэрээ хийсэн. Энэ үед Б.Мээс 3 100 000 төгрөг авсан. Гэрээнд түрээсийн нийт төлбөр 3 600 000 төгрөг гэдгийг тусгасан байсан. Л нийт 4 100 000 төгрөг өгсөн гэж худал мэдүүлж байгаа. Ингээд Л 7 дугаар сарын 09-нөөс ажиллаж эхэлсэн. Дараагийн түрээс өгөх хугацаа 7 сарын 09 байсан энэ хугацаа болоод Б.Мээс мөнгөө нэхэхэд барахгүй шүү гэсэн учир битүүлэг хариу өгсөн. 7 сарын 20-ны үед Лтэй очиж уулзахад “9-нд түрээсээ аваад явсан” гэж хэлсэн. Үйл явдал ийм байдлаар өрнөсөн. Сөрөг нэхэмжлэлийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь,

1. Б.М Д.Оээс 1 500 000 төгрөг аваад Отай бүрэн тохиролцсон танайх ажилла гэсний дагуу бид ажиллаж эхэлсэн.

2. Түрээслүүлэгч Б.М өөрөө хүлээн зөвшөөрч манайхаас түрээсийн үлдэгдэл болох 1 000 000 төгрөг авсан.

3. Манай мөнгийг дараагийн түрээслэгчээс авч өгнө гэдгээ Б.М удаа дараа тохиролцсон.

4. Тохиролцсоны дагуу манайд 5 600 000 төгрөгийг төлсөн.

5. Уулзаж ярилцах явцад манай мөнгийг төлж барагдуулна гэдгээ удаа дараа ярьж хэлж байсан. Үүнийгээ мессэж хэлбэрээр илэрхийлсэн байдаг.

6. 3 дугаар сард дахин тохиролцоонд хүрсэн. Энэ нь 4 дүгээр сарын 9-өөс 11 дүгээр сарын 09 хүртэл 7 сарын хугацааны түрээсийн мөнгийг манайд өгнө. Дээр нь нэмээд 400 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Үүнийгээ мессеж хэлбэрээр баталгаажуулсан байгаа.

7. Д.Оээс хүлээж авсан юмаа мэдэж байгаа юм чинь Уранбаярт хүлээлгээд өгчих гэсний дагуу гуанзны эд хогшлыг Уранбаярт хүлээлгэн өгсөн. Уранбаяраас хүлээж авах үед Б.М өөрөө байсан. Уранбаяртай тооцоо дууслаа гээд түлхүүрээ өөрөө аваад явсан. Уранбаяр харин Б.Мээс сүүлийн түрээсээ 1 000 000 төгрөг болгоно гэсэн шүү гээд 300 000 төгрөг нэхэж байсан.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм гэжээ.         

 

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, бага тойруугийн 28 дугаар байр, 30 тоотод байрлах цайны газрыг засварлахыг дүү Б.Мд миний бие даатгасан. Б.М нь засвар хийлгэхээр хөөцөлдөх явцад Д.О гэгч тааралдаад өөрөө засвар хийн улмаар түрээслэн ажиллуулна гэсэн. Түрээсийн төлбөртөө засварын зардлыг тооцохоор тохирсон байсан. Энэ асуудлыг би мэдээд ийм зүйл байхгүй, Д.Оийг бусдын эд хөрөнгийг ашиглан залилан мэхэлсэн асуудлаар нь цагдаад хандах гэтэл С.М болиулсан. Тэрээр цагдаад өгөөд хэрэггүй, би түрээсэлнэ, таныг хохироохгүй гэсэн. Тэр хоёрын хоорондох өгөө авааны асуудлыг би мэдэхгүй.

Удалгүй нөгөө С.М нь би болилоо, Уранбаяр гэх эмэгтэйд түрээслүүлэхээр боллоо гээд алга болсон. Гэтэл нөгөө С.М над руу яриад би Уранбаяраас хүлээгээд авсан. Одоо Л гэдэг хүнд түрээслүүлнэ гээд шилжүүлсэн. Гэтэл Л нь бас түрээслэхээ больсон. С.М нь Лгээс 4 100 000 төгрөг авсан байсан.

Би бол С.Мтэй гэрээ хийгээгүй, түүнд мөнгө төлөх үүрэг байхгүй. Анхны засвар хийсэн Д.Отэй тэр хүн тооцоо хийх ёстой. Би үүнийг ойлголгүй харин С.Мт 6 600 000 төгрөг өгсөн байдаг. Ийм л зүйл болсон.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дараа сөрөг нэхэмжлэл гаргана гэжээ.

 

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, бага тойруугийн 28 дугаар байр, 30 тоотод байрлах цайны газрыг засварлахыг дүү Б.Мд миний бие даатгасан. Б.М нь засвар хийлгэхээр хөөцөлдөх явцад Д.О гэгч тааралдаад өөрөө засвар хийн улмаар түрээслэн ажиллуулна гэсэн. Түрээсийн төлбөртөө засварын зардлыг тооцохоор тохирсон байсан. Энэ асуудлыг би мэдээд ийм зүйл байхгүй, Д.Оийг бусдын эд хөрөнгийг ашиглан залилан мэхэлсэн асуудлаар нь цагдаад хандах гэтэл С.М болиулсан. Тэрээр цагдаад өгөөд хэрэггүй, би түрээслэнэ, таныг хохироохгүй гэсэн. Тэр хоёрын хоорон дахь өгөө авааны асуудлыг би мэдэхгүй.

Удалгүй нөгөө С.М нь би болилоо, Уранбаяр гэх эмэгтэйд түрээслүүлэхээр боллоо гээд түүнд бас шилжүүлсэн. Би Уранбаяртай Иргэний хуулийн дагуу гэрээ хийж, нотариатаар батлуулсан. Гэтэл нөгөө С.М над руу яриад би Уранбаяраас хүлээгээд авсан. Одоо Л гэдэг хүнд түрээслүүлнэ гээд шилжүүлсэн. Энэ үед би мөн хуулийн дагуу Лтэй гэрээ хийж нотариатаар гэрчлүүлсэн. Л нь бас түрээслэхээ больсон. Учир нь С.М нь анх Д.Од мөнгө өгсөн, мөнгөө түрээсээс авна гэж яриад миний байрыг түрээслэх хүмүүсээс урьдчилан мөнгө авчихаад дараа нь дахин мөнгө нэхэж хүмүүсийн дургүйг хүргэн нөгөө талаас өмчийн маргаантай мэтээр түрээслэх гэж байсан Уранбаяр, Л нарт ойлгуулснаас болж, удаа дараа гэрээ цуцлагдаж, миний бие алдагдалд орсон.

Миний бие Д.О, С.М нартай түрээсийн гэрээ байгуулаагүй, харин Д.Оийн хувьд засвар эхлээд хийгээд дараа нь түүнийгээ түрээсэнд тооцохоор ярьж байсан нь үнэн. Гэхдээ хэдэн төгрөгийн засвар хийсэн гэдэг нь тодорхойгүй, түүнийг нь би хүлээн аваагүй, би өөрөө түрээслэхээ болилоо, харин засварын мөнгөө С.Мээс авахаар боллоо гээд алга болсон. Миний хувьд Д.Отэй ямар нэг гэрээ хийгээгүй учраас хэнээс хэдэн төгрөг авч зассан, дараа нь засварын мөнгийг хэнээс яаж авч байгааг нь ойлгоогүй, ойлгохыг ч хүсээгүй юм.

Гэхдээ С.Мт мөнгө өгөх ёстой юм байлгүй гэж бодоод Уранбаяраас авсан 2 000 000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг авсан гэдгээ нэхэмжлэл болон хариу тайлбартаа хүлээн зөвшөөрсөн болно. Дараа нь Лгээс эхлээд 500 000 төгрөг, Л болон эхнэр, миний бие хамтран байлцах үед Лгээс шууд С.Мт 3 600 000 төгрөг өгсөн. Энэ мөнгөний хувьд С.М нь 3 100 000 төгрөг авсан гэж хүлээн зөвшөөрдөг бөгөөд 500 000 төгрөгийг аваагүй гэдэг. Гэвч шүүхэд Л мэдүүлэг өгөхдөө 3 600 000 төгрөгийг өгсөн. Өмнө нь 500 000 төгрөг өгсөн гэж гэрчилдэг.

Мөн түрээсийн гэрээтэй Уранбаяраас ашиглалтын зардал 788 615 төгрөгийг би авах ёстой байтал С.М би аваад явуулчихлаа гэсэн учир тэр мөнгийг надад өгөх ёстой. Уранбаярыг явуулсан, кафег хүлээн авсан гэдгээ С.М нь хариу тайлбартаа хэлсэн байдаг. Цаашилбал, С.М нь манай кафег нэг сар ашигласан, үүний төлбөрт 1 500 000 төгрөгийг төлөх ёстой. Гэвч түрээсийн гэрээгүй учраас би нэхэж чадахгүй байна.

Иймд өөрийн нь хүлээн зөвшөөрсөн Уранбаяраас авсан 2 000 000 төгрөг, өөрийнх нь мэдүүлэг болон Лгийн мэдүүлгээр нотлогдож байгаа 4 100 000 төгрөг, өөрийнх нь тайлбар болон Лгийн мэдүүлгээр нотлогдож байгаа Уранбаярын мэдүүлгээр нотлогдож байгаа Уранбаярын төлөх ёстой, өмнөөс нь тооцоо хийхээр тохирсон 788 615 төгрөг, нийт 6 888 615 төгрөгийг С.Мээс нэхэмжилж байна.

Би бол С.Мтэй гэрээ хийгээгүй, түүнд мөнгө төлөх үүрэг байхгүй. Анхны засвар хийсэн Д.Отэй тэр хүн тооцоо хийх ёстой. Би үүнийг ойлголгүй харин С.Мт 6 800 000 төгрөг өгсөн байдаг. Ийм л зүйл болсон. Д.О гэдэг хүн надаас засварын мөнгөө нэхэмжлэх байх, би түүнд хийсэн засвар буюу оруулсан хөрөнгө оруулалтыг харилцан тохиролцон өгөх ёстой. Тиймээс Д.О өгөх мөнгөө андуурч өгсөн С.Мээс нэхэмжилж байгаа юм.

Монгол Улсын Иргэний хуульд үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээний эрх зүйн зохицуулалт байна. Эндээс харахад түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээг хүчин төгөлдөр бус байна гэжээ.  

Иймд С.Мээс 6 888 615 төгрөг гаргуулна гэжээ.    

 

            Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Б.Мт холбогдуулан 6 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч Б.М нь нэхэмжлэгч С.Мт холбогдуулан 6 888 615 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч тал сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.  

Үндсэн нэхэмжлэлийн хүрээнд,

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Б.Мийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Бага тойруу, 0 дугаар байрны 0 тоотод байрлах цайны газрыг түрээслэх зорилгоор түрээсийн төлбөрт 11 500 000 төгрөгийн Д.Од, 1 000 000 төгрөгийг хариуцагч Б.Мт шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй, харин зохигчийн хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, 11 500 000 төгрөгийг Д.Од өгсөн нь хариуцагчид хамааралгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг тодорхойлохдоо түрээсийн гэрээ байгуулах зорилгоор түрээслүүлэгчид /Д.Оийг түрээслүүлэгч гэж ойлгосон/ төлбөрт 11 500 000 төгрөг, мөн түрээслүүлэгчид /Б.Мт/ 1 000 000 төгрөг шилжүүлсэн боловч гэрээ байгуулагдаагүй тул буцаан шилжүүлсэн төлбөрийг хасч зөрүү болох 6 600 000 төгрөгийг төлбөр авсан Б.Мээс буцаан гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч зарын дагуу Д.Отэй уулзаж, цайны газрыг түрээслэхээр тохиролцож түрээсийн төлбөрт 11 500 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д.Од, 25-ны өдөр хариуцагч Б.Мт 1 000 000 төгрөгийг өгсөн байх бөгөөд хариуцагч нь тус мөнгөнөөс 2 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 4 100 000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 06, 12-ны өдөр нэхэмжлэгчид буцаан өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.  /х.х-ийн 3, 20 дахь тал/

Нэхэмжлэгч мөнгө шилжүүлсэн зорилгоор түрээсийн гэрээ байгуулах зорилготой байсан гэж тайлбарласан нь үндэслэлтэй байх бөгөөд зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна гэж үзэв.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээ нь түрээслэгч, түрээслүүлэгч талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр байгуулагдах бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болно.

Түүнчлэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэх зохицуулалттай.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 28 дугаар байрны 38 тоотод байрлах цайны газрыг түрээслэх зорилгоор түрээсийн төлбөрт 12 500 000 төгрөг төлсөн байх боловч тухайн объектыг бусдад түрээслүүлэх эрхтэй түрээслүүлэгч С.Мтэй түрээсийн гэрээ байгуулаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй гэдэгтэй талууд маргаагүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт, “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1-д, “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж зохицуулсан байна.

Нэхэмжлэгч түрээсийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх зорилгоор түрээсийн төлбөрийг бусдад шилжүүлсэн боловч түүнийг олж авсан этгээдтэй түрээсийн гэрээ байгуулагдаж, гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй байх тул төлбөр авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй байна.

Ийнхүү шаардах эрхийн дагуу нэхэмжлэгч шилжүүлсэн төлбөрөө буцаан гаргуулахаар шаардаж байгаа нь хуульд нийцэж байна.

Харин нэхэмжлэгч нь ийнхүү үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээд буюу хөрөнгийг олж авсан этгээдийг хариуцагч Б.Мийг гэж үзсэн байна.

Хариуцагч би хүлээн аваагүй тул надаас шаардах эрхгүй гэж маргадаг.

Гэрч Б.Мийн “Д.Оийн цайны газарт хийсэн засварыг 10,000,000 төгрөг гэж тооцсон, түүнээс 1,500,000 төгрөг авсан” талаар шүүхэд өгсөн мэдүүлэг, хариуцагч Б.Мийн тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ дурдсан “Д.Отэй түрээсийн төлбөрт засварын зардлыг тооцохоор тохиролцсон” гэх тайлбар, хариуцагчийн 6,100,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн байдал /х.х-ийн 111-112, 118-120 дахь талд/ зэрэг нь хариуцагч Б.М, Д.О нар цайны газрын засварын зардлыг түрээсийн төлбөрт тооцон суутгахаар тохиролцсоныг илэрхийлж, хариуцагч 6 100 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн нь дээрх тохиролцооны дагуу үүссэн талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх үндэслэлтэй.

Хэдийгээр хариуцагч тал түрээсийн төлбөрт шилжүүлсэн мөнгийг өөрөө хүлээн аваагүй гэж тайлбарлах боловч Д.О нь засварын зардлаа нэхэмжлэгч С.Мээс тооцон авч зөрүү 1 500 000 төгрөгийг хариуцагч Б.М, гэрч Б.М нарт өгсөн үйл баримтаас үзвэл хариуцагч Б.Мийн цайны газарт Д.Оийн хийсэн 10 000 000 төгрөгийн засвар нь тус цайны газарт хөрөнгө оруулалт болж үр шим нь хариуцагчид бий болсон, нэхэмжлэгч 11 500 000 төгрөгийг Д.Од төлснөөр тухайн хөрөнгийн хэмжээгээр хариуцагч Б.М хөрөнгөжсөн байна.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээд мөн хуулийн 492 дугаар 492.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө шаардах эрхтэй этгээдэд буцаан төлөх үүрэгтэй байна.

Б.М нь 12 500 000 төгрөгийн хэмжээгээр хөрөнгөжсөн боловч энэ нь нэхэмжлэгч С.Мийн түрээсийн гэрээ байгуулах зорилгоор шилжүүлсэн мөнгөн хөрөнгө тул тухайн хөрөнгө нь гагцхүү С.Мтэй түрээсийн гэрээ хуульд зааснаар байгуулагдаж байж “үндэслэлтэй хөрөнгө” болох ёстой.

Иймд түрээсийн гэрээ байгуулах зорилгоор бусдын шилжүүлсэн хөрөнгийн хэмжээгээр хөрөнгөжсөн этгээд нь тухайн гэрээ байгуулагдаагүй, гэрээгээр үүрэг үүсээгүй үед тухайн хөрөнгийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнд тооцогдоно. Дурдсан агуулгаар Д.Оийг түрээсийн гэрээний дагуу шилжүлсэн төлбөрийн хэмжээгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй бөгөөд тухайн тохиолдолд хэн хүлээн авах утгаар бус тухайн хөрөнгөөр хэн хөрөнгөжиж байгаа тэр этгээдэд л буцаан төлөх хуульд заасан энэ үүрэг хамааралтай байна.

Иймд нэхэмжлэлд дурдсан шаардах эрх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд харин шаардлагын үнийн дүнгийн хувьд дүгнэлт хийж үзвэл,

Нэхэмжлэгч, Д.Лгээс 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 500 000 төгрөг, 12-ны өдөр 3 100 000 төгрөг авсан гэх боловч гэрч Д.Лгийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбараар нэхэмжлэгч 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчаас 3 600 000 төгрөг авсан гэж үзэх үндэслэлтэй.  

Иймд хариуцагчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмжээ буюу түрээсийн төлбөрт шилжүүлсэн 12 500 000 төгрөгөөс хариуцагч Б.Мийн өмнө нь төлсөн /2 000 000 төгрөг, 4 100 000 төгрөг/ 6 100 000 төгрөг, нэхэмжлэгч, хариуцагчийн цайны газрыг ашигласны хөлс 300 000 төгрөгийг тус тус хасч үлдэх 6 100 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Мт олгох нь зүйтэй.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд,

Хариуцагч сөрөг нэхэмжлэлээр “өөрийн нь хүлээн зөвшөөрсөн Уранбаяраас авсан 2 000 000 төгрөг, өөрийнх нь мэдүүлэг болон Лгийн мэдүүлгээр нотлогдож байгаа 4 100 000 төгрөг, өөрийнх нь тайлбар болон Лгийн мэдүүлгээр нотлогдож байгаа Уранбаярын мэдүүлгээр нотлогдож байгаа Уранбаярын төлөх ёстой, өмнөөс нь тооцоо хийхээр тохирсон 788 615 төгрөг, нийт 6 888 615 төгрөгийг С.Мээс нэхэмжилж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон тооцооллоо тайлбарлажээ.

Дурдсан үнийн дүнгүүд нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдсон, хууль зүйн үндэслэлийн хувьд болон баримтаар дүгнэгдсэн байна.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэх агуулгатай, үндэслэл давхцах тул энэ үндэслэлээр хариуцагч Б.Мийн нэхэмжлэгч С.Мээс 6 888 615 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг зохигч талуудад хуульд заасан журмаар мэдэгдсэн байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэх шалтгаан байхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Мээс 6 100 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Мт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 500 000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Б.Мийн нэхэмжлэгч С.Мээс 6 888 615 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Мийн төлсөн 120 550 төгрөг, хариуцагч Б.Мийн төлсөн 141 167 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Мээс 112 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Мт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АМАРЖАРГАЛАН