Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2023/00020

 

 

 

“Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                         

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/02844 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2022/01942 дугаар магадлалтай,                                                                                                                                   

“Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Г ” ХХК-д холбогдох

86,314,400 төгрөг гаргуулах, 5,700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л, түүний өмгөөлөгч О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж, хариуцагчийн өмгөөлөгч А, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э ” ХХК нь хариуцагч “Г ” ХХК-д холбогдуулан 86,314,400 төгрөг гаргуулах, 5,700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/02844 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Г ” ХХК-аас 86,314,400 төгрөгийг гаргуулан “Э ” ХХК-д олгож, Дорноговь аймгийн Замын-Үүд суман дах “С ” ХХК-ийн гаалийн талбайд байгаа 5,700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгч “Э ” ХХК-д хүлээлгэн өгөхийг хариуцагч “Г ” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь БНХАУ-ын иргэн С  /Ц /-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659,722 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 659,722 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгуулахаар шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2022/01942 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/02844 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т ...” гэснийг “Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт” гэж, “... С  ...” гэснийг “С ” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/01942 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт”, 62.1.5 “нэхэмжлэлийн үнэ”-ийг ямар ч үндэслэлгүйгээр тооцсон, нотлох баримтыг буруу тайлбарлан нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар, магадлал гаргасан нь ИХШХШТ хуулийг буруу хэрэглэж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв, ач холбогдолтой эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Магадлалын хянавал хэсгийн З-т “анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн шийдвэрийн тогтоох хэсэгт заасан Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний зохицуулалтыг баримталсан нь буруу болжээ” гэж хянасан боловч 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт заасан илгээмжийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй гэсэн нь “Илгээмжийн гэрээгээр илгээгч өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар ачаа, илгээмжийг тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийж, захиалагч гэрээнд заасан хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж эрх зүйн дүгнэлт хийсэн нь ямар гэрээгээр ямар үүрэг хүлээж байгаа нь тодорхойгүй үндэслэлгүй байхад эрх зүйн харилцаа үүссэн мэт хянасан нь хууль буруу хэрэглэсэн, мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, мөн 40.3 дах хэсэгт зааснаар нотлох баримыг үнэлээгүй, ямар ч эрх зүйн харилцаа талуудын хооронд байхгүй, нэг асуудлыг 2 янзаар шийдвэрлэж байгаа нь нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй байх тул ИХШХШТ хуулийн 172.2.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/01942 дугаар магадлалыг хүчингүй болгож, “Э ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Магадлалын хянавал хэсэгт ИХШХШТ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын “Энэ хуулийн зорилт нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” ...хуулийн зорилтод нийцээгүй, эрх зүйн харилцааны оролцогч талууд биш байхад хэрэгт хамааралтай үнэн зөв, ач холбогдолтой эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг дараах байдлаар эс зөвшөөрч байна. Бодит байдал дээр Худалдах, худалдан авагч талуудын хооронд хийгдэж байсан гэрээний талаар задалж авч үзвэл: Иргэний хуулийн 243 дугаар зүйл. Худалдах-худалдан авах гэрээ 243.1. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй. гэснийг зөрчсөн байдаг. “Э ” ХХК энэ үүргээ биелүүлээгүй. Учир нь 2019.07.26-нд худалдах, худалдан авах гэрээг хийсэн, 2019.08.01-нд “Ш ” ХХК нь зуучлуулагч “Х ” ХХК-аас шилжүүлсэн мөнгийг гэрээний дагуу “Э ” ХХК-д шилжүүлсэн. Иргэний хуулийн 246 дугаар зүйл. Эд хөрөнгө илгээх талаар худалдагчийн хүлээх үүрэг 246.2. Хэрэв худалдагч эд хөрөнгийг илгээх үүрэг хүлээсэн бол эд хөрөнгийг тохирсон газар хүргэхэд шаардагдах гэрээг тухайн төрлийн тээвэрлэлтийн ердийн нөхцөлөөр хийх үүрэгтэй. Уг хуулийн заалтыг мөн зөрчсөн. Энэ нь “Э ” ХХК нь 2019.07.26-ны өдөр “Ш ” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд заасан хугацаанд барааг хүргэх үүргээ биелүүлээгүй, тээвэрлэлтийн гэрээг ердийн журмаар ч хийх талаар санал гаргаагүй. Үлдэгдэл 5700 тонн төмрийн хүдрийн баяжмалыг гэрээнд заасан хугацаандаа нийлүүлээгүй тул худалдан авагч талын зуучлагч болох “Ш ” ХХК нь өөрсдөө санал тавьснаар “Г  ” ХХК-тай худалдан авагч “Х ” ХХК-тай гурвалсан тээвэрлэлтийн гэрээг 2019.10.29-ний өдөр хийсэн... бодит байдал болсон юм. Эндээс анхаарах нэг зүйл бол “Х ” ХХК нь 20.000 тонн төмрийн хүдрийн баяжмал худалдан авахаар “Ш ” ХХК-аар зуучлуулан тэдний нэрээр 365.200 ам.доллар шилжүүлж худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, мөнгө шилжүүлж төмрийн хүдрийн баяжмал худалдан авсан ба худалдан авсан өөрийн хөрөнгийг тээвэрлэлт хийн хүлээлгэн өгөхийг хүлээсээр байсан боловч 5700 тонн төмрийн хүдрийн баяжмалын сураг байхгүй удааширч байсан учир өөрөөр хэлбэл өөрийн худалдан авсан барааг яаралтай авахын тулд тээвэрлэлтийн гэрээг “Г  ” ХХК-тай хийж энэ талаараа “Э ” ХХК-д мэдэгдсэнээр тус компани төмрийн хүдрийн баяжмалыг 2 удаагийн ачилтаар “Г  ” ХХК-ийн вагонд ачуулсан. Үүнийг батлах үйл баримт, нотолгоо бол “Э ” ХХК нь 2019.07.26-ны өдөр хийсэн худалдах, худалдан авах гэрээний худалдан авагч талын үүрэгт хамаарах тээвэрлэх, хүлээн авахтай холбоотой зардлыг хариуцах хуулийн үүргээ биелүүлж 2019.08.01-ний өдөр шилжүүлж өгсөн мөнгөн дүнд орсон тээвэрлэлтийн мөнгөнөөс “Г  ” ХХК-д 2 удаагийн ачилтын мөнгө 86,314,400 төгрөг /1 удаагийн ачилтын үнэ/ шилжүүлж үүнээс Зам-Үүд суманд “С  ” ХХК-ийн МЧ-3 гаалийн талбайд буулгасан ба гаалийн бүрдүүлэлт хийх явцад шаардагдах бичиг баримтын бүрдүүлбэрийг худалдах, худалдан авах гэрээний дагуу /уг гэрээ хүчин төгөлдөр хэвээр/ ИХ-ийн 243.1, 243.2-т заасан үүргийнхээ дагуу баримт бичгийг гаргаж өгөөгүйгээс тээвэрлэлтийн гэрээний үүргээ дуусгавар болгож чадаагүй. Энэхүү тээвэрлэлтийн гэрээнээс учирсан хохирол 5700 тонн хүдрийн баяжмал нь хэний өмч байх талаар бас нэгэн асуудал гарч байна. Нэхэмжлэгч гэх “Э ” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэрээнд заасан бараа, тээвэрлэлтийн үнийн дүн болох 365.200 ам долларыг худалдан авагч “Х ” ХХК-ийн зуучлагч “Ш ” ХХК-ийн дансаар хүлээн авсан, 20.000 тонн хүдрийн баяжмалын өмчлөгч нь “Ш ” ХХК-аар зуучлуулан худалдан авалт хийсэн “Х ” ХХК болж, 2019.10.29-ний өдөр “Г  ” ХХК-тай гурвалсан гэрээгээр үлдэгдэл 5700 тонн хүдрийн баяжмалыг тээвэрлэлтийн гэрээний дагуу тээвэрлэлт хийсэн компаниас нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 247 дугаар зүйл. Үр шим болон эрсдэл худалдан авагчид шилжих талаарх хуулийн зохицуулалтаас харахад гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ. Худалдагч худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн хүсэлтээр гэрээнд зааснаас өөр газар хүргүүлэхээр илгээсэн бол тухайн эд хөрөнгийг тээвэрлэгчид, эсхүл эрх бүхий этгээдэд шилжүүлсэн үеэс худалдан авагчид үр шим, эрсдэл нь шилжинэ. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад худалдан авагч буюу “Х ” ХХК, түүний зуучлагч “Ш ” ХХК-ийн нэрээр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй эд хөрөнгийн талаарх маргаан, эрсдэл нь тээвэрлэлт хийхээр 2019.10.29-ний өдрийн тээвэрлэлтийн гэрээний дагуу тээвэрлэлт хийсэн “Г  ” ХХК-тай хамааралгүй бөгөөд хүдрийн баяжмалыг худалдан авагч талд өгөх нь худалдагч талын үүрэг, тээвэрлэлт хийх нь худалдагч талын өгсөн 5700 тонн хүдрийн баяжмалыг худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлж байгаагаас бус тээвэрлэлт хийх үүрэг биш худалдах, худалдан авах гэрээний үүргээ давхар биелүүлсэн болохоос тээвэрлэлтийн гэрээнээс үүдсэн хохирол гэж үзэхгүй хэрэв нэхэмжлэх бол худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргах ёстой тээвэрлэлтийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэсэн компаниас хүдрийн баяжмал нэхээд байгаа нь ямар гэрээгээр шаардаад байгаа нь үндэслэл ойлгомжгүй, худалдагч тал болох “Э ” ХХК-д 5700 тонн төмрийн хүдрийн баяжмалыг “Г  ” ХХК-аас нэхэмжлэх ямар ч эрхгүй, энэхүү 5700 тонн төмрийн хүдрийн баяжмал нь гаалийн талбайд байлгаж, хадгалалтын мөнгө төлөөгүй, худалдан авагч талд шилжээгүй асуудал нь худалдан авагч талд учирсан эрсдэл гэж үзэх бөгөөд “Э ” ХХК-д учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Мөн “Э ” ХХК нь 2019.07.26-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргийнхээ дагуу тээвэрлэлтийг хийх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй байж “Г  ” ХХК-ийн 2 удаагийн ачилтын мөнгөнөөс баталгаа гаргуулах гэх хуурамч нөхцөлөөр 86,314,400 төгрөгийг /1 удаагийн ачилтын үнэ/ буцаан авч, “Г  ” ХХК-ийн тээвэрлэлтийн гэрээгээр гүйцэтгэсэн үүргийн мөнгийг авч завшсан төдийгүй дахин буцааж 86,314,400 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байдаг Улаанбаатар төмөр замын дансанд “Э ” ХХК нь 2021.11.17-нд шилжүүлсэн дүнгээс 2021.11.25-нд тээвэрлэлтийн үнэнд 16,748,300.00 суутган тооцсон байхад 86,314,400.00 нэхэмжилсэн нь үндэслэлгүй, ИХШХШТ хуулийн 12.1.1 заасан эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл байх...ёстой. Гэтэл “Э ” ХХК болон “Г ” ХХК хооронд ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй байхад 5700 тонн төмрийн хүдрийн баяжмалыг гаргуулан авахыг шаардаж байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна. “Г  ” ХХК нь “Э ” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд баталгаа гаргахыг шаардан авсан албан бичгийг гэрээний түвшинд авч үзэн хохирол нэхэмжилж байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 62.1.5 “нэхэмжлэлийн үнэ”-ийг эрх зүйн үндэслэлгүйгээр тогтоосон, нотлох баримтыг буруу тайлбарлан магадлал гаргасан байх тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/01942 дугаар магадлалыг хүчингүй болгож, “Г  ” ХХК-д холбогдуулан “Э ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.12.09-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2022/01398 тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч “Э ” ХХК нь хариуцагч “Г ” ХХК-д холбогдуулан хохиролд 86,314,400 төгрөг гаргуулах, 5,700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БНХАУ-ын иргэн С  /Ц /-д холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч тал татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт болон техникийн шинжтэй засвар оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгоно.

9. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2 шаардлага гаргасан байх бөгөөд эхний шаардлагаа “...худалдан авагч Өвөр Монголын “Ш ”-ны ХХК-тай 20,000 тонн төмрийн хүдрийн баяжмал худалдах-худалдан авах гэрээ байгуулсан ба ... үүнээс 80 вагон 5700 тонн хүдрийг “Г ” ХХК Замын-Үүд өртөө хүртэл тээвэрлэлт хийсэн. ... 2019.11.18-ны өдөр 86,314,400 төгрөгийг манайхаас “УБТЗ” ХНН-т төлсөн ба энэ нь 80 вагон тавиулах үнэ, энэ мөнгө төлөгдсөнөөр хариуцагч 5700 тонн төмрийн хүдрийг тээвэрлэсэн. “Ш ”-ны ХХК-тай байгуулсан гэрээнд төмрийн хүдрийн тээвэрлэлтийн зардлыг манай байгууллага төлөхгүй гэж тохиролцсон байгаа тул Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хариуцагчаас хохиролд 86,314,400 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.

Хоёр дахь шаардлагын тухайд “...хариуцагч нь Дархан өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл 8 вагон нийт 5700 тонн төмрийн хүдрийг тээвэрлэж, 2020 оны 1 сард Замын-Үүдийн “С” ХХК-ийн талбайд буулгаж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж, хилээр гаргахгүй байгаа бөгөөд ... шаардлага тавьсан ч ачилт хийхгүй байх тул “С” ХХК-ийн гаалийн талбайд буулгасан 5700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү” гэсэн байна.

10. Хариуцагч татгалзлаа тайлбарлахдаа “...Өвөр Монголын Х н компани нь Өвөр Монголын “Ш”-ны компаниар зуучлуулан, Монгол Улсын “М” ХХК-аас төмрийн хүдэр худалдан авсан, тус төмрийн хүдэр болон дагалдах бичиг баримтууд нь нэхэмжлэгч “Э” ХХК-д байсан, манай компани нь Х н компанитай 2019.10.29-ний өдөр байгуулсан тээвэрлэлтийн гэрээний дагуу төмөр замын тээвэрлэлтийн хөлсийг захиалагчаас авах байсан боловч захиалагч нэхэмжлэгчид аль хэдийн шилжүүлсэн гэсэн тул манай компани хариуцахгүй, ... “М” ХХК-аас худалдаж авсан төмрийн хүдрийн холбогдох бичиг баримт нэхэмжлэгчид байгаагаас гаалийн бүрдүүлэлт хийж чадахгүй байгаа..., ... нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, тээвэрлэлтийн гэрээнээс үүссэн хохирол биш, аль гэрээгээр шаардаж байгаа нь тодорхойгүй, эднийхээс хүдэр тээвэрлээгүй” гэжээ.

11. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн байх бөгөөд анхан шатны шүүх зохигчийн хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

12. Давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой” гэж дүгнэн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг болон мөн хуулийн 407 дугаар зүйлийн  407.1-д “Илгээмжийн гэрээгээр илгээгч өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар ачаа, илгээмжийг тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийж, захиалагч гэрээнд заасан хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасныг хэрэглэн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна. 

13. Зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хоёр шатны шүүхээс хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлт хийсэн шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн гэж үзэхгүй.

13.1. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Э ” ХХК нь “Ш ”-ны ХХК-тай 2019.07.26-ны өдөр төмрийн хүдэр худалдах-худалдан авах гэрээ байгуулснаар “Э ” ХХК нь 20,000 тонн төмрийн хүдрийг худалдан авагч талд нийлүүлэх, төмрийн хүдрийн үнэ 745,200 ам долларыг худалдан авагч “Ш ”-ны ХХК нь төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон байх бөгөөд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т “Худалдан авагчийн худалдаж авсан төмрийн хүдрийг экспортод гаргахтай холбоотой гарах гаалийн бүрдүүлэлтийн зардал, татвар, хураамж, тээвэрлэлт болон бусад ачих буулгах зардлуудыг худалдагч тал хариуцахгүй” гэж, гэрээний 4.2-т “...төмрийн хүдрийн уурхайн ам нөхцөлөөр нийлүүлнэ” гэж,  5.3-т тээвэрлэх тээврийн хэрэгсэл “автомашин” гэж тус тус тохиролцсон боловч тээвэрлэлт хийх этгээдийг  гэрээнд тодорхой заагаагүй, харин 2019.08.01-ний өдөр 973,623,200 төгрөгийн орлого “ачааны төлбөр” гэх агуулгаар нэхэмжлэгчийн дансанд гүйлгээ хийгдсэн баримт 83 дахь талд авагджээ.

13.2. Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Ш”-ны ХХК-тай байгуулсан 2019.07.26-ны өдөр төмрийн хүдэр худалдах-худалдан авах гэрээний 6.1-д “Хөрөнгийг тээвэрлэлтэд ачуулснаар өмчлөл нь худалдан авагч талд шилжих бөгөөд хөрөнгө устаж, гэмтсэний хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж талууд тохиролцсон байхад худалдагч тал буюу нэхэмжлэгч нь 5700 тонн төмрийн хүдрийн баяжмалыг хүлээлгэн өгөхийг хариуцагчаас шаардсан шаардлагын эрх зүйн үндэслэл тодорхойгүй, түүнчлэн хариуцагч “Г ” ХХК нь тухайн хүдрийг “С ” ХХК-ийн хашаанд хадгалагдаж байгааг зөвшөөрсөн боловч уг ачааг нэхэмжлэгч талын нэрлэсэн “Ш ”-ны ХХК-д бус харин “Х ”-н компанид хүлээлгэн өгөх үүргээ нэхэмжлэгч талаас хамааралтайгаар биелүүлж чадахгүй гэж тайлбарласан  атлаа “...эднийхээс төмрийн хүдэр тээвэрлээгүй...”  гэж, улмаар “...нэхэмжлэгч тээврийн хөлсийг захиалагчаас авчхаад давхар манайхаас шаардаж байгаа нь үндэслэлгүй” гэх зэргээр тайлбар гаргасан нь ойлгомжгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг бүрэн тогтоогдсон гэж үзэхгүй.

14. Маргалдагч талуудын эрх зүйн байдал тодорхойгүйгээс талуудын эрх, үүргийн тухайд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

14.1. Нэхэмжлэгч “Э ” ХХК нь 2019.03.13-ны өдөр “барилгын засвар хийх, гадаад худалдаа” гэсэн үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдаж, тухайн өдрөө улсын бүртгэлд бүртгүүлсэн, 1 гишүүнтэй компани байна. Уг компани нь “Ш ”-ны ХХК-тай 2019.07.26-ны өдөр байгуулсан төмрийн хүдэр худалдах-худалдан авах гэрээгээр 20,000 тонн төмрийн хүдрийг худалдан авагч талд нийлүүлэх, төмрийн хүдрийн үнэ 745,200 ам долларыг худалдан авагч “Ш ”-ны ХХК нь төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон байх бөгөөд гэрээний зүйл болох төмрийн хүдрийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК үйлдвэрлэсэн байна.

14.2. 2019.07.26-ны өдрийн гэрээнд заасан 20,000 тонн хүдрээс 14,3 мянган тонн хүдрийг нэхэмжлэгч өөрөө тээвэрлэсэн гэжээ. Харин үлдэх 5700 тонн хүдрийг хариуцагчаар тээвэрлүүлэхээр тохиролцсон гэрээний нөхцөл тодорхойгүй, хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээнд “Х ”-н компани нэг тал болж оролцсон,  харин нөхвөр хэлэлцээр гэх баримтад 3 тал оролцсоны нэг нь “Ш ”-ны ХХК байна. (I-хх-131-139)

14.3. Хариуцагч “Г ” ХХК нь 2018.05.28-ны өдөр үүсгэн байгуулагдаж, мөн өдрөө улсын бүртгэлд бүртгүүлсэн, автомашинаар ачаа тээвэрлэх, гадаад худалдаа, худалдааны зуучлал зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулах, 1 гишүүнтэй компани байна. 2019.11.23-ны өдрийн “Баталгаа гаргах тухай” 15/19 тоот албан бичгээр төмрийн хүдрийг вагоноор тээвэрлэж байгаа бөгөөд ...40 вагоны 86,000,000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч компанийг бүртгэлээр хийлгэж, хөдөлгөөнд оруулах хэрэгтэй байна. ... 2019.11.25-ны өдөр ... тохирох төлбөрийг шилжүүлэхээ үүгээр баталгаа гаргаж байна...” гэжээ.  Харин “Э ” ХХК-ийн банкны дансны хуулгаар 2019.11.17-ны өдрийн 86,314,400 төгрөгийн зарлага, утга нь 6406769 вагоны үнэ гэж, 2019.11.18-ны өдрийн орлого 86,314,400 төгрөг, утга нь ЕВ-УБТЗ-ын төлбөр дамжуулав. /40 вагон/ “Г ” гэсэн баримт хэргийн 123 дахь талд авагджээ.

Дээрх баримтуудаас үзэхэд гэрээний зүйл болох төмрийн хүдрийн тухайд нэхэмжлэгч нь худалдагч тал, эсхүл худалдааны зуучлагч аль нь болох, түүнчлэн ачаа тээвэрлэлтийн зарим хэсгээ өөрөө хариуцаж тээвэрлэсэн байдал, улмаар 20,000 тонн хүдрийн тухайд хэн нь худалдагч, худалдан авагч, тээвэрлэгч  болох  нь тодорхойгүй, хэрэгт авагдсан хэд хэдэн гэрээний тухайд дүгнэлт хийх боломжгүй байна.

15. Зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, талуудын эрх зүйн байдал тодорхойгүй байх тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/02844 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2022/01942 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 589,522+70,200=659,722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭСУВД                                   

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                           ШҮҮГЧИД                                               Н.БАЯРМАА

       П.ЗОЛЗАЯА

                                                                                                             Д.ЦОЛМОН