Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/02844

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, ... тоотод байрлах, регистр: ..., Э.. ХХК,

Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод байрлах, регистр: ..., Г... ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага:Тээвэрлэлтийн гэрээний хохиролд 86 314 400 төгрөг гаргуулах, 5700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Н..., өмгөөлөгч О.М..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т..., нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.. ХХК нь Г... ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний хохиролд 86,314,400 төгрөг гаргуулах, 5700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд: 

Манайх Өвөр монголын Ш... ХХК-тай 2019.07.26-ны өдөр Төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулан, худалдагч нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд орших Т... уурхайгаас 20.000 тонн төмрийн хүдрийн баяжмалыг 2 сарын хугацаанд худалдан авагч Ш...Ю... ХХК-д нийлүүлэх үүрэг хүлээсэн.

Ингэхдээ төмрийн хүдрийн баяжмалын 1 тонныг нь 19 ам доллароор тооцон нийт 380.000 ам доллароор худалдан авахаар харилцан тохиролцсон.Манайх гэрээнд заасан 20.000 тонн төмрийн хүдрийн баяжмалаас Дархан 2 өртөө Д... талбайд буулгасан байсан төмрийн хүдрийн үлдэгдэл 5700 тонн хүдрийг УБТЗ ХНН-ийн Дархан таван нуур өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл тээвэрлүүлэх шаардлага үүссэн тул арга буюу төмрийн хүдрийн тээвэрлэлт вагоноор хийж байсан Г... ХХК-иар тээвэрлүүлэхээр болсон.

Энэ тохиролцооны дагуу манайх 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Г... ХХК-д албан бичиг хүргүүлж байсан ба Г... ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн .. тоот “Баталгаа гаргах тухай” албан бичгээр Дархан таван нуурын өртөөнөөс Замын Үүд өртөө хүртэл 5700 тонн төмрийн хүдрийг вагоноор тээвэрлэлт хийж өгсөн.

Бидний тохиролцооны дагуу Э.. ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн Голомт банкны 1905134543 тоот данснаасаа 86 314 400 төгрөгийг Улаанбаатар төмөр замын төлбөр гэсэн гүйлгээний утгаар УБТЗ-ын дансанд шилжүүлсэн ба энэ мөнгө нь 80 вагон тавиулах үнэнд зориулагдсан.

УБТЗ-д вагоны мөнгө төлөгдсөнөөр Г... ХХК нь Дархан өртөөнөөс Замын үүд өртөө хүртэл 80 вагон нийт 5700 тонн төмрийн хүдрийг тээвэрлэж, 2020 оны 1 сард Замын-Үүдийн С... ХХК-ийн гаалийн хяналтын талбайд буулгаж, өнөөдрийг хүртэл гаалийн талбайд байлгаж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж хилээр гаргахгүй байгаа бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийж хилээр гаргах талаар удаа дараа шаардлага тавьсан боловч ачилт хийхгүй бидний ажилд саад болж байна.

Замын-үүдийн гаалийн хяналтын талбайд буулгасан 5700 тонн төмрийн хүдрийн хадгалалтын хөлс өндөр гарч улмаар манай компани алдагдал хүлээх эрсдэл үүсэж байгаа, Замын-Үүд сумын гаалийн хяналтын бүсээр барааг гаргахад тээвэрлэсэн Г... ХХК-ийн нэрээр гаргахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэж бид хохирол хүлээх болоод байна.

Иймд Иргэний хуулийн 380.1-д зааснаар хариуцагчаас хохиролд 86.314.400 төгрөг гаргуулан, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын С... ХХК-ийн гаалийн талбайд буулгасан 5700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэв.  

Хариуцагч хариу тайлбартаа:Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, манайх тээврийн болон төмөр зам хосолсон үйлчилгээ үзүүлдэг, энэ үйл ажиллагаа нь Монгол Хятад улсын хооронд явагдах бөгөөд манай үндсэн оффис БНХАУ-ын Эрээн хотод байрладаг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэх захирал Цоггэрэлийг Эрээн хотод байхад Өвөр Монголын Х... ХХК-ийн захирал Ж.., Өвөр монголын Ш... ХХК-ийн захирал Ү Хай Яан нар ирж уулзан, Х... ХХК нь 20 тонн төмрийн хүдэр худалдаж авсан.Монголоос Эрээн рүү зөөвөрлөхөд асуудал үүсээд 3, 4 сар саатаад байх тул манайхаар тээвэрлүүлэх тухай санал хэлж, тохиролцон 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.Уг гэрээ зөвхөн Өвөр Монголын Х... ХХК болон Г... ХХК-иудын хооронд байгуулагдсан.Харин Ш...Ю... ХХК нь Х... ХХК-д 20 тонн төмрийн хүдрийг Монголоос худалдаж авахад зуучлах, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах ёстой байсан ч тээвэрлэх үйл ажиллагаанд саад гарсан тул уулзсан. 

Ийнхүү Х... ХХК-тай гэрээ байгуулахад тэрээр 20 тонн хүдрийг М... ХХК-иас худалдаж авсан гэх бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны ... тоот гэрээг үзүүлж байсан.Үүнээс харахад нэхэмжлэгч нь Ш...Ю... ХХК-тай гэрээ байгуулж, төмрийн хүдэр байгаа мэтээр бичсэн нь ойлгомжгүй, уг гэрээний нөхцөл, зүйл заалт нь Х... ХХК-ийн М... ХХК-тай байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээтэй яг адилхан байдаг.Үүнээс харахад 20 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгч Ш...Ю... ХХК-д худалдаж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.Манайх нэхэмжлэгчтэй холбогдсон шалтгаан нь Ш...Ю... ХХК-ийн захирал нь Х... ХХК-ийн худалдаж авсан 20 тонн төмрийн хүдэр болон бусад дагалдах бичиг баримт нэхэмжлэгчид хадгалагдаж байгаа гэсэн тул захирал Нарантуяатай холбогдож байсан.Манайхыг тээвэрлэлт хийхээр болоход ямар ч асуудалгүйгээр 5760 тонн хүдрийг бидэнд шилжүүлж өгсөн. 

Харин төмөр замаар ачаа тээвэрлэхэд дор хаяж 7-14 хоногийн өмнө захиалга өгөх ёстой байдаг тул танайх захиалга өгч цаг алдаж байхаар манай нэр дээр Замын үүд рүү төмрийн хүдрийг шуурхай явуулж болох тухай бидэнд тавьсан саналыг манайх захиалагч тал болох Х... ХХК болон зуучлагч Шүнг юань шин импорт экспорт худалдааны ХХК-д хэлэхэд зөвшөөрч, бүгд харилцан тохиролцож төмрийн хүдрийг Дарханаас Замын-Үүд рүү Э.. ХХК-ийн нэрээр ачуулахаар болсон.Харин төмөр замын тээврийн хөлсийг 20 тонноор бодож, нийт 365.200 ам.долларыг нэхэмжлэгчид 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн гэж байсан.Бид Х... ХХК-тай байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу төмөр замын тээвэрлэлтийн хөлсийг захиалагчаас авах байсан боловч нэхэмжлэгчид аль хэдийн шилжүүлсэн тул биднийг хөлс төлөх шаардлагагүй гэж байсан. 

Гэтэл төмөр замын ачаа нэхэмжлэгчийн нэр дээр байгааг ашиглан манайхаас мөнгө шаардсан тул бид ачаагаа хоцроохгүйн тулд өөрсдөөсөө мөнгө гарган нэхэмжлэгчид өгөөд, дараа нь захиалагчтай тооцоо хийхээр болсон.Ингээд Дарханаас Замын-Үүд рүү 2 удаагийн ачилтаар нийт 5760 тонн төмрийн хүдэр ачигдсан, 1 удаагийн ачилтын үнэ 86 314 000 төгрөг болсон.Бидний тээвэрлэсэн ачаа Замын-Үүдэд С... ХХК-ийн хашаанд хадгалагдаж, ачаагаа дараах шалтгааны улмаас “Х...” ХХК-д хүргэж өгч чадахгүй байна.М... ХХК-иас худалдаж авсан 20 тонн төмрийн хүдрийн бичиг баримт, гарал үүслийн бичиг баримт, худалдаж авсан гэрээ, лабораторийн гэрээ гэх баримтуудын эх хувь нь нэхэмжлэгчид хадгалагдаж байгаагаас бид гаалийн бүрдүүлэлт хийж чадахгүй байсаар өнөөг хүрлээ.Нэхэмжлэгч ямар учраас захиалагч талын дээрх баримт бичгүүдийг гарган өгөхгүй байгаа нь ойлгомжгүй байна.Төмрийн хүдрийг захиалагчид хүргэж чадаагүй нь нэхэмжлэгчээс шалтгаалсан, үүнээс болж манайх 2019 оны 11 дүгээр сараас хойш 2 жилийн турш Замын-Үүдэд төмрийн хүдрийн хадгалалт, талбайн түрээсийн хөлсийг С... ХХК-д төлөх болоод байна. Нэхэмжлэгч тээврийн хөлсийг захиалагчаас авчхаад давхар манайхаас шаардаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн үүрэг хүлээгээгүй.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, тээвэрлэлтийн гэрээнээс үүссэн хохирол биш, аль гэрээгээр шаардаж байгаа нь тодорхойгүй байна, эднийхээс төмрийн хүдэр тээвэрлээгүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчээс:Нэхэмжлэгч Э.. ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, нэхэмжлэгч байгууллагын Ш...Ю... ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ /хх 11-12/, Г... ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Э.. ХХК-д ирүүлсэн баталгаа /хх-13/, Э.. ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Г... ХХК-д явуулсан бичиг /хх-14/, Г... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Голомт банкан дах Э.. ХХК-ийн дансны хуулга /хх16-17/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ... дүгээр захирамж, тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ... дүгээр тогтоол, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн ... дугаар захирамж /хх 23-30/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар шийдвэр, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Ш... компанид төмрийн хүдэр экспортлосон жагсаалтыг шүүхэд өгсөн./хх 211-215/,

Хариуцагчаас:Өвөр Монголын Х.. Ш.. ХК, Г... ХХК, Өвөр Монголын Ш..Ш... ХХК-иудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Нөхвөр гэрээний хуулбар, /хх131-138, 139/, хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн гүйцэтгэх захирлын иргэний үнэмлэх, Монгол улсад оршин суух үнэмлэхний хуулбар, А...-ийн Х...Г... ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Гадаад худалдааны гэрээний хуулбарыг шүүхэд өгсөн./хх184-185, 189/

Голомт банк ХХК-иас  Э.. ХХК-ийн 1905134543 тоот дансны 2019.08.01-ны өдрийн шилжүүлсэн дансны хуулга, УБТЗ ХХН-ээс 2019 оны 11 сард Э.. ХХК нь Дарханаас Замын үүд рүү хэдэн тонн төмрийн хүдрийг, хэдэн удаагийн ачилтаар, хэдэн төгрөгийн хөлс төлж тээвэрлүүлсэнтэй холбоотой баримтууд, /хх 82, 83, 85-101, 104-107, 109, 110-124/, С... ХХК-иас ирүүлсэн С... ХХК-ийн Г... ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан Терминалын талбайд ажил үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо хийх тухай гэрээ /хх 205-207/, Дорноговь аймгийн Замын-Үүд  сумын Гаалийн газраас ирүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн баримтыг /хх-211/, Гаалийн ерөнхий газраас  ирүүлсэн Э.. ХХК-ийн 2020.01.02-2020.11.13-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсаас БНХАУ руу экспортлосон төмрийн хүдрийн баяжмалын гаалийн бүрдүүлэлтийн мэдээг /хх 222-231/ шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Өвөр монголын Ш... ХХК-тай байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл 5700 тонн буюу 80 тонн төмрийн хүдрийг Дархан таван нуурын өртөөнөөс Замын Үүд өртөө хүртэл Г... ХХК-иар тээвэрлүүлэх болсныг Ш...Ю... ХХК-иас надад мэдэгдсэн.

Ингээд эхний 40 вагон төмрийн хүдрийг Г... ХХК-иар тээвэрлүүлж, манайхаас УБТЗ ХНН-т төлсөн тээврийн зардлыг тээвэрлэгч Г... ХХК нь манайд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн.

Мөн үлдэгдэл 40 вагон төмрийн хүдрийг тээвэрлэх зардлыг манайхаас УБТЗ ХНН-т төлж, Г... ХХК нь тээвэрлэсэн боловч энэхүү тээвэрлэлтийн зардлын 86 314 400 төгрөгийг манайд эргүүлэн төлөхгүй байна.

Манай Өвөр монголын Ш... ХХК-тай байгуулсан гэрээнд төмрийн хүдрийн тээвэрлэлтийн зардлыг манай байгууллага төлөхгүй гэж тохиролцсон байгаа тул тээвэрлэлтийн зардлын  86 314 400 төгрөгийг  Г... ХХК-иас гаргуулна.

Мөн Өвөр монголын Ш... ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн дагуу Замын-Үүд сумын  С... ХХК-ийн гаалийн хяналтын талбайд буулгасан 5700 тонн төмрийн хүдрийн гаалийн бүрдүүлэлтийг хийж хилээр гаргах шаардлагатай байгаа тул дээрх 5700 тонн төмрийн хүдрийг манай байгууллагад хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:Г... ХХК нь Өвөр Монголын Х... ХХК болон Өвөр монголын Ш... ХХК-тай тохиролцон 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Тээвэрлэлт хийхэд нэхэмжлэгч байгууллага нь 5700 тонн төмрийн хүдрийг бидэнд шилжүүлсэн, төмөр замын тээвэрлэлтийн хөлсийг 2019 оны 8 дугаар сарын 1-нд нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч байгууллагын Ш...Ю... ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ, Г... ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Э.. ХХК-д ирүүлсэн баталгаа, Э.. ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Г... ХХК-д явуулсан бичиг, Голомт банкин дахь Э.. ХХК-ийн ... тоот дансны 2019.08.01-ны өдрийн шилжүүлсэн дансны хуулга, УБТЗ ХХН-ээс 2019 оны 11 сард Э.. ХХК нь Дарханаас Замын үүд рүү хэдэн тонн төмрийн хүдрийг, хэдэн удаагийн ачилтаар, хэдэн төгрөгийн хөлс төлж тээвэрлүүлсэнтэй холбоотой баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Э.. ХХК нь Ш...Ю... ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан төмрийн хүдэр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд Э.. ХХК нь 20 000 тонн төмрийн хүдрийг худалдан авагч талд нийлүүлэх, төмрийн хүдрийн үнэ 745 200 ам долларыг худалдан авагч Ш...Ю... ХХК нь төлөх үүрэг хүлээж тохиролцсон байна.

Дээрх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т “Худалдан авагчийн худалдаж авсан төмрийн хүдрийг экспортод гаргахтай холбоотой гарах гаалийн бүрдүүлэлтийн зардал, татвар, хураамж, тээвэрлэлт болон бусад ачих буулгах зардлуудыг худалдагч тал хариуцахгүй болно” гэж талууд тохирсон байна.

Худалдан авагч тал нь үлдэгдэл 5700 тонн төмрийн хүдрийг өдөр Г... ХХК-иар тээвэрлүүлэх болсон тухайгаа нэхэмжлэгч байгууллагад мэдэгдсэн байх бөгөөд гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т “Худалдагч хөрөнгийг гэрээ хийснээс хойш худалдан  авагчийн хүсэлт, захиалгыг үндэслэн ачих зөвшөөрөл олгоно” гэж тохиролцсоны дагуу нэхэмжлэгч байгууллага нь төмрийн хүдрийг Г... ХХК-иар тээвэрлүүлсэн байна.

Нөгөө талаар Ш...Ю... ХХК нь Г... ХХК, Өвөрмонголын Х... ХХК нартай тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төмрийн хүдрийг Г... ХХК нь тээвэрлэхээр тохиролцсон байна.

Э.. ХХК нь тээвэрлэлтийн зардлыг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр УБТЗ ХНН-д төлж, Г... ХХК нь эхний 40 вагон төмрийн хүдрийг тээвэрлэсэн бөгөөд хариуцагч байгууллага нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тээврийн зардлыг нэхэмжлэгч байгууллагад төлсөн байна./хх-115/

Г... ХХК нь 2019 оны 11 дүгэр сарын 23-ны өдөр Э.. ХХК-д гаргасан баталгаандаа ”...Манай компани нь УБТЗ ХНН-ийн холбогдох газарт өөрсдийн компанийн хүсэл, мэдээллийг хүргүүлсэн бөгөөд ирэх долоо хоногийн ажлын өдрүүдээр шийдвэрлэгдэнэ гэж мэдэгдсэн.Тиймээс тавигдсан 40 вагоны УБТЗ ХНН-ийн төмөр замын төлбөр болох 86 000 000 төгрөгийг танай компанийн бүртгэлээр хийлгэж тавигдсан вагоныг хөдөлгөөнд оруулах хэрэгтэй байна.Бид ирэх даваа гариг буюу 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр танай компанийн харилцах данс болох Голомт банкны 1905134543 тоот дансанд тохирох төлбөрийг шилжүүлэх баталгаа гаргаж байна” гэжээ.

 Э.. ХХК-иас тээвэрлэлтийн зардлын 89 314 400 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр УБТЗ ХНН-д төлснөөр Г... ХХК нь 40 вагон төмрийн хүдрийг тээвэрлэж Замын Үүдэд хүргэсэн боловч дээрх баталгааны дагуу тээвэрлэлтийн зардлыг нэхэмжлэгч байгууллагад төлөөгүй байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч талын хүсэлтээр Өвөр монголын Ш... ХХК-ийн төлөх байсан тээврийн зардлыг нэхэмжлэгч байгууллага нь төлсөн бөгөөд энэхүү тээврийн зардлыг нэхэмжлэгч Э.. ХХК-иас авч, дараа нь буцааж төлнө гэдгээ Г... ХХК баталж байсан нөхцөл байдал тогтоогдож байх тул Г... ХХК-иас 86 314 400 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад олгох үндэстэй байна.

Мөн нэхэмжлэгч байгууллага нь Өвөр монголын Ш... ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 5700 тонн төмрийн хүдрийн гаалийн бүрдүүлэлтийг хийж хилээр гаргаж худалдан авагч талд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд суман дах С... ХХК-ийн гаалийн талбайд буулгасан 5700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгч байгууллагад хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах нь үндэстэй байна.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч БНХАУ-ын иргэн Ц...д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659 722 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 659 722 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасныг баримтлан Г... ХХК-иас 86 314 400 /наян зургаан сая гурван зуун арван дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан Э.. ХХК-д олгож, Дорноговь аймгийн Замын-Үүд суман дах С... ХХК-ийн гаалийн талбайд байгаа 5700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгч Э.. ХХК-д хүлээлгэн өгөхийг хариуцагч Г... ХХК-д даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь БНХАУ-ын иргэн Ц...-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659 722 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 659 722 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           З.ДОРЖНАМЖИН