Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/ма2022/00202

 

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00202

 

Э э э ж- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/03360 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э э э ж- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г х тХХК-д холбогдох

        Тээвэрлэлтийн гэрээнээс учирсан хохиролд 86,314,400 төгрөг гаргуулах, 5,700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Нарантуяа, өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сансартуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Манайх Өвөр Монголын Шүн юань шин импорт, экспорт худалдааны компанитай 2019.07.26-ны өдөр Төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулан бөгөөд гэрээнд заасан 20.000 тн төмрийн хүдрийн баяжмалаас Дархан 2 өртөө Дархан Таван нуурын талбайд буулгасан байсан төмрийн хүдрийн үлдэгдэл 5700 тн хүдрийг УБТЗ ХНН-ийн Дархан таван нуур өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл тээвэрлүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн тул арга буюу төмрийн хүдрийн тээвэрлэлт вагоноор хийж байсан Г х тХХК-тай холбогдсоны дагуу уг компаниар үлдэгдэл төмрийн хүдрийг тээвэрлүүлэхээр болсон. Энэ тохиролцооны дагуу манай компани 2019.12.06-ны өдөр Г х тХХК-д албан бичиг хүргүүлсэн ба тус компанийн 2019.11.23-ны өдрийн 15/19 тоот Баталгаа гаргах тухай албан бичгээр Дархан таван нуурын өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл 5700 тонн төмрийн хүдрийг вагоноор тээвэрлэлт хийж өгсөн. Бидний харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь 2019.11.18-ны өдөр өөрийн Голомт банкны 1905134543 тоот данснаасаа 86.314.400 төгрөгийг төмөр замын төлбөр гүйлгээний агуулгаар УБТЗ-ын дансанд шилжүүлсэн ба энэ нь 80 вагон тавиулах үнэд зориулагдсан. Вагоны мөнгө төлөгдсөнөөр хариуцагч нь Дархан өртөөнөөс Замын үүд өртөө хүртэл 80 вагон нийт 5700 тн төмрийн хүдрийг тээвэрлэж, 2020 оны 01 сард Замын-Үүдийн Сауд гейд ХХК-ийн гаалийн хяналтын талбайд буулгаж, өнөөдрийг хүртэл гаалийн талбайд байлгаж бүрдүүлэлт хийлгэж хилээр гаргахгүй байгаа бөгөөд хийж хилээр гаргах талаар удаа дараа шаардлага тавьсан боловч ачилт хийхгүй бидний ажилд саад болж байна. Замын-үүдийн гаалийн хяналтын талбайд буулгасан 5700 тонн төмрийн хүдрийн хадгалалтын хөлс өндөр гарч улмаар манай компани алдагдал хүлээх эрсдэл үүсч байгаа, Замын-Үүд сумын гаалийн хяналтын бүсээр барааг гаргахад тээвэрлэсэн Г х тХХК-ийн нэрээр гаргахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч бид хохирол хүлээх болоод байна. Хариуцагчийн албан тоотоор талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан нь нотлогдоно. Иймд Иргэний хуулийн 380.1-д зааснаар хариуцагчаас хохиролд 86,314,400 төгрөг гаргуулан, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сауд гейд ХХК-ийн гаалийн талбайд буулгасан 5700 тонн төмрийн хүдрийг хүлээлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: 2019.10.15-ны өдөр Өвөрмонголын Хүй шэнг уурхай ХХК-ийн захирал Жан Шуй Бө, Өвөрмонголын Шүн юань шин импорт экспорт худалдааны ХХК-ийн захирал Ү Хай Яан нар ирж уулзан, Хүй шэнг уурхай ХХК нь 20 тн төмрийн хүдэр худалдаж авсан, Монголоос Эрээн рүү зөөвөрлөхөд 3, 4 сар саатаж байх тул манайхаар тээвэрлүүлэх тухай санал хэлж, тохиролцон 2019.10.29-ний өдөр Тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээ зөвхөн Өвөрмонголын Хүй шэнг уурхай ХХК болон Г х тХХК-иудын хооронд байгуулагдсан. Харин Шүн юань шин импорт экспорт худалдааны ХХК нь Хүй шэнг уурхай ХХК-д 20 тн төмрийн хүдрийг Монголоос худалдаж авахад зуучлах, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах ёстой байсан ч тээвэрлэх үйл ажиллагаанд саад гарсан тул уулзсан. Ийнхүү Хүй шэнг уурхай ХХК-тай гэрээ байгуулахад тэрээр 20 тн хүдрийг Монголын Майн тех бластинг ХХК-иас худалдаж авсан гэх бөгөөд 2019.9.27-ны МТВ/Н8Н-19.02 тоот гэрээг үзүүлж байсан. Манайх нэхэмжлэгчтэй холбогдсон шалтгаан нь Шүн юань шин импорт экспорт худалдааны ХХК-ийн захирал нь Хүй шэнг уурхай ХХК-ийн худалдаж авсан 20 тн төмрийн хүдэр болон бусад дагалдах бичиг баримт нэхэмжлэгчид хадгалагдаж байгаа гэсэн тул захирал Нарантуяатай холбогдож байсан. Манайхыг тээвэрлэлт хийхээр болоход ямар ч асуудалгүйгээр 5760 тонн хүдрийг бидэнд шилжүүлж өгсөн. Харин төмөр замаар ачаа тээвэрлэхэд дор хаяж 7-14 хоногийн өмнө захиалга өгөх ёстой байдаг тул танайх захиалга өгч цаг алдаж байхаар манай нэр дээр Замын үүд рүү төмрийн хүдрийг шуурхай явуулж болох тухай бидэнд тавьсан саналыг манайх захиалагч тал болох Хүй шэнг уурхай ХХК болон зуучлагч Шүнг юань шин импорт экспорт худалдааны ХХК-д хэлэхэд зөвшөөрч, бүгд харилцан тохиролцож төмрийн хүдрийг Дарханаас Замын-Үүд рүү Э э э ж- ХХК-ийн нэрээр ачуулахаар болсон. Харин төмөр замын тээврийн хөлсийг 20 тонноор бодож, нийт 365.200 ам.долларыг нэхэмжлэгчид 2019.08.01-ний өдөр шилжүүлсэн гэж байсан. Бид Хүй шэнг уурхай ХХК-тай байгуулсан 2019.10.29-ний өдрийн Тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу төмөр замын тээвэрлэлтийн хөлсийг захиалагчаас авах байсан боловч нэхэмжлэгчид аль хэдийн шилжүүлсэн тул биднийг хөлс төлөх шаардлагагүй гэж байсан. Гэтэл төмөр замын ачаа нэхэмжлэгчийн нэр дээр байгааг ашиглан манайхаас мөнгө шаардсан тул бид ачаагаа хоцроохгүйн тулд өөрсдөөсөө мөнгө гарган нэхэмжлэгчид өгөөд, дараа нь захиалагчтай тооцоо хийхээр болсон. Ингээд Дарханаас Замын-Үүд рүү 2 удаагийн ачилтаар нийт 5760 тонн төмрийн хүдэр ачигдсан, 1 удаагийн ачилтын үнэ 86,314,000 төгрөг болсон. Бидний тээвэрлэсэн ачаа Замын-Үүдэд Сауд гейд ХХК-ийн хашаанд хадгалагдаж байгаа. Майн тех бластинг ХХК-аас худалдаж авсан 20 тн төмрийн хүдрийн бичиг баримт, гарал үүслийн бичиг баримт, худалдаж авсан гэрээ, лабораторийн гэрээ гэх баримтуудын эх хувь нь нэхэмжлэгчид хадгалагдаж байгаагаас бид гаалийн бүрдүүлэлт хийж чадахгүй байсаар өнөөг хүрлээ. Төмрийн хүдрийг захиалагчид хүргэж чадаагүй нь нэхэмжлэгчээс шалтгаалсан, үүнээс болж манайх 2019 оны 11 сараас хойш 2 жилийн турш Замын-үүдэд төмрийн хүдрийн хадгалалт, талбайн түрээсийн хөлсийг Сауд Гейд ХХК-д төлөх болоод байна. Нэхэмжлэгч тээврийн хөлсийг захиалагчаас авчихаад давхар манайхаас шаардаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г х тХХК-иас /РД:6314627/ бусдын зардлаар хөрөнгөжсөн 86,314,400 /наян зургаан сая гурван зуун арван дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан, Э э э ж- ХХК-д /РД:6406769/ олгож, 5,700 тонн төмрийн хүдрийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч нь татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 659,722 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 589,522 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Э э э ж- ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан, уг гэрээгээр нэхэмжлэгч 20.000 тонн төмрийн хүдрийн баяжмалыг Дархан- Уул аймгийн Хонгор суманд орших Төмөр толгойн уурхайгаас Эрээн хотод хүргэх үүрэг хүлээж уг үүргээс 14.300 тонн төмрийн хүдрийг худалдан авагч болох Шүн юань шин импорт экспорт худалдааны ХХК-д хүлээлгэн өгсөн нь нотлогдох бөгөөд энэ талаар талуудын хооронд маргаан байхгүй. Харин үлдэгдэл 5700 тонн төмрийн хүдрийн хувьд Г х тХХК-аар Замын Үүд сумын гаалын хяналтын талбай хүртэл тээвэрлэлт хийлгэхээр тохиролцсоноор хариуцагч тал үлдэгдэл төмрийн хүдрийг Замын Үүд сумын Сайд гейт ХХК-ийн МЧ-3 гэсэн гаалийн хяналтын талбайд хүргэж буулгасан боловч нэхэмжлэгч талд уг буулгасан төмрийн хүдрийг хүлээлгэн өгөөгүй, хүлээлгэн өгөхөөс зориуд зайлсхийж нэмж мөнгө төл, би хятад талын компанитай тохирсон байгаа гэх зэрэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй. Үлдэгдэл төмрийн хүдэр Замын Үүд суманд Сайд гейд ХХК-ний МЧ-3 гаалийн талбайд буулгасан хэвээр байгаа. Гэрээний оролцогч буюу худалдан авагч тал болох Шүн юань шин импорт экспорт худалдааны ХХК-нд үлдэгдэл төмрийн хүдрийг нэхэмжлэгч тал гэрээний үүргийн дагуу хүлээлгэн өгөх үүрэгтэй тул гаалийн бүрдүүлэлтийг манай компани бүрдүүлж Монгол Улсын хилээр гаргаж худалдан авагч талд хүлээлгэн өгөх ёстой юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "...Дээрх 3 талт гэрээ баримтаар Э э э ж- ХХК-тай гэрээнд оролцсон Шүн юань шин импорт экспорт худалдааны ХХК нь үлдэх 5760 тонн төмрийн хүдрийг Э э э ж- ХХК-иар хүргүүлэхээс татгалзаж, Говийн хан пранс ХХК-аар тээвэрлүүлэхээр тохиролцсоныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч хариуцагчид шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байна... гэж дүгнэсэн нь илтэд үндэслэл муутай байхаас гадна баримтад /маргааны үйл баримттай/ огт тулгуурлаагүй гэж үзэж байна. Худалдан авагч нь Төмрийн хүдэр худалдах, худалдан авах гэрээ-нээс татгалзсан талаараа бидэнд ямар нэгэн байдлаар огт мэдэгдээгүй /амаар болон бичгээр/ бөгөөд харин манай компанид түрээсийн вагон олдохгүй байгаа учир Г х тХХК-аар тээвэрлэлт хийлгэн гаалийн хяналтын талбайд хүргүүлж буулгасан болохыг мэдэж байсан тул шүүхийн дээрх дүгнэлт бодит байдалд нийцэхгүй хууль бус болжээ.

Мөн цаг хугацааны хувьд биднийг тээвэрлэлт хийлгүүлснээс хойш 3 талт гэрээг байгуулсан байх ба манай компанитай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байхад сүүлд буюу 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Нөхвөр хэлэлцээр гэгчийг байгуулсан нь үндэслэлгүй байхад анхан шатны шүүх энэ баримтыг үнэлэн дүгнэлт хийсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл, худалдан авагч Шүн юань шин импорт экспорт худалдааны ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болоогүй байгаа. Түүнчлэн, Өвөрмонголын Хүй Шэнг уурхай ХХК-тай Г х тХХК нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төмрийн хүдэр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан байх ба "Хүй Шэнг уурхай ХХК нь манай гэрээний нэг тал биш байхад гэрээний оролцогч биш этгээдүүдийн хооронд байгуулсан гэрээг нотлох баримтаар үнэлж улмаар үлдэгдэл 5700 тонн төмрийн хүдрийг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж үлдэгдэл 5700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч Г х тХХК-д даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: 5,700 тонн төмрийн хүдрийг гэрээний дагуу Хүй шэнг уурхай компанид хүлээлгэж өгөх ёстой. Нэхэмжлэгчийн гаргаж өгөхгүй байгаа бичиг баримтаас шалтгаалаад их хэмжээний хадгалалтын зардал төлөх нөхцөл байдал үүссэн, одоог хүртэл уг асуудлыг шийдвэрлэж чадаагүй байна. Цар тахлаас шалтгаалан тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хүндрэл үүссэн. Тиймээс 5,700 хүдрийг нэхэмжлэгч талд хүлээлгэж өгөх үүрэг хүлээгээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Э э э ж- ХХК нь хариуцагч Г х тХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээнээс учирсан хохиролд 86,314,400 төгрөг гаргуулах, 5,700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...үлдэгдэл 5,700 тонн төмрийн хүдрийг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дархан таван нуур өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл тээвэрлүүлэхээр Г х тХХК-д хандсаны дагуу хариуцагч нь уг төмрийн хүдрийг вагоноор тээвэрлэж өгсөн. Хариуцагч нь барааг гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр гаргахгүй байгаагаас хохирол учирсан гэж, хариуцагч Г х тХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ ...БНХАУ-ын Хүй Шэнг уурхай ХХК нь 20 тонн төмрийн хүдрийг Монголын Майн тех бластинг ХХК-аас худалдан авсан гэж Хүй Шэнг уурхай ХХК-ийн захирал нь уулзан манай компанитай 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Бид уг гэрээний дагуу 5,700 тонн төмрийн хүдрийн тээвэрлэлт хийсэн, нэхэмжлэгч тээвэрлэлтийн хөлсийг захиалагчаас авчихаад манайхаас давхар шаардаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгчтэй гэрээ хэлцэл байгуулаагүй тул бид үүрэг хүлээхгүй гэж тус тус тайлбарлажээ. /хх 1-3, 50, 51, 141-145/

4. Хэрэгт Э э э ж- ХХК, Өвөр Монголын Шүн юань шин импорт экспорт худалдааны ХХК-ийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ, Хүй Шэнг уурхай ХХК, Г х тХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3 талт Нөхвөр хэлэлцээр, Э э э ж- ХХК-ийн Голомт банк дахь 1905134543, 1415126697 тоот ам.долларын дансаар Өвөр Монголын Шүн юань шин импорт экспорт худалдааны ХХК-аас төлбөр шилжүүлсэн дансны хуулга /хх11, 12, 110-120,131-139/ зэрэг бичгийн баримтууд авагдсан байна.

5. Дээрх нотлох баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэр бүхий компаниудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж, тэдний хоорондын гэрээг нотлох баримтаар гаргуулах хүсэлт нь маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байж болохоор байхад шүүх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулах, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/03360 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

 

                                           ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                            Д.ЦОГТСАЙХАН